Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/20

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г овогт А-ийн М-д холбогдох эрүүгийн 2017000580020 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 09-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Орчлон хороолол 46 дугаар байр 161 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2-р баг Рэгцэгийн ............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Г овогт А-ийн М /РД.................../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 2-241 тоотод хамтран амьдрагч Б.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруун тус газар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 2-241 тоотод хамтран амьдрагч Б.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруун тус газар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гадуур найз Баагийгийн гэрт 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи хувааж уучихаад орой 18-19 цагийн үед гэртээ орсон. Манай эхнэр О намайг архи уулаа гээд гэрт оруулахгүй байсан. Гэрлүүгээ дайраад ортол галын хайч аваад намайг цохих гэхээр нь галын хайчыг нь булааж аваад нурууруу нь нэг удаа цохисон. Тэгээд найз Баагийгийн гэрт очоодбайж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан. О цагдаатай хамт явж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 6, 35-36/

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой нөхөр Мд зодуулсан. Тухайн өдөр М гадуур явж байгаад 18 цагийн үед орж ирэхдээ согтуу орж ирсэн. Би Дундговь аймагт байж байгаад ирээд удаагүй байсан юм. М намайг хардаад хэрүүл хийгээд янз бүрээр хэлээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд галын хайч аваад далайсан. М миний галын хайчыг булааж аваад миний нурууруу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон. М бид 2 сайн дураараа эвлэрсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

 

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: А.Мгийн хувьд элдэв янзын ааш зан байхгүй. Миний хувьд Мтэй хамт тээвэрт явдаг. Хамт явахад түшигтэй, машин техникт сайн, хүнтэй эвсэг харьцаатай хүн байгаа юм. Хааяа нэг ганц шил архи ууж байсан. Элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

 

 Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай гэрт М ирсэн. Бид 2 хамт том машинд засвар хийсэн. Тэгээд 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд М гэртээ харина гээд гарч явсан. Удаагүй буцаж ирээд хөгшин нь танай гэрт хоноё гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд манайд байж байтал Мгийн эхнэр нь 2 цагдаа дагуулж орж ирээд Мг аваад явсан. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдээгүй. Дараа нь эхнэртэйгээ муудалцсан гэж сонссон. Мгийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй эвсэг харьцаатай, машин техникт засвар үйлчилгээ хийхдээ сайн. Би Мтэй хамт 1 машин дээр 4 сар гаран хамт жолоочоор ажиллаж байсан. Хамт ажиллаж байх хугацаанд элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

 

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

  • Б.Огийн биед нуруунд зүүн далны орчимд, баруун далны доогуур цус  хуралт гэмтэл тогоогдлоо.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Тархи доргилт, толгойн оройн няцарсан шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчиллээр үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 22-р тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-11/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О, гэрч С.Б-ы мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №67 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000580020 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт А-ийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ