Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1353

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02986 1804 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн Б.О, Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, “Хаусинг холд” ХХК-д ээлжийн засварчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрханы ***,  тоотод байх гэртээ эхнэр О.М-ыг гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргаан, хардалтын улмаас үсдэж газар унагаах, гараараа цохиж зодох, хутга заазуур зэрэг зэвсгийн чанартай эд зүйлээр айлган сүрдүүлэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овгийн Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрханы *** тоотод байх гэртээ эхнэр О.М-ыг гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргаан, хардалтын улмаас үсдэж газар унагаах, гараараа цохиж зодох, хутга заазуур зэрэг зэвсгийн чанартай эд зүйлээр айлган сүрдүүлэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний бие махбодод “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчим манай нөхөр О луу хамт ажилладаг байсан Ариунаа гэх хүн утсаар ярьсан. ... 17 цагийн орчим гэртээ орсон чинь нөхөр гэрт байсан 1 литрийн виски ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд би дахин гэрээсээ гараад хашаанд байдаг жижиг амбаарт хүүхэдтэйгээ байж байсан чинь нөхөр араас орж ирээд миний үснээс зулгаагаад намайг түлхэж унагаасан. Манай хүү Б  босож ирээд “болиоч аав” гэж хэлээд салгах гэсэн чинь хүүхдээ багалзуурдаж чирч амбаараас гаргаад хүүхэдтэйгээ ноцолдоод байхаар нь би араас нь очиж зуурч байгаад салгасан. О “муу өмхий гичий минь хүүхдэдээ дандаа муу юм зааж өгдөг байсан биз дээ” гээд харааж байгаад гэртээ орсон. Тэгээд удалгүй гэрээсээ дахин хутга авч гарч ирээд намайг ална гээд хөөсөн. Манай хүүхэд хутгыг нь шүүрч аваад юмны араар шидсэн. Тэгээд О буцаад гэртээ орсон чинь 10 минутын дараа заазуур авч гарч ирээд “намайг алаад өгөөч би та нарт хэрэггүй хүн биз дээ, эсвэл цагдаагаа дууд, гичий янхан минь” гэж орилж хашхираад байсан. Манай хүү ангийнхаа хүүхэдтэй утсаар ярьж байсан чинь одоо цагдаагаа дуудаж байна уу гичий нар минь гэж хэлчхээд буцаад гэртээ орсон. Би хашаандаа байж байгаад орой 22 цагийн үед гэртээ орсон чинь О гэртээ бөөлжчихсөн мөлхөөд явж байсан. Мөлхөж гэрээс гараад бөөлжиж байгаад буцаж гэртээ мөлхөж орж ирээд “наашаа хүрээд ир гичий минь чамтай ярих юм байна” гэж намайг дуудсан. Тэгээд би нөхрийнхөө хажууд очоод суусан чинь миний баруун талын хацар луу гараараа нэг удаа алгадаад дандаа бөгсний хэрүүл хийх гэж байдаг хар гичий минь шоронд явуулдаг газар байвал явуулаач гичий минь гэж хэлээд босож ирээд миний цээжин дээр өвдөглөж дараад миний 2 хацар луу тус бүр нэг удаа алгадаж цагдаагаа дуудаж өг гичий минь гэж хэлсэн. Би гэрээсээ хөл нүцгэн зугтаж гараад Зүүн салааны улаан худгийн автобусны буудал орох гэж байхад араас хөөгөөд би дахиж тэгэхгүй хүрээд ир гэхээр нь би гүйхээ болиод зогсоод хүлээж байсан чинь миний хажууд ирээд намайг чирээд гэр лүү авч явсан. Тэгээд хашааны үүдэндээ ирээд миний толгой руу нэг удаа цохиод яасан их цагдаа дуудах гэж зугтдаг хоншоортой гичий бэ гэж хэлээд гэртээ орсон. Хаалгаа түгжих гээд байхаар нь би түгжүүлэхгүй ноцолдож байгаад орон дээрээ суулгасан. Тэгсэн чинь Одбаяр цагдаа дуудчихсан биз муу гичий минь гээд миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгтэл би манараад хэвтэж байсан чинь манай хүү Б гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Намайг О өмнө цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

3. Насанд хүрээгүй гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэг гарсан өдрөө санахгүй байна. Тухайн өдөр би жижиг амбаараас гараад гэртээ ороход аав ажлынхаа газрын нэг хүнтэй утсаар яриад ажлаасаа гарчихлаа гээд виски ганцаараа ууж байсан. Тэгээд би буцаж амбаар луу ороод утсаа оролдоод хэвтэж байсан чинь ээж ардаас ороод ирсэн. Удалгүй аав ардаас нь согтуу орж ирээд намайг нэг хүн рүү залга гэхээр нь би хэн рүү гэсэн чинь “чи миний өөдөөс томорлоо” гэхэд ээж боль гэж аавд хэлсэн чинь аав ээжийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь би аавыг аваад амбаараас гарахад аав гэр рүү ороод хутга авч гарч ирээд хэнийг ална гэснийг мэдэхгүй байна ямар ч гэсэн гарч ирээд ална гээд орилоод байсан. Тэгээд буцаад гэр лүү ороод унтаад өгсөн. Би аавыг унтчихаар нь найзуудтайгаа гудамжинд сагс тоглочхоод орой гэртээ орсон чинь аав ээжийг зодчихсон, ээжийн нүүрний баруун тал хэсэг нь хавдаад улайчихсан уйлаад гарч ирэхээр нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6438 дугаартай: “...О.М-ын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Тухайн өдөр ажлаас Ариунаа гэх хүн залгаад ирж ажлаа хийхгүй юм уу гэхээр нь би очихгүй гэсэн юм. Тэгсэн манай эхнэр намайг “чи худлаа ярьж явах гэлээ үнэн худлаа ярьж банзалдаж явдаг биз дээ гээд хий хардаад байхаар нь би юу гэж тийм юм байх вэ дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл манай эхнэр гадагшаа гараад явчихаар нь би гэрт байсан 1 литрийн вискиг ганцаараа уугаад тал дундаа орж байтал эхнэр гаднаас ороод ирсэн. Би эхнэртээ “чи дандаа хий харддаг биз дээ гээд” хэрэлдсэн. Тэгээд би эхнэрийнхээ нүүр лүү гараараа нэг удаа алгадсаныгаа санаж байна. Эхнэр гараад явчихаар нь би нөгөө вискигээ уугаад бүүр тасарчихсан. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Б.О, хохирогч О.М нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.О нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд прокурорын саналд тусгасны дагуу шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.О-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА