Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0006

 

Б.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Б.Галбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:    Б.Галбадрахад  холбогдох

Машины төлбөр 13.000.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Галбадрахтай харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сард өөрийн өмчлөлийн 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Уг машиныг барьцаанд тавиад 3 сая төгрөг зээлсэн. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хүү өгөхөөр харилцан тохиролцоогүй ба би машинаа авахдаа торх барьж өгөхөөр харилцан тохирсон. Одоо миний машиныг цааш нь хүнд зарсан. Би машинаа авах гээд Галбадрахынд зөндөө очиж байсан. Би энэ хүнд хөрөнгөө алдаж хохирсондоо гомдолтой байгаа бөгөөд би машинаа 2015 оны 4 дүгээр сард худалдаж авч байсан. Тэгэхдээ Жаргалант сумаас 14 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Машины бичиг баримт бүх юм Б.Галбадрахад байгаа болно. Би машинаа аваад сар гаран л хэрэглээд барьцаанд өгсөн. Одоо тэр машинаа сар гаран хэрэглээд хүний мөнгө удаасан гэж худалдаж авсан үнээсээ хасаад 13.000.000 төгрөг Б.Галбадрахаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Нэхэмжлэгч Энх-Амгалан нь өөрийн эзэмшлийн авто машинаа Галбадрахад барьцаанд тавиад авах гэтэл зарсан гэж шалтаг хэлээд өгөөгүй байдаг юм билээ. Одоо Б.Энх-Амгалан нь тухайн үед зээлж авсан 3 сая төгрөг, Б.Галбадрахын биеийн байдал зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаасаа 3.5 сая төгрөг хасаж байгаа болно. Б.Галбадрах нь одоо зах дээр орос бараа зараад наймаа хийгээд зогсож байна лээ гэж нэхэмжлэгч ярьж байсан. Иймд хариуцагч Галбадрахаас 6.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т зааснаар хариуцагч Б.Галбадрахаас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энх-Амгаланд олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Галбадрахаас 118.950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энх-Амгаланд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Галбадрах давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан нь 2015 оны 6 сард 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн хуучин эвдэрхий машинаа надад барьцаанд тавьж, торх өрж өгч байж буцааж авна гэж хэлээд надтай 3,800,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг машинаа барьцаанд тавьж авсан юм. Мөн зээлж авсан мөнгөн дээрээ хоол унд, бензин тосны мөнгө гэж 300.000 төгрөг нэмж авсан.

Б.Энх-Амгалан нь өөрийн өмчлөлийн машин гэж худал хэлсэн байна. Уг авто машин нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Авирмэдийн Ганболдын эзэмшилд байдаг. Б.Энх-Амгалан нь бусдаас уг автомашиныг шилжүүлж аваагүй бөгөөд манай аймгийн тээврийн газарт бүртгэгдээгүй байгаа нь надад барьцаанд өгсөн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын мэдүүлгийн маягт зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх уг автомашины жинхэнэ өмчлөгчийг нь шалгаж тогтоолгүй шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байна. Б.Энх-Амгалан нэхэмжлэлдээ машинаа барьцаанд тавьж 3 сая төгрөг зээлж авсан гэж худал бичжээ. Мөнгө зээлж авсан гэрээгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нуусан байна. Шүүх Б.Энх-Амгалангаас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангуулалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Б.Энх-Амгалангийн надтай байгуулсан 3,800,000 төгрөг зээлж авсан гэрээ, автомашины техникийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний мэдүүлэг зэргийг шаардаж авч хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй орхисон.  Мөн бусдаас худалдаж авсан гэрээ нь ч хэрэгт авагдаагүй байна. Шүүх Энх-Амгалангийн барьцаанд тавьсан автомашиныг албан ёсоор үнэлгээ тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Би Б.Энх-Амгалангаас зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө удаа дараа шаардсан боловч өгөхгүй хугацаа хэтрүүлсэн болохоор нь 1995 онд үйлдвэрлэгдсэн хуучирсан эвдэрхий машиныг нь зарах гээд олон хүнд үзүүлсэн боловч хуучирсан, эвдэрхий гээд хүн голоод авахгүй удаж, сүүлд нь нэг хүнд зарсан юм. Шүүх Б.Энх-Амгалангийн амаар үнэлсэн үнэлгээг л үндэслэж надаар 6.500.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Энх-Амгалан нь Б.Галбадрахаас автомашины үнэ 13,000,000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 6,500,000 төгрөг болгосон байх ба шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож,  мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах,  гаргаж өгөх үүрэгтэй.

Шүүх хариуцагчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрх, үүрэг танилцуулж, хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хангасан байх боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаарх  тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох бусад баримтыг автомашинтай нь хамт авсан гэх боловч эдгээр баримтыг шүүхэд өгөөгүй байна.

Шүүх өөрийн  санаачилгаар  нотлох баримт бүрдүүлдэггүй, талуудын гаргасан  тайлбар, үндэслэл, нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг учир хариуцагчийн “...автомашины жинхэнэ өмчлөгчийг нь шалгаж тогтоолгүй шийдвэр гаргасан, 3.800.000 төгрөг зээлж авсан гэрээ, автомашины техникийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний мэдүүлэг зэргийг шаардаж авч хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй, автомашиныг албан ёсоор үнэлгээ тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Б.СОСОРБАРАМ