Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 361

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал,

Хариуцагч “Ирмүүн агентлаг” ТББ-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 6 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Энхжаргал, түүний өмгөөлөгч М.Амгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Пүрэвхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энхжаргал нь “Ирмүүн агентлаг” ТББ-д Маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар тогтоолоор нэхэмжлэгч намайг өмнө нь эрхэлж байсан маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилохоор байсан боловч “Ирмүүн агентлаг” ТББ нь уг шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй байна.

Энэ хугацаанд миний бие ажилд эгүүлэн томилохыг хүлээж байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Ирмүүн агентлаг” ТББ-аас намайг ажилд эгүүлэн томилох тушаал гарсан боловч уг тушаалд зааснаар миний томилогдож буй ажлын байр нь урьд эрхэлж байсан албан тушаал, ажил үүрэг, цалин хөлстэй дүйцэхгүй, хэд дахин дордуулсан байгаа тул уг ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 6 250 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэн баталгаажуулж өгнө үү. Улсын Дээд шүүхийн 231 тоот тогтоолын 15 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан болон ажил олгогчийн үүрэг гэж байгаа. Тус үүргийн 5.2-д мөн тодорхой заасан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар гардаж авсан бөгөөд мөн өдөр Б.Энхжаргал манай байгууллага дээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай өргөдөл бичиж өгсөн ба өргөдөл дээр холбоо барих утасны дугаар, хаяггүй байсан тул манай байгууллагын зүгээс Б.Энхжаргалтай холбоо барьж шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах боломжгүй байсан.

Гэтэл Б.Энхжаргал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд үүний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болж манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу Б.Энхжаргалд олгох 7 393 728 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварын 10 хувийн суутгал болох 683 372.80 төгрөгийг дээрх төлбөрөөс суутган татварын албанд шилжүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчийн төлбөл зохих 7.8 хувиар тооцон 576 710.78 төгрөгийг төлж “Ирмүүн агентлаг” ТББ-аас нийт 6 790 355.2 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлсөн.

Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авчирч өгч бичилт хийлгэх талаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр утсаар Б.Энхжаргалтай холбогдсон боловч хөдөө ажлаар явж байгаа, 7 сард авчирч өгнө гэсэн бөгөөд авчирч өгөлгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг хүлээн авсан ба дэвтэр хүлээн авсан тэмдэглэл Б.Энхжаргал 1 хувь үйлдэж өөртөө үлдээсэн. Ажилд эгүүлэн томилох тухайд манайх хуучин ажилд нь тухайн цалинтай нь томилох ёстой боловч Б.Энхжаргалыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсанаас хойш Монгол Улсад 2014 оноос хойш эхэлсэн эдийн засгийн хямралын улмаас үүссэн байгууллагад учирсан санхүү, эдийн засгийн байдлаас Б.Энхжаргалын ажиллаж байсан маркетинг, борлуулалтын менежерийн өндөр цалинтай, үр ашиг багатай албан тушаал манай байгууллагад шаардлагагүй болсон тул “Ирмүүн Агентлаг” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №15/03 тоот тогтоолоор байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Мөн Б.Энхжаргалын оронд Маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд ажилтан аваагүй нь “Ирмүүн агентлаг” ТББ-ын нийгмийн даатгалын байгууллагад илгээсэн тайлангаар нотлогдоно. Б.Энхжаргалын эрхэлж байсан “Ирмүүн агентлаг” ТББ-ын маркетинг, борлуулалтын менежерийн ажлын байр эдийн засгийн нөхцөл байдал, байгууллагын хэмнэлтийн бодлоготой уялдуулан цомхотголд орж бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсонтой холбогдуулан манай байгууллагын нэг салбар болох “Космополитан сэтгүүл” Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харилцагчийн албаны менежер гэсэн албан тушаалд 700 000 төгрөгөөр ажиллах боломжтой, өмнө нь авч байсан 1 100 000 төгрөгийн цалинг өгөх боломж одоогоор манай байгууллагад байхгүй байна гэж байгууллагад учраад байгаа нөхцөл байдлаа үнэнээр Б.Энхжаргалд хэлж тайлбарласан.

Б.Энхжаргал энэ талаар өмгөөлөгчтэйгөө ярилцаад өмнөх албан тушаалдаа ажиллаж, тухайн үед авч байсан цалингаа авна уг албан тушаалд ажиллах боломжгүй гэж хэлсэн тул Б.Энхжаргалыг хуучин цалинтай ажилд нь эгүүлэн томилохын тулд жолооч 1, мужаан, сантехникч 1 албан тушаал дээр ажиллаж байсан 2 ажилтны хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сард цуцалж, Б.Энхжаргалын ажлын байрыг урьд байснаас нь дордуулахгүйгээр шууд борлуулалтын менежер ажлын байрыг гаргаж, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Б.Энхжаргалтай 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уулзахад ажилдаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орох хүсэлтэй байна гэсний дагуу түүнийг тушаалыг энэ өдрөөр гаргаад түүнд танилцуулахад миний ажлын байрыг дордуулсан байна гэх шалтгаанаар энэхүү ажилд орохоос татгалзаж нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Энхжаргалын маркетинг, борлуулалтын менежерээр ажиллах хугацаанд удирдлагадаа ажиллаж байсан хүмүүстэй хяналт тавьж ажиллаж чадаагүйн улмаас түүний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс өр, дутагдал гарган манай байгууллагыг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ирмүүн агентлаг” ТББ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг “Ирмүүн агентлаг” ТББ-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ирмүүн агентлаг” ТББ- аас 114 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Өмнө нь энэ асуудлаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар нэхэмжлэл гаргахгүй байтал нэхэмжлэгч нь энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

“Ирмүүн агентлаг” ТББ нь нийт Монгол улсыг хамарсан эдийн засгийн хямрал, түүнээс үүссэн орлого буурсан зэрэг санхүүтийн бодит бэрхшээлийг даван туулахын тулд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бүтэц орон тоогоо шинэчлэн баталж 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15/03 дугаартай Удирдах зөвлөлийн тогтоол гарч, өндөр цалинтай ч үр ашиг багатай маркетингийн менежерийн ажил албан тушаал байгууллагад шаардлагаггүй болсон тул уг тушаалаар цомхотголд оруулсан байдаг.

Б.Энхжаргалын ажиллаж байсан албан тушаал байгууллагад байхгүй болсны дараа ажилд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу адил чанарын өөр ажил албан тушаал буюу Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харилцагчийн албаны менежер гэсэн албан тушаалд сарын 700 000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулахаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тушаал гаргаж, энэ ажлыг утсаар хэлж, санал болгосон байдаг. Энэ тухай хариуцагчийн гаргасан тайлбар болоод анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрснөөр нотлогддог.

Харин нэхэмжлэгч Б.Энхжаргал нь энэ саналыг зөвшөөрөөгүй бөгөөд уг ажлын байранд ажиллахаас татгалзсан. “Ирмүүн агентлаг” ТББ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаагүй бөгөөд Б.Энхжаргалыг ажилд нь эгүүлэн тогтоохоор идэвх санаачлагатай ажилласан. Мөн энэ цаг хугацаагаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримт тодорхойлогдох бүрэн боломжтой.

Энэ тухай нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг болоод нэхэмжлэгчийн өөрийн зөвшөөрлөөр бүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ баримтыг үнэлээгүй бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт огт дүгнэлт өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тиймээс дээр дурдсан үндэслээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь хариуцагч “Ирмүүн агентлаг” төрийн бус байгууллагад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Энхжаргалыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 55 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсний дагуу хариуцагч шийдвэрт заасан олговроос зохих шимтгэл тооцон олгосон боловч 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилсон болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.

            Шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажилд томилсон шийдвэр гаргаснаар уг шийдвэрийг биелэгдсэн гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллага 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Энхжаргалыг харилцагчийн менежерийн ажилд томилсноо баримтаар нотлоогүй,  харин 9 дүгээр сарын 1-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, 01/16-14 дугаар тушаал гаргасан нь хэрэгт авагдсан байна. /хх-3/

Иймд түүнд санал болгосон ажлыг зөвшөөрөөгүй тул уг хугацаагаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тооцох боломжтой гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээрхээс “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд заавал биелүүлэх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үүргийг шийдвэр гарсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагыг биелүүлээгүй гэж үзэх ба түүний хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байна.

Шүүх хэргийн дурдсан нөхцөл байдал, баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн урьд авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлс 48 889 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааг ажлын 129 өдрөөр тооцож 6 250 000 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

Дээрх үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ