Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0005

 

А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч А.Будсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Будсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид тооцооны нягтлан бодогчоор 2012 оны 9 сард ажилд орсон. 2015 оны 07 сарын 23-ны өдөр миний үндсэн ажил өөрчлөгдөж,  мөнгөн кассын нярвын үүрэгт ажилд томилогдсон. Уг ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаад ээлжийн амралтаа авч амарч байгаад ажилдаа ортол ар гэрт гачигдал гарч  нөхөр эмчилгээнд явах болж аргагүйн эрхэнд байгууллагын захиргаанд хандаж цалингүй чөлөө олгохыг хүсч өргөдлийг бичгийн хэлбэрээр гаргасан. Тухайн үед өргөдлөө бариад очиход захирлын үүргийг гүйцэтгэж байсан Отгонбаяр, санхүүгийн менежер Мөнгөнцэцэг нар Улаанбаатар хот руу томилолтоор явсан гээд чөлөө цохож өгөх хүнгүй байсан. Би чөлөөгөө цохуулаагүй учраас хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж 2016 оны 7 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд  ажилласан. Ингээд баярын амралт болж 2016 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл амраад ажилд ороход миний чөлөөний хугацаа эхэлсэн.

Намайг Улаанбаатар хотод нөхрийгөө эмчлүүлж байтал дарга дуудсан. Би чөлөөний хугацаандаа ажилдаа иртэл ажил олгогч намайг 2016 оны 08 сарын 15-ны өдөр 26 дугаартай тушаал гарган өөрийн санаачилгаараа ажлаас чөлөөлсөн байв. ... Өөрийн гаргасан өргөдөлдөө засвар хийсэн нь ажил тасалсан болон чөлөөний хугацаа хэтэрсэн гэсэн ойлголтод ямар ч хамааралгүй болно. ... Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн. Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг шууд хэрэглэсэн нь ажилтан миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж хууль бус тушаал гаргажээ. Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, бас эд хөрөнгө ашиглан шамшигдуулаагүй. Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байлгасан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ны гүйцэтгэх захирал М.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: А.Будсүрэнг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Учир нь А.Будсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 1 сарын чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч 1 сарын чөлөө олгосон. Гэвч А.Будсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй. Ийм учраас Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Будсүрэнг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мөнгөн хөрөнгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.119.144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Будсүрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Будсүрэнд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 3.119.144 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 135.056 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсөл-Эрчим хүч” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасан зохицуулалтыг баримтлаагүй, журам болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх хариуцагч намайг А.Будсүрэн 2016-7-6-ны өдрөөс 2016-8-6-ны өдрийг хүртэл нэг сарын чөлөө олгосон гэдгээ нотолж чадахгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнэсэнгүй.

А.Будсүрэн нь “Хөвсгөл Эрчим-Хүч“ ХХК-нд мөнгөн кассын нярваар ажиллаж байхдаа 2016-7-6-ны өдрөөс 2016-8-6-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ байгууллагад 2016-6-6-ны өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийг нь хүлээн авч 1 сарын чөлөөг 2016-7-6-ны өдрөөс 2016-8-6-ны өдөр хүртэл олгохыг зөвшөөрч цохож шийдвэрлэсэн. Гэвч ажилтан Будсүрэн нь өөрийн дураар чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ буцаан авч засварлаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн. Будсүрэнгийн ...би 2016-7-6-ны өдөр чөлөө олохыг хүссэн хүсэлтээ ажил олгогчид өгсөн боловч удирдах албан тушаалтан байхгүй байсан учир би 2016-7-8-ны өдөр хүртэл 2 өдөр ажилласан... гэх тайлбараар өөрийн нь гаргасан хүсэлтийг удирдах албан тушаалтан шийдвэрлээгүй байхад ажлын байраа орхиж явснаар ноцтой зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл Будсүрэн өөрийнх нь гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхад ажлын байраа орхиж явсан, ажил таслан сахилгын ноцтой зөрчил гаргасан.

... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, тэрээр хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин хөлс, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэрэг нийт хичнээн төгрөгийг авч байснаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож ажилтны цалин хөлсний дунджийг бодож тооцоолсон нь тухайн  журмын дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн ажилтанд чөлөө олгохдоо байгууллагынхаа дотоод журамд захирагдахгүй, дураараа аашилж байгаагаас ажилтны хөдөлмөрлөх эрх маш ноцтой зөрчигдөөд зогсохгүй эцэст нь ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болгож байгааг хууль бус гэж үзэж байна. Ажилтан А.Будсүрэн нь чөлөө хүссэн өргөдлийг бичгээр гаргасан байхад, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн байгаагаас харахад, ажил олгогч шийдвэргүйгээр маргаж эцэст нь өөртөө ашигтай шийдвэрлүүлэхийн тулд үнэн худал үйл баримт цуглуулсныг шүүхээс бодитой үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ний захирлын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалаар А.Будсүрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Компанийн дотоод журмын 4.1-б заалт, Компанийн захирлын зөвлөлийн хурлын 08 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 6-р тал/

Дээрх тушаалыг эс зөвшөөрч  нэхэмжлэгч   “...чөлөөний хугацаанд ажлаас чөлөөлсөн, ... сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, эд хөрөнгө ашиглан шамшигдуулаагүй” гэсэн үндэслэлээр “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ний мөнгөн хөрөнгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн  нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу гаргасан  нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Будсүрэн нь “...ар гэрийн гачигдал гарсан” гэх  үндэслэлээр 1 сарын чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан байх ба ажил олгогч нь  ажилтны  хүсэлтээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар чөлөө олгосон нь   өргөдлийн доод хэсэгт  “1 сар хүртэлх хугацааны цалингүй чөлөөг олгох”  гэсэн тэмдэглэл хийж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаар /хх-ийн 78-р тал/ болон зохигчийн тайлбараар нотлогджээ.

Зохигч чөлөөний хугацааны талаар маргаагүй ба харин чөлөө эхэлсэн, дууссан өдрийн талаар маргаж,  нэхэмжлэгч “...амралтаасаа залгуулаад чөлөө авья гэж бодоод 7 дугаар сарын 06-ны өдөр өргөдлөө бариад очиход тухайн үед захирлын үүргийг гүйцэтгэж байсан Отгонбаяр, санхүүгийн менежер Мөнгөнцэцэг нар Улаанбаатар хот руу томилолтоор явсан гээд чөлөө цохож өгөх хүнгүй байсан. Би чөлөөгөө цохуулаагүй учраас хууль ёсны  ажил үүргээ гүйцэтгэж 2016 оны 7 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд албан ёсоор ажилласан. ...7 дугаар сарын 18-ны өдөр бичиг хэргийн ажилтнаас чөлөө цохсон эсэхийг асуухад 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны хооронд нэг сарын цалингүй чөлөө олгохоор 7 дугаар сарын 09-ны өдөр Отгонбаяр инженер цохсон байна гэсэн.” гэх  тайлбар, хариуцагч “...А.Будсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 1 сарын чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч 1 сарын чөлөө олгосон.” гэсэн тайлбар гаргажээ.

Чөлөө олгох эрх бүхий ажилтан албан томилолттой байсны улмаас  нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд ажилласан болох нь “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ний цаг бүртгэлийн программаас цаг бүртгэл татсан жагсаалт /хх-ийн 32-р тал/, нэхэмжлэгчийн тайлбараар, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан  7 дугаар сарын 06-ны өдөр албан томилолттой байсан нь албан томилолтын үнэмлэхээр /хх-ийн 81-82-р тал/ нотлогдож байх тул нэхэмжлэгчийг  үндэсний их баяр наадмын дараах ажлын өдрөөс буюу 7 дугаар сарын 18-ны өдрөөс чөлөөгөө эдэлж эхэлсэн  гэж  үзэхээр  байна.  

Ажилтны чөлөөний хугацаа 8 дугаар сарын 18-ны өдөр дуусах атал түүнийг “чөлөөний хугацаа хэтрүүлж, ажил тасалсан” гэсэн үндэслэлээр захиргааны чөлөөтэй байх хугацаанд нь буюу 8  дугаар сарын  15-ны өдөр  ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д  заасан“...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх эдлэх”, 35 дугаар зүйлийн 35.1.3-д  заасан “...захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэсэн заалтыг зөрчжээ.  

Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж  заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх боловч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг зөрчсөнийг баримтаар нотлоогүй тул А.Будсүрэнг мөнгөн хөрөнгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй гэж үзнэ.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батласан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.” гэж заасан боловч ажилтан  ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард ажиллавал зохих хоногийн хэмжээгээр ажиллаагүй  тул  ажилтны бүтэн ажилласан 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцон дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,056 /нэг зуун гучин таван мянга тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                       Т.ГАНБАТ