Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 412

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Бын Б нь Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 28-нд Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-нд шатахуун түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэл:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн, 6 сарын хугацаагаар тэнссэн, (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... тоотод гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Батцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сараас эхлэн Батцэцэгтэй хамтран амьдарч эхэлсэн. Тухайн хэрэг гардаг өдөр манай эцэг, эхийн гэр Цайз 16-д очсон. Буцаад замдаа бид хоёр оройн хоол идэх гэж гарсан чинь цайны газар хаасан байхаар нь бид хоёр нэг нэг пиво аваад гэртээ уусан. Пивоо ууж байх хоорондоо муудалцсан. Намайг найз нөхөдтэй хардаад уурлаад байдаг. Тухайн үед миний утас дуугараад түүнээс болж маргалдсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Би Бын Бтэй 2019 оны 01 дүгээр сарын эхээр анх танилцан үерхэж, 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хамт байр хөлслөн амьдарч эхэлсэн. Б нь хамт амьдарснаас хойш хардаж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хонож ажиллаад амарч байхдаа Бийн аавынд очоод 19 цагийн үед байрандаа гаднаас орж ирээд сууж байхад Б би пиво уумаар байна гээд гаднаас 1 том савтай пиво аваад орж ирээд ууж сууснаа миний багын найзуудын талаар яриад надтай хардаж эхэлсэн. Энэ үед нь би тийм зүйл огт байхгүй гэж хэлэхэд чи худлаа ярьлаа гээд гараараа миний дух орчимд нэг удаа цохисон. Би болиоч гэж хэлэхэд надад ямар ч ярих, хашхирах боломж өгөхгүй зүүн талын хавирга орчим мөн нэг удаа гараараа цохисон. Намайг гарах гэхэд гаргахгүй, нойл ч оруулахгүй, чи маргааш ажилдаа явахгүй шүү, би маргааш саппоро дээр очиж биеийг чинь үнэлүүлнэ гэх мэтээр доромжилсон. ...Толгойны зураг авахуулсан баримт байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

-2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн:

“...Бтэй хардалтын шалтгаанаас болж маргалдаж байхад намайг зодож гэмтэл учруулсан. Мөн намайг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон. ...Миний дух руу мөргөж хавирга орчим гараараа нэг удаа цохиж зодсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 

2. Гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 4а байр 18б тоотын нэг өрөөг би 2017 оноос хойш хөлслөн амьдарч байна. Батцэцэг, Б гэх хүмүүс 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ирж амьдарсан. ...2019 оны 02 дугаар сарын 20-нд намайг гэртээ байж байхад Батцэцэг эгч орж ирээд өрөөнийхөө хаалгыг удаан тогшиж зогсож байгаад манай хаалгыг тогшоод байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд надаас цагдаа яаж дуудах вэ гэж асуусан. Намайг цагдаа дуудах талаар хэлж өгөх гэхэд Б гэх ах өрөөнөөсөө гарч ирээд "хөөе чи тэнэг юм уу, хүрээд ир” гээд дуудаад тэр хоёр хамт өрөөндөө орсон. Удалгүй өрөөнд нь хэрүүл маргаан болоод байхаар нь надад хэцүү санагдаад гарч дэлгүүр ороод тараг аваад орц руугаа алхаж явахад өөдөөс Б гэх ах нэг эмэгтэй хүнтэй хамт хурдан хурдан алхаж явсан. Араас нь Батцэцэг гэх эгч гүйж яваа харагдсан. Үүнээс хойш хэрүүл маргаан сонсогдоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байгаад бид хоёр ...гадагшаа хоол идэх гэж гарсан боловч онгорхой газар байгаагүй. ...гэртээ буцаад орохдоо дэлгүүрээс 2.5 литр пиво аваад хувааж ууж дууссан. ...Батцэцэг согтчихоод хуучин найз залуугийнхаа тухай яриад намайг багын найзтай минь хардаж уурлаад хувцсаа тайлаад аваад зайл, тэр залуу чамаас илүү хүн байсан юм гээд агсам тавьж эхэлсэн. Үүнээс болж бид маргалдаж эхлэхэд Батцэцэг намайг алгадсан, энэ үед нь би дух руу нь мөргөсөн. . ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3067 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд, доод зовхины эргэн тойронд зах ирмэг тод бус хүрэн ягаан өнгийн зах хэсгээрээ шаргал ногоон өнгийн туяа бүхий цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 4.5х3см, доод хэсэгт 2.5х2.5см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний зүүн талд суганы урд шугамаар 7, 8-р хавирганы түвшинд тэмтрэх болон тогшиход бага зэрэг өвчин эмзэглэлтэй.

-2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал гэжээ.

ДҮГНЭЛТ:

“1.Г.Батцэцэгийн биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

5. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

6. Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 63-66 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 23 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-35, 72-73 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч Б.Батцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Батцэцэгтэй 2019 оны 01 дүгээр сарын эхээр танилцаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 4а байрны 18б тоотод хамтран амьдарч байсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба Б.Б, Г.Батцэцэг нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Батцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Бын Бтэй 2019 оны 01 дүгээр сарын эхээр анх танилцан үерхэж 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хамт байр хөлслөн амьдарч эхэлсэн. Б нь ...миний багын найзуудын талаар яриад надтай хардаж эхэлсэн. Энэ үед нь би тийм зүйл огт байхгүй гэж хэлэхэд чи худлаа ярьлаа гээд гараараа миний дух орчимд нэг удаа цохисон, ...зүүн талын хавирга орчим мөн нэг удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал), түүний 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Би Батцэцэгтэй 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн байр түрээслэн хамтран амьдарч эхэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бид хоёр ...2.5 литр пиво аваад хувааж ууж дууссан. ...Батцэцэг согтчихоод хуучин найз залуугийнхаа тухай яриад намайг багын найзтай минь хардаж уурласан. ...Үүнээс болж бид маргалдаж эхлэхэд Батцэцэг намайг алгадсан энэ үед нь би дух руу нь мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3067 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 53-55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “...гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Г.Батцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Г.Батцэцэг, шүүгдэгч Б.Б нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Батцэцэгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.Батцэцэг нь хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн, 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба уг ялын хугацаа дууссан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Батцэцэг нь  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА