| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0046/Э |
| Дугаар | 054 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 054
2020 оны 02 сарын 19 өдөр Дугаар 2020/ШЦТ/54 Өлгий сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч А,
шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н т холбогдох эрүүгийн 1913********** дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Н , регистрийн дугаар БГ00******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 19 цагийн үед Б ын мэнд авсангүй гэж хэлсэн үгнээс болж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Н ээс мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
2. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
3. Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
4. Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
5. Хохирогч Б ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 32-41 дүгээр хуудас/,
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
7. Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 19 цагийн үед иргэн Б ыг мэндлээгүй хэмээн маргаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Н , А нарт мэндлэхэд мэнд аваагүй. Би тэр үед та нар мэнд авдаггүй тийм том улсууд уу гэсэн, чи яах гээд байгаа гээд Н намайг заамдаад барьж авсан. Намайг ах С татаж бид хоёрыг салгах хоронд Н баруун хөлөөрөө миний баруун талын бөөрөнд 1 удаа өшиглөсөн, тэр үед би газарт унаад бөөрөө дарж хэвтчихсэн, тэр үед өшиглөж цохиж байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёрыг салгах үеэр Н нь баруун талын хөлөөрөө Б ын баруун бөөр тус газар нэг удаа өшиглөхөд бөөрөө дарж хэвтчихсэн, тэр үед Н нүүрэн тус газар гараараа цохиж, 1-2 удаа өшиглөх шиг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
- Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа гарсан чинь Н Б ыг газарт унагаасан, хоолойг нь боож байсан, манай нөхөр С А г барьсан зогсож байсан, би гүйж очоод С ыг дуудсан, С ирээд Н ийг барьж аваад Б ыг босгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
- Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н нь Б ыг унагааж авсан нэг гараараа Б ын хоолойг нь боосон, нөгөө гараараа нүүрэн тус газар цохиж байхад нь Н ийг татаж салган Н ийг татаж салган Б ыг босгосон, Б ын хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
- Хохирогч Б ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 32-41 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гэмтлийн зэрэг тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай ”...иргэн Б ын биед баруун бөөрний няцралт, баруун бөөрний доод дунд хэсэгт гадаргууд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах түр алдах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
- Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 19 цагийн үед хөрш айлын залуу С ын гэрийн гадаа ах Б.А , С гурвуулаа тамхи татаад зогсож байхад С ын дүү Ш.С машинтай ирж өөрийнхөө гэрийн хажууд очоод зогссон удаагүй байхад Б машинаас буусан юм шиг байна бидний хажууд халамцуу хүрч ирсэн Б.А бид хоёр мэндэлсэн чинь мэнд аваагүй, бид нарын хажууд ирээд тамхилж зогсож байгаад та нар надад мэндэлсэнгүй гээд А бид хоёрт луу дайрч эхэлсэн би тэр үед Б той маргалдаж барилцаад авсан Б ч надтай заамдалцаж барилцаад авсан яг тэр үед Б ыг С араас салгахаар татсан, намайг А татаж бид хоёрыг хоёр тийшээ салгахад нь би Б ыг хөлөөрөө бөөр тус газарт нь 1 удаа өшиглөсөн юм, дараа нь дахин дахин дайрч ална, хүйс тэмтэрнэ гэх мэтээр А бид хоёр луу гүйж дайрч хэл амаар доромжлоход нь Б бид хоёр дахин барилцаж авсан ба би унагааж аваад дээрээс нь дарж хэвтэн ганц хоёр удаа гараараа нүүрэнд нь цохисон юмаа. Тэр үед Б ын хамарнаас цус гарсан, удаагүй Ш.С ирж бид нарыг салгасан, би урандаа Б ыг зодсоноо хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, дахин ийм зодооны асуудал гаргахгүй, Б оос уучлал гуйж хохирлыг нь барагдуулж өгсөн хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н нь Б ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н ийн хохирогч Б ыг эрүүл мэндэд “биед баруун бөөрний няцралт, баруун бөөрний доод дунд хэсэгт гадаргууд цус хуралттай гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н ийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б ын бичсэн гарын баримт “Б надад Н т зодуулаад 520.000 төгрөгийн хохирол учирсан. Хоорондоо тохиролцоод 450.000 төгрөг бэлэн авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Надаас уучлалт гуйсан би уучилсан. Одоо ямар нэгэн нэхэх зүйл байхгүй” гэх хүсэлтээс үзэхэд шүүгдэгч Н ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Н т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т