| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0466/и |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 06
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2017 оны 01 дүгээр
сарын 02-ны өдөр Дугаар 6 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Хайлааст”-ын 29-12 тоотод оршин суух,/РД:ЛЗ57031673, утасны дугаар 94670407/, Боржигон овогтой Цэдэн-Ишийн Жанцангийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Жанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Жанцан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1972 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлт авч малчин болсон. 1972 оны 6 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд адуу хариулж эхэлсэн. 1975 оны 6 дугаар сар хүртэл адуу хариулж байгаад цэргийн албанд мордсон. 1978 оны 6 дугаар сарын 15-нд цэргээс халагдаж ирээд 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, бичилт дутуу, ажилд орсон гарсан тушаал байхгүй тул шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд миний Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972-1975, 1978-1991 оныг дуустал худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Боржигон овогтой Цэдэн-Ишийн Жанцан нь 1972-1975 он, 1978-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Жанцан нь 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 8 дугаар сарыг дуустал, 1978 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны 653/15 тоотцалингийн тодорхойлолт, 1957 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн батлах, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Алтан овогт Ядамсүрэнгийн Баасанжав /РД:ЛЗ50050175/-ын: Ц.Жанцан нь 1972 онд илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972- 1991 он хүртэл адуучин, худгийн моторчин гээд янз бүрийн ажил хийж байсан. Тэр үед зарим хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж хөдөлмөрийн дэвтэр нь дутуу бөглөгдсөн зүйл байсан. Тэр үед ажилгүй хүмүүс гэж байдаггүй байсан. Ц.Жанцан цэргийн алба хаасан8 хэдээс хэдэн онд хаасныг сайн мэдэхгүй байна. Тэр үед цэргийн алба хаадаггүй хүн гэж байдаггүй байсан гэх мэдүүлэг,
-гэрч Луузан овогт Лувсандоржийн Зууннаст /РД:ЛЗ56032163/-ын: Ц.Жанцан нь 1972 онд сургуулиа төгсөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972-1975 он хүртэл адуучнаар ажиллаж байгаад 1975 оны дундуур 3 жилийн хугацаат цэргийн албанд явж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1978-1991 оныг дуустал ямаа хариулж байсан. Сүүлдээ худгийн моторчноор ажилласан.
Би 1972 онд илгээлтээр гараад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ц.Жанцан нь 1974 оны 8 дугаар сараас 1975 оны 6 дугаар сар хүртэл, 1978 оны 6 дугаар сараас мөн оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд тус нэгдэлд ажиллаж байснаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ хугацааг сэргээн тогтоох боломжгүй байна.
Иймд Ц.Жанцангийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогтой Цэдэн-Ишийн Жанцан нь 1972 оны 7 дугаар сараас 1974 оны 8 дугаар сарыг хүртэл, 1978 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Ц.Жанцан нь 1974 оны 8 дугаар сараас 1975 оны 6 дугаар сар хүртэлх, 1978 оны 6 дугаар сараас мөн оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Жанцан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ