Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Г.С-тад холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Г.С-т, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий,

            хохирогч Н.Б-маа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, М.Ганцэцэг,  

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Б-маагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-тад холбогдох 201625020010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Буурал Да овгийн Ганжууржавын Г.С-т, 1970 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран барималч, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гүмүда” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 5; эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 40 дүгээр байрны 86 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧЛ70012479/

 

Г.С-т нь шунахай сэдэлтээр 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүмүда” ХХК-ийн байранд Н.Б-маад “АНУ-аас керамик эдлэлийн тоног төхөөрөмж оруулж ирж, хамтран ажиллая, их ашигтай” хэмээн итгэл төрүүлэн нийт 127,000,000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.С-тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.С-тад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж,

Г.С-тыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.С-таас 127,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-маад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг “CD”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Б-маа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг  буруу хэрэглэн Г.С-тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, надад учруулсан хохирол, түүний хувийн байдлыг үл харгалзан торгох ял оногдуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Г.С-тын надаас залилж авсан 127,250,000 төгрөгийг амьдралын эх үүсвэрээ болгож, өөрийн эмчилгээний болон хувийн хэрэглээний зардалдаа зарсан бодит нөхцөл байдлыг үл харгалзсан.

Г.С-тыг ямар ч орлогогүй, биеийн байдал нь маш хүнд, байнгын эмчилгээнд байсан, цаашид ч орлого олох боломж эргэлзээтэй болох нь гэрч Г.Номин, Д.Даваадорж нарын мэдүүлгээр нотлогдсоор атал түүний ийнхүү санаатайгаар өөрийн эмчилгээ, амьдралын санхүүгийн эх үүсвэр болгохоор намайг залилсан нөхцөл байдлыг үл харгалзсан.

Г.С-тын надаас мөнгө залилж авсныхаа дараа оршин суух хаягаа өөрчилж, утсаа авахгүй зугтаж байсан бодит нөхцөл байдлыг үл харгалзсан.

Г.С-тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх шатанд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд илтэд саад учруулж байсан /ирэхгүй байх, хуралдааныг удаа дараа хойшлуулах гэх мэт/ байдлыг үл харгалзсан.

Г.С-тын надаас мөнгө залилж авснаас хойшхи бүтэн 3 жилийн хугацаанд хохирлыг төлөх арга хэмжээ огт аваагүй, хохирлыг төлөхийн оронд харин ч зугтаж байсан байдлыг үл харгалзсан.

Г.С-т нь дээр дурьдсанчлан бүтэн 3 жилийн хугацаанд, мөн шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ч хохирол төлөх талаар арга хэмжээ огт аваагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирол төлөх бодит эх сурвалж нотлогдоогүй байтал түүний санхүүгийн байдлыг үл харгалзан төлөх хохирол дээр нэмж торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон. Шүүх “... Г.С-тад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоодсонгүй...” хэмээн дүгнэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үл харгалзан Г.С-тад тохирохгүй, хөнгөн ял оногдуулсан тул хэргийг давж заалдах журмаар хянан, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Хохирогч Н.Б-маагийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж байгаа. Энэ Эрүүгийн хуулийн зарчим бол гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хуульд заасан хөнгөн ялыг сонгож оногдуулна гэсэн зарчим хэрэгжиж байна. Гэтэл Г.С-тын тухайд гэм буруугаа зөвшөөрдөггүй, хохирол төлдөггүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй. Сая хохирогчийн хэлснээр шүүх хуралдааны дараа хохирлыг төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байсан. Тэгэхээр анхан шатны шүүх хохирогчийн хэлсэнчлэн шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж чадаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилж өгсөн. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ямар тохиолдолд торгох ял оногдуулах вэ гэхээр шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл шүүх эдгээрийг үл харгалзан эрүүгийн хариуцлагыг тохирсон байдлаар оногдуулаагүй гэж хохирогч гомдолтой байгааг хэлэх нь зүйтэй. Ийнхүү ялыг тохируулж хэрэглээгүй нь хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй хэмжээнд хүргэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, хэргийн нөхцөл байдлын хүрээнд ялыг хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Н.Б-маагийн өмгөөлөгч М.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

Шүүгдэгч Г.С-т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд бүх байдлыг үнэн зөвөөр хэлсэн. Ямар ч баримт байхгүйгээр шууд гүтгэлгийн шинж чанартай миний эрх зүйн байдлыг дордуулахаар санаатай худал ярьж байгаад маш их харамсаж байна. Анх би “зээл авъя” гэж хэлээгүй. Бид 2 найз нөхдийн харилцаатай байсан. Миний ажлын нөхцөл байдлыг мэдэж байсан. Хохирогч өөрөө надад санал тавьж зээлийн асуудал үүссэн. Анх 30.000.000 төгрөгийг аваад “одоо гэрээгээ хийх үү” гэхэд “үгүй, нэг мөсөн бүх мөнгөө өгч, авсны дараа гэрээгээ хийе” гэсэн. Н.Б-маа өөрөө тэр үед 3 орон сууцтай байсан. Нэгийг нь “10 жил хөлсөлж байгаа учраас тэр байраа зарж, мөнгийг нь чамд шилжүүлье” гэсэн. Байр нь зарагдахгүй 6 сар болсон. 6 сарын дараа зарагдаад үлдсэн мөнгөө өгч, гэрээгээ байгуулаад нотариатаар баталгаажуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаанд маш сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл тэр үед би хэвтэрт байсан учраас миний талаар бодитой зүйлийг тогтоогоогүй. Н.Б-маагаас авсан мөнгөө ажил хийх байрандаа засвар хийсэн. Бас ийш тийшээ явж судалгаа хийж, материал түүхий эд оруулж ирсэн. Яг ажил хийх гэж явсан уу, эсхүл зүгээр зарцуулсан уу гэдгийг тогтоох алхам хийгээгүй нь харамсалтай. Намайг бүх мөнгийг идэж, өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан юм шиг яриад байна. АНУ-аас тоног төхөөрөмж оруулж ирнэ гэсэн гэрээ байгуулаагүй. Гэрээний заалтад хувийн хэрэгцээнд зориулж гэж заасан. Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байсан. Түүнийхээ дагуу ажилд явж байгаад 2015 оны 5 дугаар сараас миний бие өвдөөд 7 дугаар сард элэгний дутагдал хүндэрч эхэлсэн. Уг нь жилийн хугацаатай гэрээ байгуулах байсан боловч хөрөнгө оруулалт, мөнгө өгөх асуудал нь 6 сар хойшилсон учраас 6 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй алданги тооцсон зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд амжихгүй байж магадгүй гээд гэрээгээ сунгах нөхцөлийг ярилцаж оруулсан. Гэрээний асуудал миний биеийн байдлаас шалтгаалж ийм болж байгаа учраас гэрээгээ сунгах гэтэл зөвшөөрөөгүй. 2015 оны 8 дугаар сараас хойш хэвтэрийн байдалтай байсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Надад ямар нэгэн залилан мэхлэх санаа сэдэлт байхгүй. Тэгж амьдрах шаардлага байхгүй. Анхан шатны шүүх ийм шийдвэр гаргасан учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Би төлөх нь гарцаагүй, ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Гэхдээ хувийн өш хонзонгийн байдлаар хандсан хандлага бий. Надаас мөнгө авах ёстой хүн чинь миний ажлыг бүтээсэй гэж бодох ёстой. Миний хамтран ажиллаж байсан бүх хүмүүс рүү очиж энэ хүн луйварчин гэж хэлээд намайг төлбөр төлөх чадваргүй болох талын зүйл хийсэн.” гэв.

 

Шүүгдэгч Г.С-тын өмгөөлөгч М.Алтан-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч давж заалдах гомдол болон гомдлынхоо үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Давж заалдах гомдол болон тайлбарыг сонсоход үндэслэлээ тодорхой тайлбарлахгүй байна. Хохирлын үнийн дүнгийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яригдсан. Н.Б-маа хохирлын үнийн дүнгийн талаар тодорхой мэдүүлдэггүй. Мэдүүлгүүдэд үнийн дүн нь зөрүүтэй байдаг. Миний хувьд мөрдөн байцаалтын шат дуусах үед өмгөөлөгчөөр оролцсон. Холбогдох байгууллагад хүсэлт, гомдол гаргасан. Н.Б-маа хохирол төлөгдөөгүй гэж яриад байна. Шүүхийн шатанд 2.000.000 төгрөг төлөгдсөн. Хэдийгээр шүүгдэгчийн бие эрүүл мэндийн байдал тааруу байгаа ч гэсэн хохирлыг багасгах арга хэмжээ авсан. Хохирогч давж заалдах гомдолдоо Г.С-тын үйлдлийг амьдралын эх үүсвэр болгосон, торгуулийн хөнгөн ял шийтгэл оногдуулсан учраас ялыг хүндрүүлэн өөрчилж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй байгаагийн зэрэгцээ хүнлэг бус байна. Хохирогчийн хувьд аливаа гомдол, санал байх боловч Г.С-тын эрүүл мэндийн байдлын эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдэхгүй, харахгүй асуудалд хандаж байгааг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна. Ял шийтгэлийг хүндрүүлэх нь хохирогчид ашигтай юу, түүний эрх ашигт нийцэх үү гэдэг дээр хохирогч болон түүний өмгөөлөгч нар бодитоор дүгнэлт өгөх ёстой байх. Анхан шатны шүүх Г.С-т нь элэгний дутагдалд орсон, элэгний хатууралтай, хэрэг шүүхэд шилжсэний дараа хагалгаанд орсон. Цаашдаа эмчийн хяналтад байнга байж элэгний өвчний хүндрэлээс сэргийлэн, улмаар элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн нөхцөл байдлаар ажил хөдөлмөр эрхэлж хохирол хор уршгийг арилгах боломжийг олгосон. Энэ нь өөрөө хохирогчийн эрх ашигт нийцсэн гэдгээр Г.С-тад торгуулийн ял шийтгэл оногдуулсан байх. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг анхан шатны шүүх үндэслэл болгож тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хэмжээний хүрээнд Г.С-тад ял оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.

Мөн Г.С-тыг ажил хөдөлмөр эрхэлж хохирогчид учирсан хохирлыг барагдуулах боломжийг бий болгож байгаа нь хохирогчийн эрх ашиг, сонирхолд нийцсэн гэж үзэж байна. Харин давж заалдах гомдолд дурьдсан ялыг хүндрүүлж, хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улмаар Н.Б-маа, Г.С-т надаас залилж авсан мөнгийг амьдралын эх үүсвэрээ болгосон нөхцөл байдлыг үл харгалзсан гэж гомдолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл Г.С-тын үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхийг санал болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзнэ. Хэргийн материалд Н.Б-маа, Г.С-т нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар хохирогч өөрөө гаргаж өгсөн. Анхан шатны шүүх тогтоолынхоо тогтоох хэсэгт Г.С-таас гаргуулах хохирлын дүнг тодорхойлохдоо энэ гэрээг үндэслэл болгосон. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг амаар байгуулсан. Дараа нь зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулсан нь хууль зөрчөөгүй. Хэн алиных нь эрх ашиг хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүсийн хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 184 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаагийн дээр нотариатаар гэрчлэгдсэн, зээлийн хүүг 1 сарын 8 хувиар тооцсон, мөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тусгасан. Гэрээнд талуудын хооронд холбогдох хуульд заасан гэрээг байгуулагдсан байхад Г.С-тын зээл авсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээх болсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа. Миний хувьд зээлийн гэрээтэй холбогдуулж хууль зүйн дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудын зээлийн гэрээ байгуулагдсан гэрээний тооцоо нийлсэн зэргээс харахад Г.С-тын зээлийн гэрээний хүрээнд хүлээх үүрэг тодорхой болж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтаар түүний үүрэг хариуцлага нэмэгдсэн.

Ийнхүү үүргээ тодорхой болгож хариуцлагаа нэмэгдүүлэхэд Г.С-т зайлсхийгээгүй. Н.Б-маа цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “хамтарч ажиллая гэж намайг төөрөгдүүлсэн” гэсэн зүйлийг бичсэн байдаг. Энэ нь Г.С-тад эрүүгийн хэрэг шалгах үндэслэл болсон. Үнэхээр хамтарч ажиллая гэж бодож байсан. Энэ нь үндэслэлтэй гэж тодорхойлж байгаа бол хамтран ажиллах ажлын хүрээнд ажил үүргээ хэрхэн яаж хуваариласан, хэн ямар хариуцлага хүлээх вэ. Үүнтэй холбогдуулж удирдлагыг хэн авах гэдэг хуульд заасан үндэслэлүүдийг мөрдөн байцаах ажиллагааны явцад тодруулах ёстой. Тэгж байж үнэхээр хамтран ажиллах санаа сэдэлт байсан эсэх, эсхүл Н.Б-маа өөрөө дотроо төсөөлөөд байна уу. Г.С-тын хувьд хамтран ажиллая гэсэн саналыг тавиагүй. Ер нь ажил мэргэжил, уран бүтээлийнхээ хувьд шаардлагатай мөнгө санхүүгийн асуудал байсан. Н.Б-маагаас авсан зээлийн асуудал нь үйлдвэрлэлээ сайжруулах, тоног төхөөрөмж авах, түүхий эдийн болон зах зээлийн судалгаа хийхэд зарцуулсан гэдгээ хэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа болон Н.Б-маагийн хувьд бүгдээрээ хамтран ажиллах гээд хөрөнгө оруулалт хийгээд байна уу, эсхүл үнэхээр зээл үү гэдгийг өнөөдөр ялгаж салгаагүй. Тийм учраас давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Г.С-тын эрүүл мэндийн хувьд стрессгүй байх, дарамтгүй байх нь цаашдын ажилд нь нөлөөлөх шалтгаан байгаа учраас давж заалдах гомдлоо албан ёсоор гаргаагүй. Магадгүй энэ хүний стрессгүй, дарамтгүй байх нөхцөл байдал нь хохирлыг барагдуулах, бүтээлээ туурвих ажил үүргээ гүйцэтгэхэд туслах байх гэж бодож байна.” гэв.

 

Прокурор Т.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Энэ нь шүүх өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тус зүйл, хэсэг, заалтад заасан хорих болон торгох ялаас сонгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч торгуулийн ялыг төлөөгүй тохиолдолд 15 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгийг хорих ялаар солихыг дурьдаж өгсөн. Эдгээр нөхцөл байдал нь шийтгэх тогтоолд дурьдагдаж үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хувийн байдлыг харгалзалгүй ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж гомдолд дурьдагдсан. Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн байна. Шүүгдэгчийн биеийн байдал хүнд, элэгний хатуурал өвчтэй зэрэг хувийн байдлыг шүүх харгалзан торгох ял оногдуулсан нь тохирсон байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.С-тад холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хохирогчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/, 1.5 /гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ/-д заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг адил бэхжүүлж, тал бүрээс нь бүрэн бодитой шалгах шаардлагыг зөрчиж хэт нэг талыг барьсан байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.С-т нь “АНУ-аас керамик эдлэлийн тоног төхөөрөмж оруулж ирж, хамтран ажиллана” гэж хохирогч Н.Б-мааг төөрөгдүүлж, итгэлийг нь эвдэж их хэмжээний мөнгө залилсан гэх боловч гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тэдний хооронд мөнгө өгч авалцах болсон шалтгаан нь хамтран ажиллах тохиролцоонд үндэслэсэн үү, эсхүл зээлдүүлсэн үү гэдгийг тогтоох, хэрэв хамтран ажиллах тохиролцоотой байсан бол Г.С-т энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан эсэх, түүний биеийн эрүүл мэндийн байдал тохиролцоогоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн эсэх, эсхүл анхнаасаа зохиомол зүйлийг зориуд бий болгож хохирогчийг төөрөгдүүлсэн эсэхийг нэг мөр тогтоох нь Г.С-тын хохирогчоос мөнгө авсан үйлдэл иргэний эрх зүйн маргаан уу, залилах гэмт хэрэг үү гэдэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байна.

 

2. Прокурор, шүүх хохирлын хэмжээг 127,250,000 төгрөг гэж үзсэн байх боловч хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтууд зөрүүтэй байна. Тухайлбал: хохирогч Н.Б-маагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “... нийтдээ 180,000,000 төгрөг авсан...” /1-р хх 4/, хохирогчоор байцаасан тэмдэглэлд “... 127,250,000 төгрөг ...” /1-р хх 12/, “... нийт 129 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний задаргааг хийгээд хүснэгтлээд хохирлын тооцоогоо хийгээд гаргаж өгнө. Одоо цээжээр сайн санахгүй байна...” /1-р хх 169/ гэж хохирлын хэмжээний талаар мэдүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний задаргаа гэх баримтад /1-р хх 67/ Н.Б-маагаас Г.С-тад 11 удаагийн үйлдлээр нийт 67,885,000 төгрөг, 4,400 ам.доллар өгч, үүний хүү 50,880,000 төгрөг, алданги 1,272,000 төгрөг болсон, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны дараах төлөх дүн 106,000,000 төгрөг, хүү 50,880,000 төгрөг, алданги 1,272,000 төгрөг ... нийт 170,152,000 төгрөг гэж тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд дээрх мөнгөн дүнгүүдийн аль нь бодит хохирол гэж үзэх нь тодорхой бус байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тогтоох шаардлагатай. 

 

3. Шүүгдэгч Г.С-таас гаргаж өгсөн гэх бичлэг бүхий компакт дискийг /1-р хх-230-232, 237/ хэрэгт хавсаргахдаа нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүйгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С-тад холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан хохирогч Н.Б-маагийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С-тад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.С-тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН