Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 565

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны нэхэмжлэлтэй Ч.Энэбиш, Л.Лхагважав нарт холбогдох “9.856.229 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

              Шүүх  хуралдаанд: 

               Нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 3-20 тоотод оршин суух хаягтай, Бэсүд овгийн Батцогтын Энхтайван /регистрийн  дугаар:ЕП-60101618/,

               Хариуцагч Л.Лхагважав, хариуцагч Ч.Энэбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин 1 дүгээр баг, Ерөө  гол гудамжны  15-69 тоотод оршин суух хаягтай, тэтгэвэрт байдаг гэх, Боржигон овгийн Лхаасүрэнгийн Лхагважав /регистрийн дугаар:МЕ-61041203 /

             Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                  

                                                Тодорхойлох нь:

     Нэхэмжлэгч: Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

        ... Нэхэмжлэгч Ш.Жавзмаа нь 2004 онд иргэн Ч.Энэбиш, Л.Лхагважав нарын хүсэлт итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 68-31 тоот 3-н өрөө байрыг барьцаалан “Монгол шуудан” банкнаас 13.000.000 сая төгрөгийн зээл авч тэдэнд өгсөн байна.

    Л.Лхагважав, Ч.Энэбиш нар нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж, Ш.Жавзмаагийн орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 149-р захирамжийн дагуу Ш.Жавзмаа банкны зээлийн өрийг онд төлж дууссан байна.

   Нэхэмжлэгч Ш.Жавзмаа нь хариуцагч Л.Лхагважав, Ч.Энэбиш нараас зээлээ төлүүлэх талаар тасралтгүй шаардсаар өдийг хүрсэн байна. Энэ хугацаанд хэн хэнийх нь амьдралд өвчин зовлон, санхүүгийн хүндрэл учирсныг харилцан ойлголцож, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тооцоо хийж Л.Лхагважав, Ч.Энэбиш нар төлбөрийн үлдэгдэл 9.856.229 төгрөгийг зөвшөөрч талууд баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

  Иймд Л.Лхагважав, Ч.Энэбиш нараас 9.856.229 /есөн сая найман зуун тавин зургаан мянга хоёр зуун хорин есөн төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Ш.Жавзмааг хохиролгүй болгохыг хүсье.... гэжээ.

         Хариуцагч Л.Лхагважв, хариуцагч Ч.Энэбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагважав 2016 оны 08 дугаар сарын 30-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Хариуцагч Л.Лхагважав миний бие нь нөхөр /Ч.Энэбишийн/ хамт онуудыг нь мартаж байна. Иргэн Ш.Жавзмаагийн байрыг 2003 онд / 2002 онд ч байж магадгүй/ “Тээвэр хөгжил”/-ийн банкнаас өөрсдийн хамаатанаас 2800.000 төгрөг зээлж Ш.Жавзмаагийн зээлийн өрийг төлж 3 хорооллын “Сайхан” худалдааны төвд санхүү зээлийн хоршоонд зээлэнд тавьж иргэн Ш.Жавзмаад ахин 400.000 төгрөг өгсөн. Тэгээд зээлээ төлж чадахгүй “Монгол шуудан” банкинд 13 сая тавьж энэ зээлээсээ ахин 800.000 төгрөг Ш.Жавзмаад өгсөн.

             2005 оны намар 1 тонн будааг 170.000 төгрөгөөр бодож 1700.000 төгрөг өгсөн. Будаагаа Дарханд борлуулаад мөнгө өгсөн. Ингээд нийт 5700.000 төгрөг өгсөн. Би 2800.000 төгрөгийг 2 жил 5-6 хувийн хүүтэй төлж дуусгасан.

             Иймд нэхэмжилсэн 9800.000 төгрөгнөөс дээрх мөнгийг 3 саяыг хасч 6800.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.  Ган, гачиг, түймэр, мөндөрт  тариагаа цохиулж 280-аад сая төгрөгний өрөнд бүх юмаа  хураалгаад одоо зээлийн өр 27,28-д сая үлдээд бид Энэбиш 2 тэтгэврээсээ 50 хувийг ШШГА-нд өр төлдөг. Тухайн үед энэ бүх хүнд байдлаас “Монгол шуудан” банкинд учирлаж үндсэн 13 сая төгрөгөөс төлье гэж тохироод төлснөөр 9800.000 төгрөг үлдсэн. Үүнээс өгсөн 5700.000 төгрөгний 3 саяыг хасуулах хүсэлтэй байна. Үнэн зөв тайлбар хийсэн болно.  Мөн шүүхээр хотын үл хөдлөх газраас иргэн Ш.Жавзмаагийн “Тээвэр хөгжил”-ийн банк руу иргэн Ш.Жавзмаа нь миний нөхөр бид хоёроос 2800.000 төгрөг  бэлэн аваад чөлөөлөөд ирье гээд ороод  бид хоёр гадаа нь хүлээж байсан. Уг 6800.000 төгрөгийг 2016 ондоо багтааж бүрэн төлж дуусгана ... гэжээ.

         Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, хариуцагч ба хариуцагч Ч.Энэбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагважав нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-нд  байгуулсан        

                                                           “Эвлэрлийн гэрээ”

          Хариуцагч Л.Лхагважав, Ч.Энэбиш нарыг төлөөлж Л.Лхагважав, нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван бид нэхэмжлэлийн шаардлагын нөхцөл байдал, хариуцагчийн төлбөр хийх хугацааны бодит байдал, зэргийг харилцан ярилцаж дараах тохиролцоог хийв.

           Үүнд: 1-д:  нэхэмжлэлийн шаардлага 9.856.229 төгрөгнөөс 3.5-4 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлнө. Үлдсэн мөнгийг 2017 оны 10 сарын 15 гэхэд бүрэн төлж энэ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцов.

           2-т: Жич төлбөр төлж дуусах эцсийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 15-аар тогтоов.

          3-т:  Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд энэх хэргийг татгалзах зүйлгүй.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван

           Хариуцагч ба хариуцагч Ч.Энэбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагважав гэжээ.

                                                    Үндэслэх нь:

             Нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван нь Ч.Энэбиш, Л.Лхагважав нарт холбогдуулан “9.856.229 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Хариуцагч Л.Лхагважав, хариуцагч Ч.Энэбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагважав, нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван нар нь шүүх хуралдаанаас өмнө харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.856.229 төгрөг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 172.650 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 172.650 төгрөгний тал хувь буюу 86.325 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь буюу 86.325 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  гаргуулан нэхэмжлэгч Ш.Жавзмаад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх зааснаар нэхэмжлэгч Ш.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны нэхэмжлэлтэй Ч.Энэбиш, Л.Лхагважав нарт холбогдох “9.856.229 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 172.650 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 172.650 төгрөгний тал хувь буюу 86.325 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь буюу 86.325 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  гаргуулан нэхэмжлэгч Ш.Жавзмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

                                              ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ