Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 431

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт  Эын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт Эын Д нь Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2-8 настай хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ... тоотод халуун сав аваад буцааж өгөхгүй удаалаа гэх шалтгааны улмаас иргэн А.Хтай маргалдан зодолдож, түүний толгойн үснээс зулгааж, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: 170.000 төгрөг хохирогчид төлсөн. Мөрдөн байцаалтад болсон асуудлыг үнэнээр нь мэдүүлсэн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хохирогч А.Хы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 67-08/а тоот гэртээ байхдаа төрсөн дүү Ганзоригийн эхнэр Д манайхаас цайны халуун сав авч яваад буцааж өгөхгүй зөндөө олон хоног болохоор нь би Дтэй утсаар холбогдож чи халуун сав авч явчихаад авчирч өгөхгүй яагаад удаад байгаа юм бэ гэхэд Д удалгүй төрсөн дүү Учралтай хамт халуун сав хагалчихсан, ууртай орж ирээд “чи юу гээд солиороод байгаа юм бэ, өмхий хар янхан чинь” гэж хэлээд толгой руу гараа атгаж байгаад 4-5 удаа цохиж, үснээс зулгааж татсан. Зодох үед хажуунаас дүү Учрал нь хөлөнд 1-2 удаа өшиглөсөн. Би тэр хоёрт гар хүрч зодоогүй. Би толгойн зураг авахуулж, эход үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг Д гараараа толгой нүүрэнд цохиж, үснээс зулгааж байхдаа учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардал нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцоно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 20 цаг 30 минутын үед дүү Ганзоригийн эхнэр Д рүү би утсаараа залгаад цайны халуун сав авчирч өг, чи хүний юм авч явчихаад яасан хариуцлагагүй юм, тэр халуун сав чинь эднийх биш, миний өөрийнх гэж хэлэхэд Д урдаас чиний халуун савыг би сайжруулаад ягаан өнгийн халуун сав аваачиж өгсөн тэнэг минь, янхан гичий минь, чамайг бодвол би амьдарч чадаж байгаа, чи муу амьдарч чадахгүй арчаагүй гичий минь, одоо би хуучин халуун савыг чинь аваад очно, очиж байгаад чамайг алнаа гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 21 цаг өнгөрч байхад дүү Учралтын хамт гэрт орж ирээд над руу дайрч Д шууд барьж аваад нүүр рүү алгадаж, гараараа толгой руу 3-4 удаа цохиж, миний үснээс зулгаан хоёр хөлөөрөө гуя руу болон гэдсэн хэсэгт өшиглөөд хэрүүл маргаан хийж зулгаацалдаж байхад бэр Нарангэрэл орж ирээд бид хоёрыг салгасан. Дий дүү Учралт “чи ээж ааваараа тэжээлгэж байгаа, эндээс зайлаач” гэж хэрүүл хийж хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Удалгүй 3 цагдаа ирээд намайг машиндаа суулгаад дүү Ганзориг болон Д нарын гэр рүү хамт явсан. Тухайн өдөр Д, Учралт нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би бас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д бол манай төрсөн дүү Ганзоригийн эхнэр юм. Харин Учралт бол Дий төрсөн дүү юм. Д болон Учралт нартай дотно харилцаа байхгүй. Бараг хамааралгүй хүмүүс гэж хэлж болно. Д нүүр рүү нэг удаа алгадаж, 3-4 удаа толгой руу цохиж, хоёр удаа өшиглөж, үснээс зулгаасан. Дий дүү Учралт хэрүүл маргаан хийж намайг 2 удаа өшиглөснөөс өөр зодож цохисон зүйл байхгүй. Миний толгой руу цохисон болохоор толгой өвдөж байна. Мөн өшиглөсөн газраар хөндүүрлэж шөнө ч унтаж чадахгүй байна. Миний эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Д, Учралт нар ажил хийдэггүй, одоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Тухайн хэрэг болдог өдөр ээж Амаржаргал надтай хамт байсан. Дараа нь манай бэр Нарангэрэл орж ирж салгасан. Би Д, Учралт нарыг цохиогүй. Намайг цохиж, хэл амаар доромжилсонд би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

 

2. Гэрч Э.Учралтын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би хүүхэдтэйгээ цуг эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн эгч Дөөс цайны халуун сав байвал өгөөч гэхэд манайд 3 литртэй халуун сав байна, би хадмынхаас аваад өгье гээд тэдний саарал өнгөтэй 2 литрийн халуун сав авчирч өгсөн. Тухайн үед халуун савны гэр муу, асгардаг болохоор би гэрийг нь солиод шинэ ягаан өнгөтэй болгоод хоёр удаа хэрэглээд тухайн үед аваачаад өгчихсөн байхад 3 хоногийн дараа 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манай эгч Д рүү залгаад хуучин халуун савны гэр авчирч өг гээд хэрүүл маргаан хийсэн байхаар нь хаясан байсан халуун савны гэрийг нь сайн угаагаад 20 цагийн үед гэрт нь аваачиж өгөх үед хашааны гадна эгч Дтэй таарсан. Тэгээд эгч бид хоёр хамтдаа ороод би халуун савны хуучин гэрийг ширээн дээр нь тавихад эгчийн хадам ээж Аамаа авсан. Энэ үед манай эгч Д болон Хашаа нар хоорондоо хэрүүл маргаан хийж, нэг нэгнээ үсдэлцээд байж байхад хашаанд цуг амьдардаг бэр Нараа орж ирээд тэр хоёрыг салгасан. Хашаа намайг манай нөхрийн найзад 5000 төгрөгөөр биеэ үнэлээ биз дээ, чамайг цэнхэрт танихгүй хүн байхгүй шүү дээ гээд элдэв янзаар доромжлоод орилоод байхаар нь би эгчийгээ аваад гэрээс нь гараад явсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Хд гар хүрээгүй. Намайг элдвээр хэлээд байхаар нь би өшиглөх гэхэд бэр эгч Нарангэрэл миний хажууд хаагаад зогссон болохоор биед нь хүрээгүй. Х намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хоёр руу ч ойртоогүй. Д, Х хоёр шууд маргалдаад бие биенийхээ үснээс зулгаагаад буйдан дээр хэвтээд, зууралдаж байхад бэр Нарангэрэл орж ирж салгасан. Д Хыг цохиж зодсон зүйл байхгүй. Аль алиныхаа үснээс л зулгаасан. Ямар нэгэн алгадах, цохих, өшиглөх үйлдэл хийгээгүй. Тийм ч боломж ч байгаагүй. Тухайн үед ээж Аамаа болон Хашаа байсан. Сүүлд бэр Нарангэрэл бага насны 2 хүүхэдтэйгээ хамт орж ирсэн. Би Хыг хэл амаар доромжлоогүй. Харин намайг биеэ үнэлдэг гээд орилоод хашгираад байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

- 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин мэдүүлсэн:

“...Би хэд хоногийн өмнө нь эгч Дөөс халуун саваа өгөөч, эмнэлэгт хоол цай хүргэж өгөх гэсэн юм гэхэд манай халуун сав том, би хадам ээжээс 2 литрийн халуун савыг нь аваад өгье гээд надад 2 литрийн халуун сав авчирч өгсөн юм. Тэгтэл 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эгч утсаар залгаад Х эгч халуун саваа нэхээд байна, гадарыг нь аваад ир гэхээр нь би хогноос гадарыг нь авч цэвэрлээд Х эгчийн гэрийн үүдэнд эгчтэй уулзаж байгаад хамт савыг нь оруулаад өгтөл Х эгчтэй маргалдаж байгаад нэг нэгнийхээ үснээс зулгаацалдаж эхлэх үед гаднаас бэр Нарангэрэл орж ирээд салгасан. Би тухайн үед сандал дээр сууж байсан, босч чадаагүй. Тэгтэл нөгөө өрөөнөөс эгч бид хоёрыг доромжлоод байхаар нь би нэг босох гэснээ больсон. Тэрнээс би түүнд гар хүрч цохиж зодоогүй. Хажууд Нарангэрэл харж байсан. Тэр гэрчилнэ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

 

3. Шүүгдэгч Э.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 67-08/а тоотод амьдардаг хадмынхаасаа 2 литрийн халуун савыг нь түр гуйж аваад эмнэлэгт хүн эргээд өгөх гэтэл халуун савны гадар хэсэг нь өмхийрчихсөн байхаар нь гадна талын савыг нь шинээр солиод хэрэглээд буцаагаад өгсөн. Тэгтэл 3 хоногийн дараа нөхрийн эгч болох Х утсаар над руу залгаад манай халуун сав солигдсон байна гэхээр нь би учир байдлын талаар хэлсэн чинь өөдөөс “чи битгий худлаа яриад бай, миний халуун савыг авчирч өг” гээд дахин дахин залгаад байхаар нь би “сүртэй пизда вэ” гэж хэлчихээд дүүгийн хашаанд байрлах хогийн саванд байгаа болохоор нь дүү Учралт руу залгаад чи тэр савыг нь аваад ирээч гэж хэлээд Хы гэрт очоод энэ муу өмхий халуун савныхаа гэрийг ав гээд хэлтэл намайг янхан гэж хараагаад байхаар нь би “чи намайг янхандаж явахыг хэзээ харсан юм” гэж хэлээд толгойтой үснээс нь гараараа зууртал тэнд байсан нөхрийн дүүгийн эхнэр Нарангэрэл салгасан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би гараараа үснээс нь зулгааж байхдаа учруулсан. Би дүгнэлтийг болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд толгойн зураг авахуулж өгсөн тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

 

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3125 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зулайн зүүн дээд хэсэг хуйханд өвчин эмзэглэл ихтэй. 2х2см хэмжээтэй хэсэг газарт овойж хавдсан.

ДҮГНЭЛТ:

1. А.Хы биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

           

              5. Хохирогч А.Хаас хэрэгт ирүүлсэн “Жинст” эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэгт төлсөн гэх 20.000 төгрөгийн баримт, “Натур” эмнэлэгт Толгойн КТГ хийлгэсэн гэх 120.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

 

6. Шүүгдэгч Э.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дугаар тал/, Гэрлэлт бүртгэлтэй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/, Э.Дий өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар тал/, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, Э.Дий Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 43-50 дугаар тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч А.Хы хүсэлт /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, шүүгдэгч Э.Дий хүсэлт /хавтаст хэргийн 70 дугаар тал/, тэдний хүсэлтийг шийдвэрлэсэн тухай прокурорын 95 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 71 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад хохирогч А.Х болон шүүгдэгч Э.Д нараас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Дий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч Э.Д нь иргэн А.Хтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь уг дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч Э.Д, хохирогч А.Х нар нь садан төрлийн холбоотой хүмүүс байх ба хохирогч А.Х нь шүүгдэгч Э.Дийг хоолны халуун сав авч яваад өгөхгүй удаалаа, өөр халуун саваар сольж ирсэн байна гэх шалтгаанаар тэдний хооронд хэрүүл маргаан үүсэж, энэхүү хувийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ... тоотод шүүгдэгч Э.Д нь иргэн А.Хы толгойн үснээс зулгаах, цохих зэргээр түүнийг зодож тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл эрүүл мэндэд нь учруулсан  болох нь:

-хохирогч А.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Дтэй утсаар холбогдож чи халуун сав авч явчихаад авчирч өгөхгүй яагаад удаад байгаа юм бэ гэхэд Д удалгүй төрсөн дүү Учралтай хамт халуун сав хагалчихсан, ууртай орж ирээд чи юу гээд солиороод байгаа юм бэ өмхий хар янхан чинь гэж хэлээд толгой руу гараа атгаж байгаад 4-5 удаа цохиж, үснээс зулгааж татсан. ...Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг Д гараараа толгой нүүрэнд цохиж, үснээс зулгааж байхдаа учруулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, мөн түүний 2019 оны 3 дугаар сарын 06-нд хохирогчоор дахин өгсөн “...Д шууд барьж аваад нүүр рүү алгадаж, гараараа толгой руу 3-4 удаа цохиж, миний үснээс зулгаан хоёр хөлөөрөө гуя руу болон гэдсэн хэсэгт өшиглөөд хэрүүл маргаан хийж зулгаацалдсан. ...Намайг цохиж, хэл амаар доромжилсонд би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

-гэрч Э.Учралтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эгч Д болон Хашаа нар хоорондоо хэрүүл маргаан хийж, нэг нэгнээ үсдэлцээд байж байхад хашаанд цуг амьдардаг бэр Нараа орж ирээд тэр хоёрыг салгасан. ...Д, Х хоёр шууд маргалдаад бие биенийхээ үснээс зулгаагаад буйдан дээр хэвтээд, зууралдаж байсан.  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, мөн түүний 2019 оны 4 дүгээр сарын 05-нд гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

-шүүгдэгч Э.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хадмынхаасаа 2 литрийн халуун савыг нь түр гуйж авсан. ...халуун савны гадар хэсэг нь өмхийрчихсөн байхаар нь гадна талын савыг нь шинээр солиод хэрэглээд буцаагаад өгсөн. ...Х утсаар над руу залгаад манай халуун сав солигдсон байна гэхээр нь би учир байдлын талаар хэлсэн чинь өөдөөс “чи битгий худлаа яриад бай, миний халуун савыг авчирч өг” гээд дахин дахин залгаад байхаар нь би “сүртэй пизда вэ” гэж хэлчихээд дүүгийн хашаанд байрлах хогийн саванд байгаа болохоор нь дүү Учралт руу залгаад чи тэр савыг нь аваад ирээч гэж хэлсэн. ...Хы гэрт очоод энэ муу өмхий халуун савныхаа гэрийг ав гээд хэлтэл намайг янхан гэж хараагаад байхаар нь би “чи намайг янхандаж явахыг хэзээ харсан юм” гэж хэлээд толгойтой үснээс нь гараараа зуурсан. ...гэмтлийг би гараараа үснээс нь зулгааж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3125 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд болсон харилцан үл ойлголцлоос болжээ. Шүүгдэгч Э.Дий хохирогч А.Хыг цохисон үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр үйлдэгдсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3125 тоот дүгнэлтээр хохирогч А.Хы биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байх ба шүүгдэгч Э.Дий үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийн хүлээн авч, шүүгдэгч Э.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Д нь хохирогч А.Хы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч А.Хаас хэрэгт “Жинст” эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэг гэх 20.000 төгрөгийн баримт болон “Натур” эмнэлэгт Толгойн КТГ хийлгэсэн гэх 120.000 төгрөгийн баримтыг /хавтаст хэргийн 62 дугаар тал/ тус тус ирүүлжээ. Шүүгдэгч Э.Д нь хохирогч А.Хд 170.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэн алиных нь мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Э.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурор тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад, Э.Д зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ дээрх саналаа дэмжиж, “шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо уг дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хэмжээний орлого ордог болох нь түүний эзэмшдэг Хаан банкны дансны хуулга болон бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Эын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Дий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогч А.Хд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанп ялтан Э.Дд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА