Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0345

 

 

  П.Болормаагийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч П.Б, хариуцагч Н.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.Б-гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Б-гийн “Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох мөн хуулийн 26.1-д ... захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэж хуульчилсаны дагуу надад урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан” гэж үзжээ.

Үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй ба надад арга хэмжээ авахдаа ямар ч сонсох үйл ажиллагаа хийгээгүйг хэрэгт авагдсан материалууд нотолдог. Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус хэлтсийн даргын дэргэдэх зөвлөл 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, “сахилгын шийтгэл ногдуулах тухай” хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлийг ирүүлснийг хэргийн материалыг үзэх явцдаа харсан. Энэ хуралд намайг лав оролцуулаагүй. Түүнээс гадна ийм хурал огт болоогүй ба эрх мэдлээ ашиглан хуурамч материал бүрдүүлж болдгийн жишээг харуулж байна.

Харин надад СХГ-аас ирсэн бичгийг канондож өгсөн ба би үүний дагуу СХГ-т гомдол гаргаж энэ тухайгаа хэлтсийн даргад мэдэгдсэн. Гэтэл энэ бичгийн хариу ч ирээгүй байхад надад шууд арга хэмжээ авсан тул би дахин бичгээр энэ тухай мэдэгдсэн. Өөрөөр надтай ярилцсан юм байхгүй.

Шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.1.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 31.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Би шүүхэд гаргасан тайлбартаа нөхцөл байдлын талаар тодорхой тайлбарласан ба ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Энэ шүүхийн шийдвэрээс ч ямар хуулийн яг аль заалтыг яаж зөрчсөнөө олж харсангүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад арга хэмжээ авсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч П.Б-гаас Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдуулан “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий акт гарахаас өмнө Стандарт, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний баг 2020 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улмаар хяналт шалгалтаар мэргэжилтэн П.Б, Ц.Г нар Монгол Улсын MNS ISO/IEC 17065 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг дүгнэлтийг Стандарт, хэмжил зүйн газраас зөрчил гаргасан гэж 2020 оы 07 дугаар сарын 30-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 01/616 дугаар албан бичгийг хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст хүргүүлжээ.

Улмаар маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалаар П.Б, Ц.Г нарт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 01/616 албан бичиг, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1б дэх заалтуудыг баримтлан албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч П.Б-гаас “...Чанарын гарын авлагыг үндэслэн арга хэмжээ авсан, Стандарт техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар .... үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээг авдаг болохоос сахилгын арга хэмжээ авдаггүй, ...байгууллагын тохирлын үнэлгээний талаар арга хэмжээ авах байсан бол эхлээд хэлтсийн дарга Н.Э-д арга хэмжээ авах байсан...” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд MNS ISO/IEC 17025, MNS ISO/IEC 17065 стандартын хэрэгжилт, стандартын дагуу дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийсэн байдалд үзлэг, дүн шинжилгээ хийх, арга зүйн зөвлөмж өгөх чиглэлээр хяналт шинжилгээ явуулахад MNS ISO/IEC 17025 стандартын шалгах хуудас ашиглан дотоод аудит хийсэн тухай нотлох баримт байхгүй, удирдлагын дүн шинжилгээг хийгээгүй, MNS ISO/IEC 17065 стандартын дагуу боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БТБГ-ын даргын баталсан чанарын гарын авлага, холбогдох баримт бичгийг үйл ажиллагаандаа бүрэн ашиглаагүй, Итгэмжлүүлэх тухай өргөдөл, хүсэлтийг итгэмжлэлийн газарт хүргүүлсэн боловч дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийсэн тухай нотлох баримтгүй, Аж ахуйн нэгжид тохирлын үнэлгээ хийхдээ шинжээч ганцаараа үнэлгээ хийх бөгөөд удирдамж боловсруулан хэлтсийн даргаар батлуулдаггүй, СХЗГ-07-ЧГА/ББ-01/03/ дугаар бүхий Чанарын гарын авлагын 7.4.1 заалтыг мөрдөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08/532 албан бичгээр чанарын менежментийн тогтолцоо Шаардлага ISO 9001:2015, Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага MNS ISO IEC 17065:2013 стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллах талаар үүрэгжүүлж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/99 дүгээр тушаалд “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс, 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсад бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус дагаж мөрдөгдөн хэрэгжсэн бөгөөд дээрх дүрэм, журмаас үзвэл, “...байгууллагын тохирлын үнэлгээний талаар арга хэмжээ авах байсан бол эхлээд хэлтсийн даргад...” арга хэмжээ авах байсан гэх нэхэмжлэгчийн гомдол тогтоогдсонгүй.

П.Б-гийн албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсэгт албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийг зааж өгч, “Тухайн орон нутагтаа бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах мэргэжил, мэргэшлийн талаар үүрэг хүлээж, хэрэгжилтэд үнэлгээ дүн шинжилгээ хийж, ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцах”-аар бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд, шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, гарын авлагын хэрэгжилтийг хангаж, ажиллах үүрэгтэй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагчаас сонсох ажиллагааг хийгээгүй гэх боловч, Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 01/616 дугаар албан бичгийг Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст хүргүүлсэнээс хойш П.Б-гаас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/729 дүгээр албан бичгээр хариу өгчээ. Үүнээс үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна. Учир нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүгнэлт, зөвлөмж, ирсэн албан бичгийг тухай бүр танилцуулсаны дагуу нэхэмжлэгч нь дээд шатны эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байх бөгөөд хариуцагчийн зүгээс шийдвэр гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН