Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М-, Ц.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Б.Баясгалан,

шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Л.М- нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1169 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар прокурорын эсэргүүцлээр, Ц.М-, Ц.М- нарт холбогдох 2015 2501 1780 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.М-, Ц.М- нар нь бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.У-ээс яллагдагч Ц.М- нь 47.353.550 төгрөг, яллагдагч Ц.М- нь 82.940.710 төгрөг буюу нийт 130.294.260 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М-, Ц.М- нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.М-, Ц.М- нарт холбогдох хэргийн хохирол, хор уршгийг тогтооход хэргийн оролцогч маргаантай тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч томилж 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч, шүүгдэгч нарын банкны гүйлгээгээр хийгдсэн төлбөр тооцооны талаарх дүгнэлтийг гаргуулах шаардлагатай, өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан хүсэлтүүдийг авч зохих ажиллагаа хийх, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулаагүй эрхийг нь зөрчсөн зөрчлөө арилгах нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзээд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогтбаатарын М-, Цогтбаатарын М- нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.М-, Ц.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD, ногоон өнгийн дэвтэр 1, цэнхэр өнгийн оруулга бүхий дэвтэр 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-д зааснаар прокурор энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ц.М-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан ХААН, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хадагламж банкуудын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-52-99/, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд /1хх-163-165, 121-124, 125-127, 5хх-58/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч Ц.М-ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын тооцоо, мөнгө шилжүүлсэн баримт /1хх-20-31, 4хх-21/, гэрчүүдийн мэдүүлэг /1хх-136-139, 145-149, 2хх-155, 162, 5хх-49-51/ зэрэг баримтуудаар хангалттай тогтоосон байдаг. Гэвч хохирлын талаар маргаантай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэсэн заалтын дагуу шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй байдаг.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “Өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан хүсэлтэд дурдсан ажиллагааг хийх” гэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Магадлалд дурдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэсэн.

Үүнд: Яллагдагч Ц.М-, Ц.М- нарын Б.У-ээс зээлсэн мөнгөн дүнгийн тооцоонд түүний бэлэн мөнгөөр зээлдүүлсэн гэх 51.500.000 төгрөгийн 8 удаагийн олголт бүхий мөнгөн дүнг оруулсан атлаа бэлнээр буцааж төлсөн 82.915.000 төгрөгөөс хохирогч Б.У-ийн дансны хуулганы орлоготой таарсан гэх 48.659.200 төгрөгийн 20/10-н удаагийн 24.335.100 төгрөгийн бэлнээр зээл төлсөн гэх жагсаалт, түүнтэй хугацаа давхацсан гэх хохирогч Б.У-ийн дансны орлого/ зэргийг шалгахад Хас банкны дансны хуулга, Банкинд мөнгө тушаасан архивын баримт, хохирогч Б.У-ийн харилцагч байгууллагуудаас бараа материал нийлүүлсэн зардал авсан бэлэн мөнгөний баримт, Б.У-ийн гарын үсэгтэй өөрийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт болон Б.У-ийн “...Би яллагдагч нараас бэлнээр огт мөнгө авч байгаагүй” гэх мэдүүлэг, 2хх-98 дугаар хуудаст авагдсан яллагдагч Ц.М-ийн 91162525 дугаарын утаснаас хохирогч Б.У-ийн 96613979 дугаарт 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн “Үгүй данс руу чинь хийнэ дараа тооцоо хийхэд хэрэгтэй” гэх мэссэж зэргээр яллагдагч нараас хохирогч Б.У-т бэлнээр өгсөн гэх 24.335.100 төгрөг үгүйсгэгддэг. Яллагдагч Ц.М-, Ц.М- нарын Б.У-ээс мөнгө зээлсэн гэх олон удаагийн үйлдлийн чухам аль нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгааг болон хэдэн удаагийн үйлдэлд бүлэглэн оролцсон болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон бөгөөд Ц.М- нь 37 удаагийн үйлдлээр 123.345.000 төгрөг авсан болох нь Хаан банкны 50 2241 1034, 50 2314 6471, 50 0758 7437, 50 1113 9853 тоот дансуудаар 70.089.000, Төрийн банкны 1025 0021 5281, 1047 0012 990 тоот дансуудаар 6.556.000, Худалдаа хөгжлийн банкны 452559520 тоот дансаар 13.900.000, Хадгаламж банкны 10 2500 21528 тоот дансаар 3.800.000, Голомт банкны 18 0503 4190 тоот дансаар 6.000.000 төгрөг, бэлнээр 23.000.000 төгрөг тус тус авсан болох нь дээрх банкуудын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн банкны баримтууд, гэрчийн мэдүүлэг, хохирлын тооцоо зэргээр тогтоогдсон бөгөөд дээрх 123.345.000 төгрөгөөс Ц.М- 75.991.450 төгрөгийг эргэн төлж, 47.353.550 төгрөгийг төлөөгүй залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн Ц.М- уг залилангийн гэмт хэрэгт хамааралгүй, тухайн хугацаанд эгч Ц.М-т тусалж, худалдагч хийж байсан талаар мэдүүлдэг хэдий ч “Даян-Өндөр” ХХК-ийн “Алтжин Gold plaza”-ийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18/06 дугаартай албан бичигт дурдсанаар Ц.М- нь /ХБ87101581/ “Gold plaza” худалдааны төвд 8.8 м.кв талбайтай 2286 дугаар лангууг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр худалдан авч, 2015 оны 5 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан гэх албан бичиг, Ц.М- дээрх лангууг Анхцэцэг гэгчид зарж төлбөрийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 452558941 тоот дансаар нийт 100.000.000 төгрөг авсан тухай баримт /хх-103-104/, Ц.М-ын хадам ээж Ш.Нямаагийн “...М- нь миний бэр юм. М- бөмбөгөр зах дээр наймаа эрхэлдэг байсан” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгддэг.

Ц.М- нь 34 удаагийн үйлдлээр 125.540.000 төгрөгийг Б.У-ээс авсан болох нь Хаан банкны 5022431389, 50 2650 7980, 50 0349 5981 дугаартай дансаар 54.440.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 452580125 дугаартай дансаар 42.600.000 төгрөг, бэлнээр 28.500.000 төгрөг авсан болох нь мөнгө шилжүүлсэн банкны баримтууд, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкнуудын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Батжавхлан, П.Батсүмбэр, У.Хүслэн нарын мэдүүлэг, Ц.М-ээс хурааж авсан тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.У-ийн мэдүүлэг, хохирлын тооцоо зэргээр тогтоогддог. Ц.М- нь Б.У-ээс авсан мөнгөнөөс 42.599.290 төгрөгийг эргэн төлсөн бөгөөд одоо 82.940.710 төгрөгийг төлөөгүй залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

 Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад, дурдсан өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах бололцоогоор хангаагүй гэдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батмөнх хэргийн материалтай танилцах талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэж яллагдагч Ц.М-, Ц.М-, хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч Оюунбилэг нар танилцсан байдаг бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөрдөгчөөс тогтоосон хугацаанд хэргийн материалтай танилцаагүй, мөн прокурорын хяналтын шатанд 14 хоноход хэргийн материалтай танилцах болон хэрэгт хийгдвэл зохих ажиллагааны талаар хүсэлт өгч байгаагүй болно.

Иймд хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-, Ц.М- нар залилангийн гэмт хэрэг үйлдэхээр анхнаасаа субъектив шинжтэй байсан. Хавтас хэрэгт бүх ажиллагаа хийгдсэн. Авсан мөнгөний зарлага 2хх-141-147 Ц.М-ын, 145-147 Ц.М-ийн баримтууд хэрэгт авагдсан. Авсан мөнгөө үнэхээр бараа наймааны эргэлтэд зориулж хэрэглэсэн эсэх асуудалд 71 удаагийн үйлдэлд нь ажиллагаа хийгдсэн. 71 удаагийн үйлдлээс 5 удаагийн үйлдэл нь үнэхээр бараа материалдаа зарцуулагдсан байна гэж үзсэн. Энэ яаж нотлогддог вэ гэвэл мөнгө шилжүүлсэн банкны зарлагын гүйлгээ дээр ажиллагаа хийгдсэн. Ц.М- нь Монгол улсаас гарсан, орсон гэдэг нь хилийн лавлагаагаар тогтоогдсон. Сүүлийн 33 удаагийн үйлдлээс худлаа хэлж мөнгө авсан 3 удаагийн үйлдэлд үнэхээр бараандаа явсан гэдэг нь тогтоогдож, бусад үйлдэл нь худлаа болох нь тухайн үед хийгдсэн ажиллагаагаар тогтоогдсон. Ц.М- надруу бичсэн өөрийнх нь мессеж байдаг. Ц.М- ямар утгатай мессеж явуулсан бэ гэвэл “У- эгчээ, эгч бид хоёр танаас хэд хэдэн удаа мөнгө авсанаас 4 удаагийн авалт нь бид хоёрынх, бусад нь өөр хүмүүсийнх” гэж маш тодорхой бичсэн байдаг. Уг мессежид ажиллагаа хийгдсэн баримт хавтас хэрэгт байгаа. Энэ нь үнэхээр субъектив шинжтэй байсан нь нотлогдоно. Худлаа яриад мөнгө өгсөн гэж хэлж авсан, үгүй юу гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд илэрсэн. Надад 82.000.000 төгрөг буцааж өгсөн гэж ярьж байгаа. Би 10 удаагийн үйлдэл нь таарч байна гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Ц.М-аас улсын яллагч асуухад “би 2013 оноос Б.У- эгчид бэлэн мөнгө өгч байсан. Өгөхдөө сүм дээр өгч байсан, өөр газар өгч байгаагүй” гэж маш тодорхой хариулсан. Ц.М-ийн 10 удаагийн үйлдлээс 2 удаагийн үйлдлийг нь шалгаад үзэхэд 10 удаагийн үйлдэлд нь Ц.М-тэй холбоотой болж таараад байгаа. Үүнийг шалгаад үзэхээр Ц.М- нь урагшаа явж байсан байдаг. 3 удаагийн үйлдэл нь тэд нар яг тэр өдрөө миний “Хас банк”-ны данс руу мөнгө хийгээд, тооцоонд орсон мөнгө. 3 удаагийн үйлдлийн 1 нь миний найз мөнгө шилжүүлсэн байдаг. Үүний баримтыг архиваас гаргаад шалгасан. 2 удаагийн үйлдэл нь 1 нь миний харилцагч байгууллагаас бэлэн мөнгө 10.000.000 төгрөг шилжүүлсэн ба гэрээг хавтас хэрэгт өгсөн. Нөгөө 1 нь би өөрийн эзэмшлийн гражын түрээсийн мөнгө. Эдгээрийг 10 удаагийн үйлдэл гээд яриад байгаа юм. 82.000.000 төгрөг өгөөгүй гэдэг шүүгдэгч нарын анхны мэдүүлгээр нь нотлогддог. 80.000.000 төгрөг аваад 140.000.000 төгрөг болгож өгсөн гээд 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлгүүдэд байдаг. Үүнийг батлаж шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баясгалан 10 дугаар сарын 19-ны өдөр байцаагчид өгсөн хүсэлтдээ “Энэ хүн 140.000.000 төгрөгийг аваад 180.000.000 төгрөг болгож өгөхдөө “Хас банк”-ны данс руу мөнгө хийсэн гэж манай үйлчлүүлэгч Ц.М-, Ц.М- нар мэдүүлдэг гээд дурдсан байдаг. Өмгөөлөгч Б.Баясгалан, яллагдагч Ц.М-, Ц.М- нар “Хас банк”-ны данс руу мөнгө хийдэг гэж ярьж байснаа явцын дунд мөнгөний дүн ихсээд ирэнгүүт хэрэг анхан шатны шүүхээс буцсанаас хойш эд нар бэлэн мөнгөний талаар ярьж эхэлсэн. Ярьж эхлэхдээ 2 дугаар сарын 7-нд Энхболд прокурорт бичсэн хүсэлтэндээ шал өөр юм ярьж байсан. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаад үзэхэд ямар ч дансаар орж ирсэн мөнгө байгаагүй. Хэрэг үүсэхээс өмнө надад “миний мөнгийг буцааж өгье 140.000.000 төгрөгийг 170.000.000 төгрөг болгож өгөе” гэж хэлэхдээ худлаа яриад, миний дансны хуулгуудыг өөрсдөө хавтас хэрэгт баримт болгон өгсөн байдаг. Энэ нь 1хх-57 дугаар хуудсанд байсан гэж санаж байна. Тэр юманд санал таарахгүй болоод ирэхээр миний орлого гэж хийсэн мөнгөнүүдийг тэд нар хийсэн гэж худал мэдүүлэг өгөөд байдаг. Шалгаад үзэхээр Б.У- эгчид бид нар бэлнээр өгсөн гээд яриад явдаг. Энэ 82.000.000 төгрөгийн 10 удаагийн үйлдэл дээр ярихад ийм байна. Батсуурь мөрдөн байцаагчтай тооцоо нийлүүлэхэд, яг энэ мэдүүлгээр явсан. Хамгийн сүүлд 5 дугаар сарын 6-нд Ц.М-, Ц.М- 2 мэдүүлэг өгөхдөө дансаар орсон төлбөр тооцоог бид нар хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн байдаг. Ц.М- нь болохоор 5 дугаар сарын 6-нд өгсөн мэдүүлэгтээ “би өөрийн дэвтэр байгаа тооцоог хүлээн зөвшөөрнө” гэж хэлсэн байдаг. Би 2015 оны 11 дүгээр сард 232.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 34.000.000 төгрөг нь бэлэн мөнгө байдаг. Би бэлэн мөнгө өгсөнөө санаад байгаа боловч тодорхой хугацааг нь санахгүй байгаа учраас мөрдөн байцаагч надад юу гэж хэлсэн бэ гэхээр тодорхой огноо байхгүй, тодорхой нотлох баримт байхгүй бол хохиролд оруулахгүй гэж хэлсэн учраас би хохиролд оруулаагүй явж байсан. Тэгээд би 6 сард санамсаргүй байдлаар өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрийн 1 хуудсан дээр ямар шалтгаанаар бэлэн мөнгө өгч байсан бэ гэдэг тооцоонуудаа олсон. Тэгээд би мөрдөн байцаагчид хэлсэн чинь 6 сарын 7-нд намайг дуудаж байцаалт авсан. Ц.М-т мөнгө өгсөнийг бичсэн дэвтэырээ олчихлоо та үүнийг шалгаад өгөөч гэсний дагуу 6 дугаар сарын 7-нд надаас байцаалт аваад 6 дугаар сарын 21-нд Ц.М-ийн хар дэвтэрийг хурааж аваад, Ц.М- болон намайг байлцуулан миний дансны хуулга, Ц.М-ийн дэвтэртэй тулгаж ажиллагаа хийгдээд нотлогдсон юм. Би бэлэн мөнгө өгч байхдаа хүүхдээ дагуулаад явж байсан гэж гэрчийн мэдүүлэг байдаг бөгөөд гэрч мэдүүлэг өгсөн байгаа. Мөнгөний эх үүсвэр болох данснаасаа аваад валютаар солиулсан. Бэлэн мөнгө өгсөн нь дандаа төгрөгөөр өгсөн олон удаагийн үйлдлүүд биш 4 удаагийн үйлдийн 16.700.000 төгрөг данс руу ороод 6 дугаар сарын 21-нд ажиллагаа хийгдсэн. Анх хэрэг үүсч байхад өгч байсан миний мэдүүлгийг давтаж байгаа юм шиг яг адилхан мэдүүлэг өгсөн байдаг. Найз Азжаргалын мэдүүлэг ч гэсэн байгаа. Нөхөр нь Батболд нь 16.000.000 төгрөгийг аваад, буцаагаад эргэж төлсөн гэсэн мэдүүлэг өгдөг. Яллагдагч нар болохоор энэ 16.000.000, 30.000.000 төгрөг таны данс руу орсон гэж яриад байдаг. 33 удаагийн үйлдлээс 2 удаагийн үйлдэл нь бэлнээр, бусад нь дандаа дансаар орсон мөнгө. Тэгээд 2 удаа бэлэн мөнгө өгснийг шүүгдэгч нар хавтас хэрэгт авагдсан жагсаалтын нэгийг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ нь 3.800.000 төгрөг. 8.000.000 төгрөгийн тухайд Ц.М-ээс надруу бичсэн мессеж байдаг ба үүнийг хавтас хэрэгт хийсэн. Эдгээр нь ажиллагаа хийгдээд нотлогдсон. Ц.М- надтай уулзаж байх даа би хүлээн зөвшөөрч байна 2015 он байсан юм билээ гэж хэлдэг. Дээр нь би хүүхэдтэйгээ тэр мөнгийг аваачиж өгсөн болохоор “Төрийн банк”-ны данснаасаа мөнгө гаргаж авсан баримтаа хавтас хэрэгт өгсөн. Дагуулж явсан хүүхдээ гэрчээр мэдүүлэг өгүүлсэн байгаа. Дандаа нотлох баримтаар нотолсон ажиллагаа нь дээр би ингэж явж байна гэв.

Хохирогч Б.У-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжыг эс зөвшөөрч тайлбар гаргасан байгаа. Хохирогч Б.У-, улсын яллагчаас эсэргүүцэлд бичсэн тайлбартай санал нэг байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах шаардлагагүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Энэ тооцоонууд бэлнээр биш, дансаар орж, гарч байсан байдаг. Дансны хуулгууд банкнаас хавтас хэрэгт авагдаад хийгдсэн. Дахин санхүүгийн тусгай мэргэжил шаардсан шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Тооцоог тухай бүр нийлж гаргасан. Хохирогчийн тооцоо мөн яллагдагч нарын өөрсдөө хүлээн авч байсан, хүлээлгэн өгч байсан талаар бичсэн мэдүүлгүүд байдаг. Мөн хохирогч Б.У-тэй харилцаж байсан мессеж зэргээр эдгээр тооцоонуудыг тохирсон гэж үзэж байгаа. Иймд дэлгэрэнгүй тайлбарыг хохирогч, улсын яллагч тайлбарласан учраас давхардуулан тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч нарын зүгээс мөрдөн байцаагч, прокурорт амаар болон бичгээр хүсэлт гаргаж өгсөн боловч нэг нь ч хүлээн авч хэлэлцээгүй. Өнөөг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий нэг талыг барьсаар ирсэн. Би арга буюу үйлчлүүлэгчтэйгээ хамтран зөвхөн “Хас банк”-ны 1 салбар дээрээс мөрдөн байцаагч, прокурорын хийж өгөхгүй байсан ажиллагааг өөрсдөө нотлох баримттаар 11 баримт гаргуулаха 10.000.000 төгрөгийн баримт гарч ирсэн. Надад хэргийн материалтай танилцах боломж олгоогүй. Хүсэлтэд заасан ажиллагааг хийж өгөөгүй учраас хавтас хэрэгт нотлох баримтыг хийх боломжгүй болчихоод байж байна. Зөвхөн банкны 1 салбарын тодорхой хугацааны баримтыг шүүгээд үзэхэд хохирогч У-ийн “Хас банк”-ны дансанд орлого гээд миний үйлчлүүлэгч Ц.М-, Ц.М- нарын гарын үсэгтэй баримтууд байдаг. Гэтэл өнөөдөр эсэргүүцэл, хохирлын тооцоо бодитой үнэн зөв тогтоогдсон гээд байгаа нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар миний үйлчлүүлэгчийн хохирлын тооцооны асуудлыг шалгуулах талаар гаргасан хүсэлтүүдийг гаргаж өгөөч гэж хэлмээр байна. Тооцоо хийхэд шүүгдэгч нар ирдэггүй гээд байдаг, харин ч энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөөч гэж шүүгч нарт хүсэлт гаргаж байсан. Прокурорын хэлсэн энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцуулахгүй, боломжит хугацаа олгоогүй. Хэрэгт цаашид хийгдэх ажиллагаа зөндөө байгаа. Прокурор энэ хэргийг иргэний маргаантай холбоотой, зээлийн харилцаатай холбоотой асуудлыг, иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудлыг нэхэмжлэгч, харицуцагчын өмнөөс нотлох баримтыг цуглуулаад байх шаардлага байхгүй. Иргэнийхээ журмаар талууд нотлох баримтаа гаргаад, мэтгэлцээд шийдвэрлэчихэч бололцоотой. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үүнийг Б.Баясгалан өмгөөлөгч хэллээ. Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа прокурор яллах болон цагаатгах ялын талаар дүгнэлт гаргах ёстой. Удаа дараа бид нар амаар болон бичгээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд эдгээр данснуудыг сайн нягталж үзээч, хуулийн заалтуудыг сайн хараач, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгооч гэсэн. Энэ тооцоо ийм тийм гэхээр өөрсдөө бас хуулийн зүйл заалтууд хэлдэг. Бид нар үгүйсгээд байгаа мөнгөн дүнг төлсөн. Баримтаар гарч ирэхгүй байна гэж мөрдөн байцаагч, прокурорт хэлэхэд үүнд ажиллагаа хийгээгүй. Бид хүсэлтүүд бичиж зөвхөн 1 банкны салбараас арваад баримт гаргасан. Зөвхөн яллах тал баримтууд цуглуулаад, шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь дээрдэх ажиллагаа хийгдэхгүй байна гэж хүсэлтдээ дурдсан. Мөрдөгч эдгээр ажиллагаануудыг хийсэн байсан бол арай өөр хариу гарах байсан байх гэж бодож байна. Банк бидэнтэй хуйвалдаагүй болохоор хууль ёсны нотлох баримтууд гаргаж өгсөн. Үүнийг архивт хадгалсан. Уг баримтад бодитой шинжилгээ хийх ёстой гэж үзэж байна. Захирамжид дурдсан шинжээчийг томилох ёстой. Анхан шатны шүүх анхны хуралдаанд өмгөөлөгчийн тэмдэглэлд байгаа тооцоог үзсэн. Бид нар үнэхээр тооцоо хийх гэж оролдсон. 3, 4 янзаар зөрүүтэй гараад байна санхүүгийн нарийн мэргэжлийн шинжээчийг томилж ажиллагааг хийлгэе гэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Одоо тооцоо үнэхээр зөрүүтэй байгаа учраас бид нар санхүүгийн мэргэжил эзэмшээгүй болохоор тусгай мэргэжилтэн шаардлагатай юм аа гэж захирамждаа дурдсан нь зөв. Б.Алтанцэцэг прокурор эсэргүүцэлдээ мөрдөгч тодорхой хугацаа заасан боловч өмгөөлөгч тэр хугацаандаа ирж танилцуулаагүй гэдэг. Гэтэл миний хувьд хөдөө явсан нь үнэн. Хэрвээ би үүргээ биелүүлээгүй байсан бол надруу утасдаж хэлэх байсан. Протокол дээр ч тэмдэглэсэн юм байхгүй. Миний зүгээс цааргалсан, удаашруулсан юм байхгүй. Гэхдээ тэд нарт үүнийг нотлох баримт байхгүй. Мөн тэдэн сарын тэдний өдөр Г.Оюунцэцэг өмгөөлөгч руу утасдаад ийм тэмдэглэлтэй танилц гэх юм огт байхгүй. Миний утас хэрвээ хаалттай байсан бол дуудлага хадгалагддаг ба би заавал эргүүлээд утасддаг. Мөн мессэж ч байхгүй учраас тэд нарын хэлээд байгаа нь огт үндэслэлгүй юм. Намайг сая хариуцлагагүй гэж дурьдаад, бид нарыг хэргийг удаашруулах зорилго агуулсан, хэргийн материалтай танилц гэхэд ирэхгүй байсан гэж байна. Үүнийгээ тэд нар нотлохын тулд өмгөөлөгч надад хэргийн ажиллагаатай танилцаагүй гэх мэт бодитой баримт гаргаж өгөх ёстой. Энэ бол миний эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Захирамжид заасан ажиллагаа нь хууль ёсны үндэслэлтэй. Хэргийг зөвхөн мөрдөн байцаалтад буцааж магадлалд дурдсан ажиллагааг зохих ёсоор нь хийгээд өмгөөлөгч, хэргийн холбогдогч нарыг хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцуулаад, шүүхийн шатанд ямар нотлох баримт цуглуулах уу гэдгийг зааж өгөх ёстой байсан. Мөрдөн байцаагч, прокурор хэрэгтээ танилцуулаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.М-, Ц.М- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ.”-г үнэн зөв эргэлзээгүй тогтоох шаардлагатай ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1169 дүгээр шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

1. Ц.М-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаар магадлалаар: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг мөр бодитой шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч, зээлдүүлэгч Б.У-, шүүгдэгч, зээлдэгч Ц.М-, Ц.М- нарын дансаар болон бэлэн мөнгөөр зээлдүүлсэн, мөн тэдний дансаар болон бэлэн мөнгөөр зээлд төлсөн гэх мөнгөн дүн, энэ талаарх тэдний мэдүүлэг илтэд зөрүүтэй байна.

Ялангуяа бэлэн мөнгөөр зээлдүүлсэн болон  зээлд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаан бүхий байхад талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд /дансаар зээлдүүлсэн болон зээлд төлсөн мөнгөн дүнгийн тооцоо/ мөрдөн байцаагчийн оролцоотойгоор харилцан тооцоо нийлүүлж, акт үйлдүүлж, баталгаажуулаагүй, бэлэн мөнгөөр зээлсэн, зээлд төлсөн гэх мөнгөн дүнгийн талаарх тэдний мэдүүлгийн зөрүү, энэ талаар гаргасан хүсэлтийг гүйцэд шалгаагүй ... энэхүү мөнгөн дүн өөрчлөгдөх эсэх нь тэдний бэлэн мөнгөөр зээлсэн, эргэн төлсөн үйл баримтыг нарийвчлан шалгасны эцэст хохирлын хэмжээ бодитой тогтоогдохоор байгааг анхаарч мөрдөн байцаалт явуулах нь чухал болно.

...Ц.М-ийн Б.У-ээс мөнгө зээлж авсан гэх олон удаагийн үйлдлүүдийн чухам аль үйлдлийг “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан”, зээлдүүлэгч Б.У- нь зээлдэгч Ц.М-, Ц.М-, бусад хүмүүсийн банкин дахь дансаар 63 удаа /4-хх-28, 29-30/ мөнгө шилжүүлэхдээ чухам хэдэн удаагийн ямар гүйлгээг Ц.М-тэй, хэдэн удаагийн аль гүйлгээг Ц.М-тай урьдчилан тохиролцож шилжүүлснийг тус тус ялгамжтай шалгаж тогтоогоогүй ба ялангуяа зээлдэгч Ц.М-ын дансаар дамжуулан мөнгө зээлсэн үйлдлийн чухам аль үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тэднийг бүлэглэн оролцсон гэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр, зөвхөн тэдний мөнгө зээлсэн аргыг залилан мэхэлсэн гэж үзсэн үү, зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй асуудлыг нь залилан мэхэлсэн гэж үзсэн үү гэдэг нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойгүй байна.” гэсний мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд нэмэлт ажиллагаа огт хийгээгүй, хохирогч Б.У-ийн өмнө нь гаргасан тооцоог дахин хуулбарлуулж хавсаргасан, зөвхөн яллагдагч, хохирогч нарын хүсэлтийн дагуу тэднээс болон зарим 4 гэрчээс тайлбар авах төдийхнөөр байцаан шийтгэх ажиллагааг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ..., прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан заалтыг зөрчжээ.  

2. Б.У-, Ц.М-, Ц.М- нарын дансаар болон бэлэн мөнгөөр зээлдүүлсэн, мөн тэдний дансаар болон бэлэн мөнгөөр зээлд төлсөн гэх мөнгөн дүнг талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд /ялангуяа, дансаар зээлдүүлсэн болон зээлд төлсөн мөнгө/ мөрдөгчийн оролцоотойгоор харилцан тооцоо нийлсэн акт үйлдүүлж, баталгаажуулах, боломжгүй гэж үзвэл Санхүүгийн хувийн хяналт шалгалт /аудит/-ын байгууллагыг томилон оролцуулж, хэрэгт авагдсан банкны мөнгөн гүйлгээгээр хийгдсэн төлбөр тооцооны болон бусад холбогдох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлын тооцоо, дүгнэлтийг нэг мөр гаргуулан тэдний харилцан зөвшөөрсөн хэмжээнд  баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ... ийн шинж чанар, хэр хэмжээ”-г нэг мөр, бодитой тогтоох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

 “1. Ц.М-, Ц.М- нарт холбогдох хэргийн хохирол, хор уршгийг тогтооход хэргийн оролцогч маргаантай тул Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч томилж 2012 оны 7 дугаар сарын 02-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч, шүүгдэгч нарын банкны гүйлгээгээр хийгдсэн төлбөр тооцооны талаархи дүгнэлтийг гаргуулах шаардлагатай.” гэж заасныг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шууд гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Учир нь, Санхүүгийн анхан шатны баримтгүй, урьдчилсан дүгнэлт болон аудитын тайлан гараагүй байхад Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжид: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч томилуулах” нь гэж шууд тухайлан заасан нь буруу тул дээрх заалтын агуулгыг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;”-г нотолно гэж зааснаар мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан маргаантай байгаа хохирлын хэмжээг хөндлөнгийн буюу санхүүгийн мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотойгоор нарийвчлан тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.М-, Ц.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.