Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 378

 

                              

 

Зохигчдын  эвлэрснийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болормаа даргалж, шүүгч Ш.Оюунгэрэл, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг Чулуутын 12-3 тоотод оршин суух Гунгаабуу овогтой Балжмаагийн нэхэмжлэлтэй, 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багт оршин суух Жалавсүрэн овогтой Түмэнбаярт холбогдох 

“ 1,634,072 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга далан хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Балжмаа,  хариуцагч Ж.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Балжмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2011 онд авто осолд орж, хүнд гэмтэл авсан. Жолооч Түмэнбаяр шүүхээр ял шийтгүүлсэн. Үүнээс хойш байнга эмчилгээнд явах болсон. 2014 онд Түмэнбаяраас шүүхийн шийдвэрээр 1,500,000 төгрөг авсан. 2015-2016 онд Улаанбаатар хотод очиж дахин эмчилгээ хийлгэж, мэс засалд орж хадаасаа авхуулсан. Түмэнбаяр энэ хугацаанд эмчилгээний зардал огт өгөөгүй. Иймд 2015 оны 2 сарын цалин 519,370 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 94,431 төгрөг, унааны зардал 96,800 төгрөг, бусад зардал 923,471 төгрөг бүгд 1,634,072 төгрөгийг Түмэнбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Ж.Түмэнбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Балжмаа нь 2016 оны 2-р сард охиноороо дамжуулан  ямарч баталгаагүй хэдэн баримт явуулж 500000 төгрөг нэхэмжилсэн тухайн үед нь би шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Энэ мөнгөн дүн нь өссөн төдийгүй зарим нэгэн баримт нь баталгаагүй зөвхөн зарлагын баримт байгаа тул миний бие доорх санхүүгийн шаардлага хангаагүй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд замын зардал болох 96000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд Сүхбаатараас Улаанбаатар орсон 27000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-нд Улаанбаатараас Сүхбаатар орсон 26500 төгрөг, 2015 оны 12 сарын 17-ноос Сүхбаатараас Улаанбаатар орсон 21400 нийт 74900 төгрөгийн баримт нь өөрөө явсан гэх баталгаа байхгүй байна. Учир нь тухай саруудад ажлын цаг нь бүтэн бодогдож НДШ төлөгдсөн төдийгүй цалингаа бүтэн авсан байгаа нь ажлаа хийж байсны нотолгоо болж байна. 2016 оны 02 сарын 18-нд Улаанбаатараас Сүхбаатар орсон 21900 төгрөгийн баримт нь Улаанбаатарт эмчилгээтэй байсан хүн замд явах боломжгүй тул замын зардлын 96800 төгрөгийн баримтууд нь хуурамч байх магадлалтай. Басад зардал 923471 төгрөгнөөс НББ-ийн тухай хуулийн 3,1,3-д заасан анхан шатны баримт дутуу “Агар шим”,  “Монос”, “Амин ус” зэрэг эмийн сангуудаас эм худалдаж авсан гэх нийт 401200 төгрөгийн баримт нь  зөвхөн зарлагын баримт байгаа нь мөнгө төлсөн гэх санхүүгийн баримт болж чадахгүй байна. 2015 оны 12 сарын 16-нд худалдан авсан хоньны махны 195000 төгрөг нийт 596200 төгөргийн баримтууд нь бүрэн нотлогдохгүй байна.  2016 оны 02 сараас 2016 оны 03  сар хүртэл өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан бол актны мөнгө 6132801 төгрөгийн баримтыг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагаас олгох ёстой.  Үүнд эмнэлэгийн хуудас хэвтэж эмчлүүлсэн байгууллагаар бөглүүлэн НД-ын тухай хуулийн 5-р бүлгийн 19-р зүйлийн 1, 2-т тус тус заасны дагуу НД-ын байгууллагаас төлөгдөх болно. Иймд дээрх нэхэмжилсэн баримтуудыг шалган нотлож нийт нэхэмжилсэн дүнгээс хасаж өгнө үү. Миний бие баримтаар нотлогдож байгаа 327271 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.   

 

Нэхэмжлэгч Г.Балжмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: Би автотээврийн аваараас болж нуруунд аа хагалгаа хийлгэсэн. Хагалгаанаас болж 2011 оноос хойш байнга Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаа. 2014 онд би Түмэнбаяраас 1,500,000 төгрөг нэхэмжилж авсан. 2014-2016 оны хооронд 2 сар эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж, хадаас авахуулсан, нэг сар акттай байсан хугацааны мөнгө, эмчилгээний зардал нийт 1,634,072 төгрөгийг нэхэмжилж байгаа.  Цалингийн хувьд  манай байгууллага 12 дугаар сард 10 гаруй хоногийн мөнгө, 1 дүгээр сарын цалинг бүтэн гаргаж өгсөн. 2 дугаар сард би акт авсан. Тиймээс 2 дугаар сарын цалинг бүтэн, мөн 3 дугаар сарын цалинг 3 дугаар сарын 01-ээс 3 дугаар сарын 07 хүртэлх хугацааны цалинтай тэнцэх мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн эмчилгээнд Улаанбаатар хот руу ирж, очих замын зардал 96,800 төгрөгийг нэхэмжилж байгаа  

 

  Хариуцагч Ж.Түмэнбаяр  нь  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбатаа: Замын зардал 96,000 төгрөгнөөс 2015.01.25-нд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 27,500 төгрөг, 2015.02.09-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ирсэн замын зардал 26,500 төгрөг, 2016.02.18-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ирсэн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2 дугаар сард эмнэлэгт хэвтэж байсан мөртлөө 2 дугаар сарын 18-нд Сүхбаатар аймаг руу ирсэн гэж байгаа нь их анхаарал татаж байгаа. Мөн бусад зардал болох 923,471 төгрөгнөөс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар анхан шатны баримт дутуу гэж үзэж байгаа. Үүнд зөвхөн зарлагын баримт байгаа. Энэ бол бараа материал хассан баримт болохоос мөнгө төлсөн баримт биш гэж үзэж байгаа. 2016.02.02-нд “Агар шим” ХХК-нд худалдан авалт хийсэн 186,200 төгрөг, 2016.02.05-нд худалдан авалт хийсэн 23,400 төгрөг, 2016.02.04-нд “Монос-Энхжин” эмийн сангаас худалдан авалт хийсэн 150,000 төгрөг, 2015.12.20-нд “Амин-Ус” эмийн сангаас худалдан авалт хийсэн 25,000 төгрөг, 2016.02.06-нд “Агар шим” ХХК-аас худалдан авалт хийсэн 6,600 төгрөг, 2016.01.01-нд худалдан авалт хийсэн 2,550 төгрөг, 2016.01.02-нд худалдан авалт хийсэн 7,650 төгрөг, хонины махны 195,000 төгрөгийг, нийт 596,200 төгрөгийг бусад зардал болох 923,471 төгрөгөөс  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл эмнэлэгт хэвтэж байсан бол актын мөнгө гэж олгогдох ёстой. Тиймээс 613,801 төгрөгөөс актын мөнгийг хасаж бодох ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5-р бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар 15 буюу түүнээс дээш жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс 75 хувиар бодож хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээг бодож олгон гэсэн байгаа. Тиймээс 613.801 төгрөнөөс 154.020 төгрөг төлөх боломжтой. Нийт 499,191 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой гэж үзэж байгаа гэв.

                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Балжмаа хариуцагч Ж.Түмэнбаяр  нар нь харилцан тохиролцож нэхэмжилсэн 1 634 072 төгрөгнөөс 590,290  төгрөгийг хасаж үлдэгдэл 1,043,782 төгрөгийг хариуцагч Ж.Түмэнбаяр төлөхөөр эвлэрэн  хэлэлцсэн  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Монгол Улсын Иргэний хуулийн   дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Балжмаа хариуцагч Ж.Түмэнбаяр  нар нь харилцан тохиролцож нэхэмжилсэн 1 634 072 төгрөгнөөс 590,290  төгрөгийг хасаж үлдэгдэл 1,043,782 төгрөгийг хариуцагч Ж.Түмэнбаяр төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1 043 782 төгрөгний  Улсын  тэмдэгтийн  хураамж  29601 төгрөгний  50 хувь 14800 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ                            П.БОЛОРМАА

                       ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНГЭРЭЛ

                                      Ц.ЭРДЭНЭЗУУ