Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 052

 

БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Б,

хохирогчийн өмгөөлөгч Н

шүүгдэгчийн өмгөөлөгч А,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨаймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БӨаймгийн Ногооннуур суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨаймгийн Ө й сумын 9 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А , регистрийн дугаар Б362******,

Шүүгдэгч А ын холбогдсон хэргийн талаар:

А  нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Ө й сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б ийн өвлийн байшин 7 хоног эзгүй байх үеэр байшингийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогчийн байшингаас хуучин хэрэглэж байсан шилэн аяга таваг хулгайлсан. Гэхдээ өөр хохирол төлбөрийг төлж өг гэвэл төлж өгье гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

2. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

3. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 117, 142-143 дугаар хуудас/,

4. Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 148 дугаар хуудас/,

5. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

6. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

7. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/,

8. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дугаар/,

9. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

10. Гэрч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

11. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/,

12. Гэрч Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,

13. Шинжээч К ын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13/32 тоот дүгнэлт болон хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

14. Шүүгдэгч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 10-15 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа төмөр лоом 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтаар шинжлэн судлаагүй бөгөөд хэргийн байдалд нөлөөлөхгүй болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч А  нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр БӨаймгийн Ө  сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б ийн өвлийн байшин 7 хоног эзгүй байх үеэр байшингийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, хохирогчид нийт 974.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

- БӨаймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “холбогдогч А аас хураан авсан бор өнгийн шаазан таваг 13 ширхэг, 11 ширхэг цагаан өнгийн шаазан таваг”-ыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас/,

- БӨаймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “холбогдогч А аас хураан авсан 1 ширхэг 1.20 см урт төмөр лоом”-ыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 14, 16 дугаар хуудас/,

- Хохирогчийн эзэмшлийн 4 хаалгатай хөргөгчид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 113-115, 140-141 дүгээр хуудас/,  

- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нөхөр, хүү, хадам ээжийн хамт Ө й сумын 9 дүгээр багт оршин суудаг. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Бугат сумын төвд байдаг гэртээ 7 хонохоор болоод гэр бүлээрээ Ө й сумын 9 дүгээр багт байрлах байшингаа цоожлоод явсан юм. Тэгээд долоо хоногийн дараа гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоож болон цүйг ямар нэгэн зүйлээр цохисон байдалтай байсан ба цоож нь эвдрээгүй байхаар нь би хулгай орох гэсэн юм байна гэж бодоод түлхүүрээр хаалгаа онгойлгоод ороход дөрвөн хаалгатай хөргөгч дотор байсан адууны гуя мах, боорцгийн 20 килограмм тос, хонины борцолж хатаасан гуя, цагаан өнгийн 11 ширхэг шаазан таваг, бор өнгийн 13 ширхэг таваг, 50 литрийн тогоо нэг ширхэг, 200 метрийн урт шаланк, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан түмпэн таваг зэрэг эд зүйлс хулгайлагдсан байсан учир энэ асуудлыг цагдаад мэдэгдсэн юм.

... Адууны гуяны мах нь урд жилийн идэшнээс үлдсэн мах юм. Тэгээд ч миний бие хувиараа хоол болон пиццаны газар ажиллуулдаг юм. Боорцгийн тос, хонины борцолж хатаасан гуя мах бол амьдралын хэрэглээний байнгын зүйлс байсан. Харин 50 литрийн тогоо, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан түмпэн, таван зэрэг эд зүйлсийг би гэр бүл болохоос өмнө хэрэглэж байсан зүйлс байгаа юм. Харин 200 метр шаланкийг хадам аав байхдаа тусламжаар авч байсан, манайх хөдөө мал дээр байх үеэс хэрэглэж, мал услах, газар услах зэрэг ажилд байнга хэрэглэдэг байсан. Дээрх эд зүйлс 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Бугат сумын төвд байдаг гэртээ 7 хоноод ирэхэд алга болсон байсан. Уг эд зүйлс дунд бас манай хэрэглээний таваг алга болсон байсан, уг тавгийг манай хөрш байсан А  авсан нь тогтоогдсон, бас бусад эд зүйлсийг авчхаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж бодож байна.

...тухайн үед хэсгийн байцаагч Нурболат манай хөргөгчийг ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзээд явсан.

Адууны гуя махыг идэш гаргахдаа бүхлээр нь хөлдөөчихдөг юм. Тэгээд уг гуяыг 2019 оны 3 сараас эхлэн том хөлдөөгч буюу хөргөгчдөө хадгалж байсан юм. Хөлдөөсөн мах мууддаггүй юм. 20 кг боорцгийн тосыг гялгар уутаар ороож тавьсан хөлдөөсөн буюу царцаасан тос байсан. Өөр ямар нэгэн саванд хийгээгүй байсан

Алга болсон эд зүйлээс хулгайч А аас 24 ширхэг хоолны тавгийг хүлээж авсан юм. Бусад алга болсон эд зүйлийг түүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 117, 142-143 дугаар хуудас/,

- Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие төрсөн хүү Х , бэр, ач хүүгийн хамт Ө й сумын 9 дүгээр багт амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сард бид гэрээ цоожлоод Бугат сумын төвд байдаг гэртээ долоо хоноод ирэхэд манай цоожийг ямар нэгэн зүйлээр цохисон байдалтай байсан бөгөөд хаалга цоожтой байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод гэрийн эд зүйлийг шалгахад хорин килограмм боорцгийн тос, адууны гуя мах, хонины борц гуя мах, орос 50 литр тогоо, 10 литрийн том таваг, мөн шилэн аяга таваг, 200 метр усны шаланк зэрэг эд зүйлс алга болсон байна гэж манай бэр охин Б  хэлсэн тэр үед цагдаад мэдэгдсэн юм. Түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Би 50 литрийн тогоо, 10 литрийн том түмпэн тавгийг дээр үед 1975 онд анх авч байсан хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Идэшээр манайх өөрийн хүрэн зээрд адууг хүү бэр, хөрш Б  нарын хамт гаргаж байсан. Адууны гуяыг өвөл идшээ гаргаад хөлдөөж байж байгаад хавар дулаарахаар хөлдөөгчдөө хийсэн байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 148 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  2019 оны 5 дугаар сарын дундуур Бугат сумын төвд байдаг байшин руугаа яваад 7 хоноод ирэхэд байшинд хулгай орж эд зүйл алга болсон байна гэж цагдаа нар ирж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

- Гэрч Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний аав 2018 оны 4 дүгээр сард нас барсан тэгээд ээжийг аваад 2018 оны 9 дугаар сард Бугат сумын төвд байдаг байшиндаа амьдарч байгаад Ө й сумын 9 дүгээр багт байдаг байшиндаа 2019 оны 4 дүгээр сард буцаж нүүж ирээд нас барсан аавын 1 жилийн ойн өдөр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөршүүдэд буяны цайллага өгсөн. Тэгээд уг байшинд 6 сар хүртэл байж байгаад Бугат суманд байдаг байшиндаа манай гэр бүлийнхэн 7 хоног байгаад ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Хөлдөөгч дотор байсан адууны гуя, боорцгийн тос, хатаасан хонины гуя мах, 200 м шаланк, тогоо, хөнгөн цагаан таваг, аяга таваг зэрэг эд зүйл алдагдсан. Миний аавын нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамны тусламжаар авч байсан 200 шаланк авсан тухай баримт Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн баримтад байгаа. Тухайн үед хөлдөөгчийг ажиллуулаад орхисон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг “Андууд-2” дэлгүүрт худалдагчаар ажиллаад удаагүй байхад 6 дугаар сарын эхэн үед нэг настай ах ирээд хоолны таваг байна, архи солих уу гэж надаас асууж байсан. Тухайн үед би солихгүй гэдгээ хэлээд уг хөгшин хүнийг гаргаад явуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  нь манай хөрш нас барсан С  гэх хүний бэр байгаа юм. А ыг зүс танина. Түүний хадам аав 2018 оны 4 сард нас барсныг мэдэж байна. Тэднийх өнгөрсөн жил 2018 оны 9 дүгээр сард Бугат сум руу нүүгээд хавар 4 дүгээр сард буцаж ирээд 4 дүгээр сарын 15-нд байхаа хадам аавынхаа нас барсан буяны цайллага өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дугаар/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ийх манай хөрш болоод 5 жил болсон хүмүүс байгаа юм. А ыг бас танина. 2019 оны 5 дугаар сарын дунд үед манай хөрш А ыг Б ийн байшинд хууль бусаар орж хулгай хийсэн байна гэж цагдаагийн машинтай хүмүүс ирээд А ыг аваад явж байхыг би аймгийн төв рүү орох гэж хашаанаасаа гараад явж байхдаа мэдсэн юм. Түүнээс биш А ыг би яг хулгай хийж байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/, 

- Гэрч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач С ын хүү Х гийн Ө й сумын 9 дүгээр багт байдаг байшинд хулгай орж, С д хариуцуулсан гүний худгийн шаланк нь алдагдсан талаар хэлж, надаас тодорхойлолт авсан юм. Манай суманд 2012 онд аймгийн Хөдөө аж ахуйн газрын захиалгаар Улаантолгой багийн “Битүүгийн дөш” хэмээх газарт малчдад зориулж инженерийн хийцтэй гүний худаг гаргуулж тус багийн иргэн С д хариуцуулсан.

...худагт хэрэгтэй бүх зүйл буюу цахилгаан үүсгүүр, гүний худагт хийх насос, шаланк зэрэг хэрэглэх зүйлсийг өгсөн байгаа. Уг худаг нь гүний худаг учраас 200 метр шаланкийн хамт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

- “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчин ажилтай, шинжээч К ын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19/32 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон: “20 килограмм боорцгийн тос 1 кг нь 2000 төгрөг, адууны гуя мах 1 кг нь 9.500 төгрөг, хуучин хэрэглэж байсан /орос/ 50 литр тогоо нь 90.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан 10 литр том таваг нь 25.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан хоолны шилэн аяга таваг 1 ширхэг нь 8.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан худгийн усны шаланк 1 метр нь 1.500 төгрөг, хонины борцолж хатаасан гуя мах 1 кг нь 8.500 төгрөгийн ханштай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 5 дугаар сарын сүүлээр /яг өдөр хоногийг нь санахгүй байна/ өглөөний 06 цагийн үед Б ийн хашаа байшинд очихдоо лоом барьж орсон. Байшингийн цоожны гогцоо хэсэг рүү лоомын үзүүрийг оруулж доош дарахад цоож түлхүүрээр онгойлгосон юм шиг онгойчихсон, тэгээд цоожийг аваад байшингийн коридороор яваад дахин нэг хаалгыг татахад онгорхой байсан уг хаалгаар ороход том дөрвөн хаалгатай хөлдөөгч байсан ба хөлдөөгчийн дээд хэсэгт өрж тавьсан цагаан бор өнгийн тавгууд байсан ба хөлдөөгчид байсан бүх тавагнуудыг шуудайнд хийгээд үүрч гараад хаалганы цоожийг буцааж доороос нь зөөлхөн цохиход цоож түгжигдсэн тэгээд би хулгайлсан тавгаа одоо амьдарч байгаа гэртээ тавиад нэг хоёроор нь зарж, архи авах гэж дэлгүүрүүдээр орж асуухад хүмүүс аваагүй юм. Тэгээд гэртээ оруулаад хураасан байхад цагдаа нар ирээд хурааж аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 10-15 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр  хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Б ийн БӨаймгийн Ө й сумын 9 дүгээр багт байрлах өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 974.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа хэмээн,

Шүүгдэгч А аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ хохирогчийн байшингаас 24 ширхэг шаазан таваг л хулгайлсан хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлын талаар хохирогч, шүүгдэгч нар өөрөөр байдлаар мэдүүлж байгаа боловч гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тус тус мэтгэлцсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А  нь хохирогчийн гэр эзгүй үед байшингийн цоожийг эвдэж хууль бусаар орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч А  нь хулгайлсан эд хөрөнгийг зарж борлуулан архи авах, хувийн бусад хэрэглээнд зарцуулсан зэргээс үзвэл тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А  нь хохирогч Б ийн байшингаас 24 ширхэг шаазан тавгаас өөр зүйл хулгайлаагүй хэмээн мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч А  нь хохирогчийн орон байрнаас 20 килограмм боорцгийн тос, адууны гуя мах 30 кг, хуучин хэрэглэж байсан /орос/ 50 литр тогоо, хуучин хэрэглэж байсан 10 литр том таваг, хуучин хэрэглэж байсан худгийн усны шаланк 200 метр, хонины борцолж хатаасан гуя мах 5 кг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А ын гэрээс 24 ширхэг шаазан тавгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, хохирогч Б д хүлээлгэн өгсөн байна /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/.

Иймд шүүгдэгч А аас 20 килограмм боорцгийн тос буюу үнэ 40.000 төгрөг, адууны гуя мах 30 кг буюу үнэ 285.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан /орос/ 50 литр тогоо 1 ширхэг буюу үнэ 90.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан 10 литр том таваг 1 ширхэг буюу үнэ 25.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан худгийн усны шаланк 200 метр буюу үнэ 300.000 төгрөг, хонины борцолж хатаасан гуя мах 5 кг буюу үнэ 42.500 төгрөг, нийт 782.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б д олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчид учирсан хохиролтой холбогдуулан хор уршгийг жич нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн тул шийтгэх тогтоолд хохирогчийн зүгээс цаашид шүүгдэгч А аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй хэмээн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгөхийг хүсэж тус тус мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөлд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан байна. Шүүгдэгч А  нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Б д учруулсан хохирлыг төлж өгөөгүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч А  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, БӨаймаг дахь Цагдаагийн газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А аас ам бүл 2, 9 настай хүү Б ын хамт амьдардаг хэмээн мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 71.1 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт заасны дагуу одоогийн байдлаар шүүгдэгч А ын асрамжинд байгаа гэх 9 настай хүүхэд Б д асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгох асуудлыг холбогдох материалыг бүрдүүлэн БӨаймгийн Ө й сумын Засаг даргад хүргүүлж шийдвэрлэхийг БӨаймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А аас 782.500 (долоон зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулан хохирогч Б д олгож, хохирогч нь тус тогтоолоор тогтоогдсон хохиролтой холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг БӨаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан БӨаймаг дахь Цагдаагийн газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдагдаж байгаа 1,20 см-ийн төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 71.1 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт заасны дагуу одоогийн байдлаар шүүгдэгч А ын асрамжид байгаа гэх 9 настай хүү  Б д асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгох асуудлыг холбогдох материалыг бүрдүүлэн БӨаймгийн Ө й сумын Засаг даргад хүргүүлж шийдвэрлэхийг БӨаймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т