Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 069

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ногооннуур сумын *** дугаар багийн оршин суугч А.Кын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.Кыг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.К, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.К шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус эрхийн акт болон талаар,

Төрийн жинхэнэ албан хаагч болох А.К намайг ажлаас чөлөөлөх, ажлаас халах тохиолдолд ажил олгогч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх тухай, 24 дүгээр зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх тухай, 25 дугаар зүйлд заасан төрийн албанаас халах тухай заалтуудыг тус тус баримталж, дээрх заалтуудад заасан үндэслэл, журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн орон тооны ажлаас халж, чөлөөлөх ёстой байсныг зөрчсөн учир аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

А.К миний бие Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх, бүртгэх тухай 55 дугаар тогтоол, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 34 дүгээр тогтоол, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 53 тоот тушаал, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хувьд өөрчлөгдөж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болсонтой холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 тоот тушаал, тус газрын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8/190 тоот албан бичгийг үндэслэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 тоот тушаалаар Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилогдсон, дээрх томилсон эрхийн актууд одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Эдгээр эрхийн актууд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан мэргэжлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай ...шийдвэр гаргаж баталгаажуулна гэсэн заалтад бүрэн нийцэж байна. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өөрчлөн зохион байгуулагдаж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж чиг үүрэг нь өөрчлөгдсөний дараа аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн дахин томилсон учир аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалаар давхар томилгоо хийсэн бол үндэслэлгүй гэж үзнэ. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1,16.5.5-д заасан төсвийн захирагчийн бүрэн эрхийг заасан заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал мөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан төрийн албаны зарчим, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-д заасан албан тушаалын сул орон тоог нөхөх, албан тушаалд авах тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь А.К намайг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөх болон халах эсвэл томилсон тушаалыг хүчингүй болгох талаарх хуулийн зохицуулалтад хамаарахгүй болно. Аймийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримталсан нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ...бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгохоор заасан. Гэтэл А.К намайг ажилд томилсон тушаал бол Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад мөн хуулийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тухай 48 дугаар зүйлийн 48.1-д заасан заалтыг баримталсан нь хуулийг ноцтой зөрчсөн явдал мөн. Аймгийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/81 тоот тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/22 тоот тушаалд үндэслэсэн нь холбогдох хуулийн дараах заалтуудыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн хуулийг заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эдгээр үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/22 тоот тушаал хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус акт болох тул мөн хуулийн 47.2-д зааснаар эрх зүйн үйлчлэлгүй, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2. А.К намайг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахгүй байгаа үйлдэл /эс үйлдэл/ хууль бус болохыг тогтоох талаар,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар А.К намайг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэснийг зөрчсөн. А.К миний бие 1998-2001 онуудад дээд боловсролтой, багш мэргэжил эзэмшсэн болох нь 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон С2001100674 дугаартай диплом, 2007 онд нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн нь 2007/0036 дугаартай диплом зэргээр батлагдаж байх тул 2014 онд төрийн албаны сонгон шалгаруулалтад орохдоо Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33.5-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан учир, хуурамч гэх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон ХААИС-ийн Д200920573 дугаартай дипломыг ашиглаж ажилд томилогдсон гэж үзэх боломж байхгүй болно. Миний бие 2017 оны 05 дугаар сард Сэрүүлэг их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн тул Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33.5-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байсныг харгалзана уу. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар тушаалын 1 дүгээр заалт илт хууль бус учир хүчингүй болгож, А.К намайг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах шийдвэр гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б/22 тоот тушаалыг гаргахдаа А.Кыг томилсон тушаалыг хүчингүй болгож, түүнийг ажлаас нь халсан байдаг. Хэрвээ А.Кыг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлаас халах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 зүйлд заасан үндэслэлүүдээр халж, чөлөөлөх буюу албан тушаалаас нь бууруулах заалттай. Гэтэл А.Кыг ажлаас нь халж, чөлөөлсөн эрхийн акт нь тушаалыг хүчингүй болгох нэртэй болохоос биш агуулгаараа төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан асуудал болж байна. Тийм учраас ажил олгогч Төрийн албаны тухай хуулийг буруу баримталсныг дурдах нь зүйтэй. А.Кын хууль ёсны эрх ашгийг хөндсөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудаас гадна бусад хуулиудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5 дахь заалтуудыг нэхэмжлэгч А.Кыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохдоо баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл А.Кыг ажилд томилсон 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалаас болж ажил олгогчийн Төсвийн тухай хуулийн 16.5.1, 16.5.5-д заасан эрх хөндөгдөөгүй. 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалыг гаргахад Төсвийн тухай хуулийн ямар нэгэн зүйл зөрчигдсөн асуудал байхгүй. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримталсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалыг сөрөг нөлөө бүхий эрхийн акт гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Сөрөг болон эерэг нөлөөлөл бүхий актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5-д зохицуулсан бөгөөд 37.4-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэжээ. Тэгэхээр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаал нь эрх зүйн үйлчлэл чиглэгдэж байгаа А.Кыг ажилд томилж, түүнд ашигтай байдал бий болгосноороо эерэг нөлөө бүхий захиргааны акт гэж үзнэ. Ийм учраас аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгох тухай тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримталж хуулийг буруу хэрэглэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4т заасан төрийн албаны зарчмыг баримталсан, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалаас болж Төрийн албаны тухай хуулийн ямар нэгэн зарчим алдагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Үүнээс гадна тухайн тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай юм. Өөрөөр хэлбэл албан тушаалын сул орон тоог нөхөх, албан тушаалд авах тухай хуулийн заалтыг тушаалдаа баримталсан байна. Гэтэл ажил олгогч 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар сул орон тоог нөхөх буюу албан тушаалд хүн томилоогүй учраас хуулийн энэ заалтыг баримтлах ёсгүй. Эсрэгээр нь А.Кыг албан тушаалд томилчихоод байсан 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгосон байна. Энэхүү маргааны хувьд сул орон тооны тухайн ойлголт огт байхгүй. Тийм учраас энэ нь хууль хэрэглээний алдаа бөгөөд тухайн тушаалд баримталсан бүх зүйл, заалт алдаатай тул уг тушаал нь бүхэлдээ илт хууль бус захиргааны акт болжээ. Хариуцагч тал А.К анх төрийн албаны сонгон шалгаруулалтад орохдоо хуурамч диплом ашиглаж ажилд орсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзээд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн Б/22 тоот тушаалыг гаргахдаа аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/81 тоот тогтоолыг үндэслэсэн байгаа. Тухайн үед А.Кын төрийн албаны сонгон шалгаруулалтад орохдоо хуурамч диплом ашигласан явдал нь өнөөдөр түүнийг ажлаас халах, ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болж чадахгүй гэж ойлгож байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр төрийн албанаас халахаар заасан. Тэгвэл А.К хуурамч нотлох баримт бүрдүүлснийг хүлээн зөвшөөрсөн, энэхүү үндэслэлээр түүнд холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн тухай хуульд хамруулан ялаас чөлөөлсөн юм. Иймээс шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдоогүй этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Нөгөөтэйгүүр А.К нь төрийн албаны шалгалт өгч, төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, салбар зөвлөлийн 34 тоот тогтоолоор түүний нэрийг дэвшүүлж, зохих журмын дагуу ажилд орсон ба эдгээр эрхийн актууд өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байна. Эдгээр актууд хүчин төгөлдөр байгаа нөхцөлд А.Кыг тухайн үед төрийн албаны сонгон шалгаруулалтад хуурамч нотлох баримт бүрдүүлээд орсон гэх үндэслэлээр ажлаас халах боломжгүй байна. Тухайн үед А.К хуурамч диплом ашигласан гэвэл сонгон шалгаруулалтад оруулахгүй байх, эсхүл нөөцөд бүртгэхгүй байх, эсхүл энэ талаарх маргаан тухайн үед хянан шийдвэрлэгдсэн байх ёстой. Хэрвээ Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог сул орон тоо гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу тогтоосон байх учиртай. Төрийн албаны зөвлөлийн эрхийн акт гаргаагүй байж, уг орон тоог зөвхөн Төрийн албаны зөвлөлийн даргын албан тоотын дагуу сул орон тоо гэж үзэж байгаа нь хууль бус үйл ажиллагаа юм. Мөн нэхэмжлэгч А.Кын эрх ашгийг зөрчсөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаал гарсан мөчид А.К нь Төрийн албаны тухай хуулийн 10, 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг аль хэдий нь хангасан байна. Энэ нь А.Кын Сэрүүлэг дээд сургуулийг нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй, дээд боловсролын дипломоор нотлогдож байна. Энэхүү нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн тушаал гаргахаас өмнө түүнд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан бол А.К нь Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан болохыг ажил олгогч мэдэхээр байсан. Гэтэл энэ үйл ажиллагааг явуулахгүйгээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалыг А.Кд гардуулж өгөөгүй ба А.К энэ тушаалыг хариуцагч захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар өгсөн үед мэдэж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байдаг. Тийм учраас хариуцагч тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд, А.Кын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Кыг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаалыг хүчингүй болгосон тухай тушаалыг гардуулах гэж дуудан ирүүлж чадахгүй байснаа дурдах хэрэгтэй байна. Яг үнэндээ 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүх зүйл тодорхой болж, эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсны дараа А.Кын асуудлыг өөрийг нь байлцуулж байгаад зөвлөлийн хурал хийсэн. Түүнийг цаашид төрийн жинхэнэ албанд ажиллуулах боломжгүй болсон талаар сонсгох ажиллагаа явуулж 7 хоногийн дотор тайлбар хийх боломж олгож байсан боловч ямар ч тайлбар өгөлгүйгээр сураггүй болсон учраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22 тоот тушаалаар түүнийг төрийн жинхэнэ албанд ажиллуулж байгаа тушаалыг хүчингүй болгосон юм.

Тус газраас 2014 онд Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын сул орон тоог Төрийн албаны тухайхуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхөх боломжгүй гэж үзэж сонгон шалгаруулах журмаар нөхүүлэхээр захиалгаа аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж байсан. Ингэхдээ Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан болзол, шаардлагыг хангасан хүнийг авахаар, тодруулбал нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүсээс шалгаруулж авахаар саналаа явуулж байсан. Улмаар салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр тус газрын даргын 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаал гарч Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, Төрийн албаны төв байгууллагаас тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох журамтай. Гэтэл нэхэмжлэгч А.К нь ХААИС-ийн ****** дугаар бүхий хуурамч дипломыг ашиглан төрийн жинхэнэ албанд томилогдсон нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл А.К нь төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байдалд нь халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт ашигласан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу түүний үйлдсэн гэмт хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/81 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм.Түүний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын газраас ирүүлсэн А.Кын албан үүргийг түдгэлзүүлсэн тогтоолыг прокурор өөрөө хүчингүй болгосон боловч А.Кыг төрийн жинхэнэ албанд үргэлжлүүлэн ажиллуулж болохгүй хэд хэдэн үндэслэл байсан юм. Тухайлбал,

1. Төрийн албаны тухай хуулийн 17.2, 17.3,-т заасан төрийн алба хаах болзол, журмыг А.К хангахгүй болсон юм. А.К нь анх ажилд орох үед буюу төрийн жинхэнэ албанд нэр дэвшүүлэх тогтоол гаргуулах үед хуурамч диплом ашигласан бөгөөд ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй нэгэн байжээ. Өөрөөр хэлбэл тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх гэсэн тусгай шаардлагыг А.К хангахгүй байжээ.

2. А.К нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллахдаа ХААИС-ийн ****** дугаар бүхий хуурамч дипломыг ашиглаж, хууран мэхлэх замаар төрийн албанд томилогдсон байна. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, 4.2.5-д заасан төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчмууд алдагдаж нийтийн эрх ашгийг хохироосон юм. Хуурамч дипломтой А.К нь төрийн албанд орж ажиллах хүсэл сонирхолтой маш олон хүний дундаас төрийн жинхэнэ албанд орж ажилласан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчихөөс гадна Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж нийтийн эрх ашгийг зөрчсөн хууль бус явдал болжээ.Хариуцагчийн зүгээс тухайн үед Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсгох ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж олгосон боловч тэрээр тайлбар өгөхөөс татгалзсан юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо нь хуульд зааснаар нийтийн албанд хамаарна. Өөрөөр хэлбэл энэ орон тооны цаана нийтийн эрх ашиг байна гэсэн үг. Хэрэв нэхэмжлэгч А.К нь хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй байсан бол 2014 онд болсон төрийн албаны мэргэшлийн шалгалтад орох, дараа нь нөөцөд бүртгэгдэх, улмаар маргаж буй энэ орон тоонд томилогдох боломжгүй байлаа. Өөрөөр хэлбэл 2014 онд А.К нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, үүнийг ашигласнаас болж тухайн үед төрийн албаны мэргэшлийн шалгалтыг шударгаар өгсөн хүмүүсийн, цаашлаад тэдгээрийн төрийн жинхэнэ албанд орох адил тэгш боломж буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн явдал болсон.

Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна,17 дугаар зүйлийн 1.1-т Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.4-т иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 17 дугаар зүйлийн 17.2-т энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж тус тус заажээ. Эрх бүхий байгууллага шийдвэр гаргаж нэхэмжлэгч А.Кын боловсролын дипломыг хүчингүй болгосон ба энэхүү шийдвэр нь одоогийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.К нь холбогдох хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй болсон. Нэхэмжлэгч А.Кыг ажилд томилсон тухай шийдвэр нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах нөөх хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү акт нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн захиргааны албан тушаалыг эрхлэх болзол, журмыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулж өгсөн. Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдоогүй этгээдийн тушаалыг хүчингүй болгох нь тухайн этгээдийг томилох эрх бүхий этгээд буюу ажил олгогчийн үүрэг байдаг. Нэхэмжлэгч хууль зөрчиж, хуурамч нотлох баримт ашиглаж, Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу орж ирээгүй, төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг хууль бусаар гаргуулсан асуудал тогтоогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгч А.К нь би хуурамч баримт ашиглаж төрийн албанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч аймгийн хяналтын прокурорт өргөдөл гаргаж байсан. Үүнээс гадна нэхэмжлэгч 2009 онд ХААИС-ийг суралцаж төгссөн гэх боловч тус сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарын тодорхойлолтоор нэхэмжлэгч тухайн сургуулиас төгсөөгүй болох нь тогтоогдсон. Харин нэхэмжлэгчийн зүгээс гэм буруугийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх тогтоогоогүй, надад шүүхээс ял оногдуулаагүй учраас би гэм буруугүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ шүүхээс шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм учраас түүний гэм буруугийн асуудлаар заавал шүүхээс шийдвэр гаргах албагүй. Дээрээс нь нэхэмжлэгч А.К нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж ялаас чөлөөлөгдсөн байгаа. А.К нь хуурамч дипломыг ашиглаж Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолыг бас л хуурамчаар гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот нэр дэвшүүлэх тогтоолыг гаргуулахдаа А.К нь 2005-2009 онд би ХААИС-ийг төгссөн гэж нөгөө хуурамч дипломыг ашиглан төрийн албан хаагчийн анкетыг бөглөсөн байдаг. Улмаар Төрийн албаны салбар зөвлөлөөр хуурамчаар тогтоол гаргасан асуудал байгаа. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот тогтоолыг гаргуулах үндэслэл болгосон хуралдаанаар Х.Бекен, С.Ганбаатар нарыг Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулахаар уламжлах асуудал хэлэлцсэн байсан бөгөөд уг хурлын шийдвэрийг үндэслэн энэ хүнийг нэр дэвшүүлэх тогтоол гаргаж, ноцтой зөрчил гаргасан байгаа. Хуулийг хэн боловч заавал биелүүлэх үүрэгтэй ба аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан нь ажил олгогчийн хувьд Төрийн албаны тухай хуулийг заавал баримталж ажиллах ёстой. Тэгэхээр төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй ажилтныг цаашид ажиллах уу гэдэг асуудал гарч ирсэн ба үүнийг таслан зогсоох үүднээс түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5 дахь заалтыг баримталсан,үүнийг баримталснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөө бүхий хууль бус актыг хүчингүй болгох асуудал байгаа, үүнийг нэхэмжлэгч нар өөр байдлаар тайлбарлаж байна. Өмнөх акт нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хууль бус акт байсан,өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, төрийн албаны төв байгууллагаар хууль ёсоор тогтоол гаргахгүйгээр төрийн албанд орж ирсэн асуудал байсан. Тийм учраас тухайн хууль бус актыг ажил олгогч өөрөө хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Сөрөг нөлөө бүхий захиргааны актыг нөгөө талаас нь авч үзэж нийтийн эрх ашгийн эсрэг гэж тайлбарласан байгаа. Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг нийтийн эрх ашгийн эсрэг захиргааны акт гэж үзэж байгаа. Нийтийн эрх ашиг гэхээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмаар хангагдах ёстой. Гэвч нэхэмжлэгч А.К нь энэхүү адил тэгш байх боломжийг үгүйсгэж, хуурамч диплом ашиглан өөртөө давуу байдал бий болгож, төрийн албанд орж ирсэн асуудал байгаа бөгөөд энэхүү хууль бус үйлдлээр төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, дээд боловсролтой зарим иргэдийн эрхийг зөрчиж, шийдвэр гаргуулсан юм. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй заасан ба шаардлагыг хангахын тулд А.К нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг ажил олгогч нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаалд баримталсан байгаа. Нэхэмжлэгч ажилд томилогдох үед тухайн албан тушаалд өрсөлдөх эрхгүй байсан юм. Дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг ажил олгогч тушаалд баримталснаар хууль зөрчөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 4.2.5-д заасан төрийн алба тогтвортой ,мэргэшсэн байх зарчим бас л алдагдсан байгаа. Тийм учраас төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангасан иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулан авч ажиллуулах хуулийг биелүүлэх үүднээс А.Кыг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон ба энэ нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэрүүлэг дээд сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр мэргэжил эзэмшсэн гэдэг асуудал байгаа. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ хүнийг нэрийг дэвшүүлсэн үед дээд боловсролын дипломгүй байсан учраас Сэрүүлэг дээд сургуулиас авсан диплом энэхүү маргаанд хамааралгүй юм. Намайг нийгмийн даатгалын байцаагчаар томилсон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/3*** дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа учраас тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой, намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Гэхдээ тухайн үед аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Шгэдэг хүн Б/32 тоот тушаалыг гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа хүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын эрхийг эдлэх, тушаал гаргах боломжгүй. Учир нь тухайн үед С.Шийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилоогүй, зөвхөн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж ирсэн байна. Томилох эрхгүй этгээдийн гаргасан Б/32 тоот тушаалыг 2016 оны 1*** дугаар сарын 09-ний өдрийн Хэлтсийг шинэчлэн зохион байгуулах тухай Б/63 дугаар тушаалаар хүчингүй болгож байсан, үүнийг А.К мэдэж байгаа. Тэгээд 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалаар А.Кыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй, харин ч сул орон тооны захиалга хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэгч А.Кын хувьд төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүйгээр ажиллаж байсан учраас тухайн орон тоог сул орон тоо гэж үзэхээс өөр арга байхгүй байна. Тэгэхээр сул орон тооны захиалгыг хүргүүлсэн ба хууль бусаар ажиллаж байгаа хүнийг томилсон тушаалыг хүчингүй болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар А.Кыг төрийн жинхэнэ албанд томилсон тушаалыг хүчингүй болгох тухай тушаалын[1] 1 дэх заалтаар Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан А.К нь хуурамч диплом ашиглан төрийн жинхэнэ албанд томилогдсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон тус хэлтсийн даргын 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар тус хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/1*** дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч А.К нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тушаалаар Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар түр ажиллаж байгаад салбар зөвлөлөөс нэр дэвшүүлснээр 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилогдсон, дараа нь тус хэлтэс шинээр зохион байгуулагдсантай холбогдуулан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/3*** дугаар тушаалаар түүнийг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилж, уг тушаалыг тус хэлтсийн даргын 2016 оны 1*** дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаар Хэлтсийг шинээр зохион байгуулах тухай тушаалаар хүчингүй болгож, 2016 оны 1*** дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсноор А.К нь 2017 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл уг албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол-оор А.К нь хуурамч диплом ашиглаж төрийн албанд орж ажилласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, дараа нь тус Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/01 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/1*** дугаар тушаалаар Ногооннуур сумын эрүүл мэнд,нийгмийн даатгалын байцаагч А.Кыг албан үүргээ биелүүлэхийг тодорхой бус хугацаагаар түдгэлзүүлсэн, энэхүү А.Кын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2017 оны 5/01 дүгээр тогтоолыг аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/81 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг 5/81 дүгээр тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид дээрх үйл баримтын талаар маргахгүй байна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаар албан бичгээр тус хэлтсийн Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөхөх тухай захиалга, тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлснээр нэхэмжлэгч А.К нь тухайн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Улмаар тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам-ын 6.2.2, 6.2.3 дахь заалтыг үндэслэн А.Кыг Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байх ба энэ тогтоол болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2,17.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар[3] нэхэмжлэгч А.Кыг Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Кыг төрийн жинхэнэ албан тушаал болох Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага буюу тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангасан гэж үзээд тухайн сул орон тооны сонгон шалгаруулалтад оруулан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэсэн, улмаар салбар зөвлөлөөс нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан гэж үзэж нэр дэвшүүлснээр эрх бүхий албан тушаалтнаас томилсон шийдвэр гаргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн, 17 дугаар зүйлийн 17.2-т Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж тус тус заасан, мөн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т тус тус зааснаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орохиргэний нөөцийн жагсаалтад бүртгэхээр, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөх боломжгүй бол нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих шаардлагыг харгалзан шалгаруулж авахаар зохицуулсан.

Томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөхөх тухай захиалгын хамт аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт[5], үүний дагуу салбар зөвлөлөөс тухайн сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн зард[6] тус тус тусгаснаар уг албан тушаалд бакалавр зэрэгтэй, санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй байх гэсэн шаардлага тавигдсан байна. Гэтэл А.К нь нягтлан бодох бүртгэл мэргэжил, бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгосон гэх 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн № ****** дугаартай, ХААИС-ийн дипломыг үндэслэн Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, тухайн албан тушаалд томилогдсон байх боловч энэхүү 2009 онд олгосон гэх ХААИС-ийн бакалаврын диплом нь хуурамч, өөрөөр хэлбэл А.К нь тус сургуульд 2005-2009 онд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу бодит байдлаар суралцахгүйгээр диплом авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч А.К нь хуурамч гэх ХААИС-ийн дипломыг ашиглаж ажилд томилогдсон гэж үзэх боломжгүй, 2001 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, 2007 онд аймгийн Мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн тул 2014 онд төрийн албаны сонгон шалгаруулалтад орохдоо ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байсан гэсэн тайлбар гаргасан боловч энэ нь дараах үндэслэл,нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч А.К нь 2014 онд зохион байгуулагдсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад 2009 онд олгосон гэх ХААИС-ийн бакалаврын дипломыг үндэслэн орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч энэхүү хуурамч дипломыг ашиглаж уг албан тушаалд томилогдсоноо эрүүгийн хэргийг шалгах явцад хүлээн зөвшөөрсөн[9] байна. Мөн Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-т Дээд боловсролын зэрэг нь багццагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна гэж тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч А.К нь 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******дугаартай, бага ангийн багш мэргэжил, дээд боловсролын дипломын зэрэг олгосон Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн диплом болон 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2007/0036 дугаартай, нягтлан бодогч мэргэжлийн хэргэм олгосон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийндипломтой байх боловч эдгээр дипломоор эзэмшүүлсэн боловсрол, мэргэжил нь Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан дээд боловсролын бакалавр зэрэгтэй, санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй байх гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.К нь Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орохдоо уг албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болох боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаагүй, хуурамч дипломыг ашигласан, энэхүү сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нөөцөөс нэр дэвшүүлснээр уг албан тушаалд томилогдсон нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2,17.3,17.4 дэх хэсгийг тус тус зөрчиж, хуурамч баримт бичиг ашиглан хууль бусаар томилогдон ажиллаж байжээ гэж дүгнэлээ.

Дээрх байдлаар А.К нь маргаан бүхий албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх тухай төрийн албаны зарчимуудтай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч А.К нь 2017 оны 05 дугаар сард Сэрүүлэг их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент мэргэжил, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр төгссөн тул тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа гэх тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн шинээр диплом авсан нөхцөл байдал нь уг Ногооннуур сум хариуцсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөхөх тухай томилох эрх бүхий этгээдээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн захиалгын[10] дагуу сонгон шалгаруулалтад орох боломжийг түүнд олгохоос бус, төрийн жинхэнэ албан тушаалд хуурамч диплом ашиглан хууль бусаар томилогдсон этгээдийг үргэлжлүүлэн ажиллуулах хууль ёсны үндэслэл болохгүй, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай нийцэхгүй тул нэхэмжлэгчид бусад иргэдээс илүү давуу эрх эдлүүлэхүндэслэл байхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.К нь маргаан бүхий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар тушаалаар Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан боловч хуулийн 27.2.1-т заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа нь төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсонэтгээдэд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх, баталгааг эдлэх эрхгүй,түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.К нь хуурамч диплом ашиглан хууль бусаар Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд анх томилогдсон, улмаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шинээр зохион байгуулагдсантай холбогдуулан түүнийг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон байх тул хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаас уг шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг зассан шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж үзээд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4 хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.Кыг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүйболгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

[1]Хэргийн 32-р хуудас

[2]Хэргийн 6,7,8,35,43,49,53,55,58,71,148,150-151-р хуудас

[3]Хэргийн 7-р хуудас

[4]Хэргийн 9, 90-94-р хуудас

[5]Хэргийн 94-р хуудас

[6]Хэргийн 91-92-р хуудас

[7]Хэргийн 37,39,41,42,49,51,52,53-54-р хуудас

[8] Хэргийн 69,91-94,99-100,111-р хуудас

[9]Хэргийн 51,53-54-р хуудас

[10] Хэргийн 152-р хуудас