Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2016/00683

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт Бын Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Ш.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны орон тоонд томилохыг даалгахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомдол гаргагч Б.Т миний бие 2015 онд Боловсролын Их сургуулийн Боловсрол судлалын сургуулийг нийгмийн ажилтан мэргэжилтэй, бакалаврын зэргээр амжилттай төгссөн юм.

Сургуулиа амжилттай төгссөн учир Боловсролын Их сургуулийн магистрантурт элсэн суралцах эрхийн бичгээр шагнагдсанаас гадна Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны А/** дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журмын дагуу зохион байгуулсан шалгалтад 70 оноогоор тэнцэж, мэргэжлийн батламж авсан.

Суралцаж байсан хугацаанд сургалт, урлаг спортоор амжилт үзүүлж, Шилдэг оюутан алтан медалиар шагнагдсан.

Н сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоо гарч, тухайн орон тоонд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сонгон шалгаруулалт зарлахад 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас тус газрын мэргэжилтэн Саар удирдуулсан сонгон шалгаруулалтын комисс тухайн албан тушаалд бүртгүүлсэн 6 оролцогчийн бүгдийг нь хамааруулан журмын дагуу шалгалт авахад Б.Т миний бие 86 оноогоор эхний байранд шалгарч, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд томилогдох болзлыг хангасан билээ.

Гэтэл Н сумын Ахлах сургуулийн захирал С.А нь тухайн сул орон тоонд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 44 дүгээр тушаал гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн орон тоонд сонгон шалгаруулалтад 2 дугаар байр эзэлсэн Г.А гэгчийг томилсон байна.

Н сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр тушаалаар Нийгмийн ажилтны сул орон тоонд Г.Аыг томилсон нь дараах үндэслэлээр Хөдөлмөрийн хууль болон энэ талаар гарсан холбогдох журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Н сумын Ахлах сургуулийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахдаа сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, шалгаруулалтад оролцсон 6 иргэнээс хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилох зорилго агуулж байгааг танилцуулсан.

2. Багш ажилчдыг сонгон шалгаруулах талаар тусгайлсан журам, дүрэм байхгүй тул Төрийн үйлчилгээний албаны удирдах албантушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам баталсан Төрийн албаны Зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-нийөдрийн 60 дугаар тогтоолоор баталсан журмыг баримтлах ёстой юм.

Уг журмын 8-р зүйлийн 8.1.3-д Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт хүргүүлэх заалттай.

Тэгвэл Б.Т миний бие тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа, сонгон шалгаруулалтадхамгийн өндөр оноо авсан журмын 8 дугаар заалтын 8.1.3-д зааснаар эхний ээлжинд томилогдох ёстой гэж үзнэ.

3. Ажил олгогч тухайн сул орон тоонд Г.Аыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр тушаалаар томилохдоо аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/1642/ тоот албан бичгийг үндэслэж томилсон нь хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзнэ. Учир нь: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар тухайн нийгмийн ажилтны сул орон тоонд ажилтан томилох талаар санал өгөх, зөвшилцөх эрх бүхий этгээд биш учир аймгийн Засаг даргын албан тоотыг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна.

4. Б.Т миний бие энэ асуудлаар аймгийн Засаг даргад хандахад, тэр хүн миний бие сонгон шалгаруулалт явагдсаныг мэдээгүй ба танай сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, болон сумын МАН-ын хүмүүс тухайн иргэнийг томилох санал өгнө үү гэснээр 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/1642/ тоот албан бичгийг явуулсан байгаа.

5. Н сумын Ахлах сургуулийн Нийгмийн ажилтны сул орон тоонд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр тушаалаар Г.Аыг томилохдоо Хөдөлмөрийн хуулийн зохих заалтаас гадна 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэх ёстой байтал, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/1642/ тоот албан бичгийг үндэслэсэн нь хууль журмыг буруу хэрэглэснийг нотолж байна.

Таны өргөдлийг Нийгмийн хөгжлийн хэлтэст уламжилсан гэсэн ба Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Е нь хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөснөөр шүүхэд гомдол гаргаж байна. Иймд гомдол гаргаж шүүхээс хүсэх:

1. Н сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтад оролцсон хамгийн өндөр оноо авч, эхний байр эзэлсэн Б.Т намайг Н сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд томилон ажиллуулахыг тус сургуулийн захирал С.Ад даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг нийгмийн ажилтны мэргэжлээр 3.71 голчтойгоор төгссөн. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болсон Н сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалтад хамрагдаад 86 оноотойгоор 1 дүгээр байр эзэлсэн.

Сонгон шалгаруулалт явуулах комисс тайлбарлахдаа энэ сонгон шалгаруулалтын журам бол хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох журамтай гэсэн. Тэгээд сонгон шалгаруулалт дуусаад өмнөх А захирал дээр очиход одоогоор чамайг энэ ажилд шууд томилох боломжгүй байна. Яагаад гэвэл нэг айлын хоёр хүүхэд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлд байж болохгүй. Ийм үндэслэлээр би чамайг ажилд томилохоос татгалзаж байна гэсэн. Тэгээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан. Иймд Н сумын ахлах сургуулийн нийгмийн ажилтны орон тоонд томилохыг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуулийн захирал С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуулийн захирал албан тушаалтай Сакейн А миний бие иргэн Бын Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч дараах тайлбарыг үүгээр хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус сургуулийн нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтанд оролцсон шалгаруулагчдаас хамгийн өндөр оноо авч эхний байр эзэлсэн Б.Т намайг тус сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд томилох шийдвэр гаргаж өг гэсэн байна.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй ба хууль бус нэхэмжлэлийн шаардлага тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Учрыг тайлбарлавал: 2. Тус сургуулийн нийгмийн ажилтан Ш.К 2016 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул миний бие аймгийн Боловсрол, соёлын газрын даргад албан бичгээр нийгмийн ажилтны сул орон тоонд өргөдөл өгсөн 4 хүнээс сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хүсэлт тавьсан болно. БСГ-ын дарга миний хүсэлтийг хүлээн аваад, одоо сургуулийн багш ажилчдын амралт эхэлсэн байгаа, жилийн эцсийн улсын шалгалт, IX, XII ангийн төгсөгчдийн гэрчилгээ үнэмлэхийг бичих, шалгаж олгох, ЭЕШ явуулах гээд маш олон ажил давхацсан ачаалалтай үе байна. Нөгөө талаас сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаа бас дөхсөн. Иймд ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө сонгон шалгаруулалт явуулъя гэсэн.

Би тэр хариуг 4 шалгуулагчид танилцуулсан. Дараа нь 8 дугаар сарын 28-ны өдөр БСГ-ын ТНУ-ы хичээлийн мэргэжилтэн Х.Сирж сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө бас 2 хүн нэмж бүртгүүлээд нийт 6 хүн болсон. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө миний бие шалгуулагчдын сонгон шалгаруулалт явуулах болсон тухай учир шалтгааныг тайлбарласан. Тэр тайлбарт би хэлэхдээ өндөр оноо авсан хүнийг томилно, ажилд авна гэж огт хэлээгүй. Энэхүүажлын байранд ажиллах мэдлэгтэй чадвартай хүнийг шалгаруулж авна гэсэн. Хурлын тэмдэглэлд энэ тухай тодорхой дурдагдсан. Чадвартай, мэдлэгтэй хүнийг шалгаруулж авна гэдэг маань өндөр оноо авсан хүнийг ажилд авна гэсэн үг биш юм. Тухайн ажлын байранд явагдсан шалгалтын онооноос зохих хэмжээний оноог авч чадвал дээрх шаардлагыг хангана гэж үзээд ажил олгогч би эхний 3 байранд орсон шалгуулагчдаас сонгож авах эрхтэй гэж бодож байна.

3. Сонгон шалгаруулалтыг Х.С өөрөө бие даан явуулж дүгнэсэн. Сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Т нь 86 оноо, Г.А нь 74 оноо авсан нь үнэн юм. Миний бие өндөр оноотой Б.Т Г.А хоёрт хэлэхдээ та хоёрын хувьд 70-аас дээш оноо авч байгаа нь ажлын байрны шаардлага хангаж байна гэж үзэж байна. Б.Т би чамайг томилохоос татгалзаж байна. Учир нь 2012 онд чиний төрсөн ах Б.Х мэдээлэл зүйн багшаар ажилд орж 2014 онд сургалтын менежерээр орж 2014 онд сургалтын менежерээр ажиллаж байна. Сургуулийн хамт олны аливаа нэгэн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргадаг захирлын дэргэдэх зөвлөл ажилладаг. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сургуулийн эмч багтдаг.

Иймд төрсөн ах дүү 2 хүнд тус зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах нь аливаа асуудлыг олонхийн саналаа шийдвэрлэхэд харшилж байна. Нөгөө талаас сургалтын менежер, нийгмийн ажилтан нь багш нарын сургалт, хүмүүжил, хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангаж ажилд хяналт тавьж ажилладаг болохоор төрсөн ах дүү хоёулаа багш нарт шаардлага тавьж буй явдалд багш нар дургүйцэж хамт олны эрх ашигт нийцэхгүй болно гэсэн. Б.Тийг нийгмийн ажилтнаар томилох нь буруу. Бид тэгж төрсөн ах дүү 2 хүнд шаардлага тавиулж ажлаа үнэлж, дүгнүүлэхийг эсэргүүцнэ. Захирал та Б.Тийг томилж болохгүй гэдгийг надад тухайн үед багш нар амаараа хэлж сонордуулж байсан.

Нөгөө талаас Г.А хэлэхдээ бид нэг айлын 4 хүүхэд дөрвүүлээ их дээд сургууль төгсөөд нэг нь ч ажилд орж чадахгүй байхад нэг айлын 2 хүүхэд жил дараалан ажилд орох нь ямар учиртай юм бэ, би ч гэсэн шалгалтын нийт 100 онооны 74 оноог авч байгаа нь ажлын байранд тэнцэнэ гэсэн үг. Бас нэгэн зүйл энэ удаагийн сонгон шалгаруулалт бол зарчмын бус шалгалт юм. Яагаад гэвэл сонгон шалгаруулалтыг ганцхан хүн авах ёсгүй. БСГ-ын даргын тушаалаар томилсон хүмүүс авах ёстой. Комисс нь ядаж 3 хүн эсвэл 3-5 хүн байх ёстой гэсэн гомдол гаргасан. Дараа нь Г.А нь аймгийн Засаг даргаас нийгмийн ажилтнаар Г.Аыг томилон ажиллуулах тухай 1-01/1642 дугаар бүхий албан тоот бичиг авчирч өгсөн. Ингээд би Г.Аыг уг ажлын байранд томилох болсон шалтгааныг Б.Т болон түүний аав Б.Б хоёрт танилцуулсан.

Танилцуулахдаа: 1. Захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд төрсөн ах дүү хоёр орж, асуудал шийдвэрлэж байх асуудал.

2. Хоёулаа багш нартаа шаардлага тавьж, тэдний ажилд үнэлгээ дүгнэлт өгөх асуудал зэрэг нь сургуулийн хамт олны эрх ашигт нийцэхгүй.

3. Би өөрийгөө томилсон, төлөөлөх дээд албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй. Аймгийн Засаг даргын албан тоотыг мөрдөх ёстой гэсэн.

4. Би та хоёрын авсан онооны хувьд хэн нь ч ажиллах боломжтой гэж үзээд Т.Аыг томилсон юм.

Нэхэмжлэгч Б.Т нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолыг баримтлаагүй гэсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол нь сургуулийн нийгмийн ажилтныг сонгон шалгаруулалтанд хамааралгүй тогтоол юм.

Т.Аы гомдол бас үндэстэй юм. Х.С ирэхдээ БСГ-ын даргын сонгон шалгаруулалт явуулах тухай комисс байгуулсан тушаал байгаа эсэх тухай мэдэгдээгүй. Өөрөө ганцаараа ирж шалгалт авсан нь комисс гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд миний бие өндөр оноотой 2 хүний аль нэгийг сонгож ажиллуулахад эрхтэй гэж үзэж байна. Энэ сонгон шалгаруулалтын комиссгүй тул сонгон шалгаруулалтын журам зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуулийн захирал /шинээр томилогдсон/ Ш.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сарын өмнөөс захирлын ажлыг аваад Н сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байна. Тухайн үед би ч гэсэн хамт олны дунд 17 дахь жилдээ багшилж байсан хүн байсан. Сонгон шалгаруулалт ингэж явагдсан байна. Т нь 1 дүгээр байранд ороод хоёрдугаарт байранд орсон Аыг ийм ийм үндэслэлээр томилсон гэдгээ хамт олонд танилцуулж урьд нь ажиллаж байсан захирал хэлж байсан. Одоо би урьдах захирлын гаргасан шийдвэрийг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгч талын хэлж байгаачлан комисс ирж шалгалт аваад нэгдүгээр байранд орсон хүнийг ажилд авна гэж хэлсэн гэсэн. Би сая хавтаст хэрэгт танилцаж байхад аймгийн Боловсрол, соёлын газраас ийм тушаалаар комисс байгуулагдсан гэсэн ямар ч зүйл хараагүй. Хурлын тэмдэглэл дээр ч 1 дүгээр байранд орсон хүнийг заавал ажилд авна гэсэн сургуулийн захирлын ч гэсэн, аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Сын ч гэсэн амнаас гарсан үг олж хараагүй. Энэ хүний ах нь сургалтын менежерээр ажилладаг. Төрсөн ах, дүү хоёулаа багш нарын ажилд хяналт тавих үүрэгтэй. Захирлын дэргэдэх зөвлөлд суугаад уг зөвлөлийн 5, 6 хүний хоёр нь нэг айлын хүүхэд байхаар хамт олны эрх ашгийг харгалзаж үзэж шийдвэр гаргадаг учраас олонхын саналаар шийдвэр гаргахдаа хамт олны зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэгэхээр нэг айлын хоёр хүүхдийг хоёр жил дараалан захирлын дэргэдэх зөвлөлд оролцож суудаг албан тушаалд томилох нь миний зүгээс бас бэрхшээлтэй байна. Нэгдүгээрт хамт олныхоо шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй байна. Би шүүхээс урьдах захирлын гаргасан шийдвэрийг үгүйсгэхгүйгээр одоо хөдөлмөрийн гэрээ хийгээд ажиллаад явж байгаа Аы ажлын байрыг хэвээр нь хадгалахыг хүсэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.Т нь Баян-Өлгий аймгийн Н сумын Бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны орон тоонд томилохыг даалгаж өгөхийг хүсжээ.

Н сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байх ба уг сонгон шалгаруулалтыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн С явуулсан байх бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцсон 6 хүнээс хамгийн өндөр оноо буюу 86 оноог Б.Т авч эхний байранд шалгарсан болох нь Н сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан хурлын тэмдэглэл, Н сумын бүрэн дунд сургуулийн Нийгмийн ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан бүртгэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тухайн сонгон шалгаруулалтанд оролцогчид болох Х.А, Р.М, О.А нарын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Баян-Өлгий аймгийн Н сумын Ахлах сургуулийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаартай тушаалаар нийгмийн ажилтны ажлын байрны сул орон тоонд Г овогтой Аыг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгээс сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч эхний байранд шалгарсан Т намайг томилохгүйгээр дараагийн хүнийг томилсон нь хууль зөрчсөн явдал гэж үзээд нийгмийн ажилтны орон тоонд томилж өгөхийг Н сумын ахлах сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд сонгон шалгаруулалтанд оролцож хамгийн өндөр оноо авч эхний байранд орсон хүнийг ажилд авах талаар нотлох баримтгүй бөгөөд сургуулийн нийгмийн ажилтныг сонгон шалгаруулах ямар нэгэн журам байхгүй байгаа тул шүүхээс ажил олгогчид ажилтан авах талаар даалгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас багш ажилчдыг сонгон шалгаруулах талаар тусгай журам, дүрэм байхгүй байгаа боловч Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримталж томилох ёстой гэж байгаа боловч уг журмаар төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд сургуулийн нийгмийн ажилтныг сонгон шалгаруулахад хамаарахгүй болно. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, мөн хуулийн 4.3-т Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмаар тусгай харилцааг зохицуулсан байх тул нийгмийн ажилтны сонгон шалгаруулах ажиллагаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй болно.

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т зааснаар захирал нь багш, ажилчдыг сонгон авч ажиллуулах бүрэн эрхтэй бөгөөд уг эрх хэмжээгээ Н сумын Ахлах сургуулийн захирал нь хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Бын Тийн Н сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд томилон ажиллуулахыг тус сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Бын Тийн Н сумын Бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны сул орон тоонд томилон ажиллуулахыг тус сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК