Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 426

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Алимаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0182/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бгийн Тд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт Бгийн Т нь Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх дэлгүүрийн үүднээс бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Л.Чын эзэмшлийн “Sonata 7” маркийн ... УНД улсын дугаартай автомашиныг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Л.Чтой Да хүрээ зах дээр анх уулзаж танилцсан. Машиныг чинь үзэж харж байгаад худалдаж авъя гэхэд тэг тэг гэсэн. Би түүний машиныг жолоодож үзсэн. Хохирогч “би Хөвсгөлөөс ирээд удаагүй байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд намайг хаана байдгийг асуухаар нь би хөдөө байдаг гэж хэлсэн. Намайг хаана хонох юм гэхээр нь би буудалд хононо гэхэд буудалд хоноод яах юм, очоод манайд хоночих гээд намайг дагуулаад Халдвартын урд талд байх гэртээ аваачсан, би тэдний гэрт хоносон. Л.Ч надаас мөнгө хаанаас олох юм гэхэд нь би банкнаас зээл авах гэж байгаа зээл гарахаар нь шууд өгнө гэж хэлсэн. Маргааш нь Л.Ч надад “би хотод машин сайн барьж чадахгүй, чи миний машиныг бариад явчих” гэхээр нь машиныг нь жолоодоод “Хөтөл” төв рүү явсан. Ч “Хөтөл” төв рүү ороод хүнээс повэрбанк аваад ирье гээд машинаас буугаад орохоор нь би машиныг нь унаад яваад өгсөн юм. Тэгээд би Чын машинаар таксинд яваад Толгойтын тэнд нилээн уруу нэг гудамж руу ороод хүн буулгачихаад дээшээ гарах гэсэн чинь машин нь хүч алдаад газ нь дуусаад хойшоо ухарсан чинь шон байсныг харалгүй машинаар нь мөргөсөн. Тэгээд хүмүүс шаваад тусламж гуйж машиныг гаргаад гудамжны үзүүрт машиныг нь орхиод би яваад өгсөн юм гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

 “... Би 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгаас гараад Улаанбаатар хотод ирээд хүүхдээ сургууль, байранд нь оруулж өгчихөөд “Да хүрээ” зах дээр өөрийн эзэмшлийн ... УНД улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгслээ зарах гээд 20 гаран хоног зогссон. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл таних 25-30 орччим насны нэг эрэгтэй хүн ирж уулзаад таны машиныг авна, хүнд битгий зараарай, би банкнаас зээл аваад ийм машин авах гэж байгаа юм гэж хэлчихээд миний машиныг унаж үзээд хонох айл байхгүй гээд манай гэрт ирж хоносон. Маргааш өглөө нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө нөгөө залуу бид хоёр манай гэрээс гараад миний машинтай гадуур явж байгаад би Хөтөл дээр таньдаг хүнээсээ повербанк авах гэж зогсоод нөгөө залууг машиндаа үлдээчихээд орж повербанкаа аваад буцаад гарч ирсэн чинь миний машиныг хулгайлж унаад авч зугтаасан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу өөрийнхөө нэрийг танилцуулаагүй. Би 11.500.000-аас яриад 10.800.000 төгрөгөөр зарна гэж ярилцаж байсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй, миний машиныг шууд хулгайлаад аваад явчихсан. Ойролцоогоор 170-175см орчим өндөртэй, биедээ таарсан махтай, барзгардуу нүүртэй, жаахан улаандуу хацартай, бор царайтай залуу байсан. Миний машинд GPS байхгүй. 2012 оны мөнгөлөг саарал өнгийн, урагшаа механик 6 араатай, зөв талдаа рультэй, толин дээрээ дохиотой, арынхаа шилэн дээр “Sonata-7” логотой, ... УНД улсын дугаартай автомашин байгаа. Би 2018 оны 9 дүгээр сард 11.500.000 төгрөгөөр авч байсан, үнээр нь үнэлнэ. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Миний автомашиныг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Гэхдээ би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл миний автомашин бол 2012 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2017 оны 5 дугаар сард импортлогдсон. Харин би 2018 оны 9 дүгээр сард 12.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд Тд зарна гэсэн үнээрээ үнэлж мэдүүлэг өгсөн. “Sonata-7” машинуудын минийхтэй ижил үйлдвэрлэгдсэн болон Монгол Улсад орж ирсэн, цаг хугацаатай ижилтэй нь гадуур, Да хүрээ зах гэх мэт газраар 13.000.000 төгрөгийн ханштай байсан. Үнэлгээний газрын үнэлгээг би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн бүтэн байхад нь алдсан. Машинаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагдаагаас дуудахад нь очиж үзээд хүлээж авахад хойд багажны таг, хойд гупер, 3 дугуй нь хагарсан, ухрахын камер алга болсон, усны радиотар хагарсан, аккумлятор ажиллагаагүй болсон, хроп дуугараад араа нь солигдохгүй явахгүй болчихсон байсан. Багажны тагийг шинээр Өгөөмөр захаас 150.000 төгрөгөөр худалдаж авсан, доторлогоо зөөлөвч нь ашиглагдахгүй болсон байсан учир 25.000 төгрөгөөр авсан, хойд гуперийг мөн адил Өгөөмөр захаас 150.000 төгрөгөөр, ...80а/ц-тай аккумляторыг 140.000 төгрөгөөр шинээр авсан, хуучин нь цэнэг авахгүй, ямар ч ажиллагаагүй болсон байсан. Усны радиотар хагарсан байсан учир Өгөөмөр захаас 200.000 төгрөгөөр, дотор нь хийх 5 литр тосолыг 17.000 төгрөгөөр, хроп засвар авахгүй учир Өгөөмөр захаас орж ирсэн хроп 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Машинаа алдаад дээрээс нь дахиж эвдэрч гэмтсэн эд зүйлийг шинээр авахад дээрх хэмжээний хохирол надад нэмж үүсчихээд байна. Шинээр худалдаж авсан өртгөөр эвдэгдсэн эд зүйлээ үнэлж байна. Дээрх эд зүйлсийг захаас худалдаж авсан учир надад ямар нэгэн баримт өгөөгүй. ...Тухайн машин бол миний өмчлөлд байдаг. Харин манай хадам дүү Болдсайхан намайг машин авахад хамт явж байсан. Болдсайхан хотын пасспорттой байсан учир хотын дугаар авах боломжтой гээд түүний нэр дээр авсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Автомашинаа алдсан өдрийн өмнө Б.Т манайд хоночихоод бид Да хүрээ зах руу явсан. Дараа нь Баянхошууны Хөтөл явсан юм. Баянхошууны Хөтөлөөс би хүнээс өөрийнхөө юмыг авах гэж очсон. Тухайн үед Б.Т миний автомашиныг худалдаж авна гэсэн учир тэр миний машиныг жолоодож явсан. Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр ...ийн гадна ирээд Б.Т миний машинд сууж үлдээд би дотогш орж хүнээс юм авчихаад удаагүй гарч ирэхэд миний машиныг Б.Т унаад чигээрээ хөдлөөд явж байсан. Би хөөе гэж дуудахад хараагүй явчихсан. Би Тыг ойрхон явсан юм байх гэж бодоод тэндээ 20-30 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь цагдаад хандсан юм. 3 дугуйг хий эргүүлсээр байгаад хагалчихсан, шинэ, хээ сайтай дугуй байсан боловч халзан болчихсон, аккумлятор бол дахиж цэнэг авахгүй байсан, радиотар нь цоороод хагараад бүх тосол нь цацраад гоожчихсон байсан. Машин асаахад хроп дуугараад машин хөдлөхгүй болсон байсан. Тэгээд би эдгээрийг шинээр авч машиндаа тавьсан юм. Би гомдолтой байна. Тухайн үед шинээр авсан гупер, багажны таг хоёрыг будуулсан, багажны хайрцаг чихэгдсэн байсныг Вьетнам засвараар засуулсан. Өөрт учирсан хохирол болох 2.637.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

2. Насанд хүрээгүй гэрч Ч.Нямбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ах, эгчтэйгээ байж байтал манай аав нэг танихгүй хүнтэй орж ирээд “би машинаа энэ хүнд зарах гэж байгаа, маргааш банкаар явна” гээд хоол цай идэж ууж байгаад аавтай юм яриад сууж байсан. Би нөгөө машин авах гэж байгаа танихгүй залуу сэжигтэй санагдаад зургийг нь авчихвал буруудахгүй юм шиг санагдаад өөрийнхөө гар утсаар нууцаар зургийг нь авчихсан юм. Маргааш өглөө нь би гэрээсээ 07 цаг өнгөрөөгөөд гарсан, хичээл дээрээ сууж байтал үдээс хойш манай эгч Ч.Нямсүрэн над руу утсаар залгаад “аав машинаа алдчихсан байна” гэхээр нь “ямар хүн авсан юм бэ” гэтэл “нөгөө манайд хоносон хүн авсан” гэхээр нь би өчигдөр орой зургийг нь нууцаар дарчихсан байгаа гээд өгсөн юм. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг 24 минутад өөрийн Iphone-5 маркийн гар утсаараа 2 ширхэг зураг дарсан юм. Аавыг машинаа авсны дараа Өгөөмөр зах руу аав, эгч хоёртойгоо цуг яваад машины эд зүйл авсан. Миний санаж байгаагаар аккумлятор, 3 ширхэг дугуй, хойд гупер, багажны таг, багажны доторлогоо, радиотар, тосол, багажинд суурилуулдаг камер зэрэг эд зүйл явж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

 

3. Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай аавын машиныг худалдаж авна гэсэн хүн хонох газаргүй гээд манайд ирж хоносон юм. Маргааш нь манай аавтай цуг гадагшаа гарсан. Тэр өдөр нь манай аав байж байгаад манай гэрт ирж хоносон хүнд машинаа алдчихсан гэж утсаар хэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байсан. Аав маань машинаа Баянхошууны Хөтөл дээр алдсан байсан. Тэгээд Баянхошууны Хөтөл хэсгийг хариуцсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр дуудсан. Тэгж л болсон хэргийн талаар мэдсэн. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр автомашинаа очиж авсан. Аавын машины дугуйнууд хагарсан, багаж, хойд гупер нь цөмөрсөн, тосол нь тургичихсан байсан. Машинаа буцааж авснаас 7-10 орчим хоногийн дараа аавтай хамт “Өгөөмөр” захаас багажны таг, хойд гупер, 3 ширхэг дугуй, 80 а/ц-тай аккумлятор, багажны дотор, ухрах камер, усны радиотар, хроп, радиотарт хийх 5 литр тосол зэргийг хамт явж авсан. Манай машин асахгүй, өөрөө явах ямар ч боломжгүй болчихсон байсан учир өөр автомашинаар чирч авч явсан. Манай аав автомашиныг зарах гэхээр улсын дугаар нь хотынх бус орон нутгийн дугаар болох гээд байсан. Тэгээд манай нагац ах З.Болдсайханы нэр дээр машинаа бүртгүүлж авсан юм. Уг машин манай аавын өөрийнх нь машин байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

 

4. Гэрч З.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр мэдүүлсэн:

“...Л.Ч бол манай хүргэн ах байгаа юм. Түүний эхнэр нь манай үеэл эгч юм. Тухайн автомашин бол миний нэр дээр байдаг, манай хүргэн ах Л.Чын өмчлөлийн автомашин юм. Анх удаа худалдаж авахдаа миний нэр дээр шилжүүлчихсэн. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй яваад байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

5. Гэрч Д.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед өөрийн найз охинтойгоо уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр авто сургуулийн буудлаас 1000 төгрөгийн таксинд сууж Толгойт орох гээд зогсож байтал “Sonata-7” маркийн автомашинтай 1 залуу ирээд надтай хамт 5 хүн суулгаад Толгойт ороод нөгөө хүмүүсийг буулгачихаад хойшоо найз охиныхоо гэр рүү уг залууд мөнгө нэмж өгөөд таксидаад, замдаа юм яриад явж байтал намайг аль нутаг уу гэхээр нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх гээд Баян-Өндөр сумаас хүн таниад байсан. Манай найз охины гэрт очих гээд дээшээ өгсөөд явж байтал машиных нь газ дууссан эсвэл хүч алдсан байх ухраад гэрлийн шон мөргөөд зогссон. Машин нь тухайн үед унтарчихсан, нөгөө жолооч залуу машинаа асаах гээд дахин дахин түлхүүрээ дарсаар байгаад аккумлятор нь суучихсан. Тэгээд машинаа тэндээ орхичихоод манай найз охины гэрт надтай очиж архи ууж хоносон. Тэр жолооч өөрийгөө Баяраа гэж танилцуулж байсан. Маргааш өглөө нь надтай хамт машин руугаа явган алхаж очоод тэр хавийн хүмүүсийг гуйж дуудаж байгаад машинаа гудамж руу түрж зогсоосон. Тэгээд машин дотроо жаахан юм ярьж сууж 1 шил архи уусан. Машинаа түгжээд доошоо төв зам дагуу байх буудал руу алхаж очсон. Би таньдаг ахаасаа мөнгө авсан, Баяраа мөнгөгүй гэж байсан болохоор Баярааг дагуулж буудал орсон юм. Тэгээд дахиж 1 хоног архи уусан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буудлын тооцоо хийхэд мөнгө дутаад байсан. Баяраагаас 200.000 төгрөг олдох уу гэж асуухад мөнгө олж ирье гэсэн. Гадаа хүйтэн байсан болохоор түүнд би өөрийн өмсөж байсан дээл, ноосон малгайг өмсүүлж явуулсан. Тэр өдөр Баяраа эргэж ирээгүй болохоор буудлын тооцоог хүнээс мөнгө авч хийгээд явсан юм. Тэгээд дахиж Баяраатай холбогдож чадаагүй. Баяраа надад Да хүрээ зах явна гэж ярьсан. 2 байртай, 1 байраа 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж байсан. Өөрийнх нь ээж Америкт охин дүүтэй нь хамт байдаг, аав нь бага байхад нь салаад явсан гэсэн. Баяраа өөрийгөө автомашины ченж хийдэг, ээж нь мөнгө явуулж уг автомашиныг авсан гэж ярьж байсан. Анх уулзахад арын гупер нь жаахан хонхойчихсон байсан, би энэ гуперээ янзлаач гэсэн чинь наадахыг чинь халаагаад гаргачихдаг юм гэсэн. Анх уулзсаны орой манай найз охины гэр рүү явж байгаад хүч алдаад эсвэл газ нь дуусаад гэрлийн шон мөргөөд хойш тээш нь тэр чигээрээ хонхойгоод орчихсон. Би Баяраа гэх залууг таньдаггүй, урьд өмнө нь харж байгаагүй. Би Баяраатай найзууд болсон болохоор хувцсаа өгсөн. Би өөрөө хувцсаа өгөөд явуулсан. Надаас Баяраа гуйж аваагүй болохоор надад гомдол санал байгаагүй. Баяраад мөнгө байхгүй гэсэн болохоор нь би өөрөө даахаар болж Баярааг дагуулж явсан болохоор надад нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

6. Гэрч Н.Гунгаадондовын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Одоогоос 10-аад хоногийн өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын эхээр ажлаасаа иртэл манай гэрийн хашааны зүүн талд “Sonata-7” маркийн автомашины хойд тээш нь хонхойчихсон байсан. Хажуу талын айлаасаа асуухад 1 залуу унаж яваад зүүн дэнж рүү өгсөөд хүч алдаад гэрлийн шон мөргөчихсөн, тэр хавьд явж байсан хүмүүс өргөж шонгоос нь зайлуулсан чинь газ нь дуусчихсан байсан, тэгээд тэр чигээр нь хаячихсан гэсэн. Тэгээд удаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Жолооч нь ямар хүн байсныг нь мэдэхгүй байна, намайг ирэхэд явчихсан байсан. Би уг машины жолооч анх хэзээ манай энд ирсэн өдрийг нь сайн санахгүй байна. 10 гаран хоногийн өмнө манай энд ирсэн. Манай энэ хавийн хүмүүсийн яриагаар анх энэ машин ирэхэд дотор нь хүмүүс архи уугаад байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

7. Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Манай цагдаагийн хэлтсийн нутаг дэвсгэрээс алдагдсан “Хьюндай Sonata-7” маркийн тээврийн хэрэгсэл олдсон гэж Ачит 10-т мэдээлэл ирсэн тул тухайн тээврийн хэрэгсэлд очиж үзлэг хийсэн. Тухайн автомашины хойд тээш нь хонхойж чихэгдсэн байдалтай, 3 дугуй нь хагарчихсан байсан. Харин урд копутыг нээж үзэхэд ямар нэг эд зүйл алдагдсан гэхээр зүйл ажиглагдаагүй. Үзлэг хийж дуусчихаад автомашины эзнийг ирэхээр нь хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед автомашиныг би асааж үзээгүй. Харин машины эзэн машинаа чирүүлж авч явна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

 

8. Гэрч Э.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Б.Т бол миний зүс таних найз байгаа юм. 2018 оны 6 дугаар сард танилцсанаас хойш Бэлхэд байдаг манай гэрт надтай цуг түр амьдарч байсан.

2018 оны 9 дүгээр сард би түүнтэй цуг амьдарч байгаад гэрээсээ явуулсан. 10-73 УНЛ улсын дугаартай “Хьюндай Верна Аксент” маркийн автомашин бол миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийн мотор нь цохичихоод Бэлхэд байдаг хашаандаа тавьчихсан байгаа. Бэлхэд байдаг гэр маань Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Цагаан худгийн буудал, 36 дугаар гудамжны 2-26 тоотод байдаг. Намайг эзгүй байхад манай гэрээс очоод миний машины улсын дугаарыг авчихсан байсан. Би тухайн үед машиныхаа улсын дугаарыг хулгайд алдсан гэж бодсон юм. Дараа Б.Т миний машины дугаарыг авч явсан байсныг цагдаагаас мэдсэн. Би улсын дугаараа шинээр 10.000 төгрөгөөр дахиж авсан. Миний автомашины улсын дугаар гараар татахад салчихдаг, сул байсан юм. Б.Т надаас зөвшөөрөл авч миний машины улсын дугаарыг аваагүй. Т гэрээсээ дайжчихаад явж байгаа гээд манайд хэсэг хугацаанд байсан. Тухайн үед түүний ээж нь Америк улсад ажиллаж амьдардаг талаар ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Да хүрээ” зах дээр машин сонирхоод явж байсан. Тэгтэл зах дээр 40 орчим насны эрэгтэй хүн “Sonata 7” маркийн машин зарах гээд зогсож байхаар нь очиж энэ ямар үнэтэй машин юм бэ, хийлгэх юм байгаа юу гэж асуухад тэр хүн хийлгэх юм байхгүй, 13.000.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би унаж үзье гээд машиныг нь унаад “Да хүрээ” зах дотроо явж байгаад үнийг доошоо ярих уу гэтэл 12.000.000 төгрөгөөр авбал ав гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод тэр ах хот дотор машин сайн барьж чадахгүй, чи бариад захаас гарчих гэхээр нь за гэж хэлээд машиныг нь бариад явсан. Маргааш нь мөнгийг нь өгье гээд, би тэр ахад хандаж Өмнөговь аймгийн “Оюу толгойд” ажилладаг хөдөөний хүн байгаа юм, өнөөдөр буудалд хононо гэж хэлсэн. Тэгтэл тэр ах буудалд хонож байхаар манайд очиж хоно гэж хэлэхээр нь би тэр ахын гэрт очиж хоносон. Гэрт нь хоночихоод маргааш өглөө нь хоёулаа гараад тэр ах “хоёулаа Баянхошуу руу яваад хүнээс юм авъя” гэж хэлээд би “Sonata 7” маркийн тээврийн хэрэгслийг бариад явсан. Баянхошууны “Хөтөл” дээр очоод “Хөтөл” худалдааны төв рүү тэр ах орчихсон. Надад машин авах мөнгө байгаагүй, худлаа хэлсэн байсан болохоор шууд 7 буудал руу машиныг нь унаад явсан. “Зайсан вилла” гэх барилгын газарт урьд хамт ажиллаж байсан Одбаяр гэх залуутай Бэлхийн тэнд байдаг гэрт нь очиж уулзаад энэний дугаар нь явахгүй болохоор чи надад машиныхаа дугаарыг өгчих гээд найзынхаа “Верна” машиных нь 10-73 УНЛ гэсэн улсын дугаарыг аваад өөрийнхөө унаж явсан “Sonata 7” маркийн тээврийн хэрэгсэлд зүүгээд унаад явсан. Түүнээс хойш 3 орчим хоног гадуур халтуур хийж явж байгаад Оргил гэх залуутай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд тааралдаж танилцсан юм. Оргилын хамт Орбит руу Оргилын найз охин гэх эмэгтэйн гэрт очиж тэдний гэрт архи ууж хоносон. Маргааш өглөө нь Оргил бид хоёр таксинд явж байгаад газ нь дуусаад хүч алдаад хойшоо ухраад гэрлийн шонгийн мод мөргөөд зогссон. Бид хоёр тэнд нь машинаа орхиж үлдээгээд Толгойтын эцсийн буудалд очиж архи уугаад хоносон. Маргааш өглөө нь бид хоёр машин дээр очоод тэнд явж байсан хүмүүстэй хамт түрээд гудамжны үзүүрт тавиад орхисон. Оргил надад хандаж 200.000 төгрөг олоод өгчих, буудлын мөнгө, дэлгүүрийн мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө олдохгүй байсан болохоор тэндээсээ яваад дахиж Оргилтой уулзаагүй. Мөн хүнээс авсан “Sonata 7” машин дээр дахиж очоогүй. Манай ээж Б надтай яриад ээж нь хэдэн төгрөг өгнө, чи юу ч гэсэн машинаа үзэж бай гэж хэлсэн юм. Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Да хүрээ” зах дээр тэр машиныг авсан. Маргааш нь ээжтэй ярихад ээжийнх нь мөнгө бүтсэнгүй, 2-3 хоногоос болъё гэж хэлэхээр нь тэр ахыг Баянхошууны Хөтөл дээр зогсож байхдаа мөнгө байхгүй байсан болохоор машиныг нь аваад явчихъя гэж бодоод унаад явсан юм. Би улсын дугаарыг нь одоо сайн санахгүй байна. Би хохирлоо барагдуулна. ...Би авсан машиныхаа хойд талын багажны таг, хойд гупер, багажны дотор, ухрах камер зэргүүдийг эвдсэн. Эдгээрийг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Бусад зүйлүүдийг бол эвдлээгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

10. “Сонота-7” маркийн машин 10 гаруй хонолоо гэх дуудлагын дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 1 тоот гэсэн хаяг байх ба уг хаягаас урагшаа гэрлийн шонгоос 28 метрийн зайд байх Сонота-7 маркийн, 1073 УНЛ гэсэн дугаар зүүсэн автомашины байх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-13 дугаар тал),

11.2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Л.Чын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

12. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрч Ч.Нямсүрэнг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...нэгээс дөрөв хүртэл дугаарласан хүний зургийг гэрч Ч.Нямсүрэнд үзүүлэхэд би хараад шууд таньлаа, манай гэрт хоносон учир түүний царайг тогтоож авсан гээд 4 дугаартай байгаа Б.Тын гэрэл зургийг заав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

 

13.“Мастер үнэлгээ” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/127 дугаартай үнэлгээнд ... УНД улсын дугаартай “Sonata-7” машины зах зээлийн үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тогтоосон тайлан (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-18/126 дугаартай үнэлгээнд автомашины сэлбэг зэргийн зах зээлийн үнийг тогтоосон тайлан (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),

- ... УНД улсын дугаартай Sonata-7 загварын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 100 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

14. Гэрч Л.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Б.Тын нагац эгч нь байгаа юм. Түүний ээж Л.Б нь миний төрсөн дүү юм. Ээж нь ааваас нь салаад АНУ-д очиж ажиллаж амьдрах болсон. Тыг Түвшинбаяр гэдэг байсан. Бид нар Баяраа гэж дууддаг юм. Их дээд сургуульд сураагүй. Эхнэр хүүхэдтэй болсон боловч салчихсан гэсэн. Ээж нь орон байр, унах машин хүртэл авч өгсөн. ...Мэргэжилгүй, өөрөө ажил хийхгүй болохоор ийм байдалд хүргэсэн. Албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б-56 тоот гэж явдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

 

15. Гэрч Л.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Б.Тын нагац эгч нь байгаа юм. Түүний ээж Л.Бгийн төрсөн эгч нь юм. Б.Тыг бага байхаас нь ар гэрийнх нь түүнийг Баяраа гэж дууддаг юм. Бага байхад нь бичиг баримт дээр нь маргаан гараад Түвшинбаяр, Т гэж байсан. Ээж нь хүүхдээ төрүүлээд эмээ, өвөөд нь орхиод сургуульд 4 жил сураад БНСУ-руу магистрт 2 жил яваад хүүтэйгээ 1 жил хамт байж байгаад АНУ-руу явсан. Т бага насаа өвөө, эмээгийн гар дээр өссөн. ...Тогтсон ажилтай байгаагүй. Ээж нь байр, машин авч өгсөн боловч үрэн таран хийсэн. Эхнэр хүүхэдтэй байсан боловч салчихсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

 

16. Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дугаар тал), түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 109 дүгээр тал), Б.Тын нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 116-117 дугаар тал), түүний Хаан банкинд данс эзэмшдэг талаарх албан тоот (хавтаст хэргийн 126 дугаар тал), “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Хас банк”-нд тус тус данс эзэмшдэггүй гэх хариу тоотууд (хавтаст хэргийн 127-129 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Прокуророос шүүгдэгч Б.Тыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Т нь илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч мэдүүлэгтээ “намайг ороод гараад ирэхэд миний машиныг унаад явсан би ардаас нь хүүеээ гэж орилоход миний нүдэн дээр илээр авч явсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг үндэслэж хэрэгт авагдсан нотлох баримтуудын үндсэн дээр прокурор мөрдөн шалгах ажиллагаанд залилах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Хохирогч өөрөө сайн дураараа эд хөрөнгөө шилжүүлж өгсөн асуудал байдаггүй. Шүүгдэгчид машинаа харж бай гээд үлдээх нь эд хөрөнгө шилжүүлж өгсөн үйлдэл биш юм. Эд хөрөнгийг шилжүүлж өгсөн зүйл байхгүй болохоор залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг нөхөн төлөөд хохирол төлөгдсөн гэж ярьж байна. Энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа дүгнэлтдээ: Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3. дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Дараа нь яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн үйлдлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилсэн. Урьд өмнө энэ хүн яг адилхан үйлдэлтэй энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Үүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс залилангийн хэрэг гэж үзсэн байдаг. Гэмт хэргийг 2 янзаар зүйлчилж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх үүднээс зүйлчлэлийг өөрчлүүлэх, залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Машиныг худалдаж авах санаа зорилго байсан боловч тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор машиныг залилан авч явсан. Шүүгдэгчийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдье гэсэн санаа зорилготой байгаагүй. Үйлдлээс нь харахад хүний итгэл эвдэж, хууран мэхэлж авсан нөхцөл байгаа учраас дээрмийн шинжгүй байна. Хохирлын хувьд хохирогчтой холбогдож утсаар ярихад хохирол төлбөр дахин нэхэхгүй гэж хэлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс улсын яллагч болон өмгөөлөгчийн дүгнэлтээс улсын яллагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр довтолсон, эсхүл хүч хэрэглэж довтолсоноор төгсдөг бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүргээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Т нь “Да хүрээ” зах дээр Хөвсгөл аймгийн харъяат хохирогч Л.Чтой танилцаж, түүний автомашиныг худалдан авъя, “Оюу толгой” ХХК-д ажилладаг, банкнаас зээл авч машиныг нь худалдан авна гэж түүнд итгэл төрүүлсэн. Тэрээр “Улаанбаатар хотод хонох газар байхгүй” гэх шалтгаанаар хохирогчийн гэр бүлийн гишүүн болох хүүхдүүдийнх нь гэрт хамт очиж хонох зэргээр хуурах аргаа хэрэгжүүлж, улмаар хохирогч Л.Чын Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй гэх байдлыг далимдуулан түүний тээврийн хэрэгслийг жолоодон хохирогчийн хүсэл, зориг хэрэгцээг ханган явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны ...д очин хохирогчийг “Хөтөл” төвд орсоны дараа түүний тээврийн хэрэгслийг авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Нөгөө талаас шүүгдэгч Б.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, автомашин худалдан авах хөрөнгийн эх үүсвэргүйгээ мэдсээр байж анхнаасаа хохирогчийг залилах санаа зорилгыг агуулсан байх тул шүүгдэгч Б.Тыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Л.Чийн автомашиныг худалдан авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийгөө “Оюу толгой” ХХК-д ажилладаг гэж түүнийг төөрөгдөлд оруулан залилах үйлдлээ эхэлж, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түүний эзэмшлийн “Sonata-7” маркийн ... УНД улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх дэлгүүрийн гаднаас залилан авч, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр мэдүүлсэн “...Да хүрээ зах дээр өөрийн эзэмшлийн ... УНД улсын дугаартай “Sonata-7” маркийн тээврийн хэрэгслээ зарах гээд ...зогсож байтал 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл таних 25-30 орчим насны нэг эрэгтэй хүн ирж уулзаад таны машиныг авна, хүнд битгий зараарай, банкнаас зээл аваад ийм машин авах гэж байгаа гэсэн. Машиныг унаж үзээд хонох айл байхгүй гээд манай гэрт хоносон. Маргааш өглөө нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө нөгөө залуу бид хоёр миний машинтай гадуур явж байгаад би Хөтөл дээр таньдаг хүнээсээ повербанк авах гэж зогсоод нөгөө залууг машиндаа үлдээчихээд орж повербанкаа аваад буцаад гарч ирсэн чинь миний машиныг унаад авч зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 - 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин хохирогчоор өгсөн: “...Б.Т манайд хоночихоод бид Да хүрээ зах руу явсан. ...дараа нь Баянхошууны Хөтөл явсан юм. Баянхошууны Хөтөлөөс би хүнээс өөрийнхөө юмыг авах гэж очсон. Тухайн үед Б.Т миний автомашиныг худалдаж авна гэсэн учир тэр миний машиныг жолоодож явсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

-насанд хүрээгүй гэрч Ч.Нямбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 26-нд ...манай аав танихгүй хүнтэй орж ирээд “би машинаа энэ хүнд зарах гэж байгаа, маргааш банкаар явна” гээд хоол цай идэж ууж байгаад аавтай юм яриад сууж байсан. Нөгөө машин авах гэж байгаа танихгүй залуу сэжигтэй санагдаад зургийг нь авчихвал буруудахгүй юм шиг санагдаад өөрийнхөө гар утсаар нууцаар зургийг нь авчихсан юм. Маргааш нь ...үдээс хойш манай эгч Ч.Нямсүрэн над руу утсаар залгаад “аав машинаа алдчихсан байна” гэхээр нь “ямар хүн авсан юм бэ” гэтэл “нөгөө манайд хоносон хүн авсан” гэхээр нь би өчигдөр орой зургийг нь нууцаар дарчихсан байгаа гээд өгсөн юм. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг 24 минутад өөрийн Iphone-5 маркийн гар утсаараа 2 ширхэг зураг дарсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

-гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аавын машиныг худалдаж авна гэсэн хүн хонох газаргүй гээд манайд ирж хоносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

- 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрч Ч.Нямсүрэнг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

- гэрч Э.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...10-73 УНЛ улсын дугаартай “Хьюндай Верна Аксент” маркийн автомашин бол миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ....Намайг эзгүй байхад манай гэрээс очоод миний машины улсын дугаарыг Б.Т авчихсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

- Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Да хүрээ зах дээр ...40 орчим насны эрэгтэй хүн “Sonata 7” маркийн машин зарах гээд зогсож байхаар нь ...ямар үнэтэй машин юм бэ, хийлгэх юм байгаа юу гэж асуухад тэр хүн хийлгэх юм байхгүй, 13.000.000 төгрөгөөр зарна гэсэн. ...би унаж үзье гээд машиныг нь унаад “Да хүрээ” зах дотроо явж байгаад үнийг доошоо ярих уу гэтэл 12.000.000 төгрөгөөр авбал ав гэсэн. ...маргааш мөнгийг нь өгье гээд, би тэр ахад хандаж Өмнөговь аймгийн “Оюу толгойд” ажилладаг хөдөөний хүн байгаа юм, өнөөдөр буудалд хононо гэж хэлсэн. Тэгтэл тэр ах буудалд хонож байхаар манайд очиж хоно гэж хэлэхээр нь би тэр ахын гэрт очиж хоносон. Гэрт нь хоночихоод маргааш өглөө нь хоёулаа гараад тэр ахтай хамт “...Баянхошуу руу яваад хүнээс юм авъя” гэж хэлэхээр нь би “Sonata 7” маркийн тээврийн хэрэгслийг бариад явсан. “Хөтөл” худалдааны төв рүү очоод тэр ах худалдааны төв рүү орчихсон, надад машин авах мөнгө байгаагүй, худлаа хэлсэн байсан болохоор шууд 7 буудал руу машиныг нь унаад явсан. ...Одбаяр гэх...найзынхаа “Верна” машиных нь 10-73 УНЛ гэсэн улсын дугаарыг аваад өөрийнхөө унаж явсан “Sonata 7” маркийн тээврийн хэрэгсэлд зүүгээд унаад явсан. 3 орчим хоног гадуур халтуур хийж явсан. ...Баянхошууны Хөтөл дээр зогсож байхдаа мөнгө байхгүй байсан болохоор машиныг нь аваад явчихъя гэж бодоод унаад явсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

-“Мастер үнэлгээ” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/127 дугаартай үнэлгээнд ... УНД улсын дугаартай “Sonata-7” машины зах зээлийн үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тогтоосон тайлан (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

... УНД улсын дугаартай Sonata-7 загварын машины тээврийн хэрэгсэл нь  гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 100 дугаар тал)-р иргэн З.Болдсайханы нэр дээр бүртгэлтэй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.Болдсайхан гэрчээр “дээрх автомашин нь манай хүргэн ах Л.Чын өмчлөлийн автомашин юм. Анх удаа худалдаж авахдаа миний нэр дээр шилжүүлчихсэн. ...” гэж (хавтаст хэргийн 52 дугаар тал) мэдүүлэх ба, үүгээр уг автомашин нь иргэн Л.Чын хөрөнгө байна.

 “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлангаар ... УНД улсын дугаартай Sonata-7 загварын автомашины үнийг 12.000.000 төгрөгөөр тогтоосон байх ба хохирогч нь өөрийн автомашиныг биетээр хүлээн авсан байна.

Харин шүүгдэгч Б.Т нь хохирогч Л.Чын автомашиныг залилан авч, тухайн тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмших явцдаа эвдэж гэмтээсэн болох нь гэрч Д.Мөнх-Оргил (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), гэрч Н.Гунгаадондов (хавтаст хэргийн 41 дүгээр тал), гэрч С.Эрдэнэбаатар (хавтаст хэргийн 42 дугаар тал) нарын мөрдөн шалгах ажиллагаадн өгсөн мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд Сонота-7 маркийн, 1073 УНЛ гэсэн дугаар зүүсэн автомашины байх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-13 дугаар тал), 18/126 дугаартай үнэлгээнд автомашины сэлбэг зэргийн зах зээлийн үнийг 2.637.000 төгрөгөөр тогтоосон баримт (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон буюу шууд бус хохирол буюу хор уршиг учирсан болох нь тогтоогдож байна. Энэхүү төлбөрөөс шүүгдэгчийн эх нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг хохирогчид шилжүүлж төлсөн болох нь “Хаан” банкны баримтаар тогтоогдсон ба хохирогч Л.Ч нь үлдэх төлбөрийг авахгүй, хохирлоо барагдуулсан, гомдолгүй гэсэн нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Тыг хохирогч Л.Чод төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг нэмж шүүгдэгчийн биечлэн эдлэхыг ялын хэмжээг 2 жил 27 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналд няцаасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оноох хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Шүүгдэгч хувийн байдлын хувьд өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа дүгнэлтдээ “хохирогч гомдол, саналгүй гэсэн. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж дахин давтахгүй гэдгээ илэрхийлсэн тул заавал хорьж хүндрүүлэхгүй байхыг хүсэж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх гэсэн заалтыг үндэслэн Б.Тд оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд 01 жил 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, шүүхээс түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 216 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон байх боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/384 дугаар албан бичгээр шүүгдэгч Б.Т нь уг ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд энэ тогтоолоор оногдуулсан 01 жил 07 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч Б.Тын биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 01 жил 07 сар 27 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д овогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Д овогт Бгийн Тыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 (нэг) жил 07 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд энэ тогтоолоор оногдуулсан 01 жил 07 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 216 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Тын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 01 (нэг) жил 07 (долоо) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

           

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            7. Хэргийн хамт шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.Чод энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

           

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.АЛТАНТУЯА