Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/17

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

Улсын яллагч Ш.Батсүх,

Хохирогч О.Г, Э.Т, Э.А, тэдний өмгөөлөгч С.Ганбат,

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-н Э-д холбогдох эрүүгийн 1917001500001 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, У... замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дүгээр баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт С-н Э /РД:ЕЙ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 115 тоотод байх иргэн Д.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү болох насанд хүрээгүй 17 настай Э.Ам-г гадуур хэслээ гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр өвдөгний ар хэсэг, мөр, гар руу нь цохиж зодсон, мөн өдрийн орой нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гадуур хэслээ гэх шалтгаанаар нуруун тус газар нь кабель утсаар ороолгож зодсон, 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ хүрз, сэрээг дур мэдэн хүнд өгсөн гэх шалтгаанаар хоолны халбагаар мөр орчимд нь цохих зэргээр байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Ханангийн 115 тоотод байх иргэн Д.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү болох насанд хүрээгүй Э.Т-г гадуур хэслээ гэх шалтгаанаар нуруу руу нь цохих, бөгс рүү нь өшиглөх зэргээр зодсон, мөн өдрийн орой нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гадуур хэслээ гэх шалтгаанаар кабель утсаар ороолгож зодсон, 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ ажлын хүрз, сэрээг дур мэдэн хүнд өгсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр байнга зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Г-н эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч С.Э нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ эхнэр буюу хохирогч О.Ганбаяртай маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сард хоёр хүүхэд маань олдохгүй байсан. Тэгээд нийлдэг хүүхдүүд нь дандаа хэрэг төвөгт ороод байдаг хүүхдүүд. Бид хоёр араас нь явж байгаад айлд байхад нь олсон. Тэдгээр хүүхдүүдтэй багаас нь нийлүүлдэггүй байсан. Муу хүүхдүүдтэй нийлээд дэмий тэнэлээ гэж загнадаг. Тэрнээс хоёр хүүгээ зодож, дарамталдаг зүйл байхгүй. Бид хоёр ихрүүдийг ой 8 сартай байхад нь л хамтран амьдарсан. Хоёр хүүгээ буруу замаар оруулахгүй тулд л загнадаг байсан. Тэрнээс зодож, дарамталдаг зүйл байхгүй. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г-г ажлаас нь ирэхэд уусан байсан. Тэгээд гарах гэсэн гаргахгүй байхаар нь булчин луу нь цохиод хөх болгосон гэв.

 

 

1.2. Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Он сарыг нь санахгүй байна. Манай найзын гэрт аав, ээж хоёр гаднаас орж ирсэн. Аав, ээжийг орж ирэхэд бид нар тамхи татсан байсан. Тэр үед сүртэй зодоогүй гар хүрсэн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлгийн өөрөөр бичсэн байна. Яг одоо миний өгөх мэдүүлэг үнэн зөв. Тухайн өдөр аав, ээж хоёр гаднаас орж ирээд аав дэгээ төмрөөр цохисон, гэрт очоод зодоогүй. Гэртээ очоод загнуулсан Тэгээд гэрээ цэвэрлээд бүгдээрээ унтаж амарсан.  Өөр ярих зүйлгүй гэв.

 

1.3. Хохирогч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр Л-н гэрт намайг түлхэж унгаасан гэдэг нь худлаа. Бид хоёр найзуудтайгаа гарден дээр тоглож байгаад гэртээ очоогүй. Өөр ярих зүйлгүй гэв.

 

1.4. Хохирогч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Он сарыг нь сайн санахгүй байна. Намайг ажлаас ирэхэд архи уусан байсан. Тэгээд би хүүхэд өвдсөн байхад архи уулаа гээд уурлаад бид хоёр муудсан. Би мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлгээ санахгүй байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр хүүхдээ л авмаар байна гэв.

 

1.5. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай төрсөн эгч О.Г нь 1982 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Бид нар Чойрт ирээд удаж байгаа бөгөөд би өөрөө Чойрт төрсөн юм. О.Г эгч 2001 онд Э.А, Э.Т гэдэг хоёр ихэр хүү төрүүлсэн бөгөөд С.Э гэж одооны нөхөртэйгөө хоёр ихэр хүүгээ 2-3 настай байхад нь буюу 2003-2004 оны үед гэр бүл болсон гэдэг. Манай эгч Г, түүний нөхөр Э нар суугаад одоо 12-13 настай Э.Э, Э.Г гэж хүү охинтой. Намайг 2004-2014 оны Ерөнхий боловсролын сургуульд сурч байхын л Э нь эхнэр хүүхдээ байнга зодож, хөөж туудаг байсан. Гол асуудал нь манай төрсөн эгч О.Г нөхөр С.Э-ээ дандаа өмөөрч байдаг. Миний мэдэхийн Э нь би өөрөө 2018 онд 2-3 удаа цагдаад өгч байсан. Мөн 2019 оны зун одоо ингэж цагдаад өгч байна. Тухайн үед цагдаа ирэхээр эхнэр Г нь Э өмөөрөөд цагдаад өгч явуулдаггүй юм. Тэр үедээ цагдаа надаас тайлбар мэдүүлэг авч байгаагүй болохоор бүртгэлд оруулдаггүй байсан байх. Одоо манай аав Л.О /тэтгэвэрт/ ээж Х.О /тэтгэвэрт/ бас намайг хүргэн ах Э гомдол гаргаж байгааг мэдээд ядаргаа яах гэж өгдөг юм гээд л уурлаад л байна. Миний хувьд бол хүүхдүүдэд нь их санаа зовж байна. Хүргэн ах Э том дагавар хоёр ихэр хүүхдээ бол байнга зодож дарамталдаг. Хүүхдүүд нь 1-р сургуулийн 12-р ангид орох юм.

...Хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эгч Ганбаяр 8847.... дугаарын утсаар миний 9962.... дугаарын гар утас руу залгаад уйлаад нөхөр Э өөрийг нь салж өгсөнгүй гэж зодсон гэж хэлсэн. Нөхөр Э нь саяхан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлаасаа 1 сарын чөлөө авсан гэсэн. Тэр хоорондоо Солонгос улс руу явчихаад ирсэн. Тэгээд Монголд ирээд маргааш нь эхнэрээ зодож байгаа юм. Солонгост байхдаа Э эхнэр лүүгээ утсаар ярихдаа намайг очиход салаад зайлчихсан байгаарай гэж дарамталдаг байсан гэсэн. Одоо Э нь өөр эмэгтэй хүнтэй уулзаад явдаг юм гэсэн. Тэгээд сая 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой манай эгч Г нөхөртөө зодуулчихлаа гэж утсаар ярихаар нь би гэрт нь очсон. Тэгсэн Э гэртээ шал согтуу орон дээрээ хэвтэж байсан. Г эгч үс нь сэгсийсэн, зүүн гарын бугалга хавьд хөхөрчихөн уйлаад сууж байсан. Тэгэхэд хоёр ихэр А, Т, бага хүү Э.Г гурав гэртээ ээж аавтайгаа байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд би очоод цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь Г эгч болохоор цагдаад өгөхгүй, маргааш өглөө би өөрөө шүүхэд өгч сална гэсэн. Надтай хамт манай дунд эгч Б, манай нөхөр Б бид гурав очсон. Тэгээд Б, Б бид нар хоорондоо ярилцаж байгаад хүүхдийн тусламжийн 108 дугаар луу би ярьсан. Тэгээд маргааш орой нь буюу 2019 оны 08 дугаар сарын 27-ны 18 цагийн үед Э.Т, /2 ихэрийн нэг/ цүнхтэй хувцасаа аваад гэрээсээ явсан байсан. Одоо хүртэл эргэж ирээгүй. Хаана байгааг нь мэдэхгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Э нь хоёр хүүхдээ яаж дарамталсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан ямар нэг асуудалд болсон болоод нэг хүү нь гэрээсээ явсан байх. 2019 оны өвөл сар, өдрүүдийг нь санахгүй байна. Э манай эгч Г-г зодоход Э гээд 13 настай охин урдуур нь ороод аавдаа үсдүүлж зодуулсан гэж Э өөрөө хэлж байсан. Ер нь өвлийн хүйтнээр Э эхнэр хүүхдүүдээ зодоод нөгөө хэд нь гэртээ өмсөж байсан нимгэн нойтон хувцастайгаа манайд нэг бус удаа ирж л байсан. Би одоо өдөр судартай нь хэлж мэдэхгүй байгаа ч Э байнга л эхнэр хүүхдүүдээ зодож дарамталдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

1.6. Насанд хүрээгүй гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 26-ны орой аав С.Э гэртээ архи уусан. Тэгээд ээж, аав хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Юунаас болж хэрэлдсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд аав ээжийг зодсон. Ээжийн хоёр гар нь хөхөрчихсөн байсан. Бас 00-н өрөөний хаалгыг аав эвдээд А ахыг янзал гээд янзлуулсан. Тэр орой эргүүлийн 2 цагдаа манай гэрт ирсэн. Тэгэхэд аав унтаж байсан юм. Тэгээд цагдаа нар аавыг сэрээгээд аваад явъя гэсэн чинь ээж яах юм, унтаж байг гээд аваад үлдсэн. Ер нь аав ээж хоёр сардаа бол заавал хэрэлддэг. Аав ирэхээр манай хоёр агаа /ихэр/ эгч бид нар чимээгүй болчихдог. Сүүлд 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой бас л аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгсэн Т ах гаръя энэ хоёрын хэрүүлээс залхаж байна гэсэн. Тэгэхээр нь би ааваас хоёр агаа бид гурав гадаа гараад тоглож байя гэсэн чинь аав гаргахгүй байсан. Манай Т ах даралт ихэсдэг. Надаар эмээ авчруулж уусан. Тэгээд Т ахыг хэвтэж байгаа гэж бодсон. Тэгээд нэг харсан чинь Т ах жижиг өрөөний цонхоор гараад явчихсан байсан. Манай гэр нэг давхарт байдаг юм.

Би багаасаа бие муутай болохоор аав намайг зодох нь бусдаасаа бага. Манай ихэр 2 ахыг их зоддог. Би одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

1.7. Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 05 дугаар сарын үед сургуулийн хүүхэд амарч байх үед би ангиараа тоглож байгаад 18 цагийн үед гэртээ ирэхэд аав согтуу, ээжтэй муудаад хэрүүл болж байсан. Тэгээд аав ээжийг тэлээгээр нуруу руу нь шавхардаад үснээс нь зулгаагаад зодоод байхаар нь би салгах гээд дундуур нь ороход аав Э намайг үсдэж өргөөд шидсэн. Тэгтэл надад гэмтэл учраагүй, эмнэлэгт үзүүлээгүй. Тэр үед гэрт аав, ээж бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд аав бүжгэнд гарлаа гээд гараад явсан. Манай ихэр хоёр ах, манай дүү Г нар аавыг явсан дараа нь гэрт орж ирсэн. Аав ер нь ээжийг байнга л зодож цохьдог. Сүүлийн үед тусдаа өрөөнд оруулж зоддог болсон. Сар өдрөөр нь хэлж мэдэхгүй байна. Аав бүжгээс согтуу ирэхээрээ л зоддог. Бид нар аавыг байхгүйд баярладаг. Байхаар нь бүгд нам гүм чимээгүй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой ажил тараад гэртээ ирчихсэн байсан. Тэгсэн манай эхнэр Н руу өөрийнх нь төрсөн эгч Г утсаар яриад Э зодоод байна гэж хэлсэн. Тэгээд Н, түүний эгч Б бид гурав С.Э-н гэр лүү явсан. Гэрт нь очоод хаалгыг нь нүдсэн чинь Г эгч өөрөө хаалгаа нээж өгсөн. Гэр лүү нь ороход С.Э ах өөрийнхөө унтлагын  өрөөнд согтуу тасарчихсан унтаж байсан. Тэгээд Г эгч зодуулсан шинжтэй үс нь сэгсийн, нүүр ам, гар хөл нь хөх няц болчихсон байсан. Г эгч өөрөө уйлсан шинжтэй байсан. Тэгээд манай эхнэр Н гэр бүлийн хүчирхийллийн 108 дугаар луу ярьж Э болон Г нарын талаар мэдээлэл өгсөн. Э-н гэрт нь тэдгээрийн хүүхэд болох А, Т, бага хүү Э.Г гурав байсан. Өөр хүн байгаагүй. Дунд охин Э нь тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд Г эгч нөхрийгөө одоо ингээд гайгүй болоод унтаж байна. Унтаж байгаа гэсэн. Тэгээд манай эхнэр Н, тэдний эгч Б бид гурав явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/

 

1.9. Насанд хүрээгүй гэрч Д.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны сүүлээр намар өвөл байсан шиг санагдаж байна. Э.Т, Э.А, Н, Т, Б бид нар цуг Сүмбэр гарден дээр тоглож байгаад бүгдээрээ манай гэр лүү буюу Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 115 тоот руу явсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байдаг байсан бөгөөд манай аав Д хөдөө байдаг байсан юм. Тэгээд байж байхад гаднаас Э.Т, Э.А нарын аав, ээж хоёр орж ирээд хоёр ихэр хүүгээ гадуур хэслээ гээд аав Э нь манай галын дэгээгээр А-н хонго руу нь цохисон. Ер нь галын дэгээгээр Э.Т, Э.А нарыг хоёуланг нь цохисон байх. Дараа нь манай галын дэгээ мурийчихсан байсан. Одоо бол галын дэгээгээ тэгшилчихсэн. Тэгээд Э.Т, Э.А нарыг аав ээж нь манайхаас аваад гэр лүүгээ явсан. Э.Т, Э.А нарыг оройтох үед нь аав Э нь их дарамталдаг юм шиг байна лээ. Бараг намайг ч зодох гээд байдаг юм. Э гэж их л догшин ширүүн ааш авиртай хүн юм билээ. Би одоо Э.Т, Э.А нартай харьцахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай охин О.Г нь С.Э-тэй 2003 оноос эхлэн хамт амьдарсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байдаг. Сүүлийн 3 жил манай охин Б.Г нь нөхөр болох С.Э нь намайг зодлоо гээд хааяа ирдэг байсан. Одоогоос 1 жилийн өмнө манай охин Г-н гар нь хугарчихсан байсныг бариачаар бариулж байсан. О.Г-н охин болох Э манайхаар хааяа ирэхдээ аав ээжийг зодоод гэж хэлдэг. Манай нөхөр болох О л охин Г өмөөрч С.T-г загнадаг. Би энэ асуудалд огт оролцдоггүй. С.Э нь хүүхдүүдээ зоддог талаар надад мэдэх зүйл байхгүй байна.

Манай охин Г нь Э-д зодуулаад гарын бугуй хэсэгт хугалуулаад /аль гар гэдгийг нь санахгүй байна/ ирж байсныг санаж байна. Өөр гэмтэл шарх учирсан талаар мэдэхгүй байна.

Манай охин О.Г нь С.Э-тэй 2003 оноос эхлэн хамт амьдрах болсон. О.Г нь хоёр ихэр хүү болох А, Т нарыг 2 настай байхад нь С.Э-тэй сууж байсан юм. С.Э нь Говьсүмбэр аймгийн Замын 3 дугаар ангид замчнаар ажилладаг. Харин манай охин О.Г нь  2,3 жилийн өмнөөс замын 3-р ангид замчнаар ажиллаж байна. С.Э нь хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Үүнээс болоод хоорондоо маргалдаж мууддаг. О.Г-н хоёр ихэр хүү болох А, Т нар нь 17 настай, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12-р ангид суралцдаг. Харин дунд охин Э.Э нь 13 настай, 7-р анги, бага хүү Э.Г нь 11 настай, 6-р ангид суралцдаг. С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түргэн ууртай, ажилдаа идэвхи зүтгэлтэй, хамт олондоо нэр хүндтэй, хүнд тусархуу. О.Г нь огцом ууртай, хүнтэй эвсэг харилцаатай, хүнд тусархуу зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С.Э нь эхнэр О.Г-г зодоод О.Г нь тэр оройгоо О.Н гэж охин дүүгээ гэртээ дуудсан байдаг юм байна лээ. Тэгээд О.Н нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 дугаарт  “манай эгч Г-н нөхөр Э нь байнга архи ууж эхнэр хүүхдээ бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байна” гэх утгатай мэдээлэл өгсөн байдаг. Уг кэйсийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас манай Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан тоотоор хүргүүлсэн учир би ажил үүргийн хуваарийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр О.Г-н хүүхдүүд болох Э.А, Э.Г, охин Э.Э нартай уулзаж Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хийсэн.  Тухайн үнэлгээ хийх үед Э.Т нь гэрээсээ дайжаад явчихсан байсан. Хаана байгаа нь тодорхойгүй эзгүй байсан учраас А-н ихэр Т үнэлгээ хийж чадаагүй юм. Сүүлд олдсон хойно нь үнэлгээ хийсэн. Э.А нь 16 нас хүрсэн учраас Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хамтад нь хийсэн. Харин Э, Г хоёр дээр Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг дангаар нь хийсэн. Хүүхдүүдийн зүгээс үнэлгээ хийлгэхэд ээжийг хамт байлцуулахгүй, аав /Э/-н хамаатнуудаас байлгүй гэсэн. Учир нь ээж Г, аав Э-гээ өмөөрөөд байдаг, мөн хүүхдүүдээ аавынх нь талаар хүн амьтан асуувал битгий яриарай гэдэг гэсэн. Хүүхдүүдтэй ярилцаж байх үед нийтлэг ажиглагдсан зүйл бол хүүхдүүд бүгд аав Э-с залхсан, тусдаа амьдрах хүсэл бодолтой болсон. Сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртдөг, давтамж нь өндөр болсон. Биеийн хүчний хүчирхийлэл нь 7-10 хоногийн давтамжтай, 3 хүүхэд нь гурвуулаа амиа хорлох бодол санаатай явдаг болсон. Э.А нь амиа хорлох зорилгоор 2018 онд хөлнийхөө шагай хэсгээс өвдөг хүртэл газраа зүсэж байсан гэдэг. Сэтгэл зүйн хувьд нилээн тогтворгүй, хямралтай байсан. Хүүхдүүдийг тухайн орчин /гэрт/-д байлгахад эрсдэл их өндөр гэж үзэхээр байна. Э.Т хотод байна гэдэг нь мэдэгдээд ээж нь авчирсан. Сар өдрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би Э.Т-той 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хамтад нь хийсэн. Үнэлгээ хийж байх явцад хүүхэд сэтгэл зүйн хувьд их хямралтай айдастай байсан. Хүчирхийллийн давтамж ойрхон, сэтгэл санааны байнгын дарамтанд байдаг. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн. Э.Т нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой аав Э-дээ зодуулаад амиа хорлоё гэж бодоод гэрээсээ явсан гэж байсан. О.Г-тай 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уулзаж анхны Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Г нөхрийнхөө талаар сэтгэл санааны хүчирхийллийг 7 хоногт 1 удаа, бие махбодийн хүчирхийллийг 10 хоногт 1 удаа, эдийн засгийн хувьд бол байнгын хараат байлгадаг гэдэг бөгөөд өөрийгөө хэдэн төгрөгийн цалин авдаг талаараа ч мэдэхгүй, виза карт нь нөхөрт нь байдаг гэж ярьсан. Үнэлгээ хийхэд хамгийн сүүлийн хүчирхийлэл 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэдэг бөгөөд Г нь нөхөр Э-гээ өмөөрөх өнгө аястай, болсон асуудлын талаар ярихгүй гэдэг юм билээ. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед би 1-р сургуулийн гадаа Г-тай тааралдахад Г-н зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Би юу болсон талаар Ганбаяраас асуухад хүнд битгий хэлээрэй, манай нөхөр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архи уугаад согтуу байхдаа зодсон гэж ярьсан. Тэр үед Э гээд охин нь хамт байсан гэдэг. Тэгээд би тэр өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г-т Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, урьд нь хийсэн үнэлгээнүүдээ бүгдийг нь цагдаад албан тоотоор хүргүүлсэн. Уг асуудлыг дэслэгч М шалгаж байсан. Тэрнээс хойш Г надтай уулзахаа ч больсон. Бодвол мэдээлэл тараалаа гэж уурласан байх. Одоо Г-н хоёр том ихэр Т, А нар хойд аав Э-с тусдаа эмээ, өвөөгийн асрамжинд байгаа. Мөн урьд нь Т, А нар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны хооронд 10 хоног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа, түр хамгаалах байранд байсан юм. Би С.Э-тэй нийт 4 уулзаж 1 удаа утсаар ярьсан. Э нь манай ажил дээр ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй, хүүхдүүдийг гэрт нь байлга, яагаад тусгаарлаад байгаа юм бэ гэдэг асуудлыг тавьж байсан. Мөн танай сум ямар учиртай юм бэ, яахаараа хүүхдүүдийг дуудаж уулзаад байдаг юм бэ гэж уурлаж байсан. Би Э-д хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн талаар тайлбарлаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Н.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын хамтарсан багийн гишүүн бөгөөд миний мэдэж байгаагаар С.Э нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхнэр О.Г-г зодсон. Энэ талаар О.Г-н төрсөн дүү О.Н нь хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдээлэл өгч энэ талаар төрийн байгууллагууд анх мэдэх болсон. Улмаас Эрдэнэхүүгийн хоёр ихэр дагавар хүүгийн Т нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой гэрээсээ дайжиж алга болсон. Сүмбэр сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Б 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр О.Г-н хүүхдүүд болох Э.А, Э.Г, охин Э.Э нартай уулзаж Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эсрдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байгаа. О.Г-н төрсөн дүү О.Н 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр над дээр ирж өөрийнхөө нөхөрт тодорхойлолт авах гэж ирсэн юм. Тэгээд Н надад хэлэхдээ өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой С.Э өөрийнх нь эгч О.Г агсам согтуу тавьж хутга шөвөг барьсан талаар ярьсан. Би тэр талаар Э болон Г-тай уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/

 

1.13. Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Т, А нарын аавыг нь мэднэ. Э гэдэг бөгөөд хоёр ихэрийн хойд эцэг юм. Т, А нар ааваасаа их айна. Хамт явж байхдаа аав харчихвийдээ гэж их эмээдэг. Бид нар ч гэсэн ааваас нь их айдаг. 2018 онд сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан өвөл Л, Б, Н, А, Т бид нар Сүмбэр гарден дээр тоглож байгаад бөөнөөрөө Сүмбэр сумын Ханангийн эгнээнд Л-н гэрт  орсон юм. Тэр үед Л гэртээ ганцаараа байдаг байсан бөгөөд аав нь Д гээд хөдөө байдаг байсан. Тэгээд тэр орой бид нар Л-н гэрт нь байж байхад хоёр ирэхийн аав Э, ээж Г нар гаднаас орж ирээд аав нь та нар гадуур хэслээ гээд А-г галын үнс сийлдэг төмөр дэгээгээр зүүн хонго руу нь цохиод дал мөр орчим нь ахиад цохисон. Т-г цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан галын төмөр дэгээгээр Т-г цохиогүй. Тэр үед нь Н-н бид хоёр саарал буйдангийн араар орсон. Б хувцасны шүүгээнд нуугдсан. Тэгээд аав Э нь хоёр ихэрийг гэр лүүгээ гүй пиздаа минь, гэрт очоод тоосыг чинь гүвээд өгье гэж хэлээд аваад гарсан. Гарахдаа Э ах бид нарт ахиж нийлэх юм бол ална шүү гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 123-126 дугаар хуудас/

 

1.14. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хоёр ирэхийн аав ээжийг мэднэ. Аавыг нь Э, ээжийг нь Г гэдэг. Ээж нь гайгүй, аав нь байнга дарамталж зоддог гэж хоёр ихэр ярьдаг байсан. Миний хажууд аав нь хоёр ихэрийг нэг удаа л зодсон. 2018 оны өвөл Т, А, Б, Л, Т бид хэд орой Л-н гэрт Ханангийн эгнээнд байж байхад гаднаас хоёр ирэхийг аав ээж хоёр орж ирсэн. Тэгээд аав Э нь хоёр ихэрийг гадуур хэслээ гээд Л-н гэрийн гал сийлдэг төмөр дэгээ төмрөөр А-н хөлийн хонго болон нуруур руу нь цохисон. Тэгээд Т-г болохоор аав нь буйдан руу унагаагаад хоёр хүүхдээ аваад явсан. Та нар ахиад нийлж хэсээд үзүүрэй гэж дарамталсан. Хоёр ихэрийн ээж нь ямар нэгэн юм хэлээгүй. Цуг явж байсан. Хоёр ихэртэй нийлдэг бид нар ааваас нь их байдаг юм. Гаднаас орж ирэхээр нь буйдангийн цаагуур нуугдсан. Аав нь их ширүүн хүн байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр хуудас/

 

1.15. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би О.Г гэж шууд хэлж санахгүй байна. Сая өөрийг чинь утсаар ярихаар амбулаторийн үзлэгийн “Healt info” E healt3 программуудаас шууд үзэхэд О-н Г /ЕЙ82061621/ эмэгтэй нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр амбулатиароор надад үзүүлсэн байдаг. Тэгэхэд О.Г нь цээжний урд хэсгээр хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр өвчүүний хажуугийн шугамаар цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы түвшинд эмзэглэлтэй, хөхрөөгүй байсан. Тэгээд би О.Г цээжний зөөлөн эдийн гэмтэл гэж онош тавин, эмэн эмчилгээ зөвлөж явуулсан. Энэ талаар өөрийнх нь картан дээр бичиж өгсөн байх ёстой.

...О.Г юу гэж хэлж байсан талаар санахгүй байна. Программаас харахад осол гэмтлийн шалтгаан дээр О.Г-г шидэгдсэн, нурсан, унасан зүйлд цохигдсон гэж бичсэн байна. Гэмтсэн он, сар, өдөр дээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэж шивсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

1.16. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой Н бид хоёр цуг манай гэрт байж байхад манай эгч Г Н руу залгаад нөхөртөө зодуулчихлаа гээд утсаар ярьж байсан. Тэгээд Н бид хоёр хүргэн Э-н гэрт очиход Э гэртээ согтуу орон дээрээ унтаж байсан. Харин Г эгч үс нь сэгсийсэн уйлчихсан зүүн гар нь бугалга хэсгээрээ хөхөрсөн байдалтай сандал дээр сууж байсан. Тэгээд Н бид хоёр ярилцаж байгаад Н 108 дугаарын утсанд дуудлага өгсөн.

...Өмнө Э ах манай эгч Г, хүүхдүүдээ удаа дараа зоддог байсан. Яг хэдэн сарын хэдэнд хэдэн удаа зодсоныг нь би санахгүй байна. Зодох болгонд нь манай эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгдөггүй нөхрөө өмөөрөөд л өнгөрдөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/

 

1.17. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

О.Г гэх эмэгтэй над дээр ирж 3-4 удаа ирж бариулж байсан. Би яг хэдэн сарын хэдэнд ирж бариулж байсныг санахгүй байна. Над дээр ирж 3-4 удаа бариулахдаа зүүн гарын бугалга хөхөрсөн, баруун талын нүд хөхөрсөн, толгой нь хөдөлсөн байдалтай ирдэг байсан. Тухайн үед Г-г ирж надад бариулах болгонд би гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болдог нөхөртөө зодуулсан талаараа надад хэлдэггүй байсан.

...1 жил орчмын өмнө гараа хугалсан гээл ирж байсан. Тухайн үед гар нь хугараагүй хавдартай зөөлөн эдийн гэмтэлтэй байсан санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/

 

1.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтэд:

- О.Г-н биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм.

- Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

1.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд:

- О.Г-н 2 талын сарвуу яс, шуу ясанд гэмтэл /бороололт/ тогтоогдонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

1.20. Э.А, Э.Т нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 147-152 дугаар хуудас/

 

1.21. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТЭ/165/2020/ШЗ/28 дугаартай тэмдэглэл, /хх-ийн 231-233 дугаар хуудас/

 

1.22. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/28  дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 234-236 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 115 тоотод байх иргэн Д.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү болох насанд хүрээгүй 17 настай Э.А-г гадуур хэслээ гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр өвдөгний ар хэсэг, мөр, гар руу нь цохиж зодсон, мөн өдрийн орой нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гадуур хэслээ гэх шалтгаанаар нуруун тус газар нь кабель утсаар ороолгож зодсон,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Ханангийн 115 тоотод байх иргэн Д.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү болох насанд хүрээгүй Э.Т-г гадуур хэслээ гэх шалтгаанаар нуруу руу нь цохих, бөгс рүү нь өшиглөх зэргээр зодсон, мөн өдрийн орой нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гадуур хэслээ гэх шалтгаанаар кабель утсаар ороолгож зодсон гэх үйлдлүүд нь нэг санаа зорилгоор хийгдсэн үргэлжилсэн нэг удаагийн үйлдэл байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч С.Э нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ хүрз, сэрээг дур мэдэн хүнд өгсөн гэх шалтгаанаар хоолны халбагаар мөр орчимд нь цохих зэргээр байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ ажлын хүрз, сэрээг дур мэдэн хүнд өгсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр байнга зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна. Учир нь:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” гэх эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэлээр хохирогч Э.А, Э.Т, насанд хүрээгүй гэрч Э.Г, Э.Э нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Гэтэл хохирогч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин мэдүүлэхдээ “...Би өмнө нь цагдаагийн байгууллагад хохирогчоор 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нийт 2 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр нэмж ярьж хэлэх зүйл байхгүй үнэн мэдүүлэг тул одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...”,

хохирогч Э.Т нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэхдээ “...Би мэдүүлэг өгөхгүй өмнө болсон шүүх хуралдаан дээр шүүгч нь А бид хоёрыг хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөх эрх байхгүй гэж хэлсэн. Тийм болохоор би мэдүүлэг өгөхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв мэдүүлэг байгаа...” гэж тус тус мэдүүлдэг, мөн хохирогч Э.А, Э.Т нар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...бид нар буруу зүйл хийдэг байсан. Аав С.Э нь бид нарыг буруу зүйл хийлээ гэж загнадаг байсан болохоос биш зодож байгаагүй...” гэж тус тус мэдүүлсэн ба шүүхээс тэдний урд нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Э-н дээрх үйлдлүүд нь тогтоогдохгүй байх тул шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор С.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Г-г 2019 оны 05 дугаар сард нүүрэн тус газар нь тэлээгээр ороолгох, үснээс нь зулгаах зэргээр зодсон, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарын бугалга руу нь цохиж зодсон, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нүүрэн тус газар нь тохойгоороо цохисон, 2019 оны 05 дугаар сард эхнэр О.Г-г зодох үед таслан зогсоох гэсэн өөрийн насанд хүрээгүй 11 настай охин Э.Э-г үсдэн өргөж шидсэн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр байх тул шүүгдэгч С.Э нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүйн замчдын 105-2-15 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Г-н эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч О.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч С.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 186 дугаар хуудас/,

 

2.2. Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40/798 дугаартай ажил байдлын тодорхойлолт, /хх-ийн 188 дугаар хуудас/

 

2.3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 190-191 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч О.Г-с хураан авсан 2 ширхэг рентген зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х овгийн С-н Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э-д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Х овгийн С-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 7. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч О.Г-с хураан авсан 2 ширхэг рентген зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ