| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0464/и |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 08
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 1 дүгээр
сарын 02-ны өдөр Дугаар 8 Баруун-Урт
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Боловсрол-Өргөө” дотуур байранд оршин суух, /РД:ЛЮ99051008, утасны дугаар 89369306/, Хавхчин овогт Эрдэнэбаатарын Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27В байрны 20 тоотод оршин суух, /РД: ЛЮ81021202, утасны дугаар 99286816/, Морьт овогт Баатарын Оюунчимэгт холбогдох
“2 293 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд төрсөн, 17 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 12Б ангид суралцдаг. Аав маань намайг бага байхад нас барсан. Би эхээсээ ганцаараа. Надад нэг өргөмөл ах байдаг. Тэр маань одоо цэрэгт явсан. Манай ээж хүнд өвчний улмаас 2014 оны 2 дугаар сард нас барсан. Ээж маань нас барахаас өмнө Баруун-Урт сумын 7 дугаар багт оршин суух Б.Оюунчимэгийн ээж болох хүнд өвчтэй хүнийг асарч хэдэн төгрөг олдог байсан. Үүнээс хойш би Оюунчимэг эгчийг таньдаг болсон. Би хагас өнчин учир тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 180 300 төгрөг авдаг байсан. Би насанд хүрээгүй учраас тэжээгчээ алдсаны мөнгөө сар бүр авдаггүй, ээж маань л авдаг. Гэтэл ээж маань 2013 оны 8 дугаар сард хүнд өвчин тусаад эмчилгээнд явах шаардлагатай болсон. Бидэнд бэлэн мөнгө байхгүй байсан тул ээж маань миний тэжээгчээ алдсаны мөнгийг зээлж авч явсан. Ингээд ээж маань өвчний улмаас 2014 онд нас барсан. Би бүтэн өнчин үлдсэн. Тэжээгчээ алдсаны мөнгийг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн үргэлжлүүлэн авах болсон. Би энэ мөнгөө хадгаламжийн дансанд орж байгаа гэж бодсон. Гэтэл Оюунчимэг эгч над руу 2015 оны 10 дугаар сард утсаар яриад чиний тэжээгчээ алдсан мөнгийг банкнаас зээлж аваад хэрэглэсэн, удахгүй өгчихнө, эгч, ахдаа битгий хэлээрэй гэсэн. Гэтэл манай аавын дүү Уулбаян сумаас ирээд надтай уулзаж, ээж чинь байхдаа банкнаас чиний тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг зээлж авсан гэж байсан. Би Дэлгэрмандах эгчтэйгээ банк дээр очиж шалгуулахад миний мөнгийг Оюунчимэг эгч удаа дараа итгэмжлэл хийлгэн миний нэрийн өмнөөс банкнаас зээл авсан байсан. Ингээд банкны ажилтнаас асуухад манайх Б.Оюунчимэг гэдэг хүнд нотариатын гэрээг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зээл олгосон. Банк нотариатын итгэмжлэлийг үндэслэн зээл олгодог гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрмандах эгч Оюунчимэгтэй утсаар яриад чи яагаад манай дүүтэй хамаатан садан биш байж тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь итгэмжлэл хийлгэж банкнаас урт хугацаагаар зээлж авч байгаа юм бэ. Чи Дэлгэрцэцэгтэй нотариат орж итгэмжлэл аваагүй байж хуурамч итгэмжлэлээр банкнаас тэжээгчээ алдсаны мөнгийг авч болж байгаа юм уу гэхэд би итгэмжлэлээр Дэлгэрцэцэгийн тэтгэмжийн мөнгийг зээлж авсан нь үнэн. Зээлж авсан мөнгөө хүүтэй нь эргүүлээд өгчихнө гэж хэлсэн байлаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж анх 2014 оны 4 дүгээр сараас 2015.03.31-ийг дуустал 207 300, 2015.04.01-2016.05.31-ийг дуустал 230 000 төгрөг, 2016.06.01-нээс эхлэн 251 000 төгрөгийг сар бүр авдаг байсан. Б.Оюунчимэг эгч итгэмжлэлээр нийт 9 590 602 төгрөгийг зээлж авсан байна. Оюунчимэг надад нийт 3 630 000 төгрөг өгсөн. Дэлгэрмандах эгч Оюунчимэг эгч рүү хүүхдийн зээлийг хурдан хаа гэж удаа дараа ярьсны эцэст миний тэжээгчээ алдсаны зээлийг саяхан 12 дугаар сарын 02-ны өдөр хаасан. Одоо би Оюунчимэг эгчээс 2 293 000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг, хариуцагч Б.Оюунчимэг нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Оюунчимэг эгчтэй ярилцаад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 293 000 төгрөгнөөс 900 000 төгрөгийг өөрөө авсан юм. Иймд нэхэмжлэлийн дүнгээс 1 393 000 төгрөгийг Оюунчимэг эгчээс гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Оюунчимэг эгч 1 393 000 төгрөгийг надад 2017 оны 2 дугаар сард багтаан төлөхөөр болсон болно. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Дэлгэрцэцэг, хариуцагч Б.Оюунчимэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хавхчин овогт Эрдэнэбаатарын Дэлгэрцэцэг нь хариуцагч Морьт овогт Баатарын Оюунчимэгээс “2 293 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр багасгаж 1 393 000 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулахаар тохиролцсоныг хариуцагч Б.Оюунчимэг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 638 төгрөгийн тал хувь болох 25 819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 25 819 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37 238 төгрөгний тал хувь буюу 18 619 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хавхчин овогт Эрдэнэбаатарын Дэлгэрцэцэг, хариуцагч Морьт овогт Баатарын Оюунчимэг нар нь 1 393 000 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 638 төгрөгийн тал хувь болох 25 819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 25 819 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37 238 төгрөгний тал хувь буюу 18 619 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ