Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1341

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03305 1314 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Б.А, Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар татах хэсэгт туслах машинч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багт Хоолт гэх газарт түр оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод “хөдөө ганцаараа явна” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ч.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн зөөлөн эдийн няцрал, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч М овгийн Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод “хөдөө ганцаараа явна” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ч.Б-ийг зодож, түүний бие махбодод “...зулайн зөөлөн эдийн няцрал, гуя, шилбэнд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Иргэн Ч.Б-аас цагдаагийн байгууллагад гаргасан: “хамтран амьдрагч А-д зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7 дугаар хуудас), иргэн Ч.Б-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 8 дугаар хуудас);

3. Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 онд А-той танилцаж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй ч дундаасаа 2014 онд С гэх хүүтэй, 2017 онд С гэх охинтой болсон. Одоо бид хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт *** тоот хашаанд амьдардаг. Нөхөр А 2018 оны 05 дугаар сард Өмнөговь аймагт том машин барьж байгаад нүүрсэнд даруулж зүүн хөлөө шилбээрээ тайруулан таягтай байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж тогтоолгон гэртээ байдаг. 2019 оны 06 дугаар сарын 16-ны 20 цагийн үед А болон 2 хүүхдийн хамт байж байхад А Өвөрхангай аймагт бүртгэлтэй байдаг болохоор эмчийн үзлэгээ тэнд очиж үзүүлнэ, бүгдээрээ хамт явна гэж хэлж байснаа дараа нь ганцаараа явна гээд яриад байсан. Тэгэхээр нь би А-д хандан чи эхлээд хамт явна гэж байснаа одоо яагаад ганцаараа явахаар болов гэж хэлэхэд чи ямар 100 төгрөгийн орлоготой биш чамаар яадаг юм гэж хэлээд лалар, гичий, гуйлгачин, мөнгөний хүүхэн гэх мэтээр харааж доромжлоод байхаар нь чи намайг битгий харааж зүхэн доромжил гэж хэлээд орон дээр өөдөөс нь хараад сууж байхад хром гутлаа барьж ирээд миний хөл рүү цохисон. Би нүүр лүүгээ цохиулахгүй гээд толгойгоо бариад сууж байхад гутлаараа миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би гэрээс гүйж гараад гадаа хэсэг зогсож байгаад гэрээс А-ийн хувцаснуудыг аваад машинд нь хийж чи одоо эндээс явж үз гэж хэлэхэд чи намайг хөөлөө гээд уурлаад гэрийн үүдэнд байсан аккумлятор авч шидээд байшингийн 1 цонх хагалсан бөгөөд өөрийнхөө таягаар гал тогооны таазны гэрлийг хагалчхаад машиндаа суугаад яваад өгсөн. А миний хөл рүү хром гутлаар 4-5 удаа цохиж зодсон, чихний ар хэсэгт нэг удаа гутлаар цохисон...” гэсэн мэдүүлэг;

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7551 дугаартай шинжээчийн: “...Ч.Б-ийн биед зулайн зөөлөн эдийн няцрал, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 17 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын *** тоот гэртээ эхнэр Б хүү, охин нарын хамт байсан. Би хөдөө ганцаараа явахаар болтол эхнэр уурлаад намайг орхиж явлаа гээд хэл амаар доромжлоод өөр эхнэртэй болох гэж байгаа юм уу гээд миний хувцсыг гадаа гаргаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд орон дээр байсан хром гутлыг авч очоод Б-ийн хөл рүү нь 4-5 удаа толгой руу нь 1 удаа цохисон. Дээрх гэмтлийг би хром гутлаар цохиж учруулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь түүнийг өөрийн үйлдлээ ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Б.А, хохирогч Ч.Б нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.А нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.А нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан болох нь нотлогдсон байх тул шүүх түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг түүний группийн тэтгэврийн орлогод нийцүүлэн (сард 270,000 төгрөгийн тэтгэвэртэй) арван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяадоржид оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.А-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА