Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 379

 

Зохигчдын  эвлэрснийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц. Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Боловсрол” хороолол 11-12 тоотод оршин суух, Гон овгийн Туяагийн Амартүвшингийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Боловсрол” хороолол 10-13 тоотод оршин суух, Н.Жанцанбалданд холбогдох 

“20 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Амартүвшин,  хариуцагч Н.Жанцанбалдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Амартүвшин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 08-р сарын 15-ны өдөр Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Жанцанбалдантай амаар тохиролцож, Баруун-Урт сумын 1-р багт байрлах 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг худалдах, худалдан авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Дэлгүүрийг худалдах, худалдан авах нийт үнэ нь 50 000 000 төгрөг, төлбөрийг эхний ээлжинд “Ширээт дөхөм” /худалдан авах дэлгүүр/ ХХК-ний Хаан банкинд төлж байгаа хөрөнгө оруулалтын зээлийн үлдэгдэл мөнгө 30,000,000 төгрөгийг графикийн дагуу төлөх, /сар бүр 1 311 000 төгрөг төлөх/ үлдэх 20 000 000 төгрөгийг ойрын хугацаанд бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд бэлнээр 7 700 000 төгрөгийг тухайн үед нь өгсөн. Мөн 2014.07.16-ны өдөр 4 100 000 төгрөг нийт бэлнээр 11 800 000 өгсөн. Ингээд миний зүгээс дэлгүүрээ ажиллуулж,  дэлгүүрийн банкны зээлийн сарын эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2013.08.25-2015.02.25-ыг хүртэл сар бүр 1 311 000 төгрөг төлсөн. Ингээд зээлээ төлөөд, дэлгүүрээ ажиллуулаад явж байтал 2015 оны 03 дугаар сард дэлгүүрийн байрлаж байсан газар А зэрэглэлийн газар учир төлөвлөлт орж дэлгүүр ажиллах боломжгүй болж дэлгүүр болон газрын хамт зарагдсан. Жанцанбалдан ах бид нар садан төрлийн улс. Ингээд нөхцөл байдал өөрөөр эргэж би 19 сар дэлгүүрийн банкны зээл төлсөн боловч дэлгүүрээ өөрийн болгох боломжгүй болсон. Жанцанбалдан ах миний худалдан авах гэж байсан дэлгүүр, газраа 50 000 000 төгрөгөөр үнэлүүлж мөнгө төгрөгөө авсан гэсэн. Ингээд надад Жанцанбалдан ах дэлгүүрээ чамд худалдах боломжгүй боллоо, газарт орчихсон гээд чиний банкны төлсөн зээлийн мөнгөнөөс өгье гээд 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгө төгрөгийг удаахгүй өгнө гэсэн боловч өдий болтол өгөхгүй намайг хохироогоод байна. Жанцанбалдан ах бид хоёр ойрын садан төрлийн улс. Тэрээр би ямар ч байсан чамайг хохиролгүй болгож өгнө. Би хүнээс авах ёстой авлагаа аваад шууд өгнө гээд өдийг хүрлээ. Миний хувьд дэлгүүрийн зээлийн урьдчилгаа төлбөрийг хүнээс зээлж өгсөн. Одоо болтол түүнийгээ бүрэн төлж дуусаагүй, хүн нь надаас өрөө нэхээд байгаа. Би маш их мөнгөний асуудалд ороод түүний дарамтаас одоо болтол гарч чадахгүй байна. Энэ байдлыг минь ч Жанцанбалдан ах сайн мэдэж байгаа. Миний хувьд банкинд зээлийн эргэн төлөлт буюу банкинд нийт 24 909 000 төгрөг, бэлнээр 11 800 000 нийт 36 709 000 төгрөг болж байна. Үүнээс Жанцанбалдан ах бэлнээр 10 000 000 төгрөг надад өгсөн. Яг нарийн тооцоо хийвэл үүнээс илүү мөнгө нэхэх боломжтой байсан. Би илүү дутуу гарсан зардал чирэгдлийг үүнд тооцож нэхэхгүй. Зөвхөн банкинд төлсөн зээлийн мөнгөнөөс 20 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Жанцанбалдангаас 20 000 000 төгрөг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Жанцанбалдан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Амартүвшингийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгээс төлөгдсөн хэсгийг нь доор тайлбарлан жагсааж бичлээ.  Шар гэдэг хүнээс 27 000 000 төгрөг авах гэрээтэй юм. Тэгээд Шар гэдэг хүн  миний өмнөөс Амартүвшинд банкны баримтаар нотлогдсон эдгээр мөнгийг өгсөн байна. Үүнд 16 300 000 төгрөгийг өгсөн банкны баримт болон дансны хуулгаар харагдана. Амартүвшин миний дэлгүүрт тоног төхөөрөмж болон лангуу, том хөргүүр, зэргийг зарж мөнгийг нь өөрөө авсан. Бусад зардалд жижиг зүйлсийг оруулсангүй. Үүнд: лангуу-600 000, том хөргүүр 400 000, НДШ- 79 600, цалингийн ашиг 30 000 гэх мэт эдгээр мөнгийг Амартүвшин мэдэж байгаа гэдгээ надад хэлсэн. Нийт миний төлсөн мөнгө 18 409 600 төгрөг болж байна. Үлдэгдэл 1 590 400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Амартүвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: Миний бие Н.Жанцанбалдангаас 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс 18 409 600 төгрөгийг хасч 1 590 400 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

  Хариуцагч Н.Жанцанбалдан  нь  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбатаа: Бид харилцан ярилцаад 1 590 400 төгрөгийг Т.Амартүвшинд төлөхөөр тохирч эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.Амартүвшин хариуцагч Н.Жанцанбалдан  нар нь харилцан тохиролцож нэхэмжилсэн 20 000 000 төгрөгнөөс 18 409 600 төгрөгийг хасаж үлдэгдэл 1 590 400 төгрөгийг хариуцагч Н.Жанцанбалдан төлөхөөр эвлэрэн  хэлэлцсэн  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Амартүвшин хариуцагч Н.Жанцанбалдан  нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 20 000 000 төгрөгнөөс 18 409 600 төгрөгийг хасаж үлдэгдэл 1 590 400 төгрөгийг хариуцагч Н.Жанцанбалдан төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын Тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийн 50 хувь 128950 төгрөгийг орон нутгийн орлогоос, 1 590 400 төгрөгний  Улсын  тэмдэгтийн  хураамж  40396 төгрөгний  50 хувь 20195 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                   

 

                       ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ