| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01523/И |
| Дугаар | 01576 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 7-14 тоотод оршин суух Жамбалдорж овогтой Лувсандагвын /ГБ-89062211 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хороолол 102-39 тоотод оршин суух Доржпалам овогтой Баярмаад / ФМ-83080660/ хариуцагдах 2,451,800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Лувсандагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Лувсандагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Баярмаагийн хүсэлтээр Ж.Лувсандагва нь 2016-03-15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй, Баярмаагийн өмчлөлийн Ү-210102473 тоот улсын бүртгэлийн дугаартай №000379962 тоот гэрчилгээ бүхий хувийн сууц, Г-2101006213 тоот улсын бүртгэлийн дугаартай №000350405 тоот гэрчилгээ бүхий газрыг барьцаалж, зээл олгосон.Гэрээ байгуулснаас хойш 2016-04-21-ний өдөр 102,540 төгрөг бэлнээр, 2016-05-23-ны өдөр 90,000 төгрөг бэлнээр, 2016-06-17-ны өдрийн 90,000 төгрөгийг төлсөн.
2016-07-15-ны өдөр 90,000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд огт төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрсэн.Баярмаад мэдэгдсэн боловч төлбөрийг одоог хүртэл барагдуулаагүй болно.Иймд Баярмаагаас дараах төлбөрийг нэхэмжилж байна.Үүнд: үндсэн зээл 2,000,000 төгрөг, 97 хоногийн алданги 133,650 төгрөг, 66 хоногийн алданги 119,700 төгрөг, 36 хоногийн алданги 106,200 төгрөг, 5 хоногийн алданги 92,250 төгрөг, нийт 2,451,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Лувсандагва шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Баярмаа 2016-3-15-нд 15 сарын хугацаатай 2 000 000 төгрөг зээлж авсан.Сарын хүү 4,5%.7 сарын 15-наас хойш хүү төлөөгүй.Одоо би үндсэн зээл 2 000 000 төгрөг,төлөөгүй хүү,алданги нийт 2 451 8000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүх хэргийн материалаас нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээ,дансны хуулга зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.Лувсандагва нь Д.Баярмаад холбогдуулан зээлийн төлбөрт 2,451,800 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй.
Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн болно.
Зохигчидын хооронд 2016-03-15-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж хариуцагч 2,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай,сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан зээлийн гэрээ”гээр нотлогдсон.Энэ баримтыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар гаргаагүй.Мөн хариуцагч, уг гэрээний дагуу сар бүрийн 07-ны өдөр зээлийн хүүг бэлэн мөнгөөр төлөхөөр үүрэг хүлээсэн ба 2016 оны 6 сарын хүүг төлөөд түүнээс хойш хүү төлөөгүй болохыг нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч эсэргүүцээгүй.
Нэхэмжлэгч 2016-10-10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтйэ” гэж заасан байдаг ба зээлдэгч/хариуцагч/ гэрээний үүргээ 2016 оны 6 сараас хойш биелүүлээгүй,зээлдүүлэгч/нэхэмжлэгч/нэмэлт хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “ Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу гарсан зардал,олох байсан орлого,гэрээгээр тохирсоны дагуу алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хариуцагч үндсэн зээл 2 000 000 төгрөг,нэхэмжлэл гаргах хүртэл 4 сарын хугацааны хүү 360 000 төгрөг,гэрээний 2.7-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан тул алданги 91800 төгрөг тус тус нэхэмжилсэн нь гэрээ болоод хуульд нийцжээ.Иймд нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан болно.
Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Д.Баярмаагаас 2 541 800 төгрөг гаргуулан Ж.Лувсан дагвад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 54180 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 54180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ