| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01742/И |
| Дугаар | 00008 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00008
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-57 тоотод оршин суух Ойдовдорж овогтой Норовсамбуугийн /ВЮ-88041235/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 52б-12 тоотод оршин суух Цоймой овогтой Соёлцэцэгт хариуцагдах /ГЮ-6901661 / зээлийн төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014-12-30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015-01-14-ний өдөр 8,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай авсан боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ.Гэрийн хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч өгөхгүй өдийг хүрсэн тул үндсэн зээл 28,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 279,950 төгрөг, нийт 28,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Соёлцэцэг шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Соёлцэцэг миний бие О.Норовсамбуугаас 28,000,000 төгрөг авсан нь үнэн.Миний бие 2016 оны 03 сараас өдийг хүртэл бүдүүн гэдэсний хорт хавдар оноштойгоор эмчилгээ хийлгэж байна.Миний бие уг мөнгийг 2017 оны 04 сараас 7 сарын хооронд төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Норовсамбуу хариуцагч Ц.Соёлцэцэгээс зээлийн төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Соёлцэцэг нь нэхэмжлэгч О.Норовсамбуугийн нэхэмжлэлийн шаардлага 28,000,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 148,975 төгрөг, хариуцагчаас 148,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Норовсамбууд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч О.Норовсамбуугийн 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Соёлцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 297,950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 148,975 төгрөг, хариуцагчаас 148,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ