Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1339

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Ц.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Цээчиг овгийн Цэнгэлдоржийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04824 1559 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Цээчиг овгийн Цэнгэлдоржийн Батмөнх, Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 28-5 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ов89012912, урьд:

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч Ц.Батмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 28-5 тоотод иргэн Х.Хүрэл-Эрдэнэтэй “эхнэртэй хэрэлдлээ" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Цээчиг овгийн Цэнгэлдоржийн Батмөнх нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 28-5 тоотод хохирогч Х.Хүрэл-Эрдэнийг “эхнэртэй хэрэлдлээ" гэсэн шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж, бие махбодод нь “...доод эрүү, уруулын цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Батмөнхийн шүүх хуралдаанд өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Цалин буугаагүй учир өдийг хүртэл төлөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Х.Хүрэл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад найз Батмөнхтэй уулзах гээд явж байхад Батмөнх зүс таних хоёр ах буюу Молом, Баяраа хоёрын хамт такситай дэлгүүрийн үүдэнд зогсоод 0.75 литрийн хэмжээтэй архи аваад гарч ирэхтэй нь таарсан. Батмөнх намайг хамт явъя гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид дөрөв Батмөнхийн гэрт ирэхэд Батмөнхийн эхнэр Ундармаа гэртээ байсан. Бид дөрөв дэлгүүрээс авсан архийг нь уусны дараа Молом, Баяраа хоёр ажилтай гэж хэлээд гарахаар нь би хамт явъя гэж хэлээд гарахад Батмөнх надад хандаж “чи наад хоёроо явуулчхаад буцаад хүрээд ирээрэй” гэж хэлсэн....буцаад Батмөнхийн гэрт ирэхэд Батмөнх надад 20,000 төгрөг өгөөд архи аваад ир гэж явуулсан. Би дэлгүүр яваад архи, тамхи авч ирээд Ундармаа, Батмөнх бид гурав хувааж уусны дараа Ундармаа дахиж архи ууна гэж хэлээд намайг дэлгүүр явуулсан...би согтоод гэр лүүгээ явлаа гэж хэлээд Батмөнхийн баруун талд сууж байхад шалтгаангүйгээр гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод босож ирээд дахиад 2-3 удаа цохихоор нь би Батмөнхтэй зууралдаад бид хоёр хөл алдаад хамт унахад Батмөнх миний зүүн талын хавирга руу 1-2 удаа цохисон...би эрүү, нүүрний зураг 150,000 төгрөгөөр авхуулсан. Мөн өвчин намдаах эм авч уусан, 200,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

            3. Гэрч Н.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүрэл-Эрдэнэ юм яриад сууж байхад хэрүүлийн чанартай юм яриад байсан. Би Хүрэл-Эрдэнийг одоо болно чи гэр лүүгээ харь гэж хэлэхэд би явахаа өөрөө мэдэж байна гээд хэрэлдэх гээд байсан. Батмөнх намайг өмөөрөөд Хүрэл-Эрдэнийг бос гээд гараас нь татаад тэр хоёр зууралдаад ноцолдсон. Би тэр хоёрын голоор нь орж салгахад Хүрэл-Эрдэнэ манай гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

            4. Гэрч Х.Хүрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж Махбал над руу яриад ах Хүрэл-Эрдэнэ хүнд зодуулсан байна. Эмнэлэг авч явах шаардлагатай байна гэж хэлсэн...ээжийн гэрт ирэхэд Хүрэл-Эрдэнэ орон дээр согтуу амнаас нь цус гараад хатсан байдалтай байсан. Би ахаас юу болсон талаар асуухад найз Батмөнх гэртээ намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);

            5. Гэрч С.Махбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад 17 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд Хүрэл-Эрдэнэ согтуу архи уусан байдалтай, хувцас хунар нь шороо, цус болсон, нүүр нь буюу эрүүний зүүн тал нь улайж, уруул ам нь хавдсан байдалтай ярьж чадахгүй байсан. Хүрэл-Эрдэнэ надад “найз Батмөнхийн гэрт хамт архи ууж байгаад зодуулчихлаа гэж хэлсэн”...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

            6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11347 дугаартай: “...Х.Хүрэл-Эрдэнийн биед доод эрүү, уруулын цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас);

            7. Шүүгдэгч Ц.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 49-57 дугаар хуудас);

            8. Шүүгдэгч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа хүчтэй цохисон. Бид хоёр зууралдаад хамт буйдан дээр унахад манай эхнэр голоор орж бид хоёрыг салгахад Хүрэл-Эрдэнэ босоод манай гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Хүрэл-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.Хүрэл-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Батмөнхийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Хүрэл-Эрдэнэ нь 200,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 200,000 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан хохирогч Х.Хүрэл-Эрдэнэд олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Батмөнхөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Хүрэл-Эрдэнэд 200,000 төгрөгийн төлөх төлбөртэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгуулийн ял оноож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Батмөнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч түүний орлогыг тодорхойлсон баримт байхгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, урьд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олоогүй байгаа зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цээчиг овгийн Цэнгэлдоржийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Батмөнхөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гурван сарын дотор гаргуулан хохирогч Х.Хүрэл-Эрдэнэд олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Батмөнхөд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА