Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 935

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/00726/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар багт байрлах Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр байрны ****** тоотод байрлах “******* *******” ХХК-д холбогдох

19 683 098.20 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “ ******* ******* ” ХХК- нь 2010 оны 07 сарын 28-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн ******* регистрийн дугаартайгаар төрөлжсөн бус барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.

Тус компани нь 2014 оны тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар 19 683 098.20 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.

Дээрх татварын өрийг барагдуулахын тулд *******-ийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах, зэрэг шаталсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул *******-ийн 70 дугаар зүйл 70.1 дэх заалтыг үндэслэн “ Шүүхэд нэхэмжлэл гаргах ”-ын дагуу нийт 19 683 098.20 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

     “...2014 оны НӨАТ-н үлдэгдэл татварыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр             Дархан-Уул аймгийн татварын хэлтэстэй тооцоо нийлж үзэхэд үлдэгдэл татвар 18 739 225.3 төгрөг болохыг баталж тооцоо нийлсэн. Уг тооцоо нийлсэн 18 739 225.3 төгрөгийн татварын өрийг “ ******* *******” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “******* *******” ХХК-д  холбогдуулан 19 683 098.20  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “******* *******” ХХК-д  холбогдуулан 19 683 098.20  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дархн-Уул аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “******* *******” ХХК-иас зохигчид эвлэрсэн үнин дүн болох 18 739 225.3 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 251646 төгрөгийн тал хувь буюу  125823 төгрөг гаргуулж  төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА