| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0031/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 31
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох 163/2020/0031/Э индекстэй, эрүүгийн 2015000080010 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 2004 оны Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Г овогт Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын Х гэх дэлгүүрийн гадаа хохирогч Г.У ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000080010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.У ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Булган сумын “Хануй” дэлгүүр орохоор явж байсан юм. Манай эхнэр Б надад тамхи авч өгөхөөр “Хануй” дэлгүүр лүү орсон. Би дэлгүүрийн гадаа М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-тай үлдсэн. Тэгэхэд манай хорооны залуу болох Б ирсэн ба М цаашаа болоод явсан. Б надад архи уух гэсэн юм, архи байна уу, аваад өгөөч гэхээр нь би хүүхдүүд хүртэл архи нэхэх болоо юу даа гэж бодоод гэнэт уур хүрээд надад мөнгө алга гээд би ширүүн хэлээд бид 2 зууралдсан чинь Б миний баруун хацар нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Тэгтэл миний хамраас цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Б н өгсөн: ...би дэлгүүрт жаахан байж байгаад гартал манай нөхөр У гадаа нүүр нь цус болчихсон байсан. М би танай нөхрийг цохиогүй, Б өшиглөсөн талаар хэлсэн..., би Б д чи яаж байгаа юм бэ гэхэд Б надад би танай нөхрийг 1 удаа өшиглөсөн, тэгээд чи яах юм надаас мөнгө авах гээд байгаа юм уу? Тэгвэл би танай нөхрийг алчий тэгээд би мөнгөө нэхээд аваарай гэж намайг үгээр доромжилж байгаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Ш.О ын өгсөн:...У ахаас салж Хануй дэлгүүрийн замын ар талд байрлах А жолоочоос юм асуух санаатай гэрийнх нь тэнд очиж явтал ард хүн хашгирах шиг дуу чимээ гарахаар нь эргээд хартал У ах газар уначихсан Б хажууд нь зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн зед Булган аймгийн Булган сумын 4-р баг Зүүн түрүүний Хануй дэлгүүрийн тэнд ганцаараа явж байгаад М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, У нартай тааралдсан. У надаас архи нэхээд хоргойгоод явуулахгүй миний хувцаснаас зуураад бөгс рүү нэг удаа өшиглөхөөр нь миний уур хүрээд эргээд харахдаа У ын нүүр рүү нь баруун гараараа 1 удаа цохисон чинь У газар унасан. Яг тэгээд байж байтал У ын эхнэр архичин гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би нөхрөө аваад яваа, би танай нөхрийг хөлдөж үхэх гэж байхад нь амийг нь аварч байсан байх шүү гэж хэлээд явсан. Өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот дүгнэлтэнд: 1. Г.У ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 27, 28-34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 22 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 23-26 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын Х гэх дэлгүүрийн гадаа хохирогч Г.У ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Г.У ын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ч.Б , гэрч Ш.О нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон .У ын биед баруун зовхи, хацар шанаанд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Г.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН