Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 361

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 10 сарын 11-ний өдөр        Дугаар                                     Баруун-Урт

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, Жаргалант зүүн булангийн 1-р гудамжинд оршин суух, Орлой овогт Жамбалсүрэнгийн Мөнхтуулын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, Зүүнсайн гэх газраар нутагладаг, Боржигон овогт Цэгмэдийн Галбадрахад холбогдох 

 

 

  “Эцэг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 6-р сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7-р сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ж.Мөнхтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Галбадрах бид хоёр  дунд сургуульд байхаасаа үерхэж найзласан. 2009 онд бид охинтой болж тухай үед гэрлэлтийн баталгаагүй байсан тул охин Бүжинг өөрийн нэрээр овоглосон. Охины эцэг Галбадрах нь одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болсон, охинтойгоо баяр ёслолоор ирж уулздаг, охиноо гэдэгтэй маргадаггүй. Иймд хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ

 

 

Хариуцагч Ц.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Мөнхтуултай бага сургуульд нэг анги байсан болохоос үерхэж байгаагүй. 2009 онд манай ангийнхан нийлэхэд анх удаа тохиолдлоор унтсан. Цаашид хэд хэдэн удаа унтсан нь үнэн боловч тухайн үед  Мөнхтуул нь нөхөргүй, би ч эхнэр хүүхэдгүй байсан. Бид нэг гэрт амьдарч байгаагүй. Тийм учраас  хэл амны дараасан гэж бодоод мөнгө өгдөг байсан. Иймд  миний хүүхэд гэдэгт эргэлзээтэй байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Орлой овогт Жамбалсүрэнгийн Мөнхтуулын нэхэмжлэлтэй,  Боржигон овогт Цэгмэдийн Галбадрахад холбогдох “Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Мөнхтуулын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Мөнхтуул нь хариуцагч Ц.Галбадрахтай дунд сургуульд байхаасаа үерхэж 2009 онд  охин М.Бүжинг төрүүлсэн гэх боловч 2009 оны 04 сарын 29-нд төрсөн охин М.Бүжин нь Ц.Галбадрахын төрсөн охин биш болох нь хариуцагч Ц.Галбадрахын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 6420 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Жамбалсүрэнгийн Мөнхтуулын нэхэмжлэлтэй, Боржигон овогт Цэгмэдийн Галбадрахад холбогдох “Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг  тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхтуулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                       

 

            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ