| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00472/И |
| Дугаар | 568 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 568
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би С.Мөнгөн-Ирисийн нэхэмжлэлтэй Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нарт холбогдох “Түрээсийн төлбөр 2.495.566 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.Мөнгөн-Ирис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....Номин-Эрдэнэ, Э.Энхчимэг нар нь миний Ганзам 7 дугаар хорооны 30 дугаар байрны 05 тоот 2 өрөө байрыг 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл 10 сарын хугацаатай, сарын 250.000 төгрөгөөр түрээсэлж суухаар тохиролцож албан ёсны гэрээ байгуулж суусан.
Гэвч түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 1.500.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй намайг хохироож байна. Хөлсөлж байх хугацааныхаа ус, халаалт, байрны мөнгө огт төлөөгүй. Уг айл нь үлдэгдэл төлбөрөө 2016 оны 02 дугаар сарын 01-нээс хойш өгнө гэж худлаа ярьсаар өдийг хүрлээ.
Иймд нэхэмжлэгч би Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нараас түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, 2 талын гэрээний дагуу 0.5 хувийн алданги тооцох /хоногт 1250/ нийт 262.500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл суусан 166.000 төгрөг, суусан хугацааны ус, халаалт, байрны 567.066 төгрөг, нийт 2.495.566 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч С.Мөнгөн-Ирис 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...С.Мөнгөн-Ирис миний бие нь Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нарт холбогдуулан 2.495.566 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 300.000 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна. Үлдэх 2.195.566 төгрөгийг Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нар нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... С.Мөнгөн-Ирсийн нэхэмжлэлтэй Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нарт холбогдуулан 2.195.566 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны дотор бүрэн төлж С.Мөнгөн-Ирисийг хохиролгүй болгоно. Тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Мөнгөн-Ирис нь Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нарт холбогдуулан “Байрны түрээсийн төлбөрт 2.495.566 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 2.195.566 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.879 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.195.566 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50.079 төгрөгний 50 хувь болох 25.0395 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 50 хувь болох 25.0395 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Мөнгөн-Ирисийн нэхэмжлэлтэй Э.Энхчимэг, Г.Номин-Эрдэнэ нарт холбогдох “Түрээсийн төлбөр 2.495.566 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 300.000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 2.195.566 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.879 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.195.566 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50.079 төгрөгний 50 хувь болох 25.0395 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 50 хувь болох 25.0395 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Мөнгөн-Ирист олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ