| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0027/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 28
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э ийн Д д холбогдох эрүүгийн 2015000150004 дугаартай, 163/2019/0027/Э индэкстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Ш овогт Э ийн Д.
Холбогдогсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б аймгийн Х сумын нутагт хохирогч Ж.О тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д ий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
20150001500004 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч Э.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр бага зэрэг согтуу гэртээ 15 цагийн үед очсон. Авга эгч О хувцас угаагаад байж байсан. Манай малыг хэлэхгүй зарсан болохоор нь гэнэт уур хүрээд Ж.О эгчтэй хэрэлдсэн. Тэгтэл Ж.О эгч намайг түлхэхээр нь би хүзүүнээс нь багалзуурдсан чинь Б.Г гэрт орж ирээд салгаад намайг гадаа авч гарсан. Намайг гэрийн гадаа байж байхад Ж.О эгч араас гарч ирээд над руу хашгираад загнаад байхаар нь би үснээс нь зулгаасан, тэгж байхад эмээ Д.Б , У.У нар ирээд салгасан. Би дахиж ийм алдаа гаргахгүй, их юм ойлгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Хохирогч Ж.О ийн өгсөн: “…Манай ахын хүү Э.Д орж ирээд надаас манай нөхөр болох Б ыг асуусан. Тэгэхээр нь би хөдөө хонь руугаа явсан гэж хэлсэн. Тухайн үед би угаалгын машинаар хувцас угааж байтал Э.Д нь намайг угаалгын машин эвдчих вээ наадах чинь миний аавын машин шүү гэж хэлэхээр нь би “юу гэж эвддэг юм, одоо оруулаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгэхэд наад машиныг чинь авахад та нарын оролцоо ороогүй шүү гэж хэлээд угаалгын машин өшиглөөд түлхэж, унагаагаад пизда гэж орилоод байхаар нь “чи яагаад орилоод байгаа юм архи уухаараа дандаа агсан тавьж байх юм” гэж хэлсэн чинь “миний уух чамд хамаагүй” гэж хэлээд миний хоолойноос боогоод газар унагаж дараад /тухайн үед миний толгой эргээд нүд харанхуй болсон/ байж байтал манай том хүү орж ирээд салгаад дүүгээ гаргасны дараа Э.Д нь намайг үснээс үсдэж чирээд гэрээс гарсан ба гадна гаргаад үснээс доош нь дарсан чинь би газар унасан. Ингэхэд миний зүүн гуя руу нэг удаа өшиглөж мөн нурууны гол хэсэгт нэг удаа өшиглөхөд нь хажуу талын байшингаас манай ээж Д.Б , дүү охин У.У нар гарч ирээд салгах гэсэн чинь салгаж чадахгүй байсан. Тэгээд миний үснээс зуураад салахгүй болохоор нь би арай гэж Э.Д ий хүзүү рүү хөлөөрөө түлхэж байж салгасан тухайн үед би хөл нүцгэн байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/
Гэрч Д.Б ын өгсөн: “...Манай ач хүү Э.Д нь гэртээ орж ирээд байж байгаад гараад явсан. Тухайн үед би хаашаа явж байгааг мэдээгүй байж байтал гадаа хүмүүсийн чанга дуугаралдах чимээ гарахаар нь би гараад иртэл Э.Д нь эгч болох О ийн үснээс зулгаагаад газар дарчихсан байхаар нь би очоод салгах гэж ноцолдоод арай гэж салгасан чинь салаад дахиад очоод барьж аваад үснээс зулгаахаар нь дахин арай гэж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Б аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай
1. Ж.О ийн биед зүүн шуу, нуруу, зүүн гуянд цус хуралт, хуйх, зүүн тохойд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтлүүд нэг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрхи гэмтэл нь энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-40/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 44-45 /, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б аймгийн Х сумын нутагт хохирогч Ж.О тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.О, гэрч Д.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Б аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Э.Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Д д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Д ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч хохирол төлбөрт 300000 төгрөг нэхэмжилсэн боловч хохиролын талаар гаргаж өгсөн баримтын хэмжээнд шүүгдэгч Э. Д 170000 төгрөг төлсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
Харин эрүүл мэндэд учирсан хохирлын талаархи баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Э.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч торгууль хэсэгчлэн төлөх санал гаргаагүй, хохирогч нь эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Э ийн Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Д ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ