| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01571/И |
| Дугаар | 01566 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 01566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 43 тоотод оршин суух Лхагвасүрэн овогтой Даш-Эрдэнийн /ФБ-86052311 /нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 9-14 тоотод оршин суух Дорлигсүрэн овогтой Соёл-Эрдэнэд /ФМ-85080940/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, бичиг баримтууд гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Даш-Эрдэнэ, хариуцагч Д.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Даш-Эрдэнэ Д.Соёл-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлццлах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Л.Даш-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Даш-Эрдэнэ миний бие эхнэр Д.Соёл-Эрдэнэтэй 2001 онд танилцаж, 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.Бидний хүү Д. Хүслэн 2004-11-02-ны өдөр төрсөн. Одоо 12 настай, 7-р сургуулийн 5 дугаар ангид сурдаг.Хүү Д. Болд 2006-7-16-ны өдөр төрсөн. 10 настай, 7-р сургуулийн 3 дугаар ангид сурдаг.Охин Д. Нарансолонго Д. Сарансолонго 2009-04-17-ны өдөр төрсөн. 7 настай, 7-р сургуулийн 1 дүгээр ангид сурдаг.Охин Д. Анунгоо 2015-04-03 өдөр төрсөн. 1 нас 6 сартай.Одоогоор эхнэр маань гэрт хүүхдээ асраад сууж байгаа. Миний бие Эрдэнэт үйлдвэрт ажилладаг юм. Миний ажлын нөхцөл хүнд, ээлжээр ажилладаг бөгөөд амралт чөлөө зав багатай байдаг. Би гэр бүлийнхнийхээ төлөө өнөөдрийг хүртэл хөлс хүчээ шавхан чадлынхаа хэрээр хичээж ажиллаж л байгаа. Гэтэл эхнэр намайг үнэлж, хүндэтгэдэггүй юм.Бид Эрдэнэ багийн 9-14 тоотод амьдардаг бөгөөд энэ хашаа байшин манай эхнэрийнх. Эхнэр надтай муудахаараа намайг гэрээсээ хөөж явуулдаг. Урьд нь эхнэр бид хоёрт муудалцах үе байсан ч, бие биенээ уучлаад учир зүгээ олж эвлэрдэг байсан. Бид гэр хороололд амьдрахад хэцүү юм болов уу? гэж орон сууц хөлсөлж сууж ч үзсэн. Эхнэр бид хоёрын бие биедээ хандах хандлага яг л хэвээрээ байсан. Би нэг удаа өөр хүнтэй явж эхнэрээ гомдоосон юм. Гэвч миний буруу гэдгээ түүнд хэлж, эхнэрээсээ уучлалт гуйсан боловч тэр намайг одоо хүртэл хүлээж авахгүй зайл, гэрлэлтээ цуцлуулна гээд гэрээс хөөсөн. Эхнэрийн ах "...гэрлэлт цуцлах өргөдлөө шүүхэд өг гээд миний утсанд дарамталсан мессэж байнга бичээд, мөн ажил дээр ирж дарамталаад...” байх болсон. Миний бие аргагүй эрхэнд гэрлэлт цуцлуулах өргөдлөө бичиж байна.Эхнэр бид хоёр хоорондоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод эхнэртэйгээ амьдрах талаар түүнтэй ярилцъя гэсэн боловч тэр надтай ярилцаагүй, ярилцахыг ч хүсээгүй. Эхнэр бид хоёр тодорхой үр дүнд хүрсэнгүй ээ.Миний бие цаашид эхнэртэйгээ нийлж амьдарсан ч бие биенээ хүндэтгэж, эв найртай сайхан амьдрах итгэл үгүй болсон гэж үзэж байна.Эхнэр бид хоёр цаашдаа тус тусынхаа амьдралыг бодсон нь дээр байх гэж би үзэж байна.Миний бие шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2016 оны 10 дугаар сард өргөдөл гаргасан. Гэвч бид эвлэрч чадсангүй.Д.Соёл-Эрдэнэ бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.Хүүхдүүд одоо ээжтэйгээ хамт байгаа. Хүүхдүүдтэйгээ хааяа утсаар ярьдаг.Манай эхнэр тогтсон ажил хийж байгаагүй, одоогоор тэр ажилгүй байгаа, тэгээд ч таван хүүхдүүдийг цаашид өсгөн хүмүүжүүлэхэд нэлээдгүй хугацаа, хүч хөдөлмөр, анхаарал халамж, шаардлагатай болно. Миний бие цаашид хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод үр хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна.Д. Хүслэн, Д. Болд, Д. Нарансолонго, Д. Сарансолонго, Д. Анунгоо нарыг миний асрамжинд үлдээж, шийдвэрлэж өгнө үү.Миний бие гэр бүлийн хэрэгцээндээ зориулж, 3 жилийн хугацаатай 18 500 000 төгрөгний цалингын зээлийг 2016-05-23-ны өдөр авсан. Цалингаасаа сард 646 000 төгрөгний зээл төлдөг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.Гэрт миний хувцас хунар, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтууд байгаа. Эдгээр баримтуудыг авах гэхээр байхгүй шатаасан гээд өгөхгүй байгаа.Мөн Д.Соёл-Эрдэнээс миний хувцас хунар, ажпын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг гаргуулж, надад олгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Эвлэрэх боломжгүй.Гэр бүлийн харилцаа үргэлжлэх боломжгүй болсон.Намайг хөөсөн.Би эхнэрээ гомдоосон.Өөр хүнтэй болсноос бид салсан.Би уйчлал гуйсан боловч эхнэр намайг яв гэсэн.Надтай амьдрах хүсэлгүй болсон.Ах нь шүүхэд өргөдлөө өг гэж дарамталсан.Гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ хувааж авах хүсэлтэй байна.Эхнэр ажилгүй тул 5 хүүхэд тэжээх хэцүү гэж бодож байна.Одоо би ээжтэйгээ амьдарч байгаа.Би цалингийн зээлтэй сард 646 000 төгрөг төлдөг.Машинаа эхнэрт үлдээсэн гэжээ.
Хариуцагч Д.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Соёл-Эрдэнэ нь нөхөр болох Л.Даш-Эрдэнэтэй 2001 оэд танилцаж 2004 онд гэрлэлтээ батлуулсан.Миний том хүү Д.Хүслэн 2004-11-02-нд төрсөн, 12 настай, бага хүү Д.Болд 2006-07-16-нд төрсөн.10 настай, Том охид маань 2 ихэр, Д.Нарансолонго, Д.Сарансолонго нар 2009-04-17-нд төрсөн, 7 настай, бага охин Д.Анунгоо 2015-04-03-нд төрсөн.Одоогоор эрхэлсэн ажилгүй, хүүхдээ асраад гэртээ байж байна.Салах болсон шалтгаан гэвэл согтуу ирж агсам тавих нь их, уурлаж бухимдаж гэртээ хонохгүй архи уух нь бүр их болсон.Энэ амьдрал үргэлжилсээр бид 2 хүсэн хүлээсэн охин үрийг 1 биш 2 ихэр төрсөн.Архи уухгүй хэсэг хугацаа өнгөрч байгаад буцаад ууж эхэлсэн. Гадуур ууж явахдаа, ганц бие, Гок-д ажилладаг гэж их явдаг байсан.Эрдэнэт жижиг учраас амархан сонсогддог байсан...Миний хүү Болдыг эцэг нь сэрээгээр хүртэл хатгаж, толгой руу нь цохиж байсан.Нөхөр Даш-Эрдэнэ нь цалин мөнгөө авахаар их зантай болж, 2 тор хүнсний юм авч өгөөд, хүний өр өгнө гээд гараад алга болдог, тэгээд ирж хонодоггүй.Би хэдэн төгрөгний цалин авдагийг мэдэхгүй.Нилээн дээрээс намайг хуурч явж байсныг надаас бусад манай ах дүү, эгч, ээж, эгчийн хүүхдүүд, том хүү маань гээд бүгд харсан.Бүгд надад хэлдэг байсан.Би нөхрөө өмөөрөөд өнгөрдөг байсан.Нөхөрт хэлэхэд надад ажлын газрын хүн гэж хэлээд өнгөрсөн.Тэгээд би 5 хүүхэдтэй юм чинь арай үгүй байх гэж өөрийгөө тайвшруулж, тайтгаруулдаг, бяцхан гүнжээ хараад бүгдийг мартдаг байсан.Гэтэл 2016-04-04-нд нөхөр ажил дээрээ очиж надад утсаар “Би нэг бүсгүйд сайн болсон.Одоо яг яахаа мэдэхгүй хэцүү байна” гэж өөрийн амаар надад хэлсэн.Тэгээд надад хэлчихсэн юм чинь бүр яадгийн гэсэн шиг бүр ирэхээ ч байсан.За тэгээд 06-27-нд 9534-9609 гэсэн дугаар над руу залгаад Дашка байна уу? Гэж асуусан.Би тийм хүн байхгүй гээд тасалсан.Дахиад залгасан, би аваагүй.Тэгээд “наад хүн чинь хэдэн эхнэртэй, хэдэн хүүхэдтэй гэдгийг нь мэдэх юм алга, ирж хоносонгүй ” гээд мэссэж бичсэн байсан.Дахиад залгахад нь авсан чинь “би 6 сартай жирэмсэн” гэж байсан.За тэгээд 4 сарын 4-нөөс 7 сарын 7-ныг хүртэл нөхрөө харсан, салж чадахгүй улам цаашаа болсон, хувцасаа хүртэл нэг нэгээр цааш зөөж эхэлсэн.Би 3 сар 3 хоног харсан.Тэгээд салж чадахгүй болохоор нь салахаар шийдсэн.Тэр минийх гэж тодотгоод байгаа хувцас хунар, бичиг баримт нь байгаа.5 хүүхдээ биш бичиг баримт, хувцас хунарандаа л үхэх гээд байгаа арчаагүй хүн.7 сарын 07-ноос эхэлж 11 сарын 28-ныг хүртэл нэг ч ирж хүүхдүүдтэйгээ уулзаагүй хог шиг л хаяад явсан хүн.Миний амь амьдрал, гэрэл гэрээ, аз жаргал болсон хүүхдүүдээ өгөхийг хүсэхгүй байна.Гарын таван хуруу шиг энэ бяцхан хүүхдүүдийг минь битгий салгаач.Таван эрдэнэ болсон сайхан үрсийг минь ээжтэй нь хамт байлгаж өгнө үү.Эцэст нь салахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө.Харин хүүхдүүдээ өөрийн асрамжинд байлгана.5 хүүхдээ салгахгүй.Энэ хүн өөр хүнтэй явж эхэлсэн.Ээлжинд гарах 7 хоногтоо ирэхээ байсан.Би төрөөд удаагүй байхад “би өөр хүнд сайн болчихлоо яахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн.Урд нь ч өөр хүнтэй явж л байсан.6 сарын 20-доор нэг хүүхэн залгаж “би 6 сартай жирэмсэн” гэсэн.Би сална эвлэрэх боломжгүй.Хүүхдүүдээ энэ хүнд өгөхгүй.Хүүгээ хөдөө эдний ээж рүү нь явуулахад зодсон байсан.Энэ хүн хүүхдүүддээ маш хайхрамжгүй ханддаг.Төрсөн өдрийг нь ч мэддэггүй,тэмдэглэж үзээгүй.Хүүхдүүд аавдаа дургүй,бага охин аавыгаа мэдэхгүй.4 хүүхэд сургульд сурч байна.Энэ хүн эцэг нь юм бол дэвтэр ч болтугай авч өгөх ёстой.Хавтас ч авч өөгөөгүй.Би хүүхдүүддээ зээлээр хувцас авч өгсөн.Маш их гомдож байна.Энэ хүн надаас уучлал гуйгаагүй.Уучлуулах юу хийсэн юм бэ гэсэн.ганц нэг удаагийн зуга цэнгэлийг би зөвшөөрнө.Гэтэл энэ хүн хүүхдүүдээ зүгээр хаяад явсан.7 сард гэрээс гарсан.Машиныг бид гэрээр сольж одоо хүүхдүүд дулаан амьдарч байна.Гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн,цалингийн,ажлын газрын тодорхойлолтууд, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд, сургуулийн, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, цалингийн зээлийн гэрээ,эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл,хүүхдүүдийн санал зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Даш-Эрдэнэ Д.Соёл-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ба хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно гэж маргасан.
Зохигчид 2004 онд гэрлэлтээ батлуулан , 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Д.Хүслэн, 2006-07-16-ны өдөр хүү Д.Болд, 2009-04-17-ны өдөр ихэр охид болох Д.Сарансолонго, Д.Нарансолонго нарыг, 2015-04-03-ны өдөр бага охин Д.Анунгоо нарыг төрүүлсэн,зохигчид таарамжгйү байдал,үл ойлголцол,үл хүндэтгэх,үл итгэх байдлаас шалтгаалан 2016 оны 7 сараас тусдаа амьдарч байгаа,хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар,багийн болон өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 2016 оны 10 сарын 14-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба шүүх хуралдаанд хэн алин нь цаашид гэрлэлтийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийн цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Миний бие цаашид хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод үр хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна”гэж,шүүх хуралдаанд “хүүхдүүдээ хувааж авах хүсэлтэй байна.Эхнэр ажилгүй тул 5 хүүхэд тэжээх хэцүү гэж бодож байна”гэж тайлбарласан боловч хариуцагч “Харин хүүхдүүдээ өөрийн асрамжинд байлгана.5 хүүхдээ салгахгүй”гэж тайлбарлаж маргасан.
Хариуцагч тайлбартаа “Энэ хүн хүүхдүүддээ маш хайхрамжгүй ханддаг.Төрсөн өдрийг нь ч мэддэггүй,тэмдэглэж үзээгүй.Хүүхдүүд аавдаа дургүй,бага охин аавыгаа мэдэхгүй.4 хүүхэд сургульд сурч байна.Энэ хүн эцэг нь юм бол дэвтэр ч болтугай авч өгөх ёстой.Хавтас ч авч өөгөөгүй.Би хүүхдүүддээ зээлээр хувцас авч өгсөн.Маш их гомдож байна” гэж тайлбарласан.
Эхийн асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа бага насны болон насанд хүрээгүй 5 хүүхдийг салгаж эцэг эхийн асрамжинд тус тусад нь байлгах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй,Д.Соёл-Эрдэнэ хүүхдүүдээ өсгөж бойжуулах чадваргүй байдал мөн тогтоогдоогүй,7 настай Д.Нарансолонго,Д.Сарансолонго,10 настай Д.Болд,12 настай Д.Хүслан нар “ээжтэйгээ хамт байна.Ээж биднийг өсгөж байгаа.Аав биднийг орхиод явсан” гэж санал өгсөн байх тул хүүхдүүдийг эхийн асрамжинд байлгаж, Гэр бүлийн тухай хуульд эцэг эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Л.Даш-Эрдэнээс тэтгэлэг тогтоож хүүхдүүдийг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Л.Даш-Эрдэнэ,Д.Соёл-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Д.Хүслэн, 2006-07-16-ны өдөр төрсөн хүү Д.Болд, 2009-04-17-ны өдөр төрсөн охин Д.Сарансолонго, Д.Нарансолонго,2015-04-03-ны өдөр төрсөн охин Д.Анунгоо нарыг эх Д.Соёл-Эрдэний асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Д.Хүслэн, Д.Болд, Д.Сарансолонго, Д.Нарансолонго, Д.Анунгоо нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%иар,16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Даш-Эрдэнээс тус бүр тэтгэлэг тогтоон гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ