| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0045/Э |
| Дугаар | 053 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 053
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Т,
шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н д холбогдох 2013********** дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Д сумын 12-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Н , регистрийн дугаар БЮ94******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр, төв талбай дээр эхнэр нь Б тай уулзаж улмаар түүний цээж руу нь гараараа цохисны улмаас ар дагзаараа хойшоо сав унаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Н мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
2. Гэрч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
3. Гэрч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
4. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
5. Согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
6. Б гийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, төв талбай дээр эхнэр нь болох Б гийн цээж рүү гараараа цохисны улмаас ар дагзаараа хойшоо сав унаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би чамтай уулзахгүй байдаг байж гэж хэлээд буцаад явж байтал Н ирээд миний цээж рүү гараараа цохисны улмаас би ар дагзаараа хойшоо савж унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Гэрч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талбай дээр ирээд Н хэрүүл хийж Б гийн цээжний тус газарт цохисноос болоод Б дагзаараа талбайн чулуун хавтан дээр унаж толгойндоо гэмтэл авсан байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- Гэрч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б Н тай уулзаад зодуулснаас болоод Б эмнэлэгт хэвтсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай "1.Иргэн Б гийн биед тархи доргилт, баруун талын зулайны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
- Холбогдогч Н ы Согтуурлын хэмжээг шалгасан “...багажийн заалт 1,53 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
- Хохирогч Б гийн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,
- Яллагдагч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсон юм. Би айлын ганц эрэгтэй хүүхэд нь тул эхнэр бид хоёр аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм. Манай гэрт аав, ээж, эхнэр, манай хоёр эмэгтэй дүү байдаг, хоёр эмэгтэй дүү маань сургуулийн сурагчид юм. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б бид хоёр хоорондоо ахуйн маргаанаас болж маргалдаад Б ахынхаа гэр рүү явсан юм. Би нэг өдөр согтуу ирчхээд аавтайгаа маргалдаж байхыг Б гар утсандаа нууцаар бичиж аваад уг бичлэгийг миний аав Х руу ахынхаа гэр үү явсан өдрөө явуулсан байсан юм. Тэгээд би уг бичлэгийг Б г яагаад бичиж авсан талаар, одоо тэр бичлэгийг устгачих гэж гуйхад минь зөвшөөрөөгүй.
Тийм болохоор нь би тэр бичлэгийг Б гийн утаснаас нь өөрөө устгая гэж бодоод 1 дүгээр сарын 23-ны өдөр Б г уулзъя гэхэд би найзынхаа гэрт байна, цагийн дараа очно гэхээр нь чи хурдан ирэхгүй юм бол би үхнэ шүү, хурдан ирээрэй гэсэн. Тэгээд бид хоёр аймгийн төв талбай дээр уулзаад БӨ ресторанд ороод яръя гэхэд би ресторанд орохгүй гэсэн. Тэгэхэд нь би тэгвэл чи гар утсандаа байгаа бичлэгийг устгаарай гэхэд устгахгүй гэхээр нь тэгвэл би устгана гэж хэлээд гар утсыг нь халааснаас нь авах гэхэд өгөхгүй байсан, тэр хооронд би түүний утсыг авах гэж байгаад Б г хойшоо хүчтэй түлхэх үед Б бөгсөөрөө газарт унаад улмаар арагшаа толгойгоороо унасан юм. Тэгээд би очоод Б г босгож авахад толгой өвдөж байна гэж уйлахад нь би түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Болсон асуудал энэ юм. Би Б д гар хүрч зодож байсан удаа байхгүй, харин бид хоёр гэр бүлийн асуудлаас мөн нэг нэгнээ ойлгохгүйгээс болж маргалддаг юм. Бидний амьдралд Б өөрийнхөө аав, ээж, ах нарыг оролцуулдаг, надтай жоохон маргалдангуутаа гэрийнхэндээ хэлдэг, гэр рүүгээ явчихдаг юм. Би Б гээс уучлал гуйсан, Б намайг уучилсан боловч түүнийг ах нь хүчээр Улаанбайшинт руу хадмын гэр рүү аваад явсан. Одоо Б гээс өөрөөс асуусан ч гэсэн хэлэх байх.Би Б г боомилж байсан удаа байхгүй. Б д гар хүрч байгаагүй. Б яагаад өөрийг нь боомилсон гэж ойлгож байгаа талаар тайлбарлахад бид хоёр нэг удаа маргалдаад би түүнд эцгийн чинь толгой гэж хэлэхэд Б надад мөн адил эцгийн чинь толгой гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав, ээж сонсчих байх гэж бодоод амыг нь дарсан, түүнийг өөрийг нь боомилсон гэж ярьж байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н нь эхнэр Б г хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н ы хохирогч Б гийн эрүүл мэндэд “биед тархи доргилт, баруун талын зулайны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н ы архидан согтуурсан байдал, мөн шүүгдэгч болон хохирогч Б нарын таарамжгүй харилцаа нь энэ хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Б гийн БӨ аймгийн Прокурорын газарт хаяглан бичсэн “Н тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаангүй” гэх хүсэлтээс үзэхэд шүүгдэгч Н ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Н нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай саналд яллагдагч Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Н хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 64 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Н д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б гээс нотлох баримтаар гаргаж өгсөн флаш карт 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэйн байна.
Шүүгдэгч Н д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б гээс нотлох баримтаар гаргаж өгсөн флаш карт 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т