Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 567

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Г.Ганболдод холбогдох “316.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                  Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганболд нь 2015 оны 09 сарын 23-нд “Баянмөнх хаан” ХХК-ний ломбардаас 8%хувийн хүүтэй 200.000 төгрөгийг Флейт” хөгжим барьцаанд тавьж зээлсэн. “Флейт” хөгжим нь анхнаасаа барьцааны нөхцөл хангахгүй эд зүйл байсан. Итгэл үзүүлж зээлээч найдвартай 7 хоногийн дотор төлнө гэж гуйж авсан боловч, одоо болохоор төлөх боломжгүй болсон хэмээн өрөө төлөхөөс  шууд татгалзаж байгаа тул Г.Ганболдын 7 сарын хүүнд 16.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 21-нээс хойш алдангид 100.000 төгрөг, нийт 316.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа  нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

   ... Б.Энхтуяа миний нэхэмжлэлтэй Г.Ганболдод холбогдуулан 316.000 төгрөг нэхэмжилснээс 258.100 төгрөгийг Г.Ганболд өгсөн тул 57.900 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна  гэжээ.

                                                                  Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь Г.Ганболдод холбогдуулан “316.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 57.900 төгрөгнөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 258.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч Б.Энхтуяагийн шүүхэд гаргасан хүсэлтээр  нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.130 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 258.100 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8393 төгрөгний  тал хувь болох 41965 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 41965  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Г.Ганболдод холбогдох “316.000  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 57.900 төгрөгнөөс сайн дураараа татгалзасан болохыг дурьдаж, үлдэх 258.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.130 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 258.100 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8393 төгрөгний  тал хувь болох 41965 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 41965  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ