Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 434

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт  Цийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Цийн Д нь Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д харуул хамгаалалтын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны урд талд иргэн Л.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун сарвууны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Доос: Мөрдөн байцаалтад болсон асуудлыг мэдүүлсэн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би дэлгүүрийн дээд талын пабад ганцаараа 100 грамм архи уучихаад 17 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын булангаар тойртол нэг хүнтэй мөрөөрөө шүргэлцсэн. Тэгтэл нөгөө мөрлөсөн залуу яаж байна гэхээр нь яасан юм гэсэн чинь өнөөх залуу хоёр гараараа миний цээж рүү түлхчихээр нь би зөрүүлээд өөрийг нь түлхтэл намайг барьснаа зүүн шанаа руу гараараа цохиж, хавсарч унагахаар нь би босох гэтэл намайг босгохгүй баруун талын цээж рүү өшиглөөд, газар чирээд яваад байсан. Тэгж байгаад би босоод зууралдаж байхад тэр залуугийн цамцны зах нь жаахан урагдтал өөрийнхөө цамцыг тэр чигт нь ураад цээжээ нүцгэлээд дайрсан. Бид хоёрыг зууралдаж байхад миний цамцны зах, футболкны зах бас урагдсан. Тэр үед манай эхнэр ирээд цагдаа дуудтал нөгөө залуу явах гээд байхаар нь би явуулахгүй гээд өмднөөс нь бариад зогсож байхад миний толгой руу цохиод байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Намайг түлхэхэд нь би зөрүүлээд түлхэхэд миний куртикний захнаас заамдаж байгаад зүүн шанаа руу цохиход зүүн хацар хавдсан. Мөн хавсарч унагаахад нь би баруун гараараа газар тулах үед миний хуруу эвгүй болсон. Сүүлд нь харахад ядам хуруу далийгаад хавдсан байсан. Тэр залуу өөр нэг хүмүүстэй хамт явж байсан. Өөртэй нь үе шахуу эрэгтэй хүн байсан. Мөн намайг ажлынхаа дээд талаас гараад явахад манай эхнэр урд түрүүлээд явж байсан болохоор манай эхнэр юу болсон талаар бүгдийг харсан. Тухайн үед цээж их хөндүүрлэж байсан. Баруун гарын ядам хуруу атгаж болохгүй байгаа. Би хэсгийн эмнэлэгт хуруугаа шаруулсан. Эхний 3 өдөр хавдаад унтаж чадахгүй болохоор нь өвчин намдаах лаа хийж байсан. Эмч хурууныхаа MRI зураг авахуул гэсэн. Хурууны зураг авахуулах 160.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

- 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Тухайн хэрэг болсон өдөр би өөрийнхөө ажиллуулдаг Ундрам пабад ганцаараа сууж байгаад 200 грамм архи уучихаад 16 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд доод талын дэлгүүрт ортол манай байрны Энхтөр гэх залуу тааралдсан. Энхтөр ажлаасаа буусан гээд нилээн уусан согтолттой байсан. Тэр үед манай эхнэр Байгаль орж ирээд бид хэд харихаар цуг гарсан.

...Бид хоёр эхлээд зууралдаад байж байхад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд миний хөлийг ороогоод хавсраад унагахад нь би баруун гараараа  газар тулахад баруун гарын ядам хуруу эвгүй болсон. Намайг өвдгөөр газар суулгаж байгаад босгохгүй чирсэн. Чирч байхдаа миний цээж рүү 2 удаа өшиглөсөн. ...Д надад эмчилгээний 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

2. Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Ц.Д бид хоёр 40 мянгатад цугтаа хөрш байсан, багын найзууд юм. Тухайн хэрэг болсон гэх өдөр би Дийн гэрт нь өдөр 16 цагийн үед ирээд юм ярьж сууцгааж байгаад 18 цагийн үед явахаар болж Д намайг автобусанд суулгаж өгөхөөр цуг гарсан. Тэдний гэрээс гараад байшингийнх нь буланг тойртол өөдөөс хоёр согтуу залуу гарч ирээд Дийн хоёр талаас нь бариад авахаар нь би наад хоёрыгоо таньдаг юм уу гэхэд манай байрны хүмүүс байна гэж хэлсэн. Дийг явах гэхэд тэр хоёр нь явуулахгүй гээд хувцас хунараас нь зуураад байсан болохоор цамц битгий урчих гээд цамцаа тайлаад надад өгөөд, тэр хоёр залуутай зууралдаад бие биенийгээ түлхэлцээд байсан. Би очоод нэг согтуу эрэгтэйг нь барьж аваад холдуултал нэг эмэгтэй хүрч ирээд Д руу дайраад байж байхад цагдаа ирсэн. Тэгэхэд миний холдуулсан согтуу эрэгтэй алга болсон байсан. Би тэд нарыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би урд нь гараад алхаж байсан. Д миний ард явж байсан. Нөгөө хоёр согтуу нь зуурчихаад явуулахгүй болохоор нь Д байж бай, би ахыг гаргаж өгөөдөхье гэж байсан. ...Хоорондоо зууралдаад хоёулаа газар уначихсан, дээр доороо ороод л байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

 

3. Гэрч Б.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны  4 дүгээр сарын 09-ны өдөр мэдүүлсэн:

“...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам” төвийг ажиллуулдаг. Тухайн өдөр 17 цагийн үед би өөрийн ажиллуулдаг паб руу ороход манай нөхөр Б Энхтөрийн хамт 100 грамм уугаад сууж байсан. Намайг ирсэн болохоор гэртээ харихаар цуг гараад явж байгаад 13 дугаар байрны урд буланд манай нөхөр Б байрны залуутай таараад үг солиод үлдсэн. Би юу ч бодолгүй түрүүлж яваад орцныхоо үүдэнд иртэл Б араас ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж бодоод буцаад байрны буланд очтол нөгөө таарсан залуу манай нөхрийг доош нь дараад Б газар дөрвөн хөлөлчихсөн байсан. Тэгснээ байрны булангаас сагсны шийд хүртэл манай нөхрийг газар чирч явсан. Би болиулах гэж оролдсон боловч дийлээгүй, нөгөө залуу ч дийлэхгүй байсан. Намайг болиулах гэж байхад манай нөхрийн цээж рүү 1, 2 удаа өшиглөж байсан. ...бие биенийхээ захнаас заамдалцаад байсан. Тэгэх үед нөгөө хүний цамцных нь зах жаахан урагдтал өнөөх залуу өөрөө цамц, майкаа тайлаад урсан. Удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед манай нөхөр Бын найз Энхтөр хамт байсан. Нөгөө хүнтэй хамт бас нэг хүн явж байсан. ...Би тэр залууг болиулах гээд дийлдэхгүй болохоор нь өөрийнхөө гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

 

4. Шүүгдэгч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт миний багын найз Батаа ирээд бид хоёр жаахан юм ярьж сууж байгаад орой 18 цагийн үед Батааг гэрт нь хариулахаар гэрээсээ гаргаж өгсөн юм. Батаа бид хоёр архи дарс болон согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хоол идчихээд гараад явж байтал Цамбагаравын 13 дугаар байрны урд булангийн тэнд манай байрны Б гэх залуу өөрийн эхнэр, бас нэг залуутай явж байснаа Б намайг юу байна гээд миний куртикний ханцуйнаас зуурч авснаа ууж идэх үү, завтай байна уу гэх зэргээр хэрэгтэй хэрэггүй юм яриад зууралдаад байсан. Энэ үед Бын эхнэр нь түрүүлээд явчихсан. Бод би “завгүй байна, явлаа” гэж хэлэхэд хамт явж байсан найзтайгаа миний хоёр талд гарч зуурчихаад явуулахгүй байсан. Би “яагаад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу” гэж хэлээд явах гэтэл тавихгүй куртикнаас зуураад урчих гээд байхаар нь би куртикээ тайлж найз Батаад өгөөд яагаад байгаа юм бэ, цамц тавь гээд Бын цээж рүү түлхтэл дахиж зуураад, хоолой боох гээд цамц урахаар нь би уурлаад гараараа зүүн талын шанаа руу нь нэг удаа цохиход тавихгүй байсан. Би салгах гэж оролдсон боловч зуураад цамц ураад байсан. Тэгж байтал Бын эхнэр нь хүрч ирээд хажуугаас нөхөр зодлоо гэж над руу дайрч, намайг байнга архи уудаг биз дээ гэх зэргээр хэл амаар доромжилсон. Энэ үед Бтой явж байсан эрэгтэй найз нь манай найзыг хоргоож байгаа харагдсан. Би Быг болиулах гэж нилээн чаргууцалдаж явсан. Тэгж байтал цагдаа ирээд Быг эхнэртэй нь, би найз Батаагийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Б бид хоёрыг зууралдаж байхад эхнэр нь цагдаа дуудлаа шүү гэхэд нь би дуудчих гэж хэлсэн юм. Зууралдаж байхад Б намайг цохиж байсан. Мөн хоолой боож, миний майк цамцыг урсан. Гэхдээ надад цохиулаад учирсан гэмтэл байхгүй. ...Миний цамцыг татаад ураад байхад нь би гарыг нь тавиулах гэж байхад надаас чаргууцалдаж байгаад Б өөрөө хөлөндөө тээглэж унасан. Б цуг явж байсан найзыгаа Гааяа гэж дуудаад байсан. Яагаад намайг зуураад явуулахгүй байсныг мэдэхгүй. Бид хоёрын дунд өр авлага болон урьдын таарамжгүй харилцаа байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

            - Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн:

            “...Быг миний цамцнаас тавихгүй болохоор нь би тонгороод унагаасан. Түүнээс биш газар чирээгүй. Бид хоёр байрны булангаас ногоо зардаг түц хүртэл бараг 100 гаруй метр зууралдсан. Тэгэхэд Б унаж босоод явсан. Би зууралдаж байхдаа цээж рүү нь өшиглөсөн байх. Хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2766 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацрын доод хэсэгт 5х3см хөх ногоон цус хуралттай, бага зэргийн хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар үеэр овойж хавдсан, хөхөлбөр цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, хуруунд чиг бүхий боолттой, цээжний баруун дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун өвдөгт 3х0.5см, 2.5х0.5см улаан хүрэн зулгаралттай, доод хэсэгт 3х2см, 2х2см хөх ногоон цус хуралттай.

2019 оны 02 дугаар сарын 22-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэг, оношид: Баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэжээ.

2019 оны 02 дугаар сарын 26-ны баруун сарвууны рентген зурагт: Ясанд хугаралгүй харагдана.

Цээжний рентгенд: Баруун угийн сүүл хэсэгт нягтрал багатай, жигд бус сүүдэртэй.

ДҮГНЭЛТ:

1. Л.Бын биед баруун сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Ц.Нандинцэцэг/. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

 

6. Шүүгдэгч Ц.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 52 дугаар тал/,  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дугаар тал/, “...” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Ц.Дийн хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар тал/, хохирогч Л.Бын хүсэлт /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, прокурорын 126 дугаартай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Ц.Д нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 126  дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Д нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны урд талд иргэн Л.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун сарвууны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын булангаар тойртол нэг хүнтэй мөрөөрөө шүргэлцсэн. ...мөрлөсөн залуу яаж байна гэхээр нь яасан юм гэсэн чинь өнөөх залуу хоёр гараараа миний цээж рүү түлхчихээр нь би зөрүүлээд өөрийг нь түлхтэл намайг барьснаа зүүн шанаа руу гараараа цохиж, хавсарч унагахаар нь би босох гэтэл намайг босгохгүй баруун талын цээж рүү өшиглөөд, газар чирээд явсан.  ...миний толгой руу цохиод байсан. ...Намайг түлхэхэд нь би зөрүүлээд түлхэхэд миний куртикний захнаас заамдаж байгаад зүүн шанаа руу цохиход зүүн хацар хавдсан. Мөн хавсарч унагаахад нь би баруун гараараа газар тулах үед миний хуруу эвгүй болчихсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

-гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д намайг автобусанд суулгаж өгөхөөр цуг гарсан. ...байшингийнх нь булан тойртол өөдөөс хоёр согтуу залуу гарч ирээд Дийн хоёр талаас нь бариад авсан. ...Хоорондоо зууралдаад хоёулаа газар уначихсан, дээр доороо ороод л байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

-гэрч Б.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 17 цагийн үед гэртээ харихаар цуг гараад явж байгаад 13 дугаар байрны урд буланд манай нөхөр Б байрны залуутай таараад үг солиод үлдсэн. ...Б араас ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж бодоод буцаад байрны буланд очтол нөгөө таарсан залуу манай нөхрийг доош нь дараад Б газар дөрвөн хөлөлчихсөн байсан. ...манай нөхрийг газар чирч явсан. ...Намайг болиулах гэж байхад манай нөхрийн цээж рүү 1, 2 удаа өшиглөж байсан. ...бие биенийхээ захнаас заамдалцаад байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

- Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...манай байрны Б гэх залуу өөрийн эхнэр болон бас нэг залуутай явж байснаа Б намайг юу байна гээд миний куртикний ханцуйнаас зуурч авснаа ууж идэх үү, завтай байна уу гэх зэргээр зууралдаад байсан. ...явах гэтэл тавихгүй куртикнаас зуураад урчих гээд байхаар нь ...Бын цээж рүү түлхтэл дахиж зуураад, хоолой боох гээд цамц урахаар нь би уурлаад гараараа зүүн талын шанаа руу нь нэг удаа цохисон.  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/, түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны 2766 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Л.Бын эрүүл мэндэд “баруун сарвууны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцол, согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нөлөөлжээ. 

 Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Дийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Л.Бын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Л.Б нь гэм хорын хохирол, хор уршгийн зардал  нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Ц.Д нь хохирогч Л.Бод 200.000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ц.Дид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад, Ц.Д зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ дээрх саналаа дэмжиж, шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Ц.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Ц.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Ц.Дид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон шийдвэрлэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Цийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Дид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Л.Бод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч,улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ц.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА