| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01433/И |
| Дугаар | 01584 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 01584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-90 тоотод оршин суух Шарнууд овгийн Самбуудашийн Дуламрагчаагийн / ЙА-73112501/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 19б-16 тоотод оршин суух Боржигон Тайвангийн Батбаяр/ МЭ-82062310/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 2-01 тоотод оршин суух Боржигон Тайвангийн Жижигшүр / МЭ-74040806/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 19б-16 тоотод оршин суух Боржигон Тайвангийн Энхбат / МЮ-95031419/ нарт хариуцагдах 3,595,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Дуламрагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, хариуцагч Т.Батбаяр, Т.Жижигшүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Дуламрагчаа нь 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр А.Дуламсүрэнгийн Кредит Монгол ББСБ-д байсан зээлийг хаасан боловч өөр хүнд зарсаны улмаас би мөнгөө авч чадаагүй Орхон аймгийн Сум дундын шүүхэд 4 удаа, Давж заалдах шатны шүүхэд 3 удаа , Дээд шүүхийн хяналтын шүүхээр 2 удаа орсон. Сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний 1217 дугаартай шийдвэрээр, Давж заалдах 7-р шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний 48 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай тогтоол гарч надад Дуламсүрэнгээс 3.594.191 төгрөгийг олгохоор 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэрт хүргэж өгсөн. 2014 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрээс дуудахад нь очиход А.Дуламсүрэн нь нас барсан байна хэрэг хаагдлаа. Та өв тогтоосны дараа дахин хандаж болно гэсний дагуу жил гаран хүлээсний эцэст одоо өргөдөл гаргаж байна. Миний бие энэ хүний байрыг хаахдаа худалдаж авна гэж тохиролцсон байсан. Батхүү эгчээс 8.000.000 төгрөг авч өгсөн боловч энэ хүн мөнгийг нь төлөөгүйн улмаас миний бие энэ хүний өмнөөс Батхүүд одоо болтол шүүхийн шийдвэрийн мөнгийг төлдөг. А.Дуламсүрэн Дэнжийн 1-1-07 тоотийг банкнаас чөлөөлүүл гээд зориудаар өөр хүнд зарж сул орж ирсэн мөнгөөрөө Эрдэнэ багт хашаа байшин авч зориудаар өөрийн хүү Батбаярыг гадаад явуулж өөрийн охин Шүрээгийн хүү Энхбатын нэр дээр болгосон байдаг. Тухайн үед миний бие шүүхэд хүсэлт гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэг битүүмжлэн акт үйлдсэн байдаг. Миний бие одоогоор шүүхийн шийдвэрт мөнгө төлдөг. Нэг охин оюутан, нэг хүү маань сэтгэцийн өвчтэй байнгын асаргаанд байдаг. Миний энэ байдлыг харгалзан үзэж А.Дудламсүрэнгийн төрсөн охин Шүрээ болон хүү Батбаяр, Энхбат нараас Кредит Монгол банкинд хаасан мөнгө болох 3.595.191 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Батбаяр нарын ээж Дуламсүрэн бид нар хамтарч цайны гэзэр ажиллуулж байсан.Зээл хаана гэж надаар зээл авахуулсан.Мөнгөө өгч чадахгүй болоод 2011 оны 2 сард нэг өрөө байраа аваач гэсэн.Би авахаар болоод байж байтал гэрчилгээгээ аваад явсан.Гэтэл хүү нь биднийг байрнаас хөөж гаргасан.14 хоногийн дараа байраа өөр хүмүүст зараад хашаа байшин авсан байсан. Дуламсүрэн нь өнгөрөөд 2 жил болж байна.Хашаа байшинд нь хүүхдүүд нь байдаг.Иймд шүүхийн шийдвэртэй 3 529 775 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Жижигшүр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Дуламсүрэнгийн охин Жижигшүр мөн.Миний ээж Дэнжийн 1-9 тоот 3 өрөө байрыг 1 өрөө болгож 1-7 тоотыг худалдаж авсан.Бууз банш хийдэг сайн хүнтэй танилцсан гээд байсан.Дараа нь байраа зараад Дуламрагчаа гэх хүний өрийг дарсан бөгөөд эгч маань мөнгө нэмээд хашаа байшин худалдаж авсан.2011 оноос хойш Дуламрагчаа гэх хүнтэй иргэний эд хөрөнгийн маргаанаас болж шүүхээр хэргээ шийдүүлэхээр маргалдаж ирсэн.Ингээд 2014 онд УДШүүхээс шийдвэр гарсан гэсэн.Би учрыг нь сайн мэдэхгүй.Энэ нэхэмжлэлийг ирэхэд нь ийм хэмжээний мөнгө гэдгийг мэдлээ.Энэ хэрэгт би болон манай дүү нар ямар ч холбогдолгүй.Бид батлан даагч болон хэргийн хариуцагч нь биш.Энэ хэргээс өмнө ээж маань хавдартай гэдгээ мэдэж, бага хүү болох /Миний хүү болох Энхбатыг ээж 1995 онд өөрийн нэр дээр өргөж авсан./Энхбатын нэр дээр хашаа байшингаа шилжүүлсэн.Энэ хүний төлбөр мөнгөтэй ямар ч хамааралгүй.Ээж маань бурхан болсноос хойш бидэнд үлдээсэн өв хөрөнгө гэж байхгүй.Бид өв залгамжилж аваагүй болно.Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .” гэжээ
ХариуцагчТ.Жижигшүр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.3,5 сая төгрөгний асуудлыг мэдэхгүй.Манай ээж Дуламсүрэн 2011 онд бууз банш хийж байна гээд л энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан.Энэ хүн ээжийн байрыг банкинд тавиулж 3,0 сая төгрөг авсан.Нэмж 8 сая төгрөг авахуулсан.Сүүлдээ байрыг чинь авъяа гэсэн.Ордероо өгсөн байснаа ээж буцааж авсан.Тэгээд ээж байраа зарсан.Эрдэнэ багийн 19-17б тоот хашаа байшин бол дүү Энхбатын хөрөнгө.Өв залгамжилж авсан хөрөнгө байхгүй тул бид ээжийн энэ өрийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч Т.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Энэ хүн худал ярьж байна.Өөрийн бизнестээ хөгшин хүний хууран татан оролцуулж өчнөөн шүүхээр явуулсан гэжээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,эд хөрөнгө битүүмжлэх акт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа Т.Баярбат, Т.Жижигшүр, Т.Энхбат нараас 3,595,191 төгрөг гаргуулахаар шаардсан.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “...Давж заалдах 7-р шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний 48 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай тогтоол гарч надад Дуламсүрэнгээс 3,594,191 төгрөгийг надад олгохоор 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэрт хүргэж өгсөн. 2014 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрээс дуудахад нь очиход А.Дуламсүрэн нь нас барсан байна хэрэг хаагдлаа. Та өв тогтоосны дараа дахин хандаж болно гэсний дагуу жил гаран хүлээсний эцэст одоо өргөдөл гаргаж байна” гэсэн.
Хариуцагч Т.Баярбат, Т.Жижигшүр, Т.Энхбат нарын ээж Дуламсүрэн нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Гэсэн ч, нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэл болгож байгаа дээрхи шүүхийн шийдвэр, баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд гаргаагүй.Хэргийн 10-14 дүгээр хуудаст авагдсан УДШ-ийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаарай тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байх тул шүүх үндэслэх боломжгүй юм. Иймд хариуцагч нарын ээж Дуламсүрэн 3,594,191 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан болох нь нотлогдоогүй гэж үзнэ. Хариуцагч нар “энэ асуудлыг мэдэхгүй” гэж тайлбарласан.
Нөгөө талаар,хариуцагч нар ээж Дуламсүрэнгээс хөрөнгө өвлөн авсан эсэх нь нотлогдоогүй,Эрдэнэ багийн 19-16 тоот газар хашаа байшин хэний өмчлөлийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч нар тайлбартаа уг газар хашаа байшин нь хариуцагч Т.Энхбатын өмчлөлийн хөрөнгө гэж тайлбарласан.Хэргийн 19-20 дугаар хуудаст авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,эд хөрөнгө битүүмжлэх акт зэрэг нь хэрэгт хамааралгүй баримт байна.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,...түннтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул С.Дуламрагчаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ