Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0344

 

 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ш.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Л.Б, Ш.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э” ТӨҮГазрын нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг гаргаж 1 дэх заалтаар “Э” ТӨҮГ-ын ус олборлон түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд Сэлэнгэ мөрний сав газраас олборлож байгаа нийт усанд 3 хувийн хорогдол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ус хангамжийн үйлчилгээний төлбөр тооцоонд 18 хувийн хорогдол, энэхүү хэмжээнээс бохир усны үйлчилгээнд 10 хувийн шингээлт тооцохыг “Э” ТӨҮГ, “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иудад даалгаж, 2 дахь заалтаар “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн цэвэр, бохир усны хуримтлагдсан өр төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хоорондын тооцоо болон бусад арга замыг ашиглан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандан шийдвэрлүүлэхийг Орхон аймгийн Засаг дарга, “Э” ТӨҮГ, “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д тус тус үүрэг болгосон.

Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр юм. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд хангагч, хэрэглэгч хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг гэрээгээр зохицуулах, хэрэглэгчийн эрх, үүргийг зохицуулсан 15 дугаар зүйлийн 15.1.13-д хэрэглэгч нь усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх, цэвэр бохир усны хэмжээг тогтоохтой холбоотой 20 дугаар зүйлийн 20.1-д “Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтын үндэслэн тооцно” гэсэн заалтуудаар хэрэглэгчийн худалдан авсан усны хэрэглээнд ямар нэг хорогдол, шингээлт тооцохгүйгээр зөвхөн усны тоолуурлын заалтаар тооцох хуулийн бүрэн зохицуулалттай байтал анхан шатны шүүх анхаар ч үзсэнгүй.

Мөн хэрэглэгч болох “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх эрх хэмжээ “Э” ТӨҮГ-ын төсвийн ерөнхийлөн захирагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Э” ТӨҮГ болон түүний ерөнхий захиралд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 16 дугаар зүйлүүдэд зааснаар олгогдсон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан шинжийг агуулж байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолд тус тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хэнд хэрхэн, ямар хугацаанд гаргах талаар тусгасан заалт байхгүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр захиргааны акт гаргах шаардлагыг хангахгүй буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болно.

Захиргааны ерөнхий хуульд хууль бус захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар тодорхойлж өгсөн байтал шүүх маргаан бүхий 36 дугаар тогтоолыг хууль ёсны гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Э” ТӨҮГазраас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Э” ТӨҮГ-ын ус олборлон түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд Сэлэнгэ мөрний сав газраас олборлож байгаа нийт усанд 3 хувийн хорогдол тооцохыг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ус хангамжийн үйлчилгээний төлбөр тооцоонд 18 хувийн хорогдол, энэхүү хэмжээнээс бохир усны үйлчилгээнд 10 хувийн шингээлт тооцон гэрээг жилийн эхнээс буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн байгуулж ажиллахыг “Э” ТӨҮГ, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК нарт даалгаж, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн цэвэр, бохир усны хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг хоёр байгууллагын хоорондын тооцоо болон бусад арга замыг ашиглан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж шийдвэрлүүлэхийг Орхон аймгийн Засаг дарга болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт үүрэг болгосон байна.

Тус маргаан бүхий актыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ...захиргааны акт гаргах шаардлагыг хангахгүй буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан...” гэх давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс хангах хууль зүйн боломжгүй байна.

Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн зорилт нь суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлд зохицуулах зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан байна.

Тодруулбал, хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “...цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх гомдол үндэслэлгүй тул өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал батлах” эрхийг хариуцагчид олгосон. Тиймээс маргаан бүхий актаар шийдвэрлэсэн “нийт усанд 3 хувийн хорогдол, үйлчилгээний төлбөр тооцоонд 18 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээнд 10 хувийн шимтгэл тооцон гэрээ байгуулах”-ыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд харшлаагүй, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзэхээр байна.

Түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг үндэслэж маргасан. Гэтэл хариуцагчид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхийг олгосон байна.

Тиймээс анхан шатны шүүхийн “хариуцагчийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар...” энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН