Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Ж.И ,

Шүүгдэгч Ц.Б , тэдний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.И , Ц.Б  нарт холбогдох 163/2020/0029/Э индекстэй, 1915002830286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, малчин, ам бүл 2, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Ц  овгийн Ж.И.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, малчин, ам бүл 5, ял шийтгэлгүй, Т овгийн Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.И, Ц.Б  нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн ...ийн нутаг “Ц”  гэх газраас Архангай аймгийн ...ийн иргэн М.Г ийн хээр зүсмийн азрагатай 8 тооны адууг хулгайлж 29200000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.И ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915002830286 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч М.Г ийн өгсөн: ...Манай хээр азаргатай нар саран тамгатай 8 тооны адуу Булган аймгийн ...ийн нутаг “Ц” гэх газарт 2018 оны 06 сарын эхээр байсан. Тэгсэн нэг өдөр адуугаа харах гээд очиход алга байсан. Тэгээд тэр хавиар хайгаад адуугаа олоогүй, ойр хавиар нь сураглаад ч сураг гараагүй. Тэгсэн нилээн хойно манай адуу Булганы Сайхан суманд байгаа талаар сураг гарсан. Тэгэхээр нь би ...ийн малчин Ц.Б ы гэрт нь яваад очсон. Тэгсэн Ц.Б  “би чиний адууг аваагүй С.И  аваад явсан. Би чамтай тэр хүнийг уулзуулна гээд яваад өгсөн. Тэгээд дараа нь нөгөө өвгөнөө над дээр авчираад уулзсан. Тэр үед тэр хүн ах нь чиний хохирлыг барагдуулна чи ахыгаа битгий цааш, нааш нь болгоорой гэж байсан. Тэгээд дараа нь 12 завхай мөнгөн эмээл надад авчирч өгсөн. Эхний ээлжинд үүнийг авч бай гээд өгсөн. Үлдсэнийг нь тэгж байгаад өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 Гэрч М.О ын өгсөн:… 2018 оны 06 дугаар сарын 15-ны хавьд манай хээр азрагтай адуу 8 тооны Булган аймгийн ...ийн нутаг “Ц” гэх газар байж байгаад алга болсон. Манай нөхөр Г  тэр хавиар болон өөр газруудаар зөндөө яваад хайгаад олоогүй, сураг ч гараагүй. Тэгээд 2019 оны цагаан сарын өмнө төв ороод ирэхдээ манай алга болсон хээр азрагатай адууны сураг Сайхан сум руу гарлаа гэж ирсэн. Адуугаа алга болгонгуут нь бид 2 битүүхэн Ц.Б ыг сэжиглэж байсан юм. Сураг нь тэнд гарангуут Ц.Б ыг тийш нь гаргасан байна тэр хол манай адуу явах ёсгүй гээд манай нөхөр Г  тэдний гэр лүү нь явсан. Ирэхдээ И  гэх С.өвгөн манай адууг “Ц”- аас хөөгөөд явсан байна гэсэн. Түүний дараахан 2019 оны цагаан сарын дараахан манай хүнийг гэртээ байхад нь Ц.Б  залгаад гэрийнхээ хойд талд хүрээд ир И  ирчихсэн байна гэж хэлж байна гээд манай нөхөр уулзах гээд И  гэж найзтайгаа хамт явсан. Буцаж ирэхдээ манай нөхөр манай алдсан адуунаас 2 дутуу байгаа бусад нь байна гэнэ. Удахгүй олж авч ирж өгнө гэж хэллээ гэсээр ирсэн. Тэгээд таг чиг байж байгаад 2019 оны 05 сарын 20-ны хавьцаа байх манай хүнийг гэрт байхад нь Ц.Б  залгаад гэрийнхээ урд хүрээд ир уулзья гэж байна гээд гараад явсан. Уулзаад ирэхдээ 12 завхай мөнгөн эмээлтэй ирсэн. Адууны төлбөрт өгч байна. Үндсэн төлбөрийг нь удаахгүй өгнө гэж байна гээд ирсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

  Гэрч Г.О ын өгсөн: ... Адууг харсан. Хүрэн алаг гүүтэй, бор морьтой, хүрэн халзан үрээтэй, хүрэн даагатай бүгд зөв талын гуян дээрээ нар саран тамгатай 5 тооны адуунууд байсан. Ж.И  хариулаад нааш цааш нь туугаад байгаа харагддаг байсан. Анх ирэхдээ хээр азаргатай байсан юм билээ. Тэгээд нэг нэгээрээ алга болоод үлдсэн хэд нь миний зургийг нь дардаг 5 юм байна лээ. Манай тэр хавийн хүмүүс хээр азаргатай нар саран тамгатай ирсэн гэж ярьж байсан... одоо байхгүй ээ бүгд дууссан нядлаад зарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч П.М-ий өгсөн:... 2019 оны 05 сарын дундуур би сумын төвд дугуй засвар дээр байхад М.Г  над руу залгаад адуу хулгайлсан хүмүүс нь олдвол Адууны хохирол төлөх гээд байна, юм өгий гэж байна хамт явалцаад өг гээд би хамт явсан. Тэгээд “Дэнхээлжин толгой” гэх газар тэр хүмүүс байна гээд очиход Могод сумын Ц.Б  гэх хүн танихгүй нэлээд настай маягийн шар царайтай, махлаг Сайхан сумын гэх хүн байсан. Тэгээд уулзаж байгаад адууны хохирлын төлбөрт эмээл өгч байна үлдсэн хохирлыг дараа удахгүй барагдуулна” гэж байна гээд 12 завхай мөнгөн эмээлтэй машинаас бууж ирсэн. М.Г ийн хээр азарга миний мэдэхийн 5 түрүүлсэн. Архангай аймгийн наадамд уралдаанд шөвгөрсөн. Улсын наадамд 22-р орж байсан. Даага байхдаа 7 уралдаж 6 айрагдаж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц гийн өгсөн: “...Нарийн хүрэмтийн гол” гэх газар хээр азаргатай нар саран тамгатай адуу байсан. Хүрэн алаг их хур дэлтэй гүү, том саарал морь, өсгий цагаан шүдлэн болов уу гэмээр хүрэн үрээ, хүрэн байдас, өсгий цагаан хүрэн халзан даага гэх мэт 11-12 тооны адуу байсан. Адуу бүгд нар саран тамгатай. Энд байхад нь Сайхан сумын Ж.И  гэх хүн хариулаад хараад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ш ийн өгсөн: “...Архангай талаас л ирсэн адуу гэж би сонссон. Азарга нь их хурдан азаргатай гэж бас сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

         Гэрч Д.М-ий өгсөн: “...2018 оны 06 сарын 09-нд ... “Ц” гэх газар хаваржаандаа байхад манай багийн Ц.Б  үл таних 1 хөгшин хүнтэй хамт манайд ирсэн. Тэгээд манайд хоол унд идээд архи уугаад явсан. Маргааш өглөө нь манай адуу болон Өлзийт сумын М.Г ийн хээр азрагтай адуу зэрэг нь бүгд тэнд байсан. Маргааш өглөө нь адуугаа харахад манай адуунаас 2 морь алга байсан. Тэгэхээр нь би Б  дээр очоод шууд манай 2 морийг чи авсан хэргээ хүлээ гэсэн тэгэхэд “би танай адууг аваагүй. Өлзийтийн Г ийн адуугбол авсан. И т өгөөд туулгаад явуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь Ц.Б , Ж.И  нар Г ийн хээр азаргатай адууг хулгайлж аваад төлбөрт нь 12 завхай мөнгөн эмээл өгсөн гэж надад өөрөө хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ж.И ын өгсөн: “...Б ы хамтаар Б ы гэр лүү нь дахин очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн орчимд эзэнгүй адуу гэж нэрлээд байсан адуу нь дээр очсон. Тэгээд ойр хавьд хүн байхгүй байсан учир тухайн адууг би өөрийн нутгийн зүг тууж аваачсан. Тэгээд өөрийн гэрийн ойролцоо маллаж байгаад халзан даага, хар хамартай хүрэн зүсмийн шүдлэн байдас нар тухайн үед үхсэн, хээр азарга, хээр гүүг би 2018 оны 07 сарын эхээр алдсан. Үлдсэн адуунаас би зээрд зүсмийн шүдлэн насны адууг би хувьдаа идсэн. Тэгээд би хүрэн алаг гүү, зээрд шүдлэн үрээ зэргийг би 2018 оны 07 сарын үеэр явуулын махны ченжид зарсан. Одоо ямар хүнд зарсанаа санахгүй байна. Мөн цагаан саарал зүсмийн адууг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ц.Б ы өгсөн: “...2018 оны 05 билүү 6 сарын үеэр манайд Булган аймгийн Могод сумын Зодох гэх газарт хаваржаандаа байхад Сайхан сумаас И  нь өөрийн адууг сураглахаар ирсэн. Тэгэхээр нь би эзэнгүй адуунууд манайхаас урдуур байна лээ гэж хэлсэн. Тэгээд И  морио унаад эзэнгүй адуунуудыг очиж үзнэ гэж хэлээд манайхаас зүүн зүг рүү гарсан. Түүнээс хойш дахин холбоо бариагүй..., би хохирогч Г  гэх залууд шүрэн толгойтой монетон нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг ойролцоогоор 10 сая төгрөг болох байх, 3 тооны нас гүйцсэн бүдүүн морь, 1 тооны нас бие гүйцсэн бүдүүн гүү, 1 тооны эр үхэр зэргийг өгөөд байгаа. Учир нь И  нь надаас төлбөр мөнгө хамт төлөлцөхийг гуйсан. И  нь өөрөө мөнгө төгрөгний боломж байхгүй байна. Надад туслаж өгөөч би дараа нь чамд эргүүлээд өгье гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Арга билэг эстимэйт ХХК-ний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-56, 73-79, 91-96 дугаар хуудас/, алдагдсан гэх хээр адууны талаархи баримтууд /хх-ийн 58-67 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68-70, 87-89, 97-99 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-134 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114, 138 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 139,  дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогч М.Г эд 29.200.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.И, Ц.Б  нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн ...ийн нутаг “Ц”  гэх газраас Архангай аймгийн ...ийн иргэн М.Г ийн хээр зүсмийн азрагатай 8 тооны адууг хулгайлсан болох нь тус тус нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Ж.И , Ц.Б  нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журмалан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгтийн 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуулчилсан байх ба шүүгдэгч Ж.И , Ц.Б  нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт дээрхи хуулийн хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.И , Ц.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн хохирогч М.Г эд 29.200.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид шүүгдэгч Ж.И , Ц.Б  нар нь 22.300.000 төгрөг төлсөн байх ба хохирогч М.Г тэй харилцан тохиролцож үлдэх хохирлоо төлж барагдуулахаар харилцан тохиролцож шүүгдэгч нар гэрээ байгуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И оос 3.450.000 төгрөг, шүүгдэгч Ц.Б аас 3.450.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын 1-р багт оршин суух М.Г эд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.И, Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  овгийн Ж.И , Т овгийн Ц.Б  нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И , Ц.Б  нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.И , Ц.Б  нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.И оос 3.450.000 төгрөг, шүүгдэгч Ц.Б аас 3.450.000 төгрөгийг тус тус гаргаж хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт оршин суух Ж овгийн М.Г  д олгосугай.

6. Шүүгдэгч Ж.И , Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.И , Ц.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН