| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0501/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 497
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ш овогт Дгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Дгийн М нь Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Нг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Би Дорноговь аймагт уурхайд ажил хийдэг юм. Намайг тэнд ажиллаж байх хугацаанд Н байнга утсаар яриад, тэнд сүлжээ муу байдаг учраас намайг утсаа авахгүй байна гэж хэрүүл хийдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед хөдөөнөөс гэртээ ирээд хоол идээд өөрийн авчирсан 2 литрийн нэрмэл архийг уусан. Орой 22 цаг болж байхад Нн утас дуугараад эрэгтэй хүнтэй яриад байсан. Тэрнээс болж бид хоёр маргалдаж, би тухайн үед нэрмэл архи уучихсан байсан учраас зуухны хажууд газарт байсан ширмийг авч цохисон, бас 2-3 удаа нүүр рүү нь алгадсан. Намайг Н өшиглөсөн, би ч гэсэн Нг зөрүүлээд өшиглөсөн. Намайг хөдөө ажиллаж байхад Төгсөө гэх манай найзын эхнэр над руу залгаж “танай эхнэр байнга манай нөхөр рүү залгаад байна” гэж хэлдэг байсан. Би иймэрхүү юм сонсоод ажиллаж чадахгүй надад хэцүү байсан. Нд өөрт нь хэлэхээр “чи муу үхээч” гэж намайг доромжилдог гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
ны өдөр өгсөн:
“...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 62-7 тоот гэртээ охин Мөнхзаяагийн хамт байж байхад орой 18 цагийн үед нөхөр М гаднаас эрүүл орж ирээд гэрт байсан 2 литр нэрмэл архийг ганцаараа уугаад утсаар найзтайгаа ярьж байгаад орой унтах гэж байхад нөхөр М нэрмэл архиа ууж дуусаад намайг хардаж, хэрүүл хийж, хэл амаар доромжлоод зуухны ширэм шидэж, шүд эмтлээд гар болон хөлөөрөө цохисон. Би шүүх эмнэлгийн 157 дугаар дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг нөхөр Д.М гараар болон хөлөөрөө өшиглөж, зуухны ширэм авч шидэж учруулсан гэмтэл юм. Тухайн үед охин Мөнхзаяа, нөхөр М бид гурав байсан. М их хэмжээний согтолттой байсан. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчоор дахин өгсөн:
“...Миний нөхөр М Дорноговь аймгийн Эрдэнэсайхан суманд элс хайрга зөөдөг том машин барьдаг гэж байсан. Би холбоо бариагүй 1 сар болж байна. Би эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн мөнгө зарцуулаагүй. Зодуулж хэл амаар доромжлуулсанд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
25-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 62-7 тоот гэртээ ороход эхнэр Н, охин Мөнхзаяа хоёр байсан. Эхнэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон орж эгчээсээ нэрмэл архи авсан байсан. Би хөдөө 1 сар ажиллаж байгаад ирсэн болохоор тэр нэрмэл архийг эхнэр бид хоёр хувааж уугаад унтах гээд хэвтэж байхад эхнэр Н утсаараа эрэгтэй хүмүүстэй яриад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ямар пизданууд нь залгаад байгаа юм бэ, наадуулаа зайлуулаач гээд бид хоёр хоорондоо маргалдаад, хажууд байсан зуухны ширмээр айлгах гэж байгаад шүд рүү нь цохичих шиг болсон. Миний уур их хүрсэн болохоор гараараа нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Бид хоёр хэсэг маргалдаж ноцолдож байгаад би уучлалт гуйгаад эвлэрээд унтаж амарсан. Би эхнэр Нг эрэгтэй хүнтэй утсаар яриад байна гэж хардаад зуухны ширмээр айлгах гэж байгаад шүдийг нь хальт цохисон. Гараар нүүр рүү нь 2-3 удаа айлгаж, хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Шүүх эмнэлгийн 157 дугаартай дүгнэлтээр Г.Нн биед учирсан гэмтлийг би гар болон хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 157 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын баруун хэсэгт 1х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай, дотор салстад тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Үүдэн баруун дээд 3-р шүдний хазах гадаргуу эмтрэлттэй, ...баруун дээд их араа шүд цөгцний 1/2-р хэсгээр босоо ташуу хугаралттай... Зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт 4х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Духны баруун хажуу хэсэгт 1х0.4см хүрэн улаан өнгийн зулгаралттай, орчны эдэд бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шууны гадна дунд хэсэгт 5х4см, баруун гуяны гадна доод хэсэгт 6.5х5см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 4.5х4см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
Рентген шинжилгээ хийлгэхээр явсан боловч ирээгүй.
ДҮГНЭЛТ:
“...-Г.Нн биед уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд их араа шүдний хугарал, баруун дээд 3-р шүдний эмтрэл, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.
-Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө ...” /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
4. Аюулын зэргийн үнэлгээ /эрсдлийн түвшин бага/ (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 22-25 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
5. Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 40-42 дугаар тал), 2014-2015 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Мад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Нг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Д.М, хохирогч Г.Н нар нь 2017 оноос хамтран амьдарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба шүүгдэгч Д.М, хохирогч Г.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Нг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Г.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...нөхөр М ...2 литр нэрмэл архийг ганцаараа уусан. ...М нэрмэл архиа ууж дуусаад намайг хардаж, хэрүүл хийж, хэл амаар доромжлоод зуухны ширэм шидэж, шүд эмтлээд гар болон хөлөөрөө цохисон. ...гэмтлийг нөхөр Д.М гараар болон хөлөөрөө өшиглөж, зуухны ширэм авч шидэж учруулсан гэмтэл байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...
“...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...нэрмэл архийг эхнэр бид хоёр хувааж уусан. ...эхнэр Н утсаараа эрэгтэй хүмүүстэй яриад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ямар пизданууд нь залгаад байгаа юм бэ, наадуулаа зайлуулаач гээд бид хоёр хоорондоо маргалдаад, хажууд байсан зуухны ширмээр айлгах гэж байгаад шүд рүү нь цохичих шиг болсон. ...гараараа нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. ...Г.Нн биед учирсан гэмтлийг би гар болон хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 157 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 11 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 22-25 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.М нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Г.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Г.Нг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Мыг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Нн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.Н нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Д.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА