Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 070

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын ** дугаар багийн оршин суугч М.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох:

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шийтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Монгол улсын иргэн М.А би Баян-Өлгий аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст 2012 оны 10 дугаар сараас архив, бичиг хэргийн ажилтнаар түр томилогдсон юм. Түүний дараа нь 2013 оны 01 дүгээр сарын 02-наас эхлэн тус хэлтэст хийгдсэн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм. Тэр үеэс эхлэн би ТЗ-4-1 ангилалаар цалин хөлс авч ажиллаж байсан юм. М.А би 2013 оны 12 дугаар сарын үед Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч төрийн албанд анх орон иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 01 тоот тогтоолоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст төрийн захиргааны албан хаагч болох дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар нэр дэвшүүлсэн юм. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн М.Аийг ажилд томилж, К.Лг ажлаас чөлөөлөх тухай Б/23 дугаар тушаалаар тус хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр албан ёсоор томилогдсон юм.

Энэ үеэс эхлэн М.А би ТЗ-5 зэрэглэлээр цалинжиж, дэс түшмэл болсон юм. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Миний бие тухайн албан тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл хууль ёсоор эрхэлж байсан юм. 2016 оны 08 дугаар сард Монгол улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн учраас аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсан юм.

М.А би төрийн жинхэнэ албан хаагч учраас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтнээр үргэлжүүлэн ажиллуулахыг хүсэн тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сд 2016 оны 11 дүгээр сарын эхээр хүсэлт тавихад тэрээр ...та одоохондоо жирэмсний болон амаржсаны амралт авах учраас түр хугацаагаар таныг тус аймгийн асрамжийн газарт асрагч-жижүүрээр түр томилон, дараа нь бүр орон тоонд тогтмол ажилтай болгоно... гэж хариу өгсөн юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Асрамжийн газрын асруулагч-жижүүрээр М.Аийг түр томилох тухай 46 тоот тушаал гаргаснаар М.А би асрамжийн газарт асруулагч жижүүрээр түр ажиллахаар болсон юм. Гэвч маргааш нь дахин ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.Ад жирэмсний болон амаржсаны амралтын түр чөлөө олгох тухай 47 тоот тушаалаар М.А надад жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтын чөлөөг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олгосон юм.

Ингээд би аймгийн Асрамжийн газарт нэг ч өдөр ажлаагүй юм. М.А миний жирэмсний болон амаржсаны чөлөөний хугацаа дуусч ажил олгогчид 2017 оны эхээр очиход ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр М.Ад хүүхэд асрах чөлөө олгох тухай 08 дугаар тушаал гарган, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн надад нэг сарын цалинтай чөлөө олгосон юм. Дараа нь ажил олгогчоос олгосон цалинтай чөлөөний хугацаа дуусч ажил олгогчид 2017 оны 02 дугаар сарын эхээр очиход ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон юм. Дараа нь ажил олгогчоос олгосон 4 сарын хугацаатай авсан цалингүй чөлөөний хугацаа дуусч Б.Сд очиход ...танд байгууллагаас өгөх ажил байхгүй, заргалдах газарт очоод заргалдаарай... гэж загнасан юм. Нөгөө талаар миний өмнө нь түр ажиллаж байсан гэх аймгийн Асрамжийн газрын асрагч-жижүүрээр өөр хүн ажиллаж байна. Би тухайн үед гомдолтой байсан учир ажилтай болгох асуудлаар байгууллагын дарга Б.Сд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна.

Харин би төрийн жинхэнэ албан хаагч учраас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 47 тоотоор таны гомдолтой танилцаж үзлээ, Таны гомдлыг тус салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй тул хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна гэсэн хариу өгсөн. Аймгийн Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн тус байгууллагад ТЗ-5 буюу дэс түшмэлийн орон тоонд одоогийн байдлаар Х.А, Х.Серикжан, Х.Саттигүл, н. Айланыш, М.Еркежан нарыг хууль бусаар авч ажиллуулж байгааг захиргааны хэргийн шүүх шалгаж үзэхийг хүсэж байна. Дээр дурдсан нэр бүхий иргэд бүгд төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт өгөөгүй юм.

Ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасан үйл баримтыг явуулаагүй байгаа явдалд гомдолтой байна. М.А би 3 ой хүрээгүй 2 хүүхэдтэй эмэгтэй хүн юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д ...төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна... гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ...ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно... гэж заасан юм. Төрийн албаны тухай хуулиар эмэгтэй хүний хөдөлмөрийн онцлогтой холбоотой харилцааг зохицуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг төрийн албан хаагч эмэгтэйн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэнэ гэж үзэж байна.

Учир нь, миний ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, хоёр байгууллага нэгдэж нэг байгууллага болсон, би ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэл алдаагүй юм. Иймд эмэгтэй хүн миний хөдөлмөрлөх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар давхар хамгаалагдах ёстой юм. Надад ажил олгогчоос ажлаас гэнэт халагдсаны ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмжийг одоо хүртэл олгоогүй байна. Үүрэгт ажлаас албан ёсоор чөлөөлсөн тушаал гаргаагүй байна.

Иймд М.А намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг ажил олгогчид даалгаж өгөх, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 40 тоот тушаалыг хүчингүй болгож., 2017 оны 06 дураар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг ажил олгогчийн санхүүгээс нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар батлагдсан орон тоонд дотоод ажил хариуцсан гэсэн албан тушаал байхгүй бөгөөд энэ орон тоонд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан гэж үндэслэлгүй худал бичжээ. Харин ажил албан тушаал нь цомхотгогдсон буюу татан буугдсан албан хаагчдад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас санхүү төсөв гарган Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 2016 оны 08, 09, 10 дугаар сарын цалинг нь урьдчилан олгосон.

М.А нь дээрх цалин авчихаад ...надад ажил олго, би жирэмсэн байгаа ... гэж ирсэн нь үнэн. Түүнд би ...таны орон тоо хасагджээ, таныг хүний орон тоонд ажиллуулах боломжгүй байна, та аймгийн Асрамжийн төвд асрагч, жижүүрээр ажиллана уу... гэхэд тэрээр ...би энэ ажлыг хийнэ, ямар ч ажил голохгүй... гэж зөвшөөрсөн тул би түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 46 дугаар тушаалаар аймгийн Асрамжийн төвийн асрагч-жижүүрээр түр томилсон билээ. Тушаалын нэг хувийг тэр өдөр нь өгсөн. Энэ тушаалыг М.А нь аваад маргааш нь ирэхдээ жирэмсний амралтад явах тул тушаал гаргаж өгнө үү гэснээр түүнд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр жирэмсний амралтыг эдлэх тушаал гаргаж өгсөн.

Харин миний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалаар Асрамжийн төвийн асрагч-жижүүрээр түр томилсон тушаалыг М.А нь хүлээж авснаас хойш энэ тушаалыг буюу албан тушаалыг эс зөвшөөрч байгаг тайлбарлаж шүүхэд болон бусад албан байгууллага, тушаалтанд гомдол гаргаагүй юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хэлэлцэх хугацаа хэтэрснийг нотолно.

М.А нь хүүхдээ асрах тул чөлөө олгоно уу гэж хэд дахин хүсэлт гаргаад 4 сарын цалингүй чөлөө авч байсан юм. Энэ үедээ асрамжийн төвийн асрагч жижүүрийн ажлыг ирж хийх болно гэж амлаж байсан ба гомдол өргөдөл гаргаагүй юм.

М.А нь хүүхэд асрах цалинтай, цалингүй чөлөө авсны дараа чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй. Түүнийг олон хоног ажил тасалсны дараа гар утсаар нь дуудуулж ирүүлэн асрагч жижүүрийн ажлыг хийх эсэхийг нь асуухад ...надад дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэдэг ажил өг, очихгүй... гэж шаардсан. Өргөдлийн хариуг нь тухайн үедээ амаар өгсөн болно.

Гэтэл М.А нь Асрамжийн төвийн асрагч жижүүр байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр жирэмсний амралтад явсан, 120 хоног амрах хугацаа нь дууссан. 2017 оны 01 дүгээр сарын 08-нд ирж, 4 сарын цалингийн чөлөө авсан. Энэ 4 сарын цалингийн чөлөөний хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Тэгээд 6 дугаар сарын 12-нд даваа гаригт ирж өөр ажилд томилж өгөхийг шаардаж амаар гомдол гаргасан. Тэр үед би ...та Асрамжийн төвийн асрагч жижүүрийг хийж бай, тэгж байгаад өөр ажилд томилох боломжийг судалж үзье, одоо ажилдаа ор, ажил тасалж болохгүй ... гэж хэлж явуулсан. Гэтэл тэрээр ямар ч чөлөө, зөвшөөрөл авалгүй одоо хүртэл ажилд ирээгүй байгаа ба ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болоход нийт 45 орон тоо бүтэц бий болсон 19 хүн багтах боломжгүй болсон, түүнээс гадна дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй тул Асрамжийн төвд асрагч жижүүрийг М.А өөрөө зөвшөөрч тушаалаа авсан болохоор түүний нэхэмжлэлийн шаардлыг биелүүлэх боломжгүй юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох хэрэгт тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Газрын дарга Б.С өөрөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулан бичгээр тайлбар ирүүлсэн ба уг тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлийг тодорхой бичсэн байгаа. М.Аийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд, Б.С нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.Аийг 46 дугаар тушаалаар Асрамжийн газрын жижүүрээр томилсон юм. Тухайн үед уг орон тоонд томилогдсон гэдгийг нэхэмжлэгч одоо хүртэл ярьж байна. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 47 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Аийн хүсэлтийг үндэслэн түүнд жирэмсний амралтын чөлөө олгосон. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 08 тоот тушаалаар нэхэмжлэгч нэг сарын хүүхэд асрах чөлөө авсан байна. Тухайн өргөдөлд асрагч, жижүүр М.А гэж бичсэн байгаа. Үүний дараа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 сарын чөлөө авсан ба 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Сд өргөдөл өгсөн байна. 2016 оны 11 дүгээр сард асрагчаар томилогдсны дараа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бараг хагас жилийн дараа би хуучин ажилд эргэж ормоор байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэгэхээр ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, эсхүл өөр ажилд буруу шилжүүлж эрхийг зөрчсөн тухай ямар нэгэн шийдвэр гарсан бол нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан байдаг.

М.А нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр асрагч жижүүрээр томилогдсон мөртлөө 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргахгүй явсан байна. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэгэнт асрагч жижүүрээр томилогдсныг мэдэж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж газрын даргад удаа дараа өргөдөл гаргаж байснаас шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл хангахгүй шийдвэрлэх байсан. Газрын даргын 46 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхэд хандаагүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэдгийг аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой бичсэн байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг ажил олгогчид даалгаж өгөх, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 40 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 06 дураар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг ажил олгогчийн санхүүгээс нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах гэсэн 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэл болон бусад нөхцөлөөр ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, М.А нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нэр дэвшүүлэх тухай 01 тоот тогтоолоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст төрийн захиргааны албан хаагч болох дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар нэр дэвшүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар тус хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр албан ёсоор томилогдсон юм. Энэ нь төрийн захиргааны албан хаагч зэрэглэлийн хувьд ТЗ-5, төрийн албан хаагчийн дэс түшмэл гэсэн мэргэжил байна. Дээрээс нь энэ хугацаанд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд М.А нь төрийн албан хаагч мөн болохыг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа.

Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газар байгуулагдаад 2016 оны 08 дугаар сард 09 тоот тогтоол гарч аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөн, өмнө нь ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр зохион байгуулсан юм. М.А нь төрийн жинхэнэ албан хаагч учраас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж бодож байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар тухайн ажилтны орон тоо хасагдсан боловч дахин шинээр бий болсон орон тоонд нэхэмжлэгч М.Аийг ажлын дадлага туршлага, ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан томилох ёстой.

Хоёрдугаарт, М.А өөрөө 3 ой хүрээгүй хүүхэдтэй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д ... Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна ... гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... Ажил олгогч нь жирэмсний эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно ... гэжээ. Тэгэхээр М.А нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны үед жирэмсэн, дээрээс нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан юм. Харин тухайн байгууллага татан буугдаагүй, өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 40.1.5-д зааснаар эд хөрөнгө хариуцсан этгээд хариуцсан эд хөрөнгийг хувьдаа ашигласан асуудал гаргаагүй учраас энэ хүнийг ажлаас халах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Нөгөө талаар төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсхүл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдахаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаа эдлэх ёстой. Төрийн албаны тухай хуулиар эмэгтэй хүний хөдөлмөрийг нарийвчлан зохицуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Тийм учраас М.А нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажиллаж байсан байгууллага нь татан буугдаагүй тул тухайн байгууллагад ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ хүн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тушаал гарснаас хойш 6 хоногийн дараа хүүхэд төрүүлсэн ба 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шилжүүлснээр уг байгууллагад ажиллаж байсан.

Тэгээд түр тушаал гаргасан ба тэрний маргааш нь жирэмсний амралт олгосон зэрэг байдлаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цалинтай, цалингүй чөлөө олгож байсан ба 06 дугаар сарын дундуур асуудал улам хурцдаж, Б.С дарга, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаад эцэст нь шүүхэд хандсан түүхтэй гэдгийг хэлье. Тэгэхээр энэ хүн ТЗ-5 зэрэглэлээр цалинжиж байсан ба ажил олгогч түүнийг Асрамжийн газарт асрагч-жижүүрээр томилсон гэж байна. Нэхэмжлэгч өөрөө Казахстан улсаас эдийн засагч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. Харин түүний хөдөлмөрлөх эрхийг дордуулж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон боловч бодит байдал дээр тухайн орон тоонд нэг ч өдөр ажиллаж байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Асрамжийн газар очиход энэ хүний оронд өөр хүн томилсон байсан.

Ийм асуудал үүссэн учраас шүүхэд хандсан гэдгийг хэлье. Хариуцагч шинээр байгуулагдсан газарт гаднаас олон хүн авсан, н.А гэдэг хүн урьд, өмнө энэ байгууллагад огт ажиллаж байгаагүй, дээрээс нь төрийн байгууллагад нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүнийг халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа. Тухайн ажлын байранд эдийн засагч мэргэжилтэн хүн ажиллана гэсэн шаардлага тавьсан ба н.А ч гэсэн, М.А ч гэсэн эдийн засагч мэргэжилтэй. Урьд нь энэ хүний орон тоог нэг хүн хашиж байсан, мэдээ, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр А.Оыг томилсон.

Ажил олгогч М.Аийг халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах үүргээ биелүүлээгүй учраас өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ийм учраас ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 40 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг бүр томилно гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тухайн орон тоод М.Аийг томилж, тэр хүн амралт авсны дараа н.Аийг түр томилж, М.А ирсний дараа түүнийг чөлөөлж байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. Дээрээс нэхэмжлэгч захиргааны чөлөөтэй байх үед түүний орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хадгалагдах ёстой.

Тийм учраас нэхэмжлэгч М.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй, одоо тухайн байгууллагад сул орон тоо байж байгаа, өөрөө эдийн засагч мэргэжилтэй учраас уг орон тоонд ажиллах ёстой. М.А нь 2012 оноос эхлэн халамжийн байгууллагад 4 жил ажиллаж ирсэн, ажлын дадлага туршлагатай учраас уг ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой. Нөгөө талаар нэхэмжлэгч 3 нас хүрээгүй хүүхэдтэй учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгаа эдлэх ёстой. Тийм учраас ажил олгогч хамгийн түрүүнд эдгээр хүмүүсийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа бусад хүмүүсийн асуудлыг шийдэх ёстой. Ажил олгогчийн зүгээс М.Аийг Асрамжийн газарт асрагч, жижүүрээр томилсон боловч ажилтны нь тухайн албан тушаалд томилж өгөхийг хүссэн ямар нэгэн хүсэлт байхгүй, хүсэлт гаргах байтугай, хэд хоногийн дараа жирэмсний амралт авах гээд явж байсан юм. Эмэгтэй хүний асуудлыг онцгойлон анхаарах ёстой байсан, өөртэй тохиролцохгүйгээр шууд төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

Дээрээс нь нэхэмжлэгч М.Аийн оронд авч ажиллуулсан хүн төрийн албаны шалгалт өгөөгүй, газрын дарга хууль зөрчиж томилгоо хийсэн байгаа. Эцсийн эцэст энэ асуудлыг шүүх таслан зогсоож, эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт ... та одоохондоо түр ажиллаж бай, бид нар өөр ажил олж өгнө... гэж бичсэн учраас тухайн үед нэхэмжлэгч цалин хөлсийг бууруулахгүйгээр хөдөлмөрлөх нөхцөлд тохирсон ажил олж өгөхийг шаардаж байсан гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэл үндэслэлтэй, түүнийг хариуцагч ажлын дадлага туршлагатай, Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халахыг хориглосон эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхаж, гудамжинд гаргасан асуудалд харамсаж байна.

Иймд нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү. Энэ хүнд ажлаас халагдсаны тэтгэмжийг нь хүртэл өгөөгүй, орон тоо хасагдсан бол тэтгэмжийг нь өгөх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бодитойгоор зөрчигдсөн учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ хэрэгт хамаарахгүй гэж бодож байна. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ хүн ажил олгогчид удаа дараа хандсан байгаа. Тэгээд цалинтай цалингүй чөлөө авч хүүхдээ асран хамгаалсан ба ажилд орж ирэхэд оронд нь өөр хүн томилсон. Тухайн байгууллагад гаднаас 5, 6 хүнийг шинээр авсан мөртлөө байгууллага удаан жил ажилласан хүний эрх ашгийг зөрчиж ажлаас халсан нь шударга бус асуудал гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Аээс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг ажил олгогчид даалгах, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 40 тоот тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 06 дураар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь анх аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн б/23 дугаар тушаалаар дотоод ажилтан хариуцсан мэргэжилтнээр томилогдон, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, албан тушаалын ТЗ-5 зэрэглэлтэй, дэс түшмэлийн ангилалтай төрийн жинхэнэ албыг хашиж байсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоожээ.

Ийнхүү аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулах болсонтой холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дүгээр тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо-г баталсан бөгөөд энэ бүтэц, орон тоонд нэхэмжлэгчийнажиллаж байсан дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй тул уг орон тоог хасагдсан гэж үзэхээр байна.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг асруулагч-жижүүрээр түр томилсон тушаал болон нэхэмжлэлийн агуулгад тусгасан хариуцагчийн ...таныг тус аймгийн асрамжийн газарт асрагч-жижүүрээр түр томилно, дараа нь бүр орон тоонд тогтмол ажилтай болгоно гэсэн хариу зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тасалдаагүй байсан тул хариуцагч талаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч М.А нь хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг аваагүй нь хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаар тушаалын хавсралтаар тогтоогдож байгаа тул хариуцагчаас гаргасан ...албан тушаал нь цомхотгогдсон буюу татан буугдсан албан хаагчдад ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 2016 оны 8,9,10 дугаар сарын цалинг урьдчилж олгосон, М.А дээрх цалинг авсан... гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаалын орон тоо нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тул хуулийн дээрх заалтаар түүнийг эхний ээлжинд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд ажиллуулах нэмэгдэл баталгаагаар хангах үүргийг томилох эрх бүхий албан тушаалтан хүлээх ёстой байжээ.

Гэтэл хариуцагч шинээр батлагдсан бүтэц орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалын өөр сул орон тоо байсаар байтал2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаал болох асрамжийн газрын асрагч-жижүүрээр нэхэмжлэгчийг түр томилон ажиллуулснаар түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод санхүү, эдийн засагч мэргэжилтэй байх, албан тушаалын ангиллын дэс түшмэл, ТЗ-5 зэрэглэлтэй байхыг шаардсан байх ба нэхэмжлэгч мэргэжлийн хувьд уг шаардлагыг хангаж байгаа нь түүний дээд боловсрол эзэмшсэн дипломын хуулбараар батлагдаж байгаа, үүнээс гадна урьд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл нь уг албан тушаалын ангилал, зэрэглэлтэй тохирч байгаа, энэ нь цалин хөлсийг бууруулахгүй байх шаардлагыг мөн хангах тул нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд авч ажиллуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаас уг орон тоонд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Х.Аыг түр томилсон, Х.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, нөөцөд бүртгэгдээгүй нь аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар албан бичгээр тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчиж түүнийг хууль бусаар томилжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийг асрагч-жижүүрээр түр томилсон шийдвэр гарсан үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 3-ны үед тэрээр 3 нас хүрээгүй нэг хүүхэдтэй, өөрөө жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа тул түүнийг төрийн жинхэнэ албад томилохгүй байсан хариуцагчийн эс үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ... Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно... .гэснийг зөрчсөн байна.

Дээрх байдлаар хариуцагчийн төрийн жинхэнэ албад нэхэмжлэгчийг томилохгүй байгаа эс үйлдэл нь, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоонд холбогдох хуульд заасан журмыг зөрчиж Х.Аыг томилон ажиллуулж байгаа үйлдэл нь тус тус хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах эрх, мөн хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн, хариуцагч үйл ажиллагаандаа хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх... тухай төрийн албаны үндсэн зарчмыг баримтлаагүй дүгнэлээ.

Иймээс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Аийг халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан 4 сар 13 хоногийн цалинг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын НДД № А0141118 дугаар дэвтрийг үндэслэн тооцож, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан үеийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.027.895 /гурван сая хорин долоон мянга найман зуун ерөн таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5- заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Аийг халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан 4 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.027.895 /гурван сая хорин долоон мянга найман зуун ерөн таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША