Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

 

 

      В.Бд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                   

            прокурор Ж.Бат-Эрдэнэ,

            шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 696 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг үндэслэн В.Бд холбогдох 201725020025 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Боржигон овгийн Ваанчигийн В.Б, 1974 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой гудамжны 24 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ74100417/

В.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоот гэртээ согтуугаар Б.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас В.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Гэтэл В.Бд холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудаас энэ зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал” болох гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн талаар “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан хуудас, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчаар В.Бийн өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод уг гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон.

2. Гэмт хэргийг хэн үйлдсэн талаар “тухайн гэмт гарсан 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагч В.Бийн гэрт талийгаач Б.Г, гэрч Ж.Төмөрбаатар, Б.Лхагвасүрэн нар 15 цагийн үед байсан. Гэтэл гэрч Ж.Төмөрбаатарыг найз нь утсаар дуудаж, тэрээр Б.Лхагвасүрэнтэй 17 цагийн үед гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бааранд уулзсан болох нь камерийн бичлэг”-ээр тодорхой болсон.

Гэрч Ж.Төмөрбаатар, Б.Лхагвасүрэн нар гэрээс гарахад тэднийг яллагдагч В.Б дагаж явахаар болж талийгаач Б.Гыг сэрэхгүй болохоор уурлаж, хөл рүү нь өшиглөж байсан, мөн тухайн үед яллагдагч В.Бийн гэрт байсан толь хагараагүй байсан. Гэтэл гэмт хэрэг гарсны дараа толь хагарсан уг хагархай нь шинэ хагарал болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдийгээр яллагдагч В.Б нь өөрийгөө бие засах гээд гартал талийгаач гадаа байсан гэж мэдүүлдэг хэдий ч талийгаачид учирсан тархины гавал ясны битүү гэмтэл, хувцаст үүссэн урагдалт, хувцаст үүссэн цус мэт зүйл зэрэг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр уг гэмт хэргийг В.Б үйлдсэн болох нь тогтоогдсон.

3. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийн талаар талийгаач Б.Г болон яллагдагч В.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тухайн 2 хүний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд: Гэрч Ж.Төмөрбаатарын “Би 14 цагийн үед өөрийн машинаа Лхагвасүрэн гэх манай ажилтнаар бариулаад Төмөрбаатарын гэр болох Гоодойн зусланд байдаг гэрт нь очсон юм. Гэрт нь очих замдаа би замаасаа дэлгүүрээс 2 шил 0.75-тай “Хараа” архи авсан... В.Б хоол хийсэн байсан. Хоолноос нь идээд архи уусан... В.Бийн гэрт архи ууж, би унтаж амраагүй нэг шил архи уугаад нэг шил архиа орхиод явсан. Нөгөө хоёр уугаад үлдсэн юм. Талийгаачийн гаднаас орж ирэхэд нь өмсөж явсан куртикд ямар нэгэн урагдал, цоорхой байхгүй байсан байх... В.Бийн хадам ээжийг нь байхад очиж байсан. Тэгэхэд гал тогоонд нь цай уугаад сууж байхад толь харагдаж байсан. Тэгэхэд зүгээр байсан...”, гэрч Б.Лхагвасүрэнгийн “Төмөрөө ах 2 шил 0.75-тай хараа архи авсан... нөгөө хоёр архи задлаад нэг уугаад Цэнгэл гэдэг гэрийн эзэн хүн миний машины түлхүүр аваад нэг хүн аваад ирье, хөөрхий амьтан ганцаараа байгаа гээд явсан удаагүй 2-3 минутын дараа нэг настай эрэгтэй хүн дагуулж орж ирсэн. Төмөрөө ах би 10 минут унтлаа гээд унтаад өгсөн. Нөгөө хоёр хүн юм яриад архиа задалж уугаад байсан... Төмөрөө ах утсаа салгаад намайг манай найз модны хоёрт хүрээд ир гэж байна. Би явлаа гээд хувцасаа өмссөн. Тэгтэл Цэнгэл гэх гэрийн эзэн тэгүүл би хамт явъя гээд цуг явахаар болсон. Тэр үед нөгөө настай Цэнгэлийн дагуулж ирсэн ах сандал дээр унтсан байсан. Тэгтэл В.Б нөгөө ахыг бос, би явлаа гэтэл нөгөө хүн босохгүй унтаад байсан. Тэгтэл Цэнгэл гэх хүн нөгөө настай, унтаж байсан хүний хөл рүү өшиглөөд босгох, гэтэл босохгүй байсан. Тэгтэл нөгөө Цэнгэл гэх гэрийн эзэн та хоёр гадаа гараад хүлээж бай, би энэ хүнийг гаргаж явуулчихаад гараад очьё гэсэн. Тэгээд Төмөрөө ах бид хоёр гадаа гараад машин дотроо хүлээгээд байж байтал Төмөрөө ах больё орхиод явья гээд намайг хөдөл гэсэн... Гаднаас ирсэн хүн нь эрүүл байсан архи уусан шинж надад мэдэгдээгүй, орж ирээд гурвуулаа инээж хөхрөөд хамт архи уусан юм. Тэр хүн бараан өнгийн куртик өмссөн байсан. Уг хүний хувцас нь урагдсан мөн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл, шарх гэхээр зүйл байхгүй зүгээр байсан. Уг хүн орж ирээд гадуур хувцасаа тайлаагүй гадуур хувцастайгаа байсан. Цэнгэл гэх гэрийн эзэн уг хүнийг бос гар гэж байхдаа сандлаас нь унагаагүй зүгээр хувцаснаас нь татаад хөлрүү нь өшиглөж байгаа харагдсан... Цэнгэлийн гэрт байсан хувцасны шкапны хаалган дээр дугуй гонзгой толь байсан, тэр толинд би сандал дээр сууж байгаад хальт харсан юм. Тэгэхэд ямар нэгэн хагархай толь харагдаагүй зүгээр байсан. Тэр гэрт өөр толь байхгүй байсан. Төмөрөө болон Цэнгэл нар согтуу байсан гэхдээ хөл дээрээ тогтоод гуйваж, дайвахгүй яваад байсан...” гэх мэдүүлгүүд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэлд “талийгаач Б.Гын дээгүүрээ өмсөж явсан гэх куртик нь саарал өнгөтэй энгэртээ цахилгаантай, энгэрийн баруун зүүн талдаа хоёр кармайтай, доороо давхар хоёр халаастай, өвлийн куртик байна. Уг өвлийн куртикны баруун суганд 18 см оёдолоо дагасан урагдалттай, зүүн суганд 28 см оёдолоо дагасан урагдалттай байв. Куртикны дотор хэсэгт үзлэг явуулахад куртикны дотор талын ар хэсэгт нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байна... Ногоон өнгийн урдаа цахилгаантай, зүүн энгэртээ спорт гэх бичигтэй ноосон цамц байна. Уг цамцны баруун суганд 6 см урттай 4 см өргөнтэй оёдолоо дагасан урагдалттай байх ба баруун ханцуйны дээд хэсэгт 9 см урагдалттай байна. Цамцны дотор талын ар хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Саарал өнгийн урдаа цахилгаантай цээж хэсгээрээ эрээн өнгөтэй ноосон цамц байна. Уг цамцанд ямар нэгэн урагдал байхгүй байх ба энгэр хэсэгтээ цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байна. Баруун талын суганы дотор хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон өөр ямар нэгэн зүйлгүй байна... өмдний баруун өвдөгнөөс доош 8 см зайд цус мэт хүрэн өнгийн толботой мөн уг толбоноос доош 6 см зайд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой байна...” гэсэн тэмдэглэл, мөн уг урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 413 дугаартай дүгнэлтэд тусгасан байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 412 дугаартай дүгнэлтээр В.Бийн өмсөж явсан хар өнгийн хүрмэнд татаж, чангаах хүчний үйлчлэлээр гарсан 3 ширхэг шинэ ханзарсан уранхай байна.

4. Талийгаач Б.Г нь гадны нөлөөтэй бусдын гарт амь нас алдсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149 дугаартай дүгнэлтэд “талийгаачид гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал болон зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны дунд үед шарх, зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба толгойны гэмтэл нь дух зулай хэсэгт цохилтын хүч үйлчилж улмаар арагш савж унах үед үүссэн байх магадлалатай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэсэн. Шинжээч эмч Б.Ариунзулын дүгнэлтийг яллагдагч В.Б түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулахад шинжээч тэргүүлэх зэргийн эмч С.Одончимэг, шинжээч эмч М.Золжаргал, О.Болороо нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэсэн.

Шинжээч эмч С.Одончимэгийн “амь хохирогчийн толгойд учирсан гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. Зулай оройн хэсэгт цохилтын хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. Амь хохирогчийн хугарал нь орой хэсэгтээ болно. Хавирганы хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Хүний хавиргыг дээрээс эхэлж тоолдог. 8, 9 дүгээр хавирга цээж хэсэгт байрладаг...” гэх мэдүүлэг.

Дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар яллагдагч В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Б.Гад “найз Төмөрбаатарыгаа дагаж хотруу явахаар болоход нь сэрэхгүй байсанд нь уурлаж хөл рүү өшиглөж байсан” хувийн таарамжгүй харилцааны улмаас талийгаачид гавал тархины битүү гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдсон. Мөн яллагдагч В.Бийн гэрт байсан толь нь хагарсан байсныг яллагдагчийн ар гэрийн хүмүүс өмнө нь хагархай байсан 1-2 жилийн өмнө хагарсан гэх мэтээр өөрөөр мэдүүлдэг.

Гэтэл тухайн гэмт хэрэг гарах үед толь бүтэн байсан гэдгийг гэрч Б.Лхагвасүрэн, Ж.Ганбаатар нарын мэдүүлэг, мөн уг толинд гарсан хагарал нь хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Дээр дурьдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд уг гэмт хэргийг В.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, талийгаач Б.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэм буруугийн шууд бус санаатайгаар үйлдсэн байдаг. Хууль зүйн онолын хувьд гэмт хэргийн сэдэлт гэдэг нь тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг болгосон, түүнийг үйлдэхдээ удирдлага болгосон дотоод өдүүлбэрийн ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ гэж үздэг. Тэгвэл яллагдагч В.Бийг гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийн хувьд талийгаач Б.Гтай хувийн таарамжгүй харилцаа үүсэж улмаар түүнд хүч хэрэглэн гавал тархины битүү гэмтэл учруулан амь насанд нь хүрсэн байна. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлэг” хийх тухай 17 үндэслэлийн аль нь болохыг тусгаагүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах тухай заалтын “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн үндэслэлийн аль нь болохыг тус тус тусгаагүй, цаашид уг хэрэгт ямар ажиллагаа хийх нь тодорхой бус байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч В.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогч бид 2 зодолдож муудалцсан зүйл байхгүй. Куртикны уранхай, толины хагархай хоёрыг өмнө хагархай, уранхай байсан гэдгийг хүмүүс гэрчилсэн. Гэрч Ж.Төмөрбаатар, Б.Лхагвасүрэн нар хагархай байсан, бүтэн байсан, уранхай байсан гэдгийг эрүүгийн цагдаа нараас айхдаа хэлсэн гэж хэлдэг. Тэр куртикыг тухайн өдөр нэг ч удаа өмсөөгүй. Шүүгээнд өлгөөтэй байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх В.Бд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Нэгэнт гэм буруугийн талаар мэтгэлцээгүй. Прокурорын эсэргүүцэлд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдсэн нь ингэж нотлогдсон гэж нотлох баримтуудыг дурьдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт нь гэмт хэрэг хаана үйлдэгдсэнээс гадна яаж үйлдсэн гэх заалт байгаа. Яаж үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт нотлогдоогүй. Тийм учраас үүнийг шүүх хуралдаанаар нөхөн тогтоох боломжгүй учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хуульд нийцэж байна. Энэ хэргийг В.Б үйлдсэн болох нь ийм, ийм нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн. Толины хагархайн талаар хэрэгт олон хүмүүсийн зөрүүтэй мэдүүлэг байдаг учраас тухайн үед хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед гэрийн жинхэнэ эзэн байхгүй байсан. Тэр хүн энэ талаар үнэн зөв бодит байдлаар мэдүүлнэ. Энэ хүнийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад асуух, мэдүүлэг авах боломжгүй байсан учраас шүүх хуралдаанд дуудаж мэдүүлэг авах боломжгүй. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх үндэслэл болж байна. Толины хагархайн талаар дүгнэлт гарсан байдаг. Хэргийн газрын үзлэгээр толь хагарч унаагүй. Зөвхөн цууралт үүссэн, хаалганы хүрээн доор байсан учраас цууралт үүссэн үед зах, ирмэг нь бохирлогдоогүй учраас шинэ хагархай гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ хэрэг учрал болсон хугацаанд гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Амь хохирогчийн хувцасны урагдалтыг үзэхэд дотоож нь хүртэл урагдсан байдаг. Энэ урагдалт шинэ үү эсхүл хуучин урагдалт уу гэдэг асуудал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Ийм, ийм урагдалт байна гэсэн болохоос биш хуучин урагдалт эсхүл шинэ урагдалт гэж тогтоогоогүй. Үүнийг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй. Шинжээч эмч нарын мэдүүлгийг авч үзээд байдаг. Гэтэл нас барсан хүнд ийм гэмтэл учирсан нь үхлийн шалтгаан болжээ гэдгийг тогтоогоод байгаа ч В.Б үүнийг учруулсан гэж тогтоогоогүй. Амь хохирогчид үүссэн гэмтэл нь унахад үүсэх боломжгүй, зулайд цохилтын хүчээр үүсэх боломжтой. Хугарал үүссэн цохилт нь юугаар үүсэх боломжтой вэ. Хугарал үүстэл цохьсон гэж байгаа бол хэргийн газраас юу олсон бэ гэдэг байдал тогтоогдоогүй. Тийм учраас миний дээр дурдсанчлан хэргийг яаж үйлдсэн асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй.”  гэв.

 

ХЯНАВАЛ:

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэн заасан нотолбол зохих байдлыг нэмж шалгуулахаар буцаасан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр, 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод хохирогч Б.Г тархины гэмтлийн улмаас нас барсан байдал тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт холбогдуулан тухайн үед хамт байсан В.Бийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн гүйцэд нотлон хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэв.

            Хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд тухайн хэрэгт хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шүүхээс зааж, зөвлөх эрхгүй учраас “... цаашид уг хэрэгт ямар ажиллагаа хийх нь тодорхой бус...” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 696 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН