| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0593/И |
| Дугаар | 130/ШШ2016/00681 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2016/00681
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Жын Шын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Н сумын Аын уурхайд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ж.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Аын уурхайд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажилласан. Тэр үед ажилд орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна.
Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Шын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Ж.Ш нь Аын уулын үйлдвэрт тогоочоор 1984 оны 3 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсжээ. Хүсэлт гаргагч Ж.Шт Аын үйлдвэрээс 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрээс үзэхэд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Уулын цехэд туслах тогоочоор, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Уулын цехэд ээлжийн тогоочоор ажиллуулсан талаар, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Уулын цехийн ажил зогссон тул тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Ж.Шт олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба хөдөлмөрийн дэвтэр ажил олгогчоос ажилтанд эрх олгосон баримт бичиг тул хамт ажиллаж байсан хүмүүс болох Б.Ж, Ш.М, М.Т, Т.М нарын тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн ажилласан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч Ж.Ш нь Аын уулын үйлдвэрт тогоочоор 1984 оны 3 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жын Ш нь Баян-Өлгий аймгийн Н сумын Аын уурхайд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК