| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0617/Э |
| Дугаар | У.Ч |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар У.Ч
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-У хөтлөн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч У.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Уын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Уын Ч нь Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “...” ХХК-д бетон арматурчнаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч У.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй Д.Эийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Чоос: Мөрдөн байцаалтад болсон асуудлаа ярьж мэдүүлэг өгсөн. Одоо дахин мэдүүлэг гаргаж яримааргүй байна гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Д.Э /17 настай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 75-16А тоотод байх гэртээ харих гээд явж байх замдаа “Цэнхэр” Дэлгүүрийн урд талд байх сагсан бөмбөгийн талбай дээрээ хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглосон. Ч хамт тоглож байгаад явах гэхээр нь би Чийг хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь намайг хэл амаар доромжлоод зайл гэсэн. Тэгэхээр нь би “чи хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний нүүрэнд цохисон. Мөн өмссөн малгайн дээрээс дараад миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Би Чид миний шүд ийм болсон байна гэж харуулсан чинь манайд ороод эм уучих гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Маргалдсан шалтгаан нь би Чийг хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй чи зайл гээд намайг гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон, хөлөөрөө нэг удаа эрүү хэсэгт өшиглөсөн. Тухайн үед хажууд Ээгий, Оргил хоёр байсан. Ээгий, Оргил хоёрын утасны дугаар болон гэрийн хаяг, хаана байдаг талаар мэдэхгүй. Бид нар хааяа Цэнхэр дэлгүүрийн урд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тааралдаж тоглодог юм. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
2. Гэрч Н.Бүрнээбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр өгсөн:
“...Манай хүү Ч надад сүүлд нь хэлэхдээ би Э гэх хүүхэдтэй маргалдаад цохьсон чинь намайг цагдаад өгсөн байна гэж хэлсэн. Манай хүү Ч нь 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт айлын том хүү болон төрсөн. Ч нь 2006 оноос 2013 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх 107 дугаар сургуулийг суралцаж төгсөөд, 2013 оны намар Техник технологийн политехник коллежид элсэн орж, 2015 оны намар төгссөн. 2016 онд Үндэсний техникийн их сургуульд элсэн орж нэг жил суралцаад чөлөө авсан. Одоо хувиараа надтай хамт сантехникийн ажил хийдэг. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
3. Шүүгдэгч У.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчимд миний танил Монхор гэдэг залуу Э гэдэг хүүхэдтэй хамт манай гэрт ирсэн. Дараа нь Ганчулуун манай гэрт ирээд бид нар хоол хийж идээд өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэнхэр” дэлгүүрийн урд талд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр очиж сагсан бөмбөг тоглосон. Тэнд тоглож байхад нэг хүүхдийн гарнаас цус гараад миний куртик цус болчихоор нь гэртээ очиж куртикаа сольё гээд Монхор, Ганчулуун, Э гурвыг хамт гэр рүү явчихаад ирье гэсэн чинь Э лай лай гэж хэлсэн. Тэгэхээр нь би зайл гэсэн чинь над руу яаж харьцаад байгаа юм, хар пизда гээд намайг доромжлохоор нь би нүүр рүү нь гараараа хоёр удаа цохиод, малгайтай цамцны малгайнаас нь барьж байгаад “чи хэзээ ийм болсон юм, ийм байгаагүй биз дээ” гэж хэлсэн чинь Монхор, Ганчулуун нар салгасан. Эийн уруулнаас цус гарсан байхаар нь манайд очоод угаачих гэсэн чинь лай лай гээд байсан. Тэгээд бид нар салсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Эийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Надаас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би Эийн хохирол, нэхэмжлэлийг нь барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал) ,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4411 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Доод зүүн 1, 2-р шүд суларсан, зүүн хацар бага зэрэг овойж хавдсан. Зүүн талын эрүүний хэсгээр тэмтрэлтээр эмзэглэлтэй, доод уруул овойж хавдсан. Доод уруулын дотор салстад 1,2х0,2см зах ирмэг тэгш бус шархтай.
ДҮГНЭЛТ:
-Д.Эийн биед зүүн 1.2-р шүдний сулрал, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүү, доод уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. (хавтаст хэргийн 20 дугаар тал),
5. Шүүгдэгч У.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал), “...” ХХК-ийн “У.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс мужаан, арматурчнаар ажиллаж байгаа, сарын 650.000 төгрөгний цалинтай” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч У.Ч (хавтаст хэргийн 42 дугаар тал), хохирогч Д.Э (хавтаст хэргийн 38 дугаар тал) нарын хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч У.Ч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч У.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй 17 настай Д.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо тус дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Чийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч У.Ч, насанд хүрээгүй хохирогч Д.Э нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байхдаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч У.Ч нь насанд хүрээгүй хохирогч Д.Эийн нүүрэнд гараараа цохих, мөн хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед нь зүүн 1.2-р шүдний сулрал, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүү, доод уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...Цэнхэр Дэлгүүрийн урд талд байх сагсан бөмбөгийн талбай дээрээ ...Ч хамт сагсан бөмбөг тоглож байгаад явах гэхээр нь ...Чийг хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь намайг хэл амаар доромжлоод зайл гэсэн. Би чи хүнтэй яаж харьцаад байгаа юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний нүүр рүү цохисон. Мөн малгай дээрээс дараад миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Би Чид миний шүд ийм болсон байна гэж харуулсан чинь манайд ороод эм уучих гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Хаачих гэж байгаан гэхэд л чамд хамаагүй чи зайл гээд намайг гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон, хөлөөрөө нэг удаа эрүү хэсэгт өшиглөсөн. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
-Гэрч Н.Бүрнээбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү Ч надад сүүлд нь хэлэхдээ би Э гэх хүүхэдтэй маргалдаад цохьсон чинь намайг цагдаад өгсөн байна гэж хэлсэн. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
“... 2019 оны 4 дүгээр сарын 08-нд 10 цагт миний танил Монхор гэдэг залуу Э гэдэг хүүхэдтэй манай гэрт ирсэн. ...бид ...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэнхэр дэлгүүрийн урд талд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр очиж сагсан бөмбөг тоглосон. ...тоглож байхад нэг хүүхдийн гарнаас цус гараад миний куртик цус болчхоор нь гэртээ очиж куртикаа сольё гээд Монхор, Ганчулуун, Э гурвыг хамт гэр рүү явчихаад ирье гэсэн чинь Э лай лай гэсэн. Тэгэхээр нь би зайл гэсэн чинь над руу яаж харьцаад байгаа юм, хар пизда гээд намайг доромжлохоор нь би нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод малгайтай цамцны малгайнаас нь барьж байгаад чи хэзээ ийм болсон юм, ийм байгаагүй биз дээ гэж хэлсэн. Эийн уруулнаас цус гарсан. ...Эийн гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4411 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Э нь 2001 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, тухайн гэмт хэрэг гарах өдөр 17 нас 11 сартай буюу арван найман насанд хүрээгүй байсан байна.
Шүүгдэгч У.Ч нь насанд хүрээгүй хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцлоос болсон байх ба, шүүгдэгч У.Ч нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч У.Ч нь хохирогч Д.Эийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Д.Э нь хавтаст хэрэгт гэм хорын хохирол 128.000 төгрөгийн баримт хавсаргасан ба шүүгдэгч У.Ч нь 150.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч У.Ч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь У.Чид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч У.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У.Ч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо торгох ялыг зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч У.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, санхүүгийн эх үүсвэр буюу сард 650.000 төгрөгийн цалин хөлстэй байдлыг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнийг иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Уын Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Чийн эдлэх торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Ч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан У.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА