Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 033/2017/0066/З |
Дугаар | 071 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 071
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ** дугаар багийн оршин суугч, Х овогт Тн Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, Т.Мийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, гуравдагч этгээд Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал И.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
Т.М би 2013 онд Эко-ази менежментийн дээд сургуулийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Т.Мийг ажилд түр томилох тухай 02 дугаар тушаалаар Ногооннуур сумын газрын даамлаар түр томилогдсон юм. Тухайн албан тушаалд 5 сар гаруй түр хугацаагаар ажиллаж байгаад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Т.Мийг ажилд томилох тухай Б/11 дүгээр тушаалаар Ногооннуур сумын газрын даамлын орон тооны ажилд бүр томилогдсон. Тухайн албан тушаалд томилогдон ажиллах болсон хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 52 дугаар тогтоол байсан юм. Т.М би тус сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг ханган томилогдсон ба ажилд орсон үеэс эхлэн эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хариуцлагатай хандаж, албан ажлаа хэвийн эрхэлж байсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т.М намайг ажлаас халах тухай Б/01 дүгээр тушаал гаргасныг миний бие тухайн үед эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 27 тоот шийдвэрээр намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Ингээд ажил олгогч намайг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон боловч 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай Б/12 дугаар тушаалаар газрын даамлын үүрэгт ажлаас дахин чөлөөлсөн. Би ажил ологчийн энэхүү хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гомдол гаргасан боловч одоо хүртэл 1 сар өнгөрсөн хугацаанд хариу өгөөгүй тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Ажил олгогч намайг ямар ч шалтгаангүй, хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учраас ажил олгогчийн тушаал хүчингүй болж, би өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох ёстой гэж үзэж байна.
Миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчсөн учраас шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж хоёр дахь удаа шүүх хуралдаанд оролцож байгаа. Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б\12 дугаартай Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, Т.Мийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
2017 оны 06 сарын 08-ны өдрийн Б/12 тоот тушаалыг би дараах үндэслэлүүдээр гаргасан. Юуны өмнө тухайн ажлыг гүйцэтгэхэд сүүлийн үед газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер гэх /ЛМ/ програм улсын хэмжээнд нэвтэрсэн ба үүнийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх асуудлыг энэ жилд багтааж хэрэгжүүлэхийг дээд шатны байгууллагаас бидэнд үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас журам гарч үүрэг чиглэл ирсэн юм. Газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод ЛМ програмаар ажиллах чадвартай байхаар оруулах, тухайн газрын даамал нь ЛМ програмыг заавал эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас Т.Мийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд эгүүлэн томилж, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зөвлөлийн хуралдаанд оруулаад дээрээс ирсэн албан тоот болон журмыг түүнд танилцуулсан.
Тэгэхэд Т.М нь би энэ ажлыг хийх явцад тухайн програмаар мэргэшүүлэх сургалтад хамрагдъя гэсэн санал тавьсан ба тийм боломж байхгүй гэдгийг түүнд ойлгуулж хэлсэн. Өөрөөр хэлбэл Т.Мийг хашаанд оруулсан ч гэрт оруулах түлхүүр байхгүй гэдгийг хэлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар тухайн програмд нэвтэрч ажиллах эрх олгогддог. Т.Мт програмд ажиллах эрх олгогдоогүй учраас ажиллах боломжгүй тул сургалтад хамрагдаж, сертификат аваад ир гэж хэлсэн. Энэ үндэслэлээр Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, газрын даамлын ажлын байрны тодорхойлолт, Ногооннуур сумын Засаг даргын саналыг үндэслэн Т.Мийг ажлаас чөлөөлсөн байгаа. Сумын Засаг даргын хувьд Т.М нь нэгэнт ЛМ програмаар ажиллах эрхгүй учраас түүнийг газрын даамлаар ажиллуулах боломжгүй, хэрвээ түүнийг ажиллуулсан тохиолдолд Ногооннуур сумын газрын харилцаатай холбоотой ажил бүхэлдээ зогсоно, тийм учраас И.Оийг ажиллуулъя гэсэн саналыг албан тоотоор ирүүлсэн. Харин Т.Мийн хувьд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш одоо хүртэл сургалтад хамрагдаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа.
Буянт сумын газрын даамлыг мөн адил энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба дараа нь тэр хүн сургалтад хамрагдаж, сертификат авч ирээд тушаалаа гаргуулан ажиллаж байгаа. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалын хавсралтад заасан албан тушаалтнуудыг газрын даамлаар ажиллуулах тушаал гаргах эрхтэй болохоос програмд орох эрх олгогдоогүй хүнд тушаал гаргах эрх надад байхгүй байна. Ингээд дээрх үндэслэлүүдээр Т.Мийг ажлаас түр чөлөөлсөн юм. Түр чөлөөлснийг ажлаас бүр халсан гэж ойлгож болохгүй, сургалтад хамрагдаж ирвэл зөвхөн Ногооннуур биш өөр сумдад ажиллах боломжтой. Саяхан дээрээс ирсэн шалгалтаас 2 газрын даамал тэнцээгүй учраас дахиад арга хэмжээ авсан юм.
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/856 тоот албан бичгээр дээд шатны байгууллагаас газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод ЛМ програмаар ажиллах гэсэн шаардлагыг оруулахаар үүрэг, чиглэл өгсний дагуу бид уг шаардлагыг тухайн ажлын байрны тодорхойлолтод оруулсан байгаа. Т.Мийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас түүнийг ажлаас чөлөөлсөн.
Гуравдагч этгээд И.О нь ЛМ програмыг эзэмших сургалтад хамрагдсан, эрхийн гэрчилгээтэй, тухайн програмд нэвтрэх эрхтэй бөгөөд ийм эрхгүй, гэрчилгээгүй хүн газрын даамлаар ажиллах боломжгүй, ийм тайлбар хэлмээр байна гэв.
Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Мийн хууль ёсны эрхийг хөндсөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Бын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай тушаалыг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Т би гаргаагүй болно. Энэхүү актыг аймгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан байх тул энэ хэргийн хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга би биш гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг сольж намайг чөлөөлж өгнө үү гэж энэхүү тайлбарыг үүгээр хүргүүлж байна гэжээ.
Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
И.О миний бие Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Ногооннуур сумын газрын даамлаар түр томилогдсон болно. Уг тушаалд Т.Мийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.3.3 дахь заалтуудыг тус тус, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/139 тоот тушаалаар баталсан журмын 4 дүгээр зүйлийн 4.4.2, 4.4.3, 4.6.2 дахь заалт, мөн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/856 тоот саналыг тус тус үндэслэн ажлаас халсан ба оронд нь И.О намайг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын эрхийн дагуу түр томилсон нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.
Би Ногооннуур сумын газрын даамлаар хэвийн ажиллаж байгаа ба 2017 оны 01 дүгээр сарын 15-20-ны хооронд зохиогдсон Лэнд менежер програм хангамжийн талаарх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас явуулсан сургалтад хамрагдаж, шалгалтаар 85 оноо авч тэнцсэн болно.
Иймд И.О миний бие Ногооннуур сумын газрын даамлаар ажиллахад хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Т.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Т.Мийг ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримталсан нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь тухайн албан тушаалтан 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдах бол уг хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн зохицуулалттай гэдгийг хэлье. Газрын тухай хуулийн тушаалд баримтласан тухайн заалт бүтэц, орон тоо тогтоох талаарх зохицуулалт байдаг. Тэгэхээр тушаалд дурдсан 2 хуулийн заалтыг ажил олгогч Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг түр томилох тухай тушаалд буруу хэрэглэсэн гэж бодож байна. Т.М нь эрх зүйн субъектийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдахаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахыг хориглосон хуулийн зохицуулалттай байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25, 26 гэсэн дараалсан 4 заалтуудаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах зэрэг үндэслэлүүдийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан бөгөөд эдгээр зохицуулалтуудын аль нэг нь Т.Мийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд дурдагдаагүй учраас уг тушаал өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Т.Мийг өмнө нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Уг шийдвэрт хариуцагч тал хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй учраас шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Т.Мийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд томилсон ажил олгогчийн тушаалын 2 дугаар заалтад түүнтэй үр дүнгийн гэрээ хийж ажиллуулах талаар зохицуулсан мөртлөө гэрээ хийх байтугай, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд томилж, 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдөр ажил хүлээлгэж өгөхгүйгээр дахиад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагчийн тайлбарлаж байгаа 2016 оны 11, 12 дугаар саруудад авсан компьютерийн шалгалтад нэхэмжлэгч хангалтгүй дүн үзүүлсэн гэх асуудлыг өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцэж, хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй болох 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй тул хариуцагчийн энэ тайлбарыг хүлээж авах боломжгүй гэдгийг хэлмээр байна. Лэнд менежер програм нь газрын албанд хууль ёсоор ажиллаж байгаа ажилтанд хамааралтай програм гэж бодож байгаа. Хэн боловч тухайн програмыг эзэмшүүлэх сургалтад хамрагдах боломжгүй, энэ програм өөрөө тухайн байгууллагын нууц учраас энэ нь тухайн байгууллагын албан хаагч нарт хамааралтай асуудал юм. Хариуцагч нь Т.Мийг өөрийн зардлаар Улаанбаатар хотод очиж сурах ёстой гэж байгааг би ойлгохгүй байгаа, бусад газрын даамлууд Өлгийд ирж явуулсан сургалтад хамрагдаж байхад, уг сургалтад нэхэмжлэгчийг оруулаагүй. Тухайн програмыгнэхэмжлэгчид эзэмшүүлж, түүний дагуу ажиллуулахад өөрөө ажиллаж чадахгүй бол өөр хуулийн зохицуулалт үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл гүйцэтгэж байгаа албан тушаалд тэнцэхгүй байгаа гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байсан.
Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах програм нь тухайн байгууллага заавал дотооддоо мөрддөг нарийн програм байгаа бөгөөд уг програмыг эзэмшүүлэх сургалтад Т.М хамрагдаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү програм нь шинээр хэрэгжиж байгаа учраас ажилтныг тодорхой хугацаагаар сургах ёстой, үнэхээр ажиллаж чадахгүй, компьютерт мэдээллийг оруулж чадахгүй зэрэг ажлын доголдол гаргавал тухайн байгууллагаас ажлын хэсэг томилж, гүйцэтгэж байгаа албан тушаалд тэнцэхгүй байгаа гэх шалтгаанаар арга хэмжээ авах ёстой. Сургалтад хамруулж програмыг зааж өгөөгүй байж өрөөндөө дуудаж хурдан бааз үүсгэ гэж байгаа нь буруу, хэн ч үүсгэж чадахгүй, сургагч багш нарын заасан хичээлийг хүлээж авч чадаж байгаа эсэх, програмд ажиллаж байгаа юу гэдгийг хэсэг хугацааны дараа дүгнэж байгаад асуудалд хандах ёстой.
Хариуцагч Т.Мийг ажлаас түр чөлөөлсөн гэх боловч одоо 5,6 сар болж байгаа тул түр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй боллоо. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх ёстой. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд эгүүлэн томилж, 07-ны өдөр та ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд 08-ны өдөр ажлаас гаргасан нь Т.Мийг эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаал Т.М ажилгүй байсан үед гарсан учраас сургалтад хамрагдаагүй байгаа. Сургалтад оролцсон газрын даамал, мэргэжилтнүүдийн материалаас үзэхэд тэд нарын бүх зардлыг байгууллагаас гаргасан байсан. Төрийн албан хаагчдыг сургах ёстой энэ бол төрийн үүрэг байдаг юм. Тиймээс эргээд төрд шударгаар ажиллаж, ард түмэнд үйлчлэх ёстой. Ажилтнуудыг дээрх боломжоор хангах нь ажил олгогчийн үүрэг учраас ажил олгогчийн Т.Мийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын газрын даамлаар ажиллаж байгаад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас халагджээ.
Уг захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсноор тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/002** дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мийг Ногооннуур сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоосон байх ба шүүхийн уг шийдвэрийг үндэслэн хариуцагч болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нэхэмжлэгч Т.Мийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилж, 2 өдрийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаас нь түр чөлөөлж, И.Оийг тус сумын газрын даамлын ажилд түр томилжээ.
Хариуцагчаас энэхүү захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.3.3 дахь заалт болон Ногооннуур сумын Засаг даргын санал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/139 дугаар тушаалаар баталсан журмын 4 дүгээр зүйлийн 4.4.2, 4.4.3, 4.6.2, газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/856 тоот Ажлын байрны тодорхойлолтод нэмэлт оруулах тухай албан бичигт сумын газрын даамлуудын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагын чухал шаардлагатай ур чадвар гэсэн хэсэгт Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг бүрэн эзэмшсэн байх гэж оруулан баталгаажуулах, мөрдөх арга хэмжээг зохион байгуулах гэж заасныг тус тус үндэслэсэн байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа ...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/139 тоот тушаал, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/856 тоотоор ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулан ажиллахыг бидэнд чиглэл болгосон. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг эзэмших сургалтад хамрагдаж эрх аваагүй тохиолдолд газрын даамлаар ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн програмд нэвтрэх эрхгүй гэсэн үг. Үүнээс болж газартай холбоотой бүхий л үйл ажиллагаа тухайлбал, хөрөнгийг, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, бусдад газар эзэмших, өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй хүндрэл учруулахаар байна. Иймээс Лэнд менежер програм хангамжийг бүрэн эзэмшиж эрх авах хүртэл холбогдох хууль журмын дагуу Т.Мийг түр ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаартай Журам батлах тухай тушаалаар аймаг, нийслэл дүүргийн Газрын алба, сумын газрын даамлууд мөрдөж ажиллах Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам-ыг шинэчлэн баталсан байх ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е, мэдээллийн сан, техник програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.С нарын мэдүүлгээс үзэхэд Баян-Өлгий аймгийн хувьд газрын кадастрын мэдээллийн сангийн шинэ систем буюу Лэнд менежер програм хангамж нь сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн нэвтэрсэн байжээ. Уг журмын Дөрөвийн 4.4-т зааснаар ...сумын газрын даамлууд нь мэдээллийн санд хандах эрх нээлгэх тохиолдолд нууцын баталгаа гаргуулсан байх, мэдээллийн санд хандах эрх нээлгэх, хаалгах хүсэлтээ Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргад гаргах, эрх нээлгэж буй газрын даамлуудын хувьд ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тухай тушаалыг ирүүлсэн байх, мэдээллийн сангийн програм хангамжийн сургалтад хамрагдаж, батламж /сертификат/ авсан байх шаардлагуудыг тус тус хангасан байх шаардлагатай байна. Мөн журмын 4.6-д мэдээллийн сангийн програм хангамжийн сургалтыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын кадастрын асуудал эрхэлсэн нэгж хариуцан зохион байгуулна гэж зааснаар тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаартай тушаалын дагуу сумын газрын даамлуудад зориулагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн анхны сургалт 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдах үед нэхэмжлэгч Т.М нь сургалтад хамрагдах боломжгүй байсан буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сумын газрын даамлын ажлаас халагдсан байжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/139 дугаартай Журам батлах тухай тушаал гарч, Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам-ыг дахин шинэчлэн баталж, тус газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан дээрх журмыг хүчингүй болсонд тооцсоноор 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус агентлагийн 2017 ны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/856 дугаар албан бичгээр шинээр батлагдсан журмыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн ...сумдын газрын даамлын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын чухал шаардлагатай ур чадвар гэсэн хэсэгт газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг бүрэн эзэмшсэн байх гэж оруулан баталгаажуулж, мөрдөх арга хэмжээ зохион байгуулахыг мэдэгдсэн байна.
Дээрх А/139 дугаартай тушаалаар шинээр батлагдсан журмын Дөрөвийн 4.4-т хариуцсан эрх, үүргийнхээ хүрээнд мэдээллийн санд хандах сумын газрын даамлууд нь мэдээллийн санд хандах эрх нээлгэх тохиолдолд нууцын баталгаа гаргуулсан байх, мэдээллийн санд хандах эрх нээлгэх, хаалгах хүсэлтээ агентлагийн даргад гаргах, эрх нээлгэж буй газрын даамлуудын хувьд ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсонтухай тушаалыг ирүүлсэн байх, мэдээллийн сангийн програм хангамжийн сургалтад хамрагдаж, батламж /сертификат/ авсан байх шаардлагуудыг тус тус хангасан байхаар мөн зохицуулагджээ.
Түүнчлэн 4.6-д мэдээллийн сангийн програм хангамжийн сургалтыг агентлагийн кадастрын асуудал эрхэлсэн нэгж хариуцан зохион байгуулна, 4.6.1-д газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд нэвтрүүлэх тохиолдолд тус програм хангамжийн сургалтад аймаг,нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд, сумын газрын даамлууд үнэ төлбөргүй хамрагдана, 4.6.2-т албан тушаалд шинээр томилогдсон болон давтан суралцах тохиолдолд газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийн төлбөртэй сургалтад хамрагдаж батламж /сертификат/ авахаар заасан байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/1461 дугаартай албан бичгээр Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлж, иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн бүх сумдын газрын кадастрын мэдээллийн сангийн хяналт шалгалт болон давтан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэж, сургалтын хөтөлбөр болон хяналт шалгалт хийх хугацааг хавсралтаар хүргүүлснээр Баян-Өлгий аймагт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 5 хоногийн хугацаатайгаар ажиллаж, давтан сургалт явуулах арга хэмжээг зохион байгуулсан байх ба нэхэмжлэгч Т.М нь үүнээс өмнө маргаан бүхий захиргааны актаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Т.Мийг газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сургалтад хамрагдаж, уг програмыг эзэмших, шинэ системд нэвтрэх эрх авах хүртэл хугацаагаар түр чөлөөлсөн гэх боловч журамд зааснаар уг програм хангамжийн сургалт нь сумдад ажиллаж байгаа газрын даамлуудад зориулагдсан, ажиллаж байгаа газрын даамлууд мэдээллийн санд хандах эрх нээлгэх тохиолдолд нууцын баталгаа гаргуулсан байх, ...эрх нээлгэж буй газрын даамлууд ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тухай тушаалыг ирүүлсэн байх шаардлагыг хангасан байхаар зохицуулагдсан байх ба ажлаас чөлөөлөгдсөн газрын даамлын хувьд сургалтад хамрагдах боломжгүй байхад Лэнд менежер програм хангамжийг эзэмших, системд нэвтрэх эрх олж авах гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь түр чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлж, иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Т.М нь сумын газрын даамлын хувьд холбогдох журамд зааснаар албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн тухайн програмыг эзэмшүүлэх сургалтад хамрагдаж, шинэ системд нэвтрэх эрх авах, уг програмыг эзэмших, үйл ажиллагаандаа хэрэглэж ажиллах үүрэгтэй боловч журамд заасны дагуу зохих газраас явуулсан энэ талаарх сургалтуудад нэхэмжлэгч ажил олгогчийн түүнийг ажлаас халж, чөлөөлсөн хууль бус шийдвэрүүдийн улмаас хамрагдаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдсон, мөн програм хангамжийн сургалтад журамд заасан шаардлагыг хангасан тухайн сумдаа газрын даамлаар ажиллаж байгаа ажилтан хамрагдах боломжтой буюу ажлаас чөлөөлөгдсөн сумын газрын даамал нь нууцын зэрэглэл бүхий газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сургалтад хамрагдах боломжтой гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.17-д Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод шуурхай, хүртээмжтэй, цаасгүй , хүн сурталгүй хүргэж цахим засгийг бодитой хэрэгжүүлнэ гэж заасны дагуу холбогдох газраас газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулахаар ажиллаж, энэ ажлын хүрээнд Лэнд менежер програм хангамжийг улсын хэмжээнд нэвтрүүлж, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байх ба энэ тохиолдолд хариуцагч болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй этгээдийн хувьд газрын албаны мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудыг шинэ системийг эзэмшүүлэх сургалтад хамруулах, тухайн програм хангамжийг эзэмших боломжоор хангах мөн үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар /шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан/ бэлтгэгдэх болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримдуудаас үзэхэд эрх бүхий газраас зохион байгуулсан газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сургалт нь 2017 оны 1, 9 дүгээр саруудад тус тус 5 хоногтойгоор зохион байгуулагдсан байх ба энэ тохиолдолд ажил олгогчоос 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдах сургалтад гурван сараас дээш хугацааны сургалтаар хамрагдах тохиолдлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн нь хууль бусюм.
Сургалтад хамрагдах хугацаа дээрх байдлаар гурван сараас дээш хугацаатай биш байгаа тохиолдолд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар ажилтанд чөлөө олгох ба энэ үндэслэлээр ажилтны эзгүй буюу чөлөөтэй байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмаар бусад төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зэргээр зохицуулагдах тул сургалтад хамруулах үндэслэлээр нэхэмжлэгчид хуульд заасан зохих журмаар чөлөө олгохгүйгээр ажлаас нь түр чөлөөлж, гуравдагч этгээд И. Оийг маргаан бүхий албан тушаалд түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим, 21.1, 23.3.2-т заасныг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр байна гэж үзээд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Мөн маргаан бүхий захиргааны акт нь агуулгаараа ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр байхад Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д заасан Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах заалтыг баримталсан нь үндэслэлгүй байх ба хариуцагчаас шүүх хуралдааны явцад техникийн алдааны улмаас хуулийн зүйл заалт буруу тусгагдсан, 23.3.6-д заасан тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамлыг томилох, чөлөөлөх заалтыг баримталсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь дээрх байдлаар хууль бус байгаа тохиолдолд энэ талаарх хариуцагчийн тайлбар ач холбогдолгүй байна.
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4** дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч Т.М нь Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар ажилласан хугацаанд албан тушаалын сарын цалинд Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээний ТЗ-3-1 шатлалаар 464783 төгрөг, нууцын нэмэгдэлд 46478.3төгрөг, нийт 511261 төгрөгийн цалин авдаг нь хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ажилчдын цалин олголтын хүснэгт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын хувьд ажилласан хугацаанд тус газраас цалин хөлсөө авч байсныг харгалзан ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулан тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 591 961 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгчээс гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 2 591 961 төгрөгт оногдох шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмаар тооцож, 16 дугаар зүйлийн 1, 1** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 1** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай Т.Мийг ажлаас түр чөлөөлж, И.Оийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Мийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 591 961 /хоёр сая таван зуун ерөн нэгэн мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 2 591 961 төгрөгийн цалин хөлсөд оногдох даатгуулагчийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ** дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА