| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01598/И |
| Дугаар | 01567 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 01567
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51б-8 тоотод оршин суух Цэвгээ овогтой Хүрэлбаатарын /ОЭ-62042875 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 27-7 тоотод оршин суух Пүрэв овогтой Батхишигт хариуцагдах 4,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ц.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Батхишиг нь 2015-06-05-ны өдөр 3,000,000 төгрөг 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай, төлөгдөөгүй хоногт 0,3 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн тул үндсэн 3,000,000 төгрөгний хүү болон алданги 5,850,000 төгрөг нэхэмжилэхээс одоо төлөгдөөгүй үлдсэн 4,770,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 91,270 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Батхишиг би 2015-06-05-нд иргэн Хүрлээгээс 3 сая төгрөг 10 хувийн хүүтэй авсан нь үнэн.Тухайн үед нөхөр С.Мөнхсайхан нь Шим тех ХХК-д гагнуурчин засварчнаар ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон юм./10 сая төгрөгийн зээл авсан/.ХХБанкнаас би өөрөө 15 сая төгрөгийн зээлтэй, нөхөр Хаан банкнаас 10 сая төгрөгийн зээлийг нэгтгэж, Хаан банкны Оюут салбарт харъяалагдах болсон.Мөн миний аав Пүрэв нь байнгын асаргаанд байдаг.Ийм шалтгааны улмаас би одоог хүртэл төлж барагдуулж чадахгүй байгаа нь үнэн болно.2017 оны 02 сард 1 сая төгрөг үлдсэнийг нь 2017 оны 07 сар хүртэл төлж барагдуулна.Бидний энэхүү хүнд боломжгүй байдлыг харгалзан үзэж боломж олгоно уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар П.Батхишигт холбогдуулан 4,770,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлага 4,770,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,270 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 45,635 төгрөг, хариуцагчаас 45,635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын 4,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Батхишиг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 91,270 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 45,635 /дөчин таван мянга зургаан зуун гучин тав/ төгрөг, хариуцагчаас 45,635 /дөчин таван мянга зургаан зуун гучин тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ