Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 469

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Аы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Аы Б нь Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн хүү 10 настай Б.Х, 07 настай Б.Ч нарыг гараараа алгадаж, цохиж, нуруу руу нь өмдний тэлээгээр ороолгож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б:

Мөрдөн байцаалтад болсон асуудлыг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ...дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

 

1.Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байтал манай аав Б гаднаас орж ирээд намайг гадуур дэмий тэнээд ээждээ туслахгүй гэж хэлээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд манай аав тэлээ хаана байна гэснээ тэлээгээ орон дээрээс аваад миний нуруу руу 2-3 удаа ороолгосон. Би ус авахаар гараад явсан. Худаг дээр очоод уйлаад зогсож байтал нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн намайг өрхийн эмнэлэг дээр авчирч үзүүлсэн. Тэгээд намайг 105 дугаар сургууль дээр хүргэж өгөхөд манай ээж намайг тосож аваад гэрт авчирсан юм. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний зүүн чих хавдсан, нуруу тэлээгээр ороолгуулаад улайсан байсан. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай аав Б намайг зодчихоод дараа нь манай дүү Чгийн нуруу руу тэлээгээр нэг удаа ороолгож байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ ээж, ах хоёртойгоо байж байтал манай аав Б гэрт орж ирээд манай ах Хг чи ээждээ тусалсангүй гэж хэлээд гараараа толгой руу цохисон. Тэлээгээр нуруу руу нь ороолгож зодсон. Тэгээд манай ах уйлсан чинь аав больсон. Харин намайг хичээлээ хийхгүй байна гэж хэлээд миний нуруу руу тэлээгээр нэг удаа ороолгосон. Тэгээд манай ах ус авахаар гэрээс гараад явчихсан. Аав ээжийг загнаад байсан. Ээж гэрээс гараад явсан. Удалгүй манай ах Хг дагуулаад гаднаас орж ирсэн. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний нуруу л өвдөөд байсан. Одоо миний нуруу зүгээр болчихсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

3. Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Б 14 цагийн орчим гэрээсээ гараад Ганаа гэх найзынхаа гэр рүү яваад орой 17 цагийн орчим архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд том хүү Хг “чи яагаад ээждээ туслахгүй гадуур тэнээд байгаа юм” гэж хэлээд хацар руу нь 2-3 удаа алгадаад дахиж гараараа зүүн чих рүү нь нэг удаа цохиж, орон дээр байсан өөрийнхөө тэлээг аваад нуруу руу нь 5-6 удаа ороолгосон. Тэгээд би том хүү Хг усанд яваад ир гэж хэлээд гэрээс гаргачихсан. Хэсэг хугацааны дараа над руу нэг эрэгтэй хүн залгаад хүүхэд чинь худаг дээр ухаан алдчихлаа, би эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд манай хүүхдийг 105 дугаар сургуулийн хажууд авчираад өгөөч, би тэнд хүлээж байя гэж хэлээд 105 дугаар сургуулийн зүүн талд зогсож байтал мөнгөлөг саарал өнгийн Эстима гэдэг машинтай хүн манай том хүүг авчирч өгсөн. Би том хүүгээ гэр рүүгээ авч ороод өвчин намдаах эм өгөөд орон дээр хэвтүүлсэн. ...20 цагийн орчим Бын ээж Энхтуяа манай гэрт орж ирээд хүүхдүүдээ зодсоныг мэдээд Быг загнаж байсан. ...Б бид хоёр 2008 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

4. Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Б бол миний бага хүү байгаа юм. Б.Х, Б.Ч нар бол Б, Энхзаяа хоёрын хүүхдүүд, миний ач нар байгаа юм. Манай хашаанд манай хүү Б эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай том хүү Болдбаяр надад хэлэхдээ Б хүү Хгээ зодсон байна гэж хэлсэн. Тэгээд би Быг чи яах гэж хүүхэд зодоод байдаг юм бэ гэж хэлээд загнасан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр над руу Б залгаад цагдаа нар намайг бас эхнэр, хүүхдийг маань аваад цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Б, Энхзаяа хоёр 2009 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

5. Гэрч А.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Б бол миний бага дүү байгаа юм. Энхзаяа миний дүү Бын эхнэр, Б.Х, Б.Ч нар Б, Энхзаяа нарын хүүхдүүд нь байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...над руу манай дүү Бын хүү Х утсаар залгаад аав намайг цохилоо гэж хэлэхээр нь би шууд гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байх замдаа ээж Энхтуяа руу утсаар залгаад Б хүүхэддээ гар хүрсэн юм шиг байна гэж хэлсэн. ...Хгийн аль чихийг нь санахгүй байна, нэг чих нь хавдсан байсан. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний орой намайг гэрт нь орж ирэхэд гэрээс архи үнэртэж байсан, Б архи уусан юм шиг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

6. Гэрч Ч.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 12-нд өгсөн:

“...Энхзаяа миний төрсөн дүү, Б нөхөр нь байгаа юм. Б.Х, Б.Ч нар бол Б, Энхзаяа хоёрын хүүхдүүд нь юм. 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой ...цагдаагаас над руу залгаад таны дүү Энхзаяа шүүх эмнэлэг дээр хоёр хүүхдийн хамт байна, ирж ав гэсэн. Тэгээд би шүүх эмнэлэг дээр очоод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дүү Энхзаяаг болон хоёр хүүхдээ түүний нөхөр А.Б зодож гэмтээснийг мэдсэн. Б, Энхзаяа хоёр 2007 оноос хойш нэг гэрт хамт амьдарч эхэлсэн, 2011 онд гэр бүлээ батлуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

7. Гэрч Б.Ганцэцэг (ангийн багш)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

“...Б.Ч бол дуу муутай, бүрэг харагддаг ч гэсэн тулаад ярилцахаар яриа сайтай, ар гэрийн анхаарал халамж сайтай байсан. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бол сургууль амарч байсан, Б.Чгийн хувьд биед болон сэтгэл зүйд өөрчлөлт гарсан зүйл ажиглагдаагүй. Би түүний аавыг өмнө нь харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

8. Гэрч Э.Номин-Эрдэнэ (ангийн багш)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

“...Б.Х хичээлдээ дунд зэрэг, сахилагагүй, энэ жилээс хичээлдээ муудаад байгаа. Манай ангийн шилдэг сурагч нарын нэг юм. Би Хгийн аавыг өмнө нь харж байгаагүй. Хгийн ээж нь хүүхэддээ байнга анхаарал халамж тавьдаг, хүүхдийнхээ араас сайн явдаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),

 

9. Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...найз Ганаатай гудамжинд тал шил архи хувааж уугаад гэр рүүгээ орсон юм. Манай том хүү Х гадуур тэнээд ээждээ туслахгүй байхаар нь Хг загнаж байгаад толгой руу нь гараараа хоёр удаа алгадаад, мөн өөрийнхөө бор өнгийн өмдний тэлээгээр 2-3 удаа ороолгосон. Тэгээд манай том хүү Х усанд явлаа гээд гараад явсан. Хг гараад явсны дараа бага хүү Чг хичээлээ хийж чадахгүй буруу уншаад байхаар нь би хичээлээ хийж чадахгүй байна гэж хэлээд нуруу руу нь нэг удаа ороолгосон. Нэг сэрсэн чинь манай ээж Энхтуяа гаднаас ороод ирчихсэн, намайг хүүхдүүдээ зодлоо гээд надад уурлаад загнаж байсан. Би Энхзаяатай 2008 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан. ...би өөрийн хүү Х, Ч нарыг гараараа болон өмдний тэлээгээр цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2026 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний дэлбэн нэлэнхүйдээ овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн дал, суга, зүүн мөр, зүүн бугалганы гадна дээд хэсгийг хамарсан 27х16см, 11х9см, зүүн өгзөгт 5х4см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 8х4см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. Цээжний баруун ар доод хэсэгт 7х6см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 10х6см, зүүн хацар шанааны хэсгийг хамарсан 9х6см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй.

ДҮГНЭЛТ:

“...1. Б.Хгийн биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, суга, зүүн мөр, зүүн бугалга, зүүн өгзөг, гуянд цус хуралт, цээж, баруун бугалганд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2027 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун далны доод хэсэгт 5х4см, зүүн далны дотор доод хэсэгт 7х5см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 5х3см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

“...1. Б.Чгийн биед баруун зүүн дал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар тал),

 

12. Б.Х, Б.Ч нарыг зодож гэмтээсэн гэх өмдний тэлээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /тэлээ нь бор өнгөтэй, хуучирсан, цайвар өнгийн төмөр аралтай 105см урттай төмөр арал дээр DIESEL гэсэн бичиглэлтэй байх ба өөр онцлог содон шинж тэмдэг байхгүй/ (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

13. Аюулын зэргийн үнэлгээ /эрсдлийн түвшин бага/ (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /эрсдлийн зэрэг дунд/ (хавтаст хэргийн 67 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

14. Шүүгдэгч А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 71 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), А.Б, Ч.Энхзаяа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал), хувиараа тээвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “Бичил аян эздийн хоршоо”-ны тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар тал), түүний хүүхдүүд болох Б.Ч, Б.Х нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84-85 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү 10 настай Б.Х, 07 настай Б.Ч нарыг гараараа алгадаж, цохиж, нуруу руу нь өмдний тэлээгээр ороолгож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Хэргийн үйл баримт, нотлох баримтыг үзвэл А.Б, Ч.Энхзаяа нар нь 2008 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас 2009 онд хүү Б.Х, 2012 онд хүү Б.Ч нар нь төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... тоот өөрийн гэртээ өөрийн төрсөн хүү 10 настай Б.Хг “ээждээ туслалгүй гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар, 07 настай Б.Чг “хичээлээ хийсэнгүй” гэх шалтгаанаар гараараа алгадах, цохих, өмдний тэлээгээр нуруу руу нь ороолгох зэргээр зодож, Б.Хгийн эрүүл мэндэд биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, суга, зүүн мөр, зүүн бугалга, зүүн өгзөг, гуянд цус хуралт, цээж, баруун бугалганд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан;

- Б.Чгийн биед баруун зүүн дал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу тэднийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

-насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байтал манай аав Б гаднаас орж ирээд намайг гадуур дэмий тэнээд ээждээ туслахгүй гэж хэлээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. ...манай аав тэлээ хаана байна гэснээ тэлээгээ орон дээрээс аваад миний нуруу руу 2-3 удаа ороолгосон. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний зүүн чих хавдсан, нуруу тэлээгээр ороолгуулаад улайсан. ...манай аав Б намайг зодчихоод дараа нь манай дүү Чгийн нуруу руу тэлээгээр нэг удаа ороолгож байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

-насанд хүрээгүй хохирогч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай аав Б гэрт орж ирээд манай ах Хг чи ээждээ тусалсангүй гэж хэлээд гараараа толгой руу нь цохисон,  тэлээгээр нуруу руу нь ороолгож зодсон. ...Харин намайг хичээлээ хийхгүй байна гэж хэлээд миний нуруу руу тэлээгээр нэг удаа ороолгосон. ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний нуруу л өвдөөд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Б ...орой 17 цагийн орчим архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд том хүү Хг чи яагаад ээждээ туслахгүй гадуур тэнээд байгаа юм гэж хэлээд хацар руу нь 2-3 удаа алгадаад дахиж гараараа зүүн чих рүү нь нэг удаа цохиж, орон дээр байсан өөрийнхөө тэлээг аваад нуруу руу нь 5-6 удаа ороолгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...21 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай том хүү Болдбаяр надад Б хүү Хгээ зодсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-гэрч А.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...над руу манай дүү Бын хүү Х утсаар залгаад аав намайг цохилоо гэж хэлэхээр нь би шууд гэр рүүгээ явсан. ...Хгийн аль чихийг нь санахгүй байна, нэг чих нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-гэрч Ч.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...цагдаагаас над руу залгаад таны дүү Энхзаяа шүүх эмнэлэг дээр хоёр хүүхдийн хамт байна, ирж ав гэсэн. Тэгээд би шүүх эмнэлэг дээр очоод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дүү Энхзаяаг болон хоёр хүүхдээ түүний нөхөр А.Б зодож гэмтээснийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай том хүү Х гадуур тэнээд ээждээ туслахгүй байхаар нь Хг загнаж байгаад толгой руу нь гараараа хоёр удаа алгадаад, мөн өөрийнхөө бор өнгийн өмдний тэлээгээр 2-3 удаа ороолгосон. Бага хүү Чг хичээлээ хийж чадахгүй буруу уншаад байхаар нь би хичээлээ хийж чадахгүй байна гэж хэлээд нуруу руу нь нэг удаа ороолгосон. ...би өөрийн хүү болох Х, Ч нарыг гараараа болон өмдний тэлээгээр цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2026, 2027 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 40, 42 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 67 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 68 дугаар тал), эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч А.Б нь гэр бүлийн харилцаатай өөрийн төрсөн хүүхдүүд болох Б.Ч, Б.Х нарыг зодож тус бүр биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Быг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна. 

Шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Ч, Б.Х нарын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхзаяагаас хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгөргөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ “Торгох ялыг багасгаж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэр бүлийн ахуйн хүрээнд гарсан гэмт хэргийн байдал, түүний хувийн байдал буюу хувиараа тээвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “Бичил аян эздийн хоршоо”-ны тодорхойлолтоор хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг өмдний тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Х, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Энхзаяа нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг өмдний тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА