Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 01554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 25г-5 тоотод оршин суух Аюушдорж овогтой Бат-Оршихын /ФМ-69021511 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгч Г.Сарантуяад хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Г.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, гэрч Г.Алтанчимэг, Ганбаатар, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Бат-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.Баторших нь Орхон аймгийн Баянөндөр сумын Говил багт 2015.12.1-нд ашиглалтад орсон Эрхбүжинхэн цэцэрлэгт жижүүрийн ажилд орж нийт 10 сар ажиллалаа. Ажиллах хугацаандаа өөрийн санаачилгаар болон өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл 2016 оны 3 сараас эхлэн манай эрхлэгчийн хандлага өөрчлөгдөж элдэв шалтгаан шалтаг тоочиж байнга загнаж, хавчиж эхэлсэн. Энэ нь өглөө ажилдаа ирж ажлаа хүлээж авах гээд жижүүр Отгонбаяртай эрхлэгчийн өрөөнд ороход , чи намайг Давалгаа дээр бичсэн байна, чамаас өөр бичих хүн байхгүй гээд загнаж эхэлсэн. Миний хувьд юу болоод байгааг ойлгоогүйгээр барахгүй юун тухай хаана бичсэнийг одоо хүртэл мэдэхгүй байна. Энэ өдрөөс эхлэн байнга ажлын байрны дарамт үзүүлж, хийгээд байх тусам үр дүнгийн урамшуулал хасдаг, илүү цагаас хасдаг, тухайн сардаа ажлын цаг чинь хүрэхгүй байна гэж бүтэн сар ажилласан байхад 8 цаг хасаж өгдөг...Тэрнээс хойш байнгын ажлын байрны дарамт үзүүлдэг болсон. Гэвч энэ хүн учраа мэдэхгүй биш харин ч намайг хавчиж байж гарчихаад өөрийн нутгийн хүнийг оруулах гэж байсныг мэдсэн.Би даргын ажлыг булаах гэж байгаа биш яагаад над руу байнга гүтгэж, загнаж, элдэв шалтаг хайж байдгийг мэдэхгүй байна. Амралттай байх хугацаанд [9 сарын дундуур ] миний оронд өөр хүн орсон гээд явж байсан. Тушаалаа л 26-нд гаргасан. 300000 төгрөг өгөөд цэцэрлэгийн жижүүрээр орчихлоо гэж ярихыг ч сонссон. Нэг удаагийн алдааг минь нэлээн хэд болгож худлаа гүтгэн ээлжийн амралт дуусаад 2016.09.26-нд ажилдаа орох гээд эрхлэгч рүү залгахад: чамайг халчихсан гээд утсаа салгасан. Би өөрийгөө өмөөрөх гэсэнгүй. Би машин барьж архи уугаагүй байхад замын цагдаа дуудаж өгсөн. Тэгээд ирсэн цагдаа нь намайг үнэртүүлж үзээгүй шууд эрүүлжүүлэхэд хийсэн. Чамайг машин барьж явсан гэж эрхлэгч чинь хэлсэн гээд миний үгийг сонсоогүй. Хэрвээ ажлаас халах байсан юм бол яагаад давхар амьдралын минь нэг хэсэг амьжиргаа болдог жолооны эрхийг минь 1 жилээр хасуулж, 385.0 төгрөгөөр торгуулах болов. Өөрөө цагдаа дуудаж өгчихөөд би дуудаагүй цагдаа өөрөө ирсэн гэж худлаа мэлзэх. 102-ын цагдаа хүртэл дарга чинь дуудаад өгсөн гэж гэрчилж байхад. Өмнө нь ажил дээрээ архи уусан жижүүрээ хална гэчихээд О.Ариунгэрэлт даргын хүн болохоор өөрөө дуудаж ажилд нь оруулж байсан.Хамт олны нийллэг зугаалга болоход надаас бусад жижүүр ажлаа хаяад гаднаас нь цоожилчихоод архи уугаад л хамт явж байдаг. Өөрөө ч бас хэд хэдэн удаа ажлын цагаар гарч архи ууж орж ирдэг байсан. ..Шат дараатай арга хэмжээ авах заалт хөдөлмөрийн хуульд заасан байдаг. Гэтэл өмнө сануулгатай байсан гэж худлаа хэлээд шууд ажлаас халсан. Ер нь энэ хүн худлаа хэлэхдээ мэргэшсэн хүн. Хөдөлмөрийн гэрээг шинээр ажилд орж байгаа хүнтэй туршилтын 6 сарын гэрээ хийдэг. Гэтэл 6 сарын хугацаа дуусахад дахиад 6 сарын гэрээ хийсэн. Үндсэн, байнгын ажлын байранд хугацаатай гэрээг 2 удаа байгуулж байгаа нь хуульд нийцэж байгаа гэж үү. Ардчилсан нам гараад л өмнө ажиллаж байсан газраасаа халагдсан. Тэгээд хөдөлмөрийн биржд бүртгүүлж ажилд ортол мөн л ажлын байрны, эрхлэгчийн дарамтаас болж дахин халагдлаа. Энэ хувийн байгууллага биш биз дээ... Энэ даварсан эрхлэгчийг өөр олон зүйл хийж улсыг, хүмүүсийг хохироохоос нь өмнө арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Миний хувьд ажилгүй, дээрээс нь жолооны эрхээ хасуулаад, цалингийн зээлтэй байж өрхийн төсвөөсөө 400.0 төгрөгөөр хохироод дуусч болох ч, хүн чанаргүй, хувиа хичээгч энэ мэт хүмүүс төрийн албанд ямар аргаар шургалж ороод томроод суугааг мэдмээр байна. Нягтлан бодогч нь ажилдаа ирдэггүй, цагийн бүртгэлд бүртгүүлдэггүй байсныг хэлж сануулахад бүгдийг нь нэг өдөр эрхлэгч өөрөө бөглөөд тавьчихсан. Хэн нь эрх дураараа явж байгаад цалингаа бүтэн авдаг, жижүүр гэхээр л цалингаа хасуулж арга хэмжээнд орж байдаг хууль байгаа юу. Би санасан бодсоноо шууд хэлж, болж байгаа болохгүй байгааг шударгаар хэлж байсан нь харилцааны соёлгүй гэж хэлэгдэхэд хүрсэн. Надад өс хонзон санаж ийм үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.Би хууль бусаар ажпаас халагдсан гэж үзэж байгаа тул ажилд минь эргэн оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгч Г.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Бат-Оршихын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.Баян-Өндөр сумын Говил багт байрлах Эрх бүжинхэн цэцэрлэпг жижүүрийн ажилтай байсан А.Бат-Орших нь 2016 оны 08 сарын 28-ны өдөр жижүүрийн ажилтай  байхдаа ажлын байраа орхиж гадны барилгын засвар хийж байсан 'Этнано” ХХК-ны бригадын ахлагч Түвшин гэдэг хүнд цэцэрлэгийн түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Барилгын ажилчид 16:00 цагт буух гээд жижүүр А.Бат-Орших ирэхгүй болохоор эрхлэгч Р.Сарантуяа над руу утасдахад би очиж түлхүүрээ авсан.Би цэцэрлэг дээрээ 16:40 цагт ирсэн ба эмч Г.Алтанчимэгийг дуудаж бид цагдаагийн газарт “Манай жижүүр ажлаа орхиод явсан ,утас нь ‘холбогдохгүй байна” гэж мэдэгдэхэд “Жижүүрээ ирэхээр нь бидэнд мэдэгдээрэй” гэсэн.19:10 цагийн үед А.Бат-Орших маш их согтуу , биеэ хянах чадваргүй ирсэн бөгөөд эмч бид хоёрыг хэл амаар доромжилж эмчийг барьж авч үнсье гэх мэтээр зан авир гаргасан тул 102 дуудаж өгсөн.Жижүүр А.Бат-Орших нь 08 сарын 28-нд ажилд гараад ээлжийн амралтаа авах байсан тул арга хэмжээ авах боломжгүй байсан юм.2016 оны 09 сарын 25-нд ээлжийн амралт дууссан тул 2016 оны 09 сарын 16-нд ажлаас халах тушаал гаргасан.А.Бат-Орших нь 2016 оны 04 сарын 12-нд ажилтай байхдаа ёс зүйн зөрчил гаргасан тул тушаалаар сануулах арга хэмжээ авагдаж байсан.А.Бат-Оршихын дээрх зөрчил дутагдлууд бүгд нотлох баримттай, CD бичлэгтэй  бөгөөд архи ууж эрүүлжүүлэгдсэн тухай цагдаагийн тодорхойлолт захиргааны зөрчлийн шийдвэр байгаа болно.Иргэн А. Бат-Оршихын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ”гэжээ.  

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.Ажлын цагаар ажлын байраа орхиж архи уусан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу арга хэмжээ авсан.2016-8-28-нд манай цэцэрлэг дээр гадны байгууллагын хүмүүс засвар хийж байсан.Тэр өдөр Бат-Орших жижүүртэй байсан.Өдрийн 11 цагт түлхүүрээ тэр хүмүүст үлдээгээд гараад явсан байсан.Ажлаас буух үед тэр ирээгүй тул над руу утасдаж би ирсэн.Гэтэл 19 цаг 30 минутын үед Бат-Орших их согтуу ирсэн.Эмч бид 2-ыг хэл амаар доромжилж зүй бус харьцсан тул цагдаа дуудаж өгсөн.Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 36 дугаартай тушаал,хөдөлмөрийн гэрээ,цагийн бүртгэл, сахилгын шийтгэл оногдуулах тухай 13 дугаартай тушаал,Орхон аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт,зөрчлийн тэмдэглэл,ээлжийн амралт олгох тухай тушаал,амралтын хуваарь,гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад

                                                   

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бат-Орших Орхон аймгийн “Эрх бүжинхэн” цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

Орхон аймгийн “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгч Р.Сарантуяа 2016-9-26-ны өдөр 36 дугаартай тушаал гаргаж тус цэцэрлэгийн жижүүр ажилтай А.Бат-Оршихыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4,Дотоод журмын 11.2.1,хөдөлмөрийн гэрээний 4.2б заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар,36 дугаартай тушаал зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байх ба тэрээр гомдол гаргах эрхтэй.

Хариуцагч, А.Бат-Оршихыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа  “2016-8-28-нд манай цэцэрлэг дээр гадны байгууллагын хүмүүс засвар хийж байсан.Тэр өдөр Бат-Орших жижүүртэй байсан.Өдрийн 11 цагт түлхүүрээ тэр хүмүүст үлдээгээд гараад явсан байсан.Ажлаас буух үед тэр ирээгүй тул над руу утасдаж би ирсэн.Гэтэл 19 цаг 30 минутын үед Бат-Орших их согтуу ирсэн.Эмч бид 2-ыг хэл амаар доромжилж зүй бус харьцсан тул цагдаа дуудаж өгсөн.Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан” гэжээ.

Нэхэмжлэгч А.Бат-Орших нь 2016-9-28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу арга хэмжээ авагдсан болох нь хэргийн 32,33 дугаар хуудаст авагдсан Цагдаагийн байгууллагын тодорхойлолт,зөрчлийн бүртгэл зэргээр нотлогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Алтанцэцэг мэдүүлэхдээ “2016-9-28-ны орой гэртээ байхад эрхлэгч утасдаад дуудсан.Би очиход жижүүр Бат-Орших байхгүй эрхлэгч ганцаараа байсан.Бид шат будаад байж байхад 19 цагийн үед Бат-Орших согтуу орж ирсэн.Архи үнэртэж байсан.Цагдаа ирж авч явсан”гэсэн,гэрч Л.Ганбаатар мэдүүлэхдээ “2016-9-28-ны орой 21 цагийн үед эрхлэгч утасдаад “Бат-Орших байхгүй,чи ирж жижүүр хий гэсэн.Би ирж өглөөний 9:00 цаг хүртэл хийсэн.Бат-Оршихыг архи уусан л гэж байсан” гэсэн болон зохигчдын тайлбараар А.Бат-Орших нь 2016-9-28-ны өдөр ажилтай байх үедээ ажлын байраа орхин явж согтууруулах ундаа хэрэглэн ажлын байрандаа ирсэн, улмаар Цагдаагийн байгууллага захиргааны хариуцлага хүлээлгэсэн болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, А.Бат-Оршихын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-д Дор дурдсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцож зөрчил гаргасан ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах шийтгэл оногдуулна”, 4.2б-д “Ажилдаа согтуу ирсэн буюу ажлын байранд архи уусан” гэж тус тус заасны дагуу А.Бат-Оршихын гаргасан зөрчилд ажлаас халах шийтгэл оногдуулсан нь үндэстэй гэж үзнэ.Тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргажээ.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой асуудлууд нь ажлаас халагдсан үндэслэлтэй хамаарахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Бат-Оршихын нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан А.Бат”Оршихын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бат-Оршихын нэхэмжлэл  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              

               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ