| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0721/Э |
| Дугаар | 732 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 732
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Чийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Чийн Э нь Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Стэй “орой хоол хийлээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Хамтран амьдрагч С тэр өдөр найзтайгаа хамт архи уусан, согтуу гэртээ ирсэн. Түүнийг гэртээ ирсний дараа бид хоёр бас 2.5 литрийн хэмжээтэй нийслэл пиво уусан. Тэгээд би ууж дуусаад хоол хийх гэсэн чинь С намайг хоол хийж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гарнаас татахаар нь би түүнтэй бага зэрэг маргалдаад, уур хүрээд түүнийг цааш түлхэх үед барьж байсан хутгаараа түүний нурууны орчимд зүссэн. Тэгээд унтсан. Гэтэл охин ирээд Сгийн ор нилдээ цус болсон байхыг хараад 103 дуудсан. Стэй 2009 онд танилцаад, 2010 оноос нэг гэрт хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Би тогоочоор ажилладаг бөгөөд нэг өдрийн 15.000 төгрөгийн цалин авдаг гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд
1.Хохирогч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед найзтайгаа Зүүнсалаанд айлд 0,75 литрийн Хараа архи хувааж уучихаад гэртээ ирсэн. Тэгээд би Этэй хамт 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед би Эийг одоо хоол хийж яадаг юм бэ, унтъя гэсэн. Гэтэл Э надтай маргалдаад намайг түлхэх шиг болсон. Тэгсэн чинь хутгаараа миний зүүн хавирга хэсэг рүү нэг удаа зүсчихсэн байсан. Тухайн үед би юу ч мэдрээгүй ор руугаа явсан. Тэгээд орон дээрээ хэвтэж байтал манай охин Э.Мөнхцэцэг юун цус вэ гээд 103 дуудаад түргэн тусламжийн эмч намайг үзээд, надад боолт хийсэн. 103-ын эмч цагдаа дуудсан. Тухайн үед Э гартаа хутга барьчихсан хоол хийгээд сууж байсан. Э бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн ухаантай байсан. Тухайн үед гэрт Э бид хоёр байсан. Харин намайг орон дээр хэвтэж байхад гаднаас охин орж ирсэн. Надад нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт сэлт байхгүй. Надад хамтран амьдрагч Этэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Эээс нэхэмжлэх төгрөг байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:
“...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Э хутгаар зүсэж миний биед учруулсан. Тухайн үед Ч.Э бид хоёр орой хоол хийлээ гэж маргалдсан юм. Э хоол хийж байсан хутгаараа маргалдаж байхдаа намайг зүсэж гэмтлийг үүсгэсэн. Э намайг хутгаар зүсчихээд өөрөө хутгаа хаячихсан. Мөнхцэцэг нь манай дагавар охин, Эийн охин юм. Мөнхцэцэг Архангай аймагт хадмындаа байгаа тул хотод ирж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Э бид хоёр хамтран амьдардаг. Бид хоёр хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),
2. Гэрч Ч.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай найз Цэцэгмаа хөдөөнөөс манайд ирсэн. Тэгэхээр нь нөхөр Санжид, хүү С, бэр охин Э нартай архи уусан. Тэгээд Цэцэгмаа яваад бид хоёр 23 цагийн үед унтахаар болоод хэвтсэн. Манай 2 хүүхэд С, Э нар хойд гэртээ орсон юм. Тэгээд бид хоёрыг унтаж байхад цагдаагаас хүмүүс ирээд С, Э нар маргалдсан, нэг нь нөгөөгөө хутгалсан байна гэж хэлсэн. Э Сг хутгаар зүсэж гэмтээсэн гэж мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
3. Гэрч Г.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“... Би уг өдөр Машинт эргүүлийн Ачит-116 чиглэлд дэд ахлагч Нямсайханы хамт 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-ны өглөө 09 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-202 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага ирсний дагуу дуудлагаар очиход тухайн айлд нэг эрэгтэй нэг эмэгтэй байсан. Эрэгтэйг 103-ын эмч үзээд хөнгөн шарх байна гээд боолт хийгээд явсан. Тэгээд би Ачит-10 жижүүрийн шуурхай алба руу дуудлага өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Харин би дэд ахлагч Нямсайханы хамт хэргийн газрыг хамгаалалтанд авч ажиллаж байгаад үзлэг дууссаны дараа Ч.Эийг эрүүлжүүлэхээр аваад явсан. Тухайн үед дуудлагаар очихдоо Сгээс юу болсон талаар асуухад С эхнэртэйгээ хоол хийж яах гэж байгаа юм бэ гэсэн чинь намайг айлгах гээд хутгаар зүсчихлээ гээд зүүн хавирга хэсгээ боолгосноо үзүүлсэн. Тухайн үед намайг очиход Ц.С боолт хийлгэсэн байдалтай байсан. Намайг очиход 103-ын эмч боолт хийсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
4. Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед би гэртээ байж байхад гаднаас С согтуу байдалтай нэг 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад орж ирсэн. Тэгээд бид хоёр хувааж ууж дуусч байсан. Тухайн үед манай төрсөн охин Мөнхцэцэг ирнэ гээд би хоол хийх гээд махаа гаргаад хэрчиж байтал С надад хандаж ямар орой хоол хийдэг юм бэ, унтъя гээд маргалдаж эхлэхээр нь би мах хэрчиж байсан хутгаараа Сгийн зүүн хавирга хэсэгт зүсчихсэн юм. Мөнхцэцэг гаднаас 00 цагийн үед орж ирээд Сгийн хэвтэж байсан ор руу хараад ор цус болчихсон байна шүү дээ гэсэн. Сгийн биеийг харсан чинь нуруу хэсгээр нь нэвт цус болсон байсан. Тэгээд Мөнхцэцэг эмнэлэг дуудаад үзүүлсэн. 103-ын эмч нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. С бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Сг айлгах зорилгоор хутгаар зүсэж гэмтээсэн. Тухайн үед С надтай хэрэлдсэн болохоос цохиж, зодсон зүйл байхгүй. Би Сг гэмтээчихээд хутгаа хаячихсан юм. С бид хоёр хамтран амьдардаг, 10 жил гаран болж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
5. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-5 дугаар тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай буюу хэргийн газраас бор өнгийн модон бариултай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон маарал даавуу зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар тал), 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд “... хутганы ажлын хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон байв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
- 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4558 дугаар дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн ар гадаргууд 8-р хавирганы түвшинд хагас ташуу байрлалтай 2 см урт зах ирмэг тэгш сорвитой. ДҮГНЭЛТ:
1.Ц.Сгийн биед сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар тал),
7. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“... Би 4558 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг шарх нь Ц.Сгийн цээжний зүүн ар гадаргуу 8-р хавирганы түвшинд хагас ташуу байрлалтай үүсгэгдсэн шарх юм. Ц.Сгийн зүүн ар гадаргууд 8-р хавирганы түвшинд хагас ташуу байрлалтай сорвийг хэсэг газрын үзлэгт бичигдсэн гэмтлүүдийг дүгнэлт хэсэгт дүгнэж бичдэг тул дэлгэрэнгүй дурьддаггүй. Өөрөөр хэлбэл хэсэг газрын үзлэг хэсэгт бичигдсэн гэмтлүүд дүгнэлт хэсэгт бичигддэг тул уг дүгнэлт хэсэгт бүх гэмтлүүд дурьдагдсан байдаг. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.Сгийн биед үүссэн гэмтэл нь хутга /ир үзүүртэй/ зүйлийн ир хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2117 дугаартай дүгнэлтэд:
Үзлэг: Шинжилгээнд 13 см урттай модон иштэй, 12 см ажлын хэсэгтэй хутганы ажлын хэсэгт улаан хүрэн өнгийн толботой, уг хутгыг цаасанд боон хаяглан ирүүлсэн байв.
Шинжилгээний явц: Хүрэн өнгийн модон иштэй хутга дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. Дээрх илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох зорилгоор зохих журмын дагуу Ляттес болон Тестийн аргаар урвал тавихад 2-р бүлгийн урвал тавигдсан тул А/II/ бүлгийн харъяалалтай байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.
ДҮГНЭЛТ: Хүрэн өнгийн модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь A/II/ бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37 дугаар тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2116 дугаартай дүгнэлтэд:
Үзлэг: хэргийн газрын үзлэгээр бентэнд бэхжүүлж авсан гэх арчдас нь улаан хүрэн өнгийн толботой, уг арчдасыг гялгар уутанд хийн хаяглан ирүүлсэн байв.
Шинжилгээний явц: бентэнд бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. Дээрх илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох зорилгоор зохих журмын дагуу Ляттес болон Тестийн аргаар урвал тавихад 2-р бүлгийн урвал явагдсан тул А/II/ бүлгийн харъяалалтай байна гэж дүгнэлт өгөх үндэслэлтэй болов. ДҮГНЭЛТ:
Хэргийн газрын үзлэгээр бентэнд бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь A/II/ бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал),
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1859 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд 276х31мм хэмжээтэй цагаан цаасан дээр “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 2-202 тоотод 2019 оны 3 дугаар 23-ны өдрийн 01 цагийн үед Ц.С бусдад хутгалуулсан гэх хэргийн газраас хураан авсан хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг” гэж бичин гадуур нь наалтан туузаар ороон ирүүлсэн байна. (Зураг №1, хавтаст хэргийн 47 дугаар тал) цаасыг задалж үзэхэд бор өнгийн модон 130х28мм хэмжээтэй бариултай, ажлын хэсэг нь 120х25мм хэмжээтэй үзүүр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга ирүүлсэн байна. Хутган дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн Сажа нунтаг ашиглан гадаргуугийн дагуу жигд түрхэж үзэхэд шинжилгээнд тэнцэх гарын мөр илрэхгүй байна. ДҮГНЭЛТ:
-Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),
11.Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 82-86 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),
12.Шүүгдэгч Ч.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар тал), “...” ХХК-ний “...Ч.Э нь тогоочоор 350.000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай...” тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал), Ч.Эийн “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 73 дугаар тал), хохирогч Ц.Сгийн цусны бүлгийг шинжилсэн Ачтан-Биолабораторийн шинжилгээний хариу (хавтаст хэргийн 89 дүгээр тал), шүүгдэгч Ч.Э болон хохирогч Ц.С нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 90 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Эийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Стэй “орой хоол хийлээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өмгөөлөлдөө гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулахаар хуульчилсан ба, шүүгдэгч Ч.Э, хохирогч Ц.С нар нь 2009 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Ч.Э, хохирогч Ц.С нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архидан согтуурсан байх ба улмаар шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Стэй “орой хоол хийлээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тухайн үед би Эийг одоо хоол хийж яадаг юм бэ, унтъя гэсэн. Гэтэл Э надтай маргалдаад намайг түлхэх шиг болсон. Тэгсэн чинь хутгаараа миний зүүн хавирга хэсэг рүү нэг удаа зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-Гэрч Ч.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...унтаж байхад цагдаагаас хүмүүс ирээд С, Э нар маргалдсан, нэг нь нөгөөгөө хутгалсан байна гэж хэлсэн. Э Сг хутгаар зүсэж гэмтээсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
- Гэрч Г.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-202 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлагаар очиход тухайн айлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй байсан, эрэгтэйг нь 103-ын эмч үзээд хөнгөн шарх байна гээд боолт хийгээд явсан... Тухайн үед дуудлагаар очихдоо Сгээс юу болсон талаар асуухад С эхнэртэйгээ хоол хийж яах гэж байгаа юм бэ гэсэн чинь намайг айлгах гээд хутгаар зүсчихлээ гээд зүүн хавирга хэсгээ боолгосноо үзүүлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4558 дугаар дүгнэлтийн “.. Ц.Сгийн биед сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар тал), шинжээч Н.Энхцолмонгийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),
-Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...би хоол хийх гээд махаа гаргаад хэрчиж байтал С надад хандаж ямар орой хоол хийдэг юм бэ, унтъя гээд маргалдаж эхлэхээр нь би мах хэрчиж байсан хутгаараа Сгийн зүүн хавирга хэсэгт зүсчихсэн юм. Мөнхцэцэг гаднаас 00 цагийн үед орж ирээд Сгийн хэвтэж байсан ор руу хараад ор цус болчихсон байна гэсэн. Сгийн биеийг харсан чинь нуруу хэсгээр нь нэвт цус болсон байсан. Тэгээд Мөнхцэцэг эмнэлэг дуудаад үзүүлсэн. Би Сг айлгах зорилгоор хутгаар зүсэж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 35- дугаар тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар тал), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал), хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2117 дугаартай “...Хүрэн өнгийн модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь A/II/ бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2116 дугаартай дүгнэлтэд “...Хэргийн газрын үзлэгээр бентэнд бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь A/II/ бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал),
-“Ачтан-Биолабораторийн “Ц.Сгийн цусны бүлгийг шинжлэхэд “А” бүлгийнх байна гэсэн шинжилгээ (хавтаст хэргийн 89 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 82-86 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Ц.Сгийн цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Сгийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Эийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Ц.Сгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдээгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу тогтмол ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн модон бариултай хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Чийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөрөөс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн модон бариултай хутга нэг ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА