| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00421/И |
| Дугаар | 569 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 569
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдох “Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, ажилд эгүүлэн тогтоолгох”, “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус шүүхийн Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Шүүхийн Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх тухай үндэслэлээ: .... Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог “Шүүх байгуулах тухай” хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан шинэчилж техникийн гүйцэтгэх болон бага албан тушаалын албан хаагч 4 байхаар тогтоосонтой холбогдуулан” гэж намайг чөлөөлсөн байна.
Тамгын газраас ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ирүүлсэн тамгын газрын бүтэц орон тоо цөөрүүлэх тухай албан бичгийг ажилтнууддаа танилцуулаагүй, орон тоо цөөрүүлэх талаар огт мэдэгдэлгүйгээр ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа зохих ёсоор сайн биелүүлж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Тус шүүх 2 жолоочийн орон тоотой ажиллаж байсан бөгөөд нэг орон тоог яагаад хасах болсон түүнчлэн намайг ямар шалтгаанаар чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс орон тоог тухайлан зааж хасаагүй тохиолдолд бүх ажилчдын хурлаар хэнийг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэн шийдвэрлэх эсвэл нэгэнт намайг үүрэгт ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ тухай мэдэгдэж тодорхой санал хүсэлтийг минь сонсох ёстой байсан гэж бодож байна.
Гэтэл Тамгын газрын дарга нь ажлаас чөлөөлөх тухай надад хэлж мэдэгдэх боломжтой байтал энэ талаар огт мэдэгдэхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарган мэдээлэл лавлагааны ажилтанд үлдээсэн байсан.
“Ажлаас чөлөөлөх тухай” Б/27 тоот тушаалаа Шүүхийн Захиргааны тухай хууль болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 01/614 тоот албан бичгийг баримтлан гарсан байх бөгөөд миний бие нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд дээрх чөлөөлж байгаа үндэслэл нь хуульд нийцээгүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг огт хэрэглээгүй нь тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн гэрээг “...орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “...40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...” гэснийг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудлыг тушаалдаа шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан, ээлжийн амралтаа эдлэж дуусаад ажилдаа орох өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахаар заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг тус тус зөрчин ажилтны хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд хуулийн үндэслэлгүй гарсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно ... гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ганзориг 2016 оны 09 дүгээр сарын 06-нд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа:
Ц.Ганзориг миний бие хуулийн үндэслэлгүй буюу ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингаа хариуцагчаас гаргуулан авахаар нэмэгдүүлж байна.
Миний бие сард 605.586 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно. Мөн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа болон шүүхийн шийдвэр гарах хугацаа зэргийг тодорхой хэлж мэдэхгүй байгаа тул нэхэмжлэх цалингийн үнийн дүнг тооцон гаргаагүй бөгөөд миний цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалинг тооцон гаргуулах боломжтой гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү! .... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Нямсүрэн 2016 оны 09 дүгээр сарын 05-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог ... “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан шинэчлэн баталсан бөгөөд 2016 оны батлагдсан төсөвтэй уялдуулан Тамгын газрын орон тооны хязгаарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/614 тоот албан бичгээр ... Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог Төрийн захиргааны албан тушаал 17, Төрийн үйлчилгээний албан тушаал 10 байхаар тогтоож, төрийн үйлчилгээний албан тушаалаас техникийн гүйцэтгэх болон бага албан тушаалын албан хаагчдын тоог 4 болгож, нэг орон тоог хасч ирсэн.
Тамгын газрын орон тоог хассантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлд Тамгын газрын орон тоог хасч болохгүй харин энэ албан тушаалын албан хаагч буюу үйлчлэгч нэгийг нэмэх талаар хүсэлтээ бичгээр хүргүүлсэн мөн утсаар гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хүний нөөцийн газрын холбогдох албан тушаалтнуудтай ярьж байсан ба “шүүхүүдийн Тамгын газрын бүтэц, орон тоог 9 дүгээр сард дахин хэлэлцэнэ, тэгэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх талаар хэлсэн”.
Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газраас “Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар 27-н орон тоогоор 2016 оны цалингийн сан тооцогдох болно гэдгийг анхаарч ажиллах, мөн цалингийн сан, орон тооны судалгаагаар илүү орон тоогоор ажиллаж байгаа харагдаж байна. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчаас явуулсан албан бичгийн дагуу орон тоогоор ажиллах шаардлагатай байна” гэсэн мэйл ирүүлсэн.
Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчилсэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 39 дүгээр тогтоол болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 01/614 тоот албан бичгээр тогтоосон орон тооны хязгаарын тухай шүүгч, ажилчдын хуралд танилцуулж байсан бөгөөд 6 дугаар сарын сүүлчээр Ц.Ганзоригийг ээлжийн амралт эдлэхээс нь өмнө жолооч Ц.Батмөнх, слесарь Ц.Батболд нарыг өрөөндөө байлцуулж дээрх орон тооны талаар болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн орон тооны хариуг танилцуулж, техникийн гүйцэтгэх болон бага албан тушаалын албан хаагчид жолооч, үйлчлэгч, слесарь нараас нэг хүнийг ажлаас чөлөөлөх тухай ярилцах явцад миний бие слесарийн орон тоог хасуулахгүй, харин 2 жолоочийн нэгийг ажлаас чөлөөлөх тухай тухай саналаа хэлж байсан.
Ингэхэд жолооч Ц.Батмөнх “9 сард орон тооны талаар Шүүхийн Ерөнхий зөвлөл хэлэлцэх юм бол би гарсан ч яахав харин ээлжийн амралтаа бүрэн эдэлмээр байна” гэсэн санал гаргаж байсан ба жолооч Ц.Ганзориг нь 7 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа эдлээд 08 дугаар сарын 29-нд ажилдаа ороход нь 08 дугаар сарын 01-нээс орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж, 9 дүгээр сард Шүүхийн Ерөнхий зөвлөл Тамгын газрын бүтэц, орон тоог хэлэлцэх үед жолоочийн орон тоог нэмэгдүүлж, буцаагаад авах талаар харилцан тохиролцсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан юм. Ц.Ганзоригийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг төлөвлөж гаргахад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэл болгоогүй нь алдаа.
Тамгын газраас слесерийн орон тоог хасахаар шүүхийн байрны сантехникийн асуудлыг дуудлагаар болон хүн гуйж хийлгэнэ гэдэг хэцүү бөгөөд өвлийн улиралд өдөр шөнөгүй эргэж тойрч байхгүй бол манай халаалт муу учраас хөлдөх аюултай байдаг.
...Ийм учраас 2014 онд сантехникийн слесарийн орон тоог Шүүхийн Ерөнхий зөвлөлд асуудал болгож шинээр нэмэгдүүлж авсан. Иймээс дээрх байдлуудыг харгалзан Тамгын газрын жолоочийн нэг орон тоог орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Нямсүрэн 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан гаргасан тайлбартаа:
...Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны Шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоог “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан шинэчлэн баталсан бөгөөд 2016 оны батлагдсан төсөвтэй уялдуулан Тамгын газрын орон тооны хязгаарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/614 тоот албан бичгээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоож төрийн үйлчилгээний албан тушаалаас техникийн гүйцэтгэх болон бага албан тушаалын албан хаагчийг тоог 4 болгож, нэг орон тоог хассантай холбогдуулж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газраас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар 27 орон тоогоор 2016 оны цалингийн сан тооцогдсон бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаааны цалинг гаргах боломжгүй... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдох “Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан байна.
Ц.Ганзориг нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэж дуусаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрхэлж буй ажилдаа ороход мөн өдөр нь тус шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай “Ц.Ганзоригийг ажлас чөлөөлөх тухай” тушаал гарсан байна.
Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчтой “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ба уг гэрээний “Захиргааны хүлээх үүрэг” гэх 3 дугаар хэсгийн 6 дугаар заалтанд .... “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн байхад Шүүхийн Захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Шүүх байгуулах тухай хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/614 тоот албан бичгийг үндэслэн дээрх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тооны өөрчлөлт орсон тохиолдолд ажил олгогч нь:
1-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “...ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... “ хуулийн заалтыг зөрчсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан “...6 дугаар сарын сүүлчээр Ц.Ганзоригийг ээлжийн амралт эдлэхээс нь өмнө жолооч Ц.Батмөнх, слесарь Ц.Батболд нарыг өрөөндөө байлцуулж дээрх орон тооны талаар болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн орон тооны хариуг танилцуулж, техникийн гүйцэтгэх болон бага албан тушаалын албан хаагчид жолооч, үйлчлэгч, слесарь нараас нэг хүнийг ажлаас чөлөөлөх тухай ярилцах явцад миний бие слесарийн орон тоог хасуулахгүй, харин 2 жолоочийн нэгийг ажлаас чөлөөлөх тухай тухай саналаа хэлж байсан.
Ингэхэд жолооч Ц.Батмөнх “... 9 сард орон тооны талаар Шүүхийн Ерөнхий зөвлөл хэлэлцэх юм бол би гарсан ч яахав харин ээлжийн амралтаа бүрэн эдэлмээр байна” гэсэн санал гаргаж байсан...” гэсэн нь тайлбараар нотлогдож байна. Харин нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдал нь “мэдэгдсэн” гэж үзэх боломжгүй юм.
2-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “...ээлжийн амралттай байгаа” ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч Ц.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... ээлжийн амралтаа эдлэж дуусаад ажилдаа орох өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн...” гэж дурьдсан ба хариуцагч тайлбартаа “...жолооч Ц.Ганзориг нь 7 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа эдлээд 08 дугаар сарын 29-нд ажилдаа ороход нь 08 дугаар сарын 01-нээс орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж...” гэсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 29-нд ээлжийн амралт дууссан болохыг нотлоогүй байна.
3-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ... “Ажлаас халагдсаны тэтгэмж” авах эрх үүсэн нөхцөл байдал буюу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлсэн” тохиолдолд ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй байна.
4-рт: Ц.Ганзориг нь ажил олгогч буюу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргатай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан хөдөлмөрийн харилцаанд оролцсон байхад Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/27 дугаартай “Ц.Ганзоригийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн хуулийн зохих заалт болох 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримтлаагүй гарсан байх тул дээрх тушаалыг хүчингүй болгож, Ц.Ганзоригийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл Шүүхийн Тамгын газраас 2016 оны 10 дугаар сарын 10-нд ирүүлсэн цалингийн тодорхойлолтын дагуу 1300.484 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Ц.Ганзориг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 1300.484 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 35.758 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэргийн оролцогч Ц.Ганзориг, М.Нямсүрэн нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 07-нд мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч М.Гансүхийг оролцуулах, хариуцагч нь “... иргэний хэрэгт намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно“ гэсэн хүсэлтүүдийг тус тус бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.5-д зааснаар зохигчдыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай “Ц.Ганзоригийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Ганзоригийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 1300.484 төгрөг гаргуулан Ц.Ганзоригт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж нөхөн бичилт хийхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 35.758 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ