| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0702/Э |
| Дугаар | 709 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 709
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г овогт Шын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн Шын Г нь Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, “...” ХХК-нд жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “...” хүнсний дэлгүүрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс иргэн Ц.Б нь алдаатай гүйлгээний улмаас 700.000 төгрөгийг авч чадалгүй гээсэн гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ:
2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Бага нарангийн “...” хүнсний дэлгүүрт байрлах “Хаан банк”-ны АТМ-д гүйлгээ хийх гэж ороход АТМ-с 20.000 төгрөгийн дэвгэрт 35 ширхэг гарч ирсэн. Би тэр мөнгийг аваад гарахад өмнө нь миний урьд зогсож байгаад гарсан эмэгтэй “миний данснаас 700.000 төгрөгийн зарлага гарчихлаа, чи миний мөнгийг авсан уу” гэж асууж орж ирэхээр нь “үгүй, мэдэхгүй” гэж хэлээд би АТМ-с гараад явсан. Дараа нь хохирогчид 700.000 төгрөгийг нь өгөөд уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээж байна гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг “...” дэлгүүрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 700.000 төгрөг авах гээд тухайн АТМ-ээс зарлагдаж уншуулсан чинь гарахгүй байсан. Тэгэхээр нь би мөнгө нь дууссан юм байлгүй гэж бодоод “...” дэлгүүрээс гарч явсан чинь миний гар утсанд 700.000 төгрөг зарлага гарлаа гэсэн мессеж “Хаан” банкны тусгай дугаараас ирэхээр нь буцаад АТМ дээр гүйж очсон. Намайг мөнгө авах гээд зогсож байхад миний ард зогсож байсан 50 гаран насны эрэгтэй хүн “...” дэлгүүрийн үүдэнд таарахаар нь би тэр хүнээс “миний мөнгө энэ АТМ-ээс гарчих шиг боллоо, миний мөнгө энэ АТМ-ээс гарсан уу, та мөнгөө хийсэн үү” гэж асуусан чинь тэр хүн “би мөнгөө хийсэнгүй, чиний мөнгө энэ АТМ-ээс гараагүй” гэж хэлээд яваад өгсөн, явахдаа 4579 УНК гэсэн улсын дугаартай ачааны автомашинд суугаад явчихаар нь би тэр хүнийг яг миний мөнгийг аваад явчихлаа гэж бодоод Улаанчулуутын эцэс хүртэл дагаж яваад алдчихсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Цагдаа нар өргөдөл аваад орой нь намайг дуудаж миний алдсан 700.000 төгрөгийг надад хүлээлгэж өгсөн. “...” дэлгүүрийн АТМ дээр миний ард үйлчлүүлэх гээд зогсож байсан. Надтай тааралдаад “миний мөнгийг аваагүй” гэж хэлсэн. 50 гаран насны эрэгтэй хүн миний 700.000 төгрөгийг авсан байсан. “...” дэлгүүрийн “Хаан” банкны АТМ дээр намайг 700.000 төгрөгөө алддаг өдөр миний ард үйлчлүүлэх гээд зогсож байсан хүнээс би “миний мөнгийг авсан уу, энэ АТМ-ээс миний мөнгө гарсан уу” гэж асуусан чинь тэр хүн “мэдэхгүй, мэдэхгүй” гээд нүүр нь улайж худлаа хэлж байгаа юм шиг царай гаргаад яваад өгсөн. Тэр хүн цагдаа нарт баригдаагүй бол миний мөнгийг өгөхөөргүй байсан. Би мөнгөө авсан болохоор надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
2. Гэрч Т.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст машинт эргүүлийн офицероор ажилладаг. 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тус хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “...” дэлгүүрийн “Хаан” банкны АТМ-ээс мөнгө авах гэхэд гарч ирэхгүй болохоор нь үлдээгээд явчихсан чинь миний ард үйлчлүүлж байсан хүн аваад явчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлага дээр очиж, дуудлага өгсөн иргэнтэй уулзахад “Би АТМ-ээс 700.000 төгрөг авах гэсэн “АТМ”-ээс гарахгүй удаад байхаар нь мөнгө нь дууссан юм байлгүй гэж бодоод орхиод гараад явсан чинь утсанд 700.000 төгрөг зарлага гарсан мессеж ирсэн. Тэгээд буцаад АТМ дээр ирсэн чинь миний мөнгө АТМ дээр байхгүй, миний ард үйлчлүүлж байсан хүн АТМ-ээс гарч яваад 4579 УНК улсын дугаартай автомашинд суугаад явсан. Тэр хүн миний мөнгийг аваад явчих шиг боллоо. Өөрөөс нь асуусан чинь аваагүй гэж хэлсэн” гэсэн тул тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаараар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас зөрчлийг шүүхэд Шын Г /РД:.../ гэсэн хүн тухайн автомашиныг унаж зөрчил гаргаж бүртгүүлж байсан тул тухайн хүний зургийг дуудлага өгсөн иргэнд үзүүлэхэд “АТМ дээр миний ард үйлчлүүлж байсан хүн мөн байна, наад хүн чинь машинаа унаад яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд энэ тухайн жижүүрт мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
3. Шүүгдэгч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 5 дугаар сарын 26-ны өглөө ний 09 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” хүнсний дэлгүүрт байх “Хаан банк”-ны “АТМ” дээр мөнгө хийх гээд очсон чинь нэг эмэгтэй миний урд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд зогссон. Тэр эмэгтэй бэлэн мөнгөний машины хажууд зогсож байгаад явахаар нь би бэлэн мөнгөний машин дээр очсон чинь бэлэн мөнгөний машинаас 20.000 төгрөгийн дэвсгэрт гараад ирэхээр нь би тэр мөнгийг нь аваад шууд гараад явсан. Тэгээд би гадуур ажлаа хийгээд явж байсан чинь намайг цагдаагаас дуудаад байхаар нь очсон чинь намайг 700.000 төгрөг авч явсан гэж хэлсэн. Би болсон бүх үнэнээ хэлээд мөнгийг цагдаад хураалгаад, мөнгөө мартаж явсан эмэгтэйд буцааж өгсөн. ...Би бэлэн мөнгөний машинаас мөнгө гараад ирэхээр нь баярлаад авсан. Нийт 700.000 төгрөг буюу 35 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тухайн үед нэг эмэгтэй ирээд миний утсанд 700.000 төгрөгийн зарлага гарлаа, “АТМ”-ээс мөнгө гарсан уу гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлээд явуулсан юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
4. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ш.Гаас 25 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт хураан авсан, мөн өдөр хохирогч Ц.Бд 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5, 8 дугаар тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг буюу Ш.Гаас 700.000 төгрөг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар тал),
5. Хохирогч Ц.Бгийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...АТМ1212-с 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 32 минутад 700.000 төгрөг зарлага гарсан тухай...” (хавтаст хэргийн 10, 13 дугаар тал),
6.Шүүгдэгч Ш.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 76 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дугаар тал), Говь-Алтай аймаг сум дундын шүүхийн 2000 оны 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 79-82 дугаар тал), Ш.Г нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр тал), “...” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02/017 дугаартай “Ш.Г нь тус компанид найман жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст 43 дугаар тал), мөн эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), 2013-2015 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), “Худалдаа хөгжлийн банк”, “Капитрон банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай (хавтаст хэргийн 15 дугаар тал) болон “Хаан банк”-нд түүний эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 16-18 дугаар тал)
7. Хохирогч Ц.Б, шүүгдэгч Ш.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ш.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.Г нь “Хаан банк”-ны АТМ-ээс иргэн Ц.Б нь алдаатай гүйлгээний улмаас 700.000 төгрөгийг авч чадалгүй гээсэн гэдгийг мэдсээр байж завшиж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ш.Г нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 32 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “...” хүнсний дэлгүүрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс иргэн Ц.Б нь алдаатай гүйлгээний улмаас 700.000 төгрөгийг авч чадалгүй гээсэн гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг “...” дэлгүүрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 700.000 төгрөг авах гэхэд АТМ-ээс уншуулсан чинь гарахгүй байсан. ...би мөнгө нь дууссан юм байлгүй гэж бодоод “...” дэлгүүрээс гарч явсан чинь миний гар утсанд 700.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. ...буцаад АТМ дээр очсон чинь миний ард зогсож байсан 50 гаран насны эрэгтэй хүн дэлгүүрийн үүдэнд таарсан. ...тэр хүнээс “миний мөнгө энэ АТМ-ээс гарчих шиг боллоо, миний мөнгө АТМ-ээс гарсан уу ...гэж асуусан чинь тэр хүн ...чиний мөнгө энэ АТМ-ээс гараагүй” гэж хэлээд явсан. АТМ дээр миний ард үйлчлүүлэх гээд зогсож байсан, надтай тааралдаад миний мөнгийг аваагүй гэж хэлсэн 50 гаран насны эрэгтэй хүн миний 700.000 төгрөгийг авсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-Гэрч Т.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:
“...2019 оны 5 дугаар сарын 28-ны орой ...“Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “...” дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэхэд гарч ирэхгүй болохоор нь үлдээгээд явсан чинь миний ард үйлчлүүлж байсан хүн аваад явчихлаа гэсэн дуудлага ирсэн. ...дуудлага өгсөн иргэнтэй уулзахад “АТМ-ээс 700.000 төгрөг авах гэсэн гарахгүй удаад байхаар нь мөнгө нь дууссан юм байх гэж бодоод орхисон чинь утсанд 700.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. ...буцаад АТМ дээр очиход миний мөнгө байхгүй, миний ард үйлчлүүлж байсан хүн АТМ-ээс гарч яваад 4579 УНК улсын дугаартай автомашинд суугаад явсан. Тэр хүн миний мөнгийг аваад явчих шиг боллоо ...гэж хэлсэн. тээврийн хэрэгслийн улсын дугаараар нэгдсэн сангаас шүүхэд Шын Г ...байсан. дуудлага өгсөн иргэнд үзүүлэхэд АТМ дээр миний ард үйлчлүүлж байсан хүн мөн байна, наад хүн чинь машинаа унаад явсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-Шүүгдэгч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:
“...“Хаан банк”-ны АТМ дээр мөнгө хийх гээд очиход нэг эмэгтэй миний урд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд зогссон. Тэр эмэгтэй бэлэн мөнгөний машины хажууд зогсож байгаад явахаар нь би бэлэн мөнгөний машин дээр очсон чинь машинаас 20.000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгө гараад ирэхээр нь би тэр мөнгийг нь аваад шууд гараад явсан. ... Нийт 700.000 төгрөг буюу 35 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. ...Тухайн үед нэг эмэгтэй ирээд миний утсанд 700.000 төгрөгийн зарлага гарлаа, АТМ-ээс мөнгө гарсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
-2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ш.Гаас 25 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт хураан авсан, мөн өдөр хохирогч Ц.Бд 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5, 8 дугаар тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 63 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар тал), хохирогч Ц.Бгийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 10, 13 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно.
Хохирогч Ц.Б нь Хаан банкны АТМ1212-с 700.000 төгрөг авахаар гүйлгээ хийсэн байх ба, улмаар бэлэн мөнгөний машинаас түүний мөнгө гарч ирээгүй саатсаны улмаас гүйлгээ хийгдсэнгүй гэж ойлгон, хайхрамжгүй байдлын улмаас орхиж явсан байна. Үүний дараа хохирогчийн гар утсанд 700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар банкны тусгай дугаараас мессэж ирснээр хохирогч нь буцаж АТМ1212 рүү очих явцад тус газар гүйлгээ хийхээр зогсож байсан Ш.Г нь хохирогчийн гүйлгээ хийгээд авалгүй орхисон 700.000 төгрөгийг бусдын хөрөнгө болохыг мэдсээр байж, гээгдэл хөрөнгийг авч завшсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Ш.Гын энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ш.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээний улмаас гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 700.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар тал)-ээр шүүгдэгч Ш.Г нь хохирогч Ц.Бд 700.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 24 дүгээр тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2008 онд нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын шатанд шүүгдэгч Ш.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Ш.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон хувийн байдал зэргийг нь харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Ш.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн тогтмол ажил эрхэлдэг байдал, цалин хөлс, орлогыг нь харгалзан торгохыг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Шын Гыг алдаатай гүйлгээний улмаас гээгдсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шгүүгдэгч Ш.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ц.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ш.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА