Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 01556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-16 тоотод оршин суух Доржсүрэн овогтой Сарантуяагийн /МБ-68091300 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг даргын Тамгын газарт хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Д.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн, гэрч Ц.Энх-Оуюн, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...2016-06-074-ны өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга М.Эрдэнэчимэгт БНСУ руу нөхрөө эмнэлэгт эмчилгээнд явахад нь хамт явах тухай хүсэлтээ танилцуулж,3  сарын цалингүй чөлөө авах өргөдлийг бичиж, чөлөөг авч цохуулсан.2016-06-10-нд ажлаа бүтэн хийж, хагас жилийн тайлангаа бичиж, ажлаа цэгцлэн Засаг дарга Давааням болон бусад ажилчиддаа мэдэгдсэн.Тэр үед ээж маань хэвтэрт, бие нь тааруу байсан учир багийн Засаг дарга Н.Давааням ээжтэйгээ уулзаад яв гэж 4 сарын 13, 14-ний өдрийн чөлөөг өгсөн.Би ажлаа цэгцэлж, компьютер, принтер, ширээ, 5ш хавтсаа бичиж, Засаг даргад хүлээлгэж өгсөн.Нягтлантай уулзаж, 06 сарын 15-наас цалингаа тасалбар болгож байгаагаа ярьж ойлголцсон.2016-09-14-нд дарга М.Эрдэнэчимэгтэй уулзаж, ажилд орох өргөдлөө бичиж өгөхөд “Хүлээж бай, яринаа” гэсэн.Тэр үед надад ажлаас халсан тухай огт яриагүй, сайхнаар хүлээж авч уулзсан.Энэхүү хүлээлтээр дөрвөн 7хоног явуулж, сонгуулийн дараа шийднэ гэсэн.Би өөрөө ажлаас халагдсан гэж сонсоод, тушаалаа авъя, ажлаас халагдах ямар ч үндэслэл байхгүй гэхэд бичиг хавтсыг өгч, тушаалтай танилцахад хүндэтгэн үзэх шалтгаангүйн улмаас 3-с дээш хоног ажил тасалсан гэсэн утга бүхий байсан.3 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдлийг цохсон өргөдөл баримттай тул тушаалын үндсэлэл буруу гэж үзэж байна.2016 сарын 06-10,13, 14,15-ны өдрүүдийн ажил тасалсан гэсэн нь ажилласан өдрийг ажлаагүйгээр тушаал гаргасан байсан./Цагийн бүртгэлийг хавсаргав/ 2016-06-10-ны Баасан гарагт бүтэн ажилласныг  хамт ажилласан ажилчдаар баталгаажуулсан баримт хавсаргав. Хагас жилийн тайлангуудаа бичиж, ажлаа цэгцэлж үасаг дарга Даваанямд мэдэгдээд 6-13, 14-ний өдрийн чөлөөг өгснийг өөрөөр нь бичүүлэн баталгаажуулсан...Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар цалингүй 3 сарын чөлөө аваад ирж байхад ажлын байрыг ашиг сонирхлын үүднээс үгүй болгож хохироосон тул энэ хугацаанд хохирч буй цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй ба эргэн ажилдаа орж ажиллах хүсэлтийг үзэж шалган, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Нөхөртэйгээ БНСУ руу эмчилгээнд явахаар 6 сарын 14-нөөс 3 сарын чөлөө хүсэж өргөдлөө өгсөн.Эрдэнэчимэг дарга өргөдөлд 6 сарын 15-наас чөлөөлөх гэж цохолт хийсэн байсан.Би 6 сарын 10-ны Баасан гаригт ажиллаж тайлангаа бичиж дуусгаад хүлээлгэж өгөөд орой тарсан.13,14-ний өдрийн чөлөөг багийн даргаасаа авсан.13-нд ажлаа хүлээлцээд Улаанбаатар явсан.Тэр оройгоо ниссэн.4 өдрийн ажил тасалсан гэж намайг гүтгэж байна.Дарга өргөдлийг маань цохолт хийсэн тул чөлөө авчихлаа гэж ойлгосон.Ажил тасалсан гэж үндэсгүйгээр ажлаас халсан тул гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Уурхайчин багийн Нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Д.Сарантуяа 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөлдөө 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 3 сарын чөлөө хүссэн. Манай байгууллагын  хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д “ажилтанд, тэдний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед түүний хүсэлтээр 21 хүртэл өдрийн цалингүй чөлөө олгоно” гэсэн заалтын дагуу Д.Сарантуяад захиргааны урт хугацааны чөлөө олгохоор ажлын байранд нь очиход 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт ажлын байрандаа байхгүй, хэсгийн ахлагч нараас асуухад тухайн өдөр ажилдаа ирээгүй, өмнөх өдөр нь Улаанбаатар явсан гэсэн тайлбар өгсөн. Багийн Засаг дарга Даваанямаас асуухад мөн хариултыг өгсөн. Уурхайчин багийн Засаг дарга Даваанямд Д.Сарантуяагийн цагийг буруу бүртгэсэн учир сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Солонгос улс руу явахаар хил нэвтэрсэн нь нь тодорхой болсон тул уг үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.5, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн  заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж Д.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан болно.Д.Сарантуяа нь албан ёсны чөлөө авснаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулаагүй,өөрийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргээ бусдад албан ёсоор хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын байраа чөлөө олгосон шийдвэр гарахаас өмнө дур мэдэн орхиж явсан.Иймд Д.Сарантуяаг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.2016-6-10-ны өдөр ажил цуглахад Тамгын газрын дарга Эрдэнэчимэг дотоод ажил хариуцсан мэрэгжилтэн бид 2-ыг дуудаад “Сарантуяа урт хугацааны чөлөө хүссэн байна.Дотоод журамд ийм заалт байна уу судлаад газар дээр нь шийд гэж хэлсэн.Дотоод журамд 21 хүртэл хоногийн чөлөө олгох заалт байгаа гэж хэлсэн.Аргагүй байдлыг харгалзан 3 сарын чөлөө олгоё очиж уулз гэсэн.6 сарын 10 -нд ажил дээр нь очиход Сарантуяа байхгүй байсан.Хамт  ажиллагсад нь “өчигдөрөөс хойш ирээгүй хот явсан” гэж хэлсэн.Засаг дарга Даваанямаас асуухад “Улаанбаатар явсан”гэсэн.Цагийн бүртгэлийг үзэхэд бүртгэсэн байсан.Засаг дарга Давааням “бүртгэ” гэсэн байсан.Багийн Засаг дарга чөлөө олгох эрхгүй.Сарантуяа ажлаа орхиж явсан гэж үзэж байгаа. 6 сарын 10,13,14,15-н өдрийн ажил тасалсан.Ажлаа хүлээлгэж өгөөгүй гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт, ажлаас чөлөөлөх тухай Б/45 тоот тушаал,чөлөө хүсэх тухай өргөдөл,Багийн Засаг даргын тодорхойлолт,цагийн бүртгэл,хөдөлмөрийн дотоод журам, гадаад паспортын хуулбар,гадаадын иргэн,харьяатын газрын албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                   

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Уурхайчин багийн нийгмийн  ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016-6-15-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар Уурхайчин багийн нийгмийн  ажилтан Д.Сарантуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1,38.1,40.1.4 дэх заалт,Дотоод журмын 10.5,Хөдөлмөрийн гэрээний 4.4.3 дахь заалтуудыг тус тус баримтлан,хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 6 сарын 10,13,14,15-ны өдрүүдэд ажил тасалсан үндэслэлээр 6 сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй,13-ны өдөр БНСУ руу онгоцоор хил гарсан болох нь түүний тайлбар, гадаад паспортын хуулбар, гадаадын иргэн,харьяатын газрын албан бичиг зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч “....6 сарын 14-нөөс 3 сарын чөлөө хүсэж өргөдлөө өгсөн.Эрдэнэчимэг дарга өргөдөлд 6 сарын 15-наас чөлөөлөх гэж цохолт хийсэн байсан.Би 6 сарын 10-ны Баасан гаригт ажиллаж тайлангаа бичиж дуусгаад хүлээлгэж өгөөд орой тарсан.13,14-ний өдрийн чөлөөг багийн даргаасаа авсан.13-нд ажлаа хүлээлцээд явсан” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч “нөхрөө эмчлүүлэх шалтгаанаар БНСУ явах болсон тул 3 сарын чөлөө олгоно уу” гэсэн утгатай өргөдлийг 2016-6-07-нд Тамгын газарт гаргасан /хх6/ ба уг өргөдөлд Тамгын газрын дарга “чөлөөлөх тушаал 6/15”гэсэн цохолт хийсэн боловч Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн Дотоод журмын 8.7,9.3.1-д “...3-аас дээш өдрийн чөлөөг Засаг дарга олгоно” гэсний дагуу чөлөө олгох шийдвэр буюу Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж гараагүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн Дотоод журмаар ажилтанд чөлөө олгох эрх хэмжээг Багийн Засаг даргад олгоогүй байхад Уурхайчин багийн Засаг дарга ажилтан Д.Сарантуяад 6 сарын 13,14-ний өдрүүдэд чөлөө олгосон болох нь хэргийн 9 дүгээр хуудасны баримт,зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагчийн төлөөлөгч  Д.Сарантуяаг 6 сарын 10-нд ажиллаагүй гэж  тайлбарлаж байх боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Энх-Оюун “ 6 сарын 10-нд байсан.Хамт орой 18 цагт ажил тараад баранд орсон.Тамгын газрын ажилтнууд манй баг дээр 10-нд очоогүй,13-нд очсон” гэж мэдүүлсэн тул 6 сарын 10-нд ажил тасалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь сумын Засаг даргын чөлөө олгох тухай захирамж гараагүй,хүсэлтийг нь шийдээгүй байхад 6 сарын 13-наас дур мэдэн ажлаа орхиж явсан болох нь тогтоогдсон тул Дотоод журмын 10.5-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан бол шууд хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж,хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан”гэж тус тус заасны дагуу ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.Иймд хариуцагчийн Б/45 тоот тушаал хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Хэргийн 8,49-53 дугаар хуудаст авагдсан баримтууд нотлох баримтын шаардлагад нийцээгүй тул шүүх шийдвэрт үндэслээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

    

 

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяагийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сарантуяагийн нэхэмжлэл  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              

               

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ